Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чөлөөлөх дайн ба Монголын тусгаар тогтнолУншсан3,125

Дэлхий дахинд хамгийн их аюул гамшиг учруулсан хоёрдугаар дайн тэртээ 1939 оны Халхын голын дайнаар эхэлсэн гэж сүүлийн үед судлаачид үзэж уг дайны түүхийг өөр өнцгөөс харах болсон.

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар

Дэлхий дахинд хамгийн их аюул гамшиг учруулсан хоёрдугаар дайн тэртээ 1939 оны Халхын голын дайнаар эхэлсэн гэж сүүлийн үед судлаачид үзэж уг дайны түүхийг өөр өнцгөөс харах болсон. Тухайн үед Герман, Итали, Япон гурван улс холбоотон болж Халхын голын дайнаас өмнө дэлхий дахиныг хуваан эзлэх төлөвлөгөө боловсруулан нь Халхын голын дайнд хүргэж улмаар дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн юм.

1939 оны 9 сарын 16 нд Халхын голын дайн дуусан дайны голомт Ази тивээс Европ руу шилжсэн нь түүхэн үнэн билээ. Харин 1945 оны 5 сарын 9 нд Герман улс бууж өгснөөр дайны голомт эргээд Ази тив рүү шилжин 1945 оны 9 сарын 2 нд дэлхийн хоёрдугаар дайн албан ёсоор дууссан юм.

Энэ өнцгөөс харвал дэлхийн хоёрдугаар дайн Монгол цэргээр эхлэн Монгол цэргээр дууссан гэж үзэж болно. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд хэцүү цаг үед Монголын ард түмэн 1936 онд 10 жилийн хугацаатай байгуулсан харилцан туслалцах гэрээний дагуу Зөвлөлтийн ард түмэнд туслан түүний итгэлт анд үнэнч ар тал нь болж алс  дорнодын бүс нутгаар хэзээ мөдгүй өндөлзөхөөр зэхэж байсан Японы цэргийн эсрэг хамтын хүчээр зогсож байсан түүхийг хэн ч үгүйсгэж чадахгүй билээ.

Японы эсрэг хийх энэ дайны учир шалтгаан зорилт нь эртнээс улбаатай юм. Энэ дайн дан ганц Японы эсрэг дайн бус харин Монголын ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой учир Халхын голын дайнаас ч илүү ач холбогдолтой юм. Бид Халхын голын дайнаар тусгаар улс болох замаа сонгосон бол Чөлөөлөх дайнаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулж чадсан билээ.

БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх эсэх асуудал 1940-өөд оны эхнээс олон улсын тавцанд албан ёсоор яригдаж ирсэн байдаг. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнгээр бид тусгаар тогтнолоо зарласан ч 1915 оны Хиагтын 3 улсын гэрээгээр өөртөө засах автономит эрхтэй болон статусаа алдсан. 1919 онд Хятадын генерал Сю Шү Жан Монголын автономитыг хүчээр устган Хятадын нэг муж болгосон бол, 1921 оны 2 сард Барон Унгерн Нийслэл хүрээг чөлөөлөн дахин өөрөө өөртөө тусгаар тогтнолоо зарласан.  Гэвч 1921 оны ардчилсан хувьсгалаар тусгаар улс боллоо хэмээн Монголчууд бодож байсан ч үнэн хэрэгтээ ЗХУ 1924 оны Караханы гэрээгээр Монголыг Хятадын нэг салшгүй хэсэг гэж далдуур хүлээн зөвшөөрсөн. Тэр ч бүү хэл Японы байгуулсан Манж улсыг (Манж-Го) дэлхийн 20 гаруй улс тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн байхад Монголыг хэн ч улс гэж үздэггүй тийм ээдрээтэй, бидний хувь тавилан хаашаа ч эргэж болзошгүй цаг үе байсан юм.

Монгол Улс 1930-д оны эхнээс тусгаар тогтнолын асуудлаа хүчтэй гарган ирж Хятадуудаар хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдож ирсэн ч зайлшгүй их гүрнүүдийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байсан юм. Тийм ч учраас олон улсын тавцанд өөрсдийгөө таниулах алхам хийж ирсэн. Энэ нь дараах хэд хэдэн үе шатыг туулан ирсэн. Үүнд:

Нэгдүгээрт: Каирын бага хурал.

