Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлтийн шумбагч онгоцны үйлдвэрлэлд нөлөөлсөн "Тошиба"-гийн скандалУншсан2,706

Орчин үеийн, шинэ зэвсэглэл нь хамгийн орчин үеийн техник, тоног төхөөрөмж шаарддаг. Тийм ч болохоор улс болгонд болзошгүй дайсан этгээддээ худалдаж болохгүй техник, технологи гэж байдаг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх.

Орчуулсан Б.Бадрал

Орчин үеийн, шинэ зэвсэглэл нь хамгийн орчин үеийн техник, тоног төхөөрөмж шаарддаг. Тийм ч болохоор улс болгонд болзошгүй дайсан этгээддээ худалдаж болохгүй техник, технологи гэж байдаг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Тийм зүйлийг худалдаж авахын тулд ямар ч орчин үеийн зэвсэг нууцаар худалдаж авахаас дутуугүй нарийн ажиллагаа явуулах шаардлагатай болдог. Үүний нэг жишээ нь Японоос өндөр нарийвчлалтай тусгай суурь машин худалдан авсны ачаар Зөвлөлтийн цөмийн шумбагчид дуу чимээтэй байдлаа эрс багасгаж, түүнийг даган байлдааны чадвараа эрс нэмэгдүүлсэнтэй холбоотой адал явдал юм.

Оршил

Хүйтэн дайны үеийн ЗХУ ба АНУ хоорондын өрсөлдөөний нэг чухал хэсэг нь цөмийн шумбагч завины технологи байлаа. Америкчууд 1954 онд "Nautilus" SSN-571 шумбагчаа ашиглалтад оруулж, Хойд туйл хүртэл аялан "шаг бас мад большевикууд аа" хэмээсэн юм. ЗХУ 1959 онд 627 төслийн "Ленинский комсомол" анхны шумбагчаа ашиглалтад оруулж "Баярлах болоогүй шүү капиталистууд аа" хэмээн хариуг нь барьсан. Гэвч Америкийн цөмийн шумбагчид нэг зүйлээр Зөвлөлтийнхөөс маш олон жилийн турш давуутай байсаар иржээ. Тэр нь усан доогуур хөдлөх, хөвөх үед гаргадаг дуу чимээний түвшин. Ус бол агаараас 800 дахин нягттай бөгөөд тэр хэрээрээ дуу чимээ дамжуулах чанар нь агаараас өндөр. Иймд дуу чимээ ихтэй Зөвлөлтийн цөмийн шумбагч хөлгүүд пуужингаа харвахад шаардлагатай ойр зайд хүртэл Америкийн эрэг рүү дөхөж чадахгүй, далдаас нууцаар ажиглалт хийж чадахгүй гэсэн үг юм. Зөвлөлтийн 1, 2-р үеийн шумбагчид дэндүү их дуу чимээтэй байсан тул америкчууд тэднийг "орилоо үнээнүүд" гэж тохуурхдаг байж.

Шумбагчийн гаргаж байгаа дуу чимээ нь хоёр хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, цөмийн шумбагч дээр асар өндөр хурдаар эргэлдэж байгаа турбин гээч зүйл байдаг. Иймээс цөмийн шумбагч нь ямагт дизель-цахилгаан хөдөлгүүрт ах нараасаа илүү дуу чимээтэй байж ирсэн. Үүний дээр цөмийн шумбагч дандаа л өндөр хурдаар яваад байдаггүй, заримдаа бага хурдаар явах шаардлага гарна. Үүний тулд шумбагчийн сэлүүр сэнсийг шаардлагатай хурдаар эргүүлдэг редуктор байрлуулдаг. Энэ редуктор нь дуу чимээний өөр нэг гол эх үүсвэр аж.

Хоёрдугаарт, сэлүүр сэнс нь эргэлдэхдээ өөрөө дуу чимээ гаргаж байдаг. Сэнсний дэлбээ өндөр хурдаар шингэнийг зүсэн ярахад гадарга дээр нь кавитаци буюу вакум орчинтой хөндий олноор бий болж, эргэн тойрны ус тэр кавитацийн хөндийг очиж дүүргэн цохихдоо дуу чимээ гаргаж байдаг. Энэхүү дуу чимээг багасгахын тулд сэнсний маш нарийн хэлбэр дүрс бүхий гадаргыг дээд зэргийн толигор бөгөөд маш бага алдаатайгаар зорох шаардлагатай байсан.

Харин тийм өндөр нарийвчлал бүхий суурь машин Зөвлөлтөд байсангүй. Үүнээс болоод Зөвлөлтийн цөмийн шумбагчийн сэнсний дуу чимээг америк мэргэжил нэгтнүүд нь 200 бээрийн зайнаас буюу 370 км-ийн алсаас тогтоодог байжээ. Үүний "ачаар" АНУ нь SOSUS системээ ашиглан, маш бага зардал чирэгдэлтэйгээр Зөвлөлтийн эхний үеийн шумбагчдын хөдөлгөөнийг тасралтгүй хянадаг байж.

Дээр нь Зөвлөлтийн инженерүүд гурав дахь үеийн цөмийн шумбагчийн төсөл зургийг гаргаад үйлдвэрлэж эхлэхэд бэлэн болсон цаг. Доторх бүх техник нь шинэ үеийнх байлаа ч сэнс нөгөө л дуу чимээ ихтэй хэвээр байвал нэмэргүй. Иймд олон координатад автомат удирдлагатай төмөр боловсруулагч суурь машиныг өөрсдөө хийх хүртэл хүлээлгүйгээр болзошгүй дайсан этгээдээсээ худалдаж авах нь зүйтэй гэж үзжээ.

Боломж

Ийм суурь машиныг нийлүүлэх хамгийн боломжтой улс нь Япон. Бүр тодруулбал Японы "Тошиба" компани гэж үзжээ. Японы бүх том корпорациуд 1970-аад онд Москвад өөрийн гэсэн зуучлагч компаниудтай болоод байжээ. Тэдгээрээр дамжуулан Зөвлөлтийн гадаад худалдааны байгууллагуудын эрэлтийг сонжиж, гэрээ байгуулахад нь туслан зуучлуулдаг. Ялангуяа ямар нэг хориг, цээрийг давж наймаа хийх болоход ийм зуучлагч компаниудын ач холбогдол онцгой өсөн нэмэгддэг байж.

Тэр үед КоКом буюу (COCOM, Coordinating Committee for Multilateral Export Controls) Экспортын хяналтыг гүйцэтгэх, уялдуулах хороо нэртэй байгууллага Зөвлөлт рүү хийх экспортод элдэв хориотой бараа, техник байгаа эсэхийг лавлаж, шалгадаг байв. Энэ байгууллагыг хэн санаачилсныг тааж ядах зүйлгүй. Гэхдээ COCOM нь оролцогч улс орнуудаа ямар нэг олон улсын гэрээнд гарын үсэг зурахыг шаарддаггүй, сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулах боломж олгодог олон улсын байгууллага гэсэн онцлогтой байв. Ийм болохоор улс орныг Зөвлөлтөд өндөр технологийн бараа нийлүүлэхгүй гэсэн үүргээ хатуу биелүүлэхийг шаардан, давхар хянаж байдаг гүйцэтгэх алба гэж COCOM-д байдаггүй. Улс болгон л өөрийн газар нутгийн хүрээнд боломжийн хэрээр хяналт тавихыг хичээдэг байв.

Эхлэл

1980 оны эхээр "Техмашимпорт" хэмээх Зөвлөлтийн гадаад худалдааны байгууллагаас Москвад байрладаг Японы жижигхэн зуучлагч компани болох "Вако Коеки"-д (Wako Koeki) хандан санал тавьжээ. Энэ компани нь 1950-иад оны эхээр байгуулагдсан, коммунист Хятадад үйл ажиллагаа явуулж, туршлага хуримтлуулаад Москвад төлөөлөгчийн газартай болсон. Зөвлөлтийнхөн ч МВР-110 гэдэг есөн координат бүхий металл боловсруулагч төв-фрезерийн суурь машин худалдан авах хүсэлтэй байгаагаа дуулгажээ. Есөн координатат гэдэг нь усан онгоцны сэлэгч сэнсийг нэгэн зэрэг зордог зүсэгч толгойг бэхлэх 9 тэнхлэгтэй гэсэн үг. Энэхүү гайхалтай суурь машиныг "Тошиба Машин" компани үйлдвэрлэдэг байв. 1980 оны каталог дотор энэ суурь машиныг 5 сая доллароор үнэлсэн байж.

Суурь машин нь 220 тонн жинтэй, 22 метр өргөн, 10 метр өндөр. Дээр нь 11 м хүртэл өндөртэй сэлүүр сэнсийг боловсруулах гайхалтай эд байлаа. Зөвлөлтийнхөн есөн тэнхлэгтэй суурь машиныг 4 ширхгийг, таван тэнхлэгтэй суурь машин мөн 4 ширхэг авах хүсэлт гаргав. 1980 оны мөнгөөр нийт үнийн дүн 100 сая доллар. "Wako Koeki"-ийн талаас хэлэлцээ хийж байсан Хитори Кумагаи тэр их мөнгийг сонсмогцоо л Япон руу нисэж, "Тошиба"-д дуулгажээ. "Тошиба" гэрээг хийх нь тун ашигтай гэж үзээд COCOM-ын хориг цээрийг үл тоон Зөвлөлтөд шаардлагатай тооны суурь машиныг нийлүүлэхээр шийджээ.

Явц

Гэхдээ ингэж нийлүүлэх нь америкчуудын өмнө хүлээсэн үүрэг болон хууль зөрчсөн хэрэг болох тул халхавч ажиллагаа давхар хийх ёстой гэдгийг "Тошиба" сайн ойлгож байв. Иймд Япондоо нэр хүндтэйд ордог экспортын "C.Itoh & Company" (Itochu) компанийг гэрээ байгуулахад татан оролцуулсан байна. Ингэснээр экспортын лиценз олгодог албан тушаалтнуудад элдэв сэжиг, ажиг төрүүлэхгүй болгов. Мөн Норвегийн төрийн өмчит батлан хамгаалахын "Kongsberg Vaapenfabrikk" компанийн арилжаа эрхэлсэн салбар "Kongsberg Trade" компанийг суурь машины тоон удирдлагын систем ба программ хангамжийг нийлүүлсэн гэж нэрлээд гэрээ байгуулахад бас татан оролцуулжээ.

"Kongsberg Trade" нь 1974-1986 онуудад Зөвлөлтийн гадаад худалдааны байгууллагуудтай есөөс цөөнгүй удаа томоохон наймаа хийж байсан, СОСОМ-ын саадыг давахдаа туршлагатай гэж болохоор компани байв. Төрийн өмчит батлан хамгаалахын компанийн салбар гэдэг маш том бамбай л гэсэн үг.

Гэрээ

Ингээд 1981 оны туршид таван гэрээ байгуулжээ. Эхний гэрээгээр ямар болох нь тодорхойгүй дөрвөн ширхэг фрезерийн суурь машин нийлүүлж, таван жилийн хугацаанд техник үйлчилгээ үзүүлж, сэлбэг эд анги нийлүүлэх тухай байсан бөгөөд түүнийг "Техмашимпорт" ба "C. Itoh & Company" (Itochu) компаниудын хооронд байгуулсан байна. Хоёр дахь гэрээг "Техмашимпорт" ба "Kongsberg Trade" компаниудын хооронд байгууллаа. Энэхүү хоёр дахь гэрээгээр фрезерийн суурь машиныг удирддаг компьютер гэж болох тоон программ удирдлагын NC-2000 контроллерыг худалдан авна. Гурав дахь гэрээг "Kongsberg Trade" ба "Тошиба Машин" хоорондоо байгуулсан. Энэ гэрээний дагуу"Itochu" компани MBP-110 суурь машиныг Зөвлөлт рүү нийлүүлэхээс өмнө Норвегийн компани түүнд шаардлагатай тоон контроллеруудыг "Тошиба Машин"-аас худалдан авч нийлүүлэх ёстой байв. Эцсийн дүндээ бүх "бараа"-г оросуудад Тошиба л нийлүүлж байгаа боловч харагдах өнгөн дээрээ хэд хэдэн улс орноос, янз бүрийн компаниар дамжин олон янзын "бараа" нийлүүлэгдэж байгаагаар харагдана. Жишээ татахад л "Тошиба" компани элдэв хэрэг гарлаа гэхэд Зөвлөлт рүү шууд суурь машин ба программ хангамжийн удирдлагыг нийлүүлээгүй болж таарах ёстой гэсэн үг. Харин дөрөв ба тав дахь гэрээг "Конгсберг" ба "Тошибой" компаниуд "Вако Коеки" компанитай тус тусдаа байгуулж зууч ажлыг зохион байгуулсны төлөө урамшуулал олгохоор болсон.

Нийлүүлэлт

Японы бизнесменүүд эцсийн хэрэглэгчийн талаархи хуурамч сертификатыг хяналтын газруудад өгчээ. Олон улсын зэвсгийн наймаа ба цэргийн технологийн системд энэхүү баримт нь худалдан авсан тоног төхөөрөмж ба системийг ашиглах улс орныг зааж өгч байдаг. Хуурамч сертификатад хоёр тэнхлэгтэй токарийн карусель суурь машин TDP 70/110-ыг Ленинград хотын иргэний усан онгоцны үйлдвэрт нийлүүлнэ гэж заасан байж. Норвегийн компани болохоор өөрсдийн нийлүүлэх бараагаа суурь машины сэлбэг хэрэгсэл гэж заасан байжээ. Энэ бүх баримтыг СОСОМ шалгаж үзээд ямар нэг зөрчил илрүүлээгүй тул зөвшөөрсөн байна.

Ингээд суурь машины эхний багцыг 1983 оны хавар Хойд тэнгисийн далайн замаар Лениград хотод нийлүүллээ. Хоёр дахь багцыг худалдааны өмнөд замаар 1984 онд Ильичевск боомтод оруулав. 1983 оны арванхоёрдугаар сард Балтийн тэнгисийн боомтын үйлдвэрт эхний хоёр суурь машиныг угсарсан бол 1984 оны сүүл гэхэд бүх суурь машинуудыг угсарч дуусаад, нөгөөдүүл нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ. Хяналтын албадад нэг баримт үзүүлээд огт өөр бүтээгдэхүүн нийлүүлсэн, ямар ч ре-экспорт хийлгүй шууд нийлүүлэлт явагдсан хэрэг. Өөрөөр хэлбэл бичиг цаасан дээр ямар ч "но" байгаагүй тул "Тошиба" ба "Конгсберг"-ийн мэргэжилтнүүд суурь машины ажиллагааг жигд болгохоор Зөвлөлтөд эмээх зүйлгүй ажиллаж, Зөвлөлтийн мэргэжилтнүүд Японд очиж "Тошиба"-гийн үйлдвэрүүд дээр дадлага хийж байв. Хонь бүтэн, чоно цатгалан.

"Гэрэлд цохиулсан нь"

Ямар ч өөгүй мэт энэхүү гинжин хэлхээд нэг "сул хэлхээ" гарч ирсэн болохоор бүх зүйл илэрч, гэрэлд цохиулсан ба ингэснээр энэхүү нууц ажиллагааг хожмын уншигчид бид мэдэж чадсан юм. Илчилсэн зүйл нь бүх нууцыг мэдэж байсан хүмүүсийн хувийн зан чанар байв. Хамгийн эхэнд нэр гарч байсан зуучлагч компанийг төлөөлөн хэлэлцээ хийсэн Хитори Кумагаиг компани нь албан тушаал ахиулалгүй "алгассан" явдал сул хэлхээ болжээ. Хитори Кумагаи социалист орнуудад 22 жил, түүний дотор Москвад 10 жил үнэнч шударгаар зүтгэсэн хүн. Суурь машиныг Балтийн үйлдвэрт угсрах, нийлүүлэх гээд бүх л зүйлд голлох үүрэг гүйцэтгэсэн атал удирдлага нь хичээл зүтгэлийг нь үнэлэхгүй "алгассан" байж. Ингээд гомдол гаргахад нь "Вако Коеки" компаниас халж орхижээ. Гомдсон Хитори "Тошиба"-д хандан хамаг нууц наймааг чинь илчилнэ шүү гэж сүрдүүлж. Гэвч "Тошиба" үл тоолоо. Зөвлөлтийнхөн харин сандралдаж Хиторид нэлээд унацтай янз бүрийн наймаа санал болгосон ч бас л тохиролцож чадаагүй тул Хиторигийн гомдлыг арилгаж чадсангүй.

Иймд Хитори Кумагаи эхлээд Токиогийн цагдаа газар хандан СОСОМ-ын дүрмийг зөрчин цэргийн зориулалтаар ашиглаж болох хамгийн орчин үеийн суурь машиныг Зөвлөлтөд нийлүүлсэн талаар гомдол гаргав. "Тошиба" нөлөөтэй компани байсан тул цагдаагийнхан гомдлыг нь хэрэгссэнгүй. Тэгэхээр нь мань Хитори 1985 оны сүүлээр Парис дахь СОСОМ-ын төв оффис руу гомдол гаргаж, бүх л холбогдох баримтуудыг явуулжээ. Энэ удаад СОСОМ ихэд цочирдон наймаанд хяналт тавьсан Японы яам, албад руу тайлбар шаардсан захидал явуулж. Гэвч дээр хэлсэнчлэн СОСОМ нь албаддаг гүйцэтгэх алба гэх юмгүй, улс болгон өөрийн хэрэгтэй гэж үзсэн хэмжээнд л хянадаг шалгадаг байсан тул Японы яамд СОСОМ-ын төвөөс ирсэн захидлыг ойшоосонгүй. Үүнд Хитори Кумагаи бүр ч ихээр хилэгнээд Япон дахь АНУ-ын Элчин сайдын яам руу алтан хошуу өргөжээ. Үүний дараа СОСОМ-той зэрэгцээд АНУ-ын Элчин сайдын яамнаас Японы яам, албадаас тайлбар шаардсан захидал ирэх болов. Гэвч Японы удирдлагууд "цаасан дээр но алга, ямар ч зөрчил байхгүй" гээд хавьтуулсангүй. Иймд АНУ арга буюу Норвегийн талд ханджээ.

Норвегийн Засгийн газар харин асуудалд нухацтай хандаж шалгалт хийгээд Япон ба Норвегийн холбогдох газрууд алдаа гаргасан гэдгийг илрүүлжээ. Үүний дараа 1987 оны зун Японы Засгийн газар СОСОМ-ын шаардлагыг зөрчсөн гэдгээ арга буюу хүлээн зөвшөөрсөн байна. Алдаа гаргасан юм болохоор шийтгэл байх ёстой. Гэтэл Японы Засгийн газар “үгүй” гэж хоёр жил гүрийж байх зуур энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэнд ч ямар ч шийтгэл ногдуулах боломжгүй болсон юм. Япончууд уснаас хуурай гараад ирсэн гэсэн үг.

Ийм нөхцөлд Хитори Кумагаи шарандаа ном бичиж Зөвлөлт рүү цэргийн зориулалтаар ашиглаж болох өндөр технологи, тоног төхөөрөмжийг хэрхэн нийлүүлдэг байснаа илчилжээ. Тухайлбал, зөвшөөрөгдсөн барааг нийлүүлэх гэрээ байгуулаад цаагуур нь хориотой бараа нийлүүлэх жинхэнэ гэрээг байгуулдаг, барааг олон хэсэг болгож задлаад гуравдагч орны нутгаар дамжуулан Зөвлөлт рүү нийлүүлдэг гээд бүх л нууц загвар, аргуудыг нь илчилсэн байна.

Ном нь бестселлер болж, олны анхаарал татахад АНУ "бөгсөн дээр нь жин тавьж" уснаас хуурай гарсан япончуудыг яаж шийтгэх талаар бодож эхэлжээ. Ингээд маш нарийн, ээдрээтэй хэлэлцээ хийсний эцэст нэр гарсан хоёр компанийг АНУ-д үйл ажиллагаа явуулахыг гурван жилээр хориглож, СОСОМ-ын хяналтыг улам сайжруулах арга хэмжээ авч. Үүний дараагаар "Тошиба"-ийн Ерөнхийлөгч, захирлуудын зөвлөлийн дарга хоёр огцорлоо. Гэрээн дээр шууд ажилласан хоёр ажилтныг шоронд суулгаж, "Тошиба Машин" компанийг социалист орнуудтай ажиллахыг нэг жил, "C.Itoh & Company" компанийг гурван сар хориглов. Харин "Конгсберг" компанийн хувьд Норвегийн засгийн газар зөвхөн үйлдвэрлэлийг нь үлдээгээд бусад салбаруудыг нь татан буулгасан юм.

Үр дүн

Энэ бүх явдлын үр дүнд Зөвлөлтийн шумбагч завинуудын дуу чимээний түвшин эрс буурч, Америкийнхтай адил болсон тул нам дуу чимээтэй орос шумбагчийг илрүүлэх гидроакустик төхөөрөмж боловсруулах, зохион бүтээхийн тулд АНУ-ын Засгийн газар асар их хөрөнгө зарцуулах болов. Зөвлөлтийн шумбагчид Америкийн эрэг рүү нууц байдлаар ойртон очиж эргүүл хийх болсон тул Хүйтэн дайны сөргөлдөөн нэг эрэмбэ ахисан. Харин "Конгсберг" контроллертэй "Тошиба" суурь машинууд одоо ч Оросын үйлдвэр дээр ажилласан хэвээр байдаг гэнэ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]