Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Амгаа: Түрүүлэх ганц боломжоо Мөнгөн арсланд зальдуулаад алдчихаж билээУншсан20,434

Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, Монгол Улсын заан Дэндэвийн Амгаатай ярилцлаа. Тэрээр улсын баяр наадамд есөн удаа шөвгөрч байсан хүчтэнүүдийн нэг юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.

Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, Монгол Улсын заан Дэндэвийн Амгаатай ярилцлаа. Тэрээр улсын баяр наадамд есөн удаа шөвгөрч байсан хүчтэнүүдийн нэг юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.

-Та наадмын ногоон дэвжээнээс зодог тайлаад нэлээд удаж. Одоо юу хийж байна даа?

-Айлууд унагаа бариад эхлэхээр миний айраг эсгэх ажил эхэлнэ шүү дээ. Зун болохоор морь уяна. Амьдрал гэдэг баян юм хойно хийх ажил ч мундахгүй шүү дээ. Ер нь би их хөдөлмөрч юм болов уу гэж боддог. Барилдахаа болиод хөгширчихлөө гээд гэрт зүгээр суугаад байхыг хүсдэггүй юм.

-Анх барилдаж байсан үеэ дурсахгүй юу. Та чинь улсын наадамд хоёр дахь удаагаа зодоглоод л начин цол хүртсэн гэсэн байх аа?

-1974 онд анх улсын наадамд зодоглож байлаа. Зурагт, радиогоор л нэрийг нь сонсож, хаа нэг барилдааныг нь харж байснаас биш Улаанбаатарын бөхчүүдийг огт танихгүй. Тэгсэн гурав давчихдаг юм. Гэтэл дөрвийн даваанд Эрдэнэ-Очир гуйтай барилдаад өвдөг шороодож билээ. Тэр үед Эрдэнэ-Очир гуай заан цолтой байсан юм. Тухайн үед цолны төлөө юун махрах, гол нь улсын наадамд томчуудтай хамт нэг дэвжээнд зодоглож байгаа нь миний хувьд бөөн аз жаргал байсан юм даг. Харин дараа жил нь дахин зодоглоод улсын начин хэмээх эрхэм цолыг хүртэж байлаа. Аймгийн арслан Амгаланг гурвын даваанд өвдөг шороодуулаад, дөрвийн да­ваанд Увс аймгийн начин Соломыг давж, Мижиддорж арслангаар тав даваад начин болж байсан.

-Хэдэн настай байсан юм бэ. Сэтгэл хэр хөдөлж байв?

-Баярлалгүй яахав. Улсын цолыг хүссэн хүн болгон авахгүй шүү дээ. Тэр үед би 22 настай, сумандаа жолооч хийдэг байлаа. Одоогийнх шиг улсын цол хүртлээ гээд нутаг, усныхан нь жийп машин, байр сав ямар өгөх биш. Орой гэртээ харихад л эгч маань баяр хүргэж духан дээр минь үнсч байсан. Аймаг, сумаас баяр хүргэж, сүйд болж байгаагүй. Уг нь бол аймагт тэр болгон улсын цолтой бөх байдаггүй. Аймгийн хэмжээнд ганц, хоёр начинтай үе байлаа. Харин хамаатны нэг хүн "Бөх хүний гутал амархан мууддаг" гээд Монгол гутал авч өгч цолыг минь мялаасан нь миний хувьд том хүндэтгэл байсан санагддаг.

-Та улсын заан цолыг улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн гэдэг билүү?

-Тийм. Улсын заан цолыг 1981 оны улсын аваргаар авсан. Үүнийг улсын наадамд шөвгөрсөнд тооцож чимэг өгдөг байхгүй юу. Харин 1983 онд улсын баяр наадмын шөвгийн дөрөвт үлдэж Ишгэн заанаар заан цолоо баталж байлаа. Намайг улсын наадамд есөн удаа шөвгөрсөн гэж хүмүүс ярьдаг. Уг нь би арван удаа шөвгөрч байсан бөх. Одоо ч надад улсын наадамд шөвгөрсөн гэх арван чимэг бий.

-Таныг ид барилдаж байх үед ямар бөхчүүд их сайн байв?

-За даа луу, туулай жилтнүүд бидний үед ид мандаж байлаа. Яагаад ч юм луу, туулай жилд их сайхан бөхчүүд төрсөн байдаг. Ямар учир жанцантай юм өнөөг хүртэл хэн ч тааж мэдээгүй л байна. Бат-Эрдэнэ аваргын үе байна. Цэрэнтогтох, Хадбаатар аваргууд туулайтай. Бас Ишгэн заан туулай жилтэй. Харин Гочоосүрэн, хар Цэрэндаш, би гээд нэг үеийн туулай, луутай бөхчүүд олон бий. Мөнгөн арслан бас үе тэнгийнх.

-Мөнгөн арслантай мөн ч олон удаа таарч барилдсан гэдэг. Хэн нь их өвдөг шорооддог байв?

-Сум, аймгийн ойн барилдаанууд гээд Мөнгөнтэй хамгийн олон удаа таарч барилдаж байсан нас чацуу бөхчүүд. Бэлтгэлээ хүртэл хамт хийнэ. 1982 онд дөрөвт үлдэхдээ би Мөнгөнд унаж байсан. Урд жил нь үзүүрлэсэн байсан юм Мөнгөн. Туршлагатай хүн хамаагүй илүү байдаг юм билээ. Гэхдээ Мөнгөнд айхтар хууртаж цолоо ахиулах боломжоо алдсан. Уг нь тэр жил надад аз тохиож болох цорын ганц боломж байж гэж би боддог юм.

-Юу болсон юм бэ?

-Бид хоёрын барилдаан нэлээд удааширч барьц сонгохоор боллоо. Тэр үед барьц сонгуулахдаа тойруулж барьдаггүй баруун, зүүн л золгодог байсан юм. За тэгээд миний талаар барьц авахаар болж би солгой шуудагдаж татаад мэхээ хийх гэтэл Мөнгөн барьцаа тавьчихдаг байгаа. Тэгэхээр нь би ч гэсэн ямар хүн барьцаа тавьж байхад дайралтай биш адилхан тавьчихсан. Угтаа бол надаас өөр хүн шууд барьцаа гүйцээх байсан.

Харин би болохоор мэхээ гүйцээх гэхээр хүний мөсгүй, эр хүний жудаггүй зан гаргачих юм шиг санагдаад хүлцэнгүй тавьчихсан хэрэг. Гэтэл манай засуул Булганы Пүрэвсүрэн гуай намайг загнаад шууд мэхээ гүйцээхгүй, хаях боломж алдлаа гэж айхтар зэмлэж билээ. Барьцаа тавьчихаад дахиад золгохдоо би гэдэг хүн өнөөх мэхээ дахиж хийгээд контор мэхэнд уначихгүй яахав.

Улсын заан Д.Амгаа, Дархан аварга Х.Баянмөнх, Улсын гарьд Д.Баяраа

Сүүлд нь уулзалдаад ярихгүй юу. Чи яагаад барьцаа тавьчихсан юм