1943 оны 11-р сарын 22-26 нд Египетийн хотноо болсон холбоотон гүрнүүдийн бага хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельт, Хятадын удирдагч Чан Кайши нар хоёр удаа уулзахад, Ф.Рузвельт дайны дараа Америк-Хятадын цэргийн холбоог байгуулж, Хятад-Зөвлөлтийн хилийн дагуу АНУ-ын цэргийн баазуудыг байгуулах саналыг тавьсан бөгөөд Чан Кайши ихэд олзуурхан хүлээн авч, хариуд нь Монголыг Зөвлөлтийн нөлөөнөөс гаргаж Хятадад нэгтгэж өгөх, энэ талаар ЗХУ-д шахалт үзүүлэхийг хүссэн байдаг.

Гэвч АНУ-ын ерөнхийлөгч уг асуудалд анхааралтай хандаж асуудлыг судлан үзэхийг холбогдох албан тушаалтангуудад даалгасан байдаг. Монголын асуудлаар бодлогогүй алхам хийвэл ЗХУ-ын бодлого хаашаа ч эргэж мэднэ нөгөө талаар холбоотон улсуудын дунд асар том үл ойлголцол гарч мэдэхээр байсан тул маш нухацтай судлан хандахаар болжээ.

Ингээд АНУ-ын дэд ерөнхийлөгч Генри Уоллес 1944 оны 07 сарын 2-4 нд Монгол Улсад анх удаагаа албан ёсны айлчлал хийж Монголын удирдагч маршал Х.Чойбалсан, мөн Зөвлөлтийн зарим төлөөлөгч нартай уулзан ерөнхийлөгч Ф.Рузвельтэд өгсөн илтгэлдээ “Монголчууд тусгаар тогтнох бүрэн эрмэлзэлтэй өөрсдийгөө одоо ч гэсэн тусгаар улс гэж бодож явдаг, энд Зөвлөлтийн нөлөө хүчтэй тогтсон” гэх зэргээр дурдсан нь ерөнхийлөгч Ф.Рузвельтын Монголын талаарх цаашдын бодлогод нь хүчтэй нөлөө үзүүлсэн нь түүний гаргасан дараа дараагийн шийдвэрээс харагддаг.

Хоёрдугаарт. Ялтын бага хурал.

Холбоотон гүрнүүд хувь заяа нь нэгэнт тодорхой болсон Германыг буулгаж авсны дараах Европын хувь заяаны асуудлаар Крымийн хойгийн Ялта хотод 1945 оны 2 дугаар сарын 4-11 нд бага хурал зохион байгуулсан юм. Хуралд ЗХУ-ын удирдагч И.Сталин, АНУ-ын ерөнхийлөч Ф.Рузвельт, Их Британийн ерөнхий сайд У.Черчилль нар өөр өөрсдийн гол хөзрийн модоо барьсаар уулзалт хийсэн юм. Тухайлбал: АНУ-ын хувьд НҮБ-ыг байгуулах, Японы эсрэг дайнд ЗХУ-ыг татан оролцуулах, Их Бритиани улс хүчний тэнцвэрийг хадгалан үлдэх, ЗХУ чөлөөлсөн газар нутагтаа өөрийн нөлөөллийг тогтоох гэх мэт байжээ.

1945 он 2 сарын 4-11. Ялтын бага хуралд оролцогчид

 Хурлын үндсэн агуулга нь дараах гол үндсэн хэсэг дээр төвлөрч байжээ. Үүнд:

Ялтын бага хурлаар зургаан зүйлийн тохиролцоонд хүрсэн. Үүнд:

