Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дайсныг туйлдуулагч “Москито”Уншсан11,019

Дэлхийн 2-р дайны үед Германы агаараас эсэргүүцэн хамгаалах системийн үйл тамыг ёстой нэг үзэж, тэдний номер нэг дайсан болсон нэгэн бөмбөгдөгч онгоцны тухай сонирхуулъя.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайны үед Германы агаараас эсэргүүцэн хамгаалах системийн үйл тамыг ёстой нэг үзэж, тэдний нэг номерын дайсан болсон нэгэн бөмбөгдөгч онгоцны тухай сонирхуулъя.

 “Берлиний оршин суугч нарын дээр ганц ч бөмбөг унагахгүй” гэж амлаж байсан Люфтваффегийн тэргүүн Герингийг галзууруулах шахаж байсан энэ онгоц Америкийн өнөөх олон аймшигт “Цайз"-ууд биш, харин дан модоор хийсэн гэж болох нэг муу жижигхэн бөмбөгдөгч-тагнуулч Москито хэмээх онгоц байжээ.

1930-аад он үе. Худалч хүний үгээр бол бараг 3-4 жил тутамд нисэх онгоцны нэг шинэ үе бий болж байсан тэр цагт дэлхийг хамарсан их дайн болохыг их гүрнүүд бүгд л мэдэж, ямар нэг хэмжээгээр бэлдэцгээж байв. Илүү хурдтай, илүү өндөрт нисдэг, илүү хүчирхэг зэвсэгтэй, илүү хүчирхэг маневрлах чадвартай... онгоц бүтээхээр бүгд л хичээх ба  ийм онгоц зөвхөн цул металл байж л дээрх шаардлагыг хангах нь ойлгомжтой мэт байлаа. Харин хаа холын “зэрлэг оросууд” байгаа жаахан металлаа бөмбөгдөгч дайрагч онгоцонд зориулж, сөнөөгч онгоцоо мод даавуугаар хийсээр байсан нь барууны цэрэг-үйлдвэрийнхний хүрээнд бяцхан тоглоом тохуу болж байв. Гэтэл Их Британид нэгэн нөхөр оросуудын хийж байгаа зүйлийг зөв, өөрөө ч гэсэн дан модон онгоц хийнэ гэж зарлаж эхэллээ. Түүнийхээр бол дайны үед дюралюмини (нэг төрлийн хөнгөн цагаан) заавал “ховрын бараа” болох ба үүнээс шалтгаалан нисэх онгоц үйлдвэрлэх хүчин чадал сулран доройтох аюултай гэнэ. Харин мод боловсруулах үйлдвэрлэлд дайны үед хийх юм тун бага байх учир модон онгоц үйлдвэрлэх нь хамгийн зөв гэж үзэж байжээ. Тэр бол Жеффри Де Хэвилленд хэмээх зохион бүтээгч байсан юм.

1939 онд энэ эр өөрийн бүтээсэн онгоцоо танилцууллаа. Хөнгөн бөмбөгдөгч Москито онгоц 454 кг бөмбөг зөөх чадалтай, дунд өндөрт 640 км/цаг хурд гаргахаар тооцоотой байсан ба тухайн үед ийм хурд гаргах ганц л сөнөөгч байсан нь Зөвлөлтийн Миг-1 (Миг-3). 

Де Хэвилленд олон саад бэрхшээл даван туулж, бюрократын (манайх хүнд суртал гэж маш буруу орчуулсан, удирдлагын босоо систем гэсэн үг) бүх л шат дамжлагыг бүгдийг давсаар 1941 онд Москитог улсын туршин шалгалтад оруулахаар боллоо. Хөдөлгүүрээс бусад нь мод даавуугаар хийгдсэн энэ онгоцыг цэрэг- үйлдвэрийнхэн  эхэндээ огт тоогоогүй боловч туршилтын явцад Спитфайраас1 илүү хурд гаргаж байсан нь (бараг 30 км/цаг илүү) яах аргагүй олны анхаарлыг татсан байна. Нэг муу модон бөмбөгдөгч агуу Спит-ээс хурдан байна гэж байх уу?

