Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сансрын аялал жуулчлал хаяанд ирснийг баталлааУншсан728

Дэлхий дахин цар тахалтай тэмцэж, улс гүрнүүд ард түмнээ бүрэн хамгаалахын зэрэгцээ энэхүү тэмцлийн тэргүүн эгнээнд олон улсын тавцанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээр ид өрсөлдөж байгаа цагт сансар огторгуйн төлөөх өрсөлдөөний гайхашрам шинэ мэдээллүүд ар араасаа цацагдсаар байгаа юм.

Дэлхий дахин цар тахалтай тэмцэж, улс гүрнүүд ард түмнээ бүрэн хамгаалахын зэрэгцээ энэхүү тэмцлийн тэргүүн эгнээнд олон улсын тавцанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээр ид өрсөлдөж байгаа цагт сансар огторгуйн төлөөх өрсөлдөөний гайхашрам шинэ мэдээллүүд ар араасаа цацагдсаар байгаа юм.

 

Аварга пуужин хаана унах вэ?

Одоогоор өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд БНХАУ-ын тойрог замын станцынхаа модулийг сансарт хөөргөсөн аварга том пуужин хяналтнаас гарч, хэзээ дэлхийн агаар мандалд нэвтэрч хаана унах нь тодорхойгүй байгааг олон улс анхааралтай ажиглаж байна. Энэ пуужин нь БНХАУ "Тяньгун" буюу "Тэнгэрийн ордон" нэртэй тойрог замын үндсэн модулийг хөөргөх 20 тонн жинтэй аварга "Чанжэн-5В" пуужин тээвэрлэгч. Пуужин Хайнань арал дахь Вэньчан сансрын буудлаас хөөрч модулаа тойрог замд оруулсан удирдлагагүй болон хаана унах нь мэдэгдэхгүй байгаа.

АНУ-ын Сансрын цэргийн хүчнийхэн пуужинг хэзээ агаар мандалд нэвтэрч, улмаар хэд хэдэн хэсэг болон хуваагдаж, хаана унахыг анхааралтай ажиглаж байна гэж мэдэгджээ.  Пуужингийн хэлтэрхий одоогоор хаана унахыг тооцоолох боломжгүй байна гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ. Урьдчилсан таамгаар пуужин тавдугаар сарын 8-ны өдөр агаар мандалд орж ирэх аж. Пуужингийн нэг хэсэг агаар мандлын нягт давхаргад шатаж, шатамхай бус бүтэцтэй хэсгүүд нь дэлхийн гадарга дээр унах юм.

Дашрамд дурдахад энэхүү пуужингаар хөөргөсөн модуль нь Хятадад бүтээсэн хамгийн том сансрын аппарат аж. Т хэлбэрийн сансрын станцад залгагдах энэхүү модулийн урт нь 16.6 метр, диаметр нь 4.2 метр ба түүн дээр хяналтын удирдлагын төв, экипажийн гишүүдийн амьдрах хэсэг байрлах аж.

 

Илон Маск, Жефф Безос нар гайхашруулсаар

“Space X” компани “Starship" сансрын хөлгийн "SN15” загварын хөлгийнхөө туршилтыг “YouTube”-ээр шууд дамжууллаа. Хөлөг 10 км-ийн өндөрт хөөрч, эргээд Бока Чика дахь сансрын буудлын хөөргөх цогцолборын талбайд газардсан байна. "Starship амжилттай газардлаа" хэмээн “Space X”-ийн тэргүүн Илон Маск туршилтын дараа твиттер хуудастаа жиргэсэн байна. Үүнээс өмнө 2020 оны 12 дугаар сард болон хоёрдугаар сард явуулсан ийм туршилтуудын үеэр хөлөг газардахдаа дэлбэрсэн. Харин мөн л youtube дээр шууд дамжуулсан (энэ оны гуравдугаар сарын 30-нд) удаах туршилт бас л амжилтгүй болж, хөлөг босоо чигт газардаж чадсан ч хэсэг хугацааны дараа дэлбэрсэн юм. Тэгвэл өчигдрийн туршилтын үеэр хөлгийн доод хэсгээс хэдэн минутын турш гал ассан боловч унтрааж чадсан байна. Дахин ашиглах боломжтой “Starship” сансрын хөлгийг Ангараг гараг болон гараг хоорондын нислэгт зориулан бүтээж байгаа бөгөөд 100 хүний багтаамжтай байх юм.

SpaceX-ийн “Starship" сансрын хөлгийн туршилт ийн амжилтаа улам ахиулсаар байгаа бол мөн тус компанийн Dragon Resilience хөлгөөр хагас жилийн өмнө Олон улсын сансрын станцад очсон Америкийн гурав, Японы нэг сансрын нисгэгчийн бүрэлдэхүүнтэй багийн эх дэлхийдээ эргэн буух газардалт амжилттай болсон юм. Сансрын нисгэгчид 53 жилийн өмнөхөөс хойш түүхэнд анх удаа шөнийн цагаар дэлхийд буцаж ирсэн ба Space X-ийн Crew Dragon хөлгөөр Мексикийн буланд амжилттай буусан. Энэ нь "Crew Dragon"-ы хоёр дахь нислэг, тойрог зам дахь анхны даалгавар байв.

Илон Маскийн баг, хамт олон ийнхүү дуулиан дэгдээж байх зуурт цахим худалдааны “Amazon.com”-ын босс Жефф Безос жуулчдыг одон гаригт хүргэхэд бэлэн болсноо мэдэгдлээ. Түүний үүсгэн байгуулсан “Blue Origin” компани “New Shepard” хөлгөө ирэх долдугаар сарын 20-нд хөөргөх ажээ. Нислэгийн багийнхан мэргэжилтнүүдээс голчлон бүрдэх боловч нэг суудлын тасалбарыг цахимаар худалдаалах гэнэ.

“New Shepard” зорчигчдоо сансрын эхлэх цэг хэмээгддэг Карман шугамын ойролцоо хүргээд эргэнэ. “Карман шугамыг ердөө 569 хүн давж байсан бол бидний хөлөг цаашид энэхүү үзүүлэлтийг огцом нэмэгдүүлнэ” гэж “Blue Origin” компанийн сансрын нислэгийн стратеги, худалдаа хариуцсан дарга Ариан Корнелл ярьжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]