  1. НҮБ-ыг байгуулах, Сан Францискогийн бага хуралд ЗХУ оролцох, мөн нэмж Белорус, Украйны гишүүнчлэлийн эрхийг олж авах.
  2. Польшийн зүүн хилийг Керзоны шугамаар тогтоох, 1939 оны нууц протоколоор олж авсан газар нутгаа ЗХУ өөрийн мэдэлд үлдээхээр болсон. Английн лорд Керзоны нэрээр хоёр улсын энэхүү хилийн маргаантай бүсийг нэрлэжээ.
  3. Герман бууж өгсний дараа ЗХУ Японд дайн зарлах. Гэхдээ Сахалины өмнөд хэсэг, Курилийн арлуудыг мэдэлдээ авч, Ф.Рузвельт Чан Кай Шид нөлөөлснөөр Монголын тусгаар тогтнолыг ДИУ-аар хүлээн зөвшөөрүүлэх, Манжуур дахь Зөвлөлтийн нөлөөг хүлээн зөвшөөрүүлэх, Мөн АНУ, Англи хоёр Монголын статус квог хүлээн зөвшөөрөх.
  4. Югославт байгуулагдсан Иосиф Титогийн коммунист ЗГ-ийг хүлээн зөвшөөрөх.
  5. Тэнхлэгийн гүрнүүдээс хамааралтай байсан улсуудын Улс төр болон эдийн засагт холбоотон гүрнүүд туслахаар болж энэ дагуу ЗХУ Дорнод Европ болон Балканы орнуудад туслах эрхтэй болсон.
  6. Герман дайны төлбөрт 20 тэрбум долларыг 10 жилийн хугацаатай төлөх. Дайны дараа Германд холбоотон гүрнүүдийн хяналтыг тогтоох, зэвсгийг бүрэн хураах, цэрэгжүүлэхгүй байх, ирээдүйд дахин өндийлгөхгүйн тулд Германыг хэсэгчлэн хуваах тухай.

Талууд өөр өөрсдийн тавьсан нөхцөлүүдийг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ялангуяа Монголын тусгаар тогтнолыг Чан Кайшигаар хүлээн зөвшөөрүүлэх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт хүлээсэн нь тун чухал шийдвэр байсан юм. Тэгээд ч ЗХУ, АНУ, Их Британийн удирдагчид Японы эсрэг дайнд ЗХУ оролцох нөхцөлийн тухай хэлэлцээрийн эхэнд “Гадаад Монголын (БНМАУ) статус-квог хэвээр хадгална” гэж заасан нь Монголын тусгаар тогтнолыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэхэд чухал түлхэц болсон юм.

Ялтын бага хурлын үр дүнг Хятадууд 3 сараас мэдэж эхлэн хэл ам хийж эхэлсэн байдаг. Өөрсдийг нь оролцуулалгүй Хятадын хувь заяаг шийдсэнд бухимдсан Чан Кайши өөрийн төлөөлөгчдөө 1945 оны 6-р сард Москвад илгээн Монголын “статус-кво”-ны талаар ярилцжээ. ЗХУ-ын удирдагч И.Сталин Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэх гэсэн Хятадын талын аливаа оролдлогыг тухай бүрд нь хатуугаар няцааж байсан юм. “Гадаад Монголыг одоо байгаагаар нь хүлээн авахгүй бол өвөрМонголтой нэгдэж дийлдэхгүй болно, Гадаад Монгол бол ЗХУ-ын хувьд ч тэр Хятадын хувьд ч тэр буфер улс байх ёстой, хэрэв Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол Японы эсрэг дайнд орохгүй, мөн Хятадын коммунистуудад зэр зэвсгээр туслана” гэх зэргээр хариулж няцааж байсан юм.

Хятадын гадаад хэргийн сайд нь И.Сталины болзлыг хүлээн зөвшөөрч чадахгүйгээ илэрхийлэн Москвад байхдаа огцорч, орных нь шинэ сайд Чуньцинээс Москвад очин хэлэлцээг дуусгасан юм. ЗХУ-ын удирдагч И.Сталин энэ үед улс төрийн чадварлаг тоглолт хийж БНМАУ-ын удирдагч маршал Х.Чойбалсанг 1945 оны 7 сарын 4 нд Москвад урин анх удаагаа тусгаар улсын төрийн тэргүүний хувиар хүндэт харуултай төрийн дээд хэмжээнд хүлээн авч угтжээ.

1945 оны 7 сарын 4. Москва хот.

Энэ нь Хятадын төлөөлөгчдөд БНМАУ бол тусгаар тогтносон улс нөгөө талаар ЗХУ Монголын талаарх өөрийн байр сууриа өөрчлөхгүй гэсэн санаагаа Хятадын талд өгсөн үйлдэл байсан юм. Айлчлалын үед Х.Чойбалсан Японы эсрэг дайнд холбоотны хувьд ЗХУ-тай хамтран БНМАУ-ыг оролцуулах талаар тохиролцож чадсан байна. Энэ нь нэг талаар холбоотон улсын хувьд ч нөгөө талаар тусгаар тогтносон бүрэн эрхт улс, мөн өөрийн гэсэн бие даасан цэрэг армитай улс гэдгээ Хятадын талд харуулж дэлхийн улс орнуудаар тусгаар улс гэдгээ баталгаажуулахад оршиж байсан юм.

Нөхцөл байдалтай нүүр тулан бууж өгсөн Хятадын тал ЗХУ болон АНУ-ын шахалтад орж 1945.08.14-нд Зөвлөлт Холбоот Улс, ДИУ-ын хооронд Найрамдал, холбооны тухай гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Гэрээ 30 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд заалтанд нь “БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ хүлээн зөвшөөрнө” хэмээн заажээ. Дээрх заалтын дагуу Хятадын тал Гадаад Монголын хүн амаас санал асуулга явуулж тэр үр дүнгээр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр болсон билээ.

Ийнхүү Монголчууд тусгаар улс болох зам нь нээлттэй болсон төдийгүй энэ нь ганцхан цаг хугацааны л асуудал болсон юм. Юуны өмнө БНМАУ нь Японы эсрэг дайнд оролцох нь чухал байсан билээ. Энэ дайныг ялалтаар дуусган даян дэлхийд ялагч орны нэг болох нь улс төрийн өндөр ач холбогдолтой байжээ.

Судлаачид БНМАУ-ын Японы эсрэг дайнд оролцох болсон дараах шалтгаануудыг санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Үүнд:

  1. Зүүн хойд Ази дахь Японы Квантуны армийг бут цохихын тулд ЗХУ нь стратегийн 3 чиглэл сонгож авсны нэг нь БНМАУ-ын нутаг дээрээс Тамсагбулагийн районоос өгөх хүчтэй цохилт байжээ. БНМАУ-ын өөрийн стратегийн давуу байрлал нь Японы эсрэг дайнд Монголыг татан оролцуулах нэг нөхцөл нь болж өгсөн байна.
  2. БНМАУ нь 1913 оны таван замын байлдааны үеийн нэгэн адил үндэс угсаа нэгтэй Өвөр Монгол ахан дүүсээ чөлөөлөн нэгдсэн хүчирхэг Монгол Улсыг байгуулахаар зорьж байсанд оршино. 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдаж тусгаар тогтнолоо зарлан тунхаглаад 1691 оноос хойш Манж Чин гүрний нөлөөнд байсан Өвөр Монгол ахан дүүсээ чөлөөлөхөөр болж бие даан 1913 онд таван замын байлдааныг эхлүүлэн амжилттай байлдаж байсан ч их гүрнүүдийн шахалтаар цэргээ аргагүйн эрхэнд татаж байсан түүхтэй. Тэр түүх мөн л олон жилийн дараа давтагдах хувь зохиолтой байжээ. Өвөр Монгол ахан дүүс ч гэсэн БНМАУ-ын дайнд оролцох чимээнээр ихэд итгэл найдвар тавин хүлээж нэгдэх хүсэлтээ янз бүрийн хэлбэрээр илэрхийлэх болсон юм. Тийм ч учраас энэ аятай цаг үед БНМАУ дайнд оролцох нь туйлын чинь хүсэл нь болсон юм.
  3. БНМАУ-ЗХУ-ын хооронд 1936 онд байгуулсан харилцан туслалцах протоколын дагуу өөрийн үүргээ үнэнчээр биелүүлэх зорилгын үүднээс юм. Хоёр тал гэрээний үүргээ харилцан үнэнчээр биелүүлж ирсэн түүхтэй. 1939 оны Халхын голын дайн болон аугаа их эх орны дайны хүнд жилүүдэд БНМАУ нь Зөвлөлтийн ард түмэн цэрэг дайчдад чинь сэтгэлийн халуун тусламж дэмжлэг үзүүлэн 6 удаагийн бэлгийн цуваа, 53 танк бүхий хувьсгалт Монгол танкийн бригад, 12 нисэх онгоц бүхий Монгол ард нисэх эскадриль, мөн 500 мянга гаруй агт морь бэлэглэх буюу худалдах, олон тооны алт үнэт эдлэл зэргээр харамгүй туслан дэмжиж байсан билээ. Өөрөөр хэлбэл фашист Германы эсрэг явуулж байсан ЗХУ-ын дайныг дэмжиж байсан шигээ Японы эсрэг дайныг мөн дэмжиж байжээ.
  4. Нийтийн дайсныг түргэнээр бүрмөсөн цохиж устгах гэсэн ардчилсан улсууд ба… нэгдсэн үндэстний үйлсэд өөрийн тус нэмрийг оруулахын тулд дайнд орох болсноо илэрхийлсний хамт энэ тэмцэлд бүх “Монгол овогтон… нэгэн зэргээр хөдлөн босоцгоох”-ыг уриалсанд оршиж байжээ. Зүүн хойд Азийн бүс нутагт өрнөж байсан дайныг дуусган бүс нутагтаа энх тайван амар амгаланг тогтоох нь БНМАУ-ын хувьд дэлхий дахины өмнө хүлээсэн журамт үүрэг, эрх ашигт нийцэж байсан юм.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн 1945.08.10-ны өдрийн хамтарсан онц хурлаас БНМАУ-аас Японд дайн зарлах тухай тунхаг бичгийг батлан гаргасан байна. Энэ тунхаг бичгийн дагуу БНМАУ-ын 21,000 гаруй цэрэг эрс дайнд оролцож дэлхийн хоёрдугаар дайныг ялагч орны хувьд дуусгасан билээ. БНМАУ Японы эсрэг дайнд оролцсон нь ХХ зууны Монголын түүхэнд томоохон байр суурь эзлэх үйл явдал мөн юм.

Чөлөөлөх дайны үр дүн, ач холбогдол юу байсан юм бэ? Уг дайны цэрэг, улс төрийн ач холбогдлыг дараах хэдхэн зүйлээр тодорхойлж болно.

  1. Чөлөөлөх дайнд БНМАУ оролцсоноороо өөрийн нэр хүнд байр суурийг тодорхойлон олон улсын тавцанд тусгаар улс гэж хүлээн зөвшөөрүүлэх алхмаа тавьсан
  2. ЗХУ-тай 1936 онд байгуулсан харилцан туслалцах протоколоор хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэн даян дэлхийд энх тайван байдлыг тогтооход өөрийн үүргээ амжилттай биелүүлсэн.
  3. Уг дайны үр дүнд 1945 оны 10 сард Монгол орон даяар тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга болж бүгд 100% тусгаар тогтнолын төлөө санал өгсөн юм. Мөн БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1946.02.27-нд нөхөрлөл ба харилцан туслалцах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Ийнхүү БНМАУ-ын тусгаар тогтнолыг анх удаа Дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлж, хойд их хөрш ЗХУ-тай анх удаа нөхөрлөл, харилцан туслалцах гэрээ байгуулсан нь Чөлөөлөх дайны үр дүнтэй холбоотой юм.
  4. Хамгийн гол нь АНУ, Англи зэрэг холбоотон гүрнүүдээр БНМАУ-ын статус-квог баталгаажуулсан явдал энэ дайнд Монгол улс, түүний Зэвсэгт хүчин оролцсоны улс төрийн ач холбогдол, гол үр дүн оршино.
  5. Хэдийгээр Чөлөөлөх дайны үед Өвөр Монгол ахан дүүсээ нэгтгэж чадаагүй ч олон жил тусгаарлагдаж байсан ах дүү нартаа итгэлийн оч бадрааж мөн олон тооны өрх айл хүмүүс нүүдлэн ирсэн нь Монголын эдийн засаг нийгэмд тодорхой нөлөө үзүүлсэн юм.
  6. 1939 оны Халхын дайны үеийн МАХЦ-с 1945 оны чөлөөлөх дайн оролцсон цэргүүд эрс ялгагдаж байлаа. Тэр үеэс байлдах чадвар, даргалах бүрэлдэхүүн, зэр зэвсэг гээд бүхий л талаар дадлагажиж суралцсан илүү орчин цагийн зэвсэгт хүчинтэй болж цааш цаашдын зэвсэгт хүчний хөгжилд томоохон байр суурийг авчирсан билээ.
  7. Чөлөөлөх дайн бол дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл болсон. 1939 оны Халхын голын дайнаар эхэлсэн дэлхийн их дайныг Монгол цэрэг амжилттай төгсгөж чадсан нь олон улсын харилцаанд томоохон өөрчлөлтийг бий болгож Ази тивд дайны голомт унтарч энх тайван байдал тогтоох, Дорно дахины улс түмний эрх чөлөөгөө олж авах тэмцэлд хүчтэй дэмжлэг үзүүлсэн юм.

1945 оны 8 сард. маршал Х.Чойбалсан Хятадын цагаан хэрмийн дэргэд

Эдүгээгээс 75 жилийн тэртээ болсон Чөлөөлөх дайн түүхийг бид хэтэрхий сайн мэддэг хэрнээ хэтэрхий сайн мэдэн будлидаг болжээ. Халхын голын 80 жилийн ойн хүрээн дэх нийгмийг талцуулсан төөрөгдүүлсэн шинэ цагийн түүхчид өнөөх сурсан зангаар Чөлөөлөх дайны 75 жилийн ойн ач холбогдол, МАХЦ-н гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх өмчлөх ач холбогдлыг нь бууруулах гэж оролдож байна.

Чөлөөлөх дайнд Монголчууд бараг оролцоогүй, байлдаагүй, арын албанд явж байсан, ерөөсөө Японы цэргүүд цагаан туг өргөн бууж өгөөд байсан мэтээр улиглан бичих нь элбэг болж. Нөгөө талаар нийгмийн сүлжээнд нэр нүүрээ нуусан хэсэг бүлэг этгээдүүд түүхийг үгүйсгэн хүсэл тачаал бах таваа хангах нь олонтоо тохиолдоно.

Аливаа түүхэнд алдаа оноо байдаг. Түүнийг эргэн дурсан судлан нягтлах нь түүхч судлаачдын үүрэг билээ. Тийм ч учраас Чөлөөлөх дайны түүхийн судалгаа цэргийн түүхчдийн хувьд нэн тэргүүний зорилт бөгөөд энэ хүрээнд БХЭШХ-ийн нэрт түүхч Д.Гомбосүрэнгийн нэрэмжит Цэргийн түүх судлалын төв ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнтэй хамтран “Монгол цэрэг дэлхийн 2-р дайнд” хэмээх хоёр улсын хамтарсан төслийг 2018 онд гүйцэтгэж шинжлэх ухаан технологийн санд хүлээлгэн өгсөн. Энэ бол хамгийн сүүлийн үеийн хамгийн бодитой 1990 оноос хойш хийгдээгүй томоохон судалгааны ажил яах аргагүй мөн.

Эцэст нь дүгнэхэд Чөлөөлөх дайны үр дүнгээр Монгол улс тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа олж авсан нь түүхэн үнэн. Монгол цэрэг дайснаа дарж даян дэлхийд энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсэн нь няцаашгүй үнэн.

Тиймээс жил бүрийн 9 сарын 2-нд тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнэ ямар үнээр олдсоныг ямагт санан дурсан, эх орныхоо төлөө алтан амь бүлээн цусаа зориулсан баатарлаг цэрэг эрсээрээ бахархан амьдрах ёстой. Энэ ч утгаараа Чөлөөлөх дайны ой бол Монгол хүн бүрийн сэтгэл догдлон хүлээдэг тийм л баярын өдөр байх ёстой гэж боддог. Үе үеийн суу заль ихт аугаа Монголын удирдагчид, жанжид, баатарлаг цэрэг эрсдээ мэхийн хүндэтгэл үзүүлж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]