Дайн эхлэх үед Москито өөрийнхөө хэн бэ гэдгийг үзүүлж эхэллээ. Дан бөмбөгдөгчөөс гадна хүнд сөнөөгч, тагнуулч, хүнд бөмбөгдөгч онгоцны чиг заагч, бай тодорхойлогч... зэрэг олон зориулалтаар ашиглаж байсан төдийгүй шумбагч онгоцыг олж илрүүлэх, устгахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

1943 оноос британичууд Германы хотуудыг өдрийн цагаар бөмбөгдөхөө зогсоосны дараа Москитогийн үүрэг зорилго ч өөрчлөгдөн нэмэгдэж хамгийн хэрэгтэй онгоцны нэг болсон юм.

Германы агаараас хамгаалах системийн локаторууд Берлинийг чиглэн асар олон бөмбөгдөгч онгоц ирж байгаа мэдээ авсны дараа Штеттин хотыг хамгаалахаар явуулах гэж байсан сөнөөгч онгоцнуудаа буцаан татлаа. Британийн бөмбөгдөгчийг удтал хүлээсэн боловч ирсэнгүй. Харин Штеттин хотыг англичууд зад бөмбөгдсөн байна.  Берлинийг бөмбөгдөх гэж байсан тэр олон зуун онгоц хаачив аа? Үнэндээ тийм олон онгоц байсангүй буюу хэдхэн Москито л энэ бүх будлианыг тарьсан юм. “Шумуул”-нууд өөрийн их биед багтах хэмжээгээр хөнгөн цагаан жижиг тууз  (тугалган цаас гэж ойлгож болно) ачин явж Берлин дөхүүлэн хаясан ба Германы локаторууд үүнийг Британийн бөмбөгдөгч цувааны гол хүч гэж ойлгосон байна. Ирж байгаа гэх хүнд бөмбөгдөгчийг тосгуулан хамаг хүчээ тавьсан учир Штеттин зэрэг хотуудыг хамгаалах юм үлдсэнгүй.

Цааш цаашдаа иймэрхүү аргаар олон амжилттай дайралт хийж, Германы цэргийн үйлдвэрлэл, хотуудыг газартай тэгшилсээр.

1944 оноос германууд өөрсдийн шинэ сөнөөгч болох Ме-163, Ме-262 тийрэлтэт онгоцнуудыг агаараас хамгаалах ажиллагаанд оруулж эхэлсэн боловч Москитогийн хувьд эдгээр онгоцнууд нэг их аюултай зүйл биш байлаа. Асар хурдтай тийрэлтэт онгоц дөхөөд ирвэл огцом ямар нэг хөндлөн чиглэлийн маневр хийж чигээ өөрчлөөд л болоо.

 Эсвэл дайсны локаторт харагдахгүй stealth чанараа ашиглан ( мод даавуугаар хийсэн учир локаторт илрэх нь бага) ганц нэгээрээ тагнуулын нислэг хийж хэрэгтэй мэдээллийг цуглуулах, дайсны гүн ард байгаа онцгой чухал байг нууцаар дайран устгах зэргээр холбоотны цэргийн үйл ажиллагаанд үнэлж барамгүй их хувь нэмрээ оруулсан онгоц байсан юм.

Их дайны ялалтад агуу их үүрэг гүйцэтгэсэн энэ онгоц нь нийт 26255 байлдааны нислэг хийж, тулалдаанаас 108 машин эргэн ирэлгүй, 88 машин хүнд гэмтлээс болж цэргийн техникийн бүртгэлээс хасагдсан гэдэг. 26255 нислэг!  243 нислэгт нэг хохирол! Их дайны үеийн өөр ямар онгоц ийм үзүүлэлтээр гайхуулах бол?

Дайны үеийн нэг баатар болсон Москито онгоцонд нэг л том дутагдал байсан нь “энэ онгоцны тоо хэмжээ үргэлж л хангалтгүй байсан явдал ...” юм гэнэ лээ.

Москито онгоцны ер бусын хүч чадлыг биеэрээ амсаж ойлгосон германчууд мөн ийм онгоц хийх гэж оролдож Mе-210, Ме-410 хийсэн бол оросууд Ту-2-ыг бүтээхдээ мөн л Москитог л байнга анзаарч байлаа. Гэсэн ч “Мосси” нь цорын ганц, ер бусын чигээрээ үлдэж,  1955 он хүртэл янз бүрийн улсын зэвсэглэлд байсаар ирсэн юм.

1- "Энэ бол зүгээр нэг сайн онгоц биш, энэ бол Спитфайр!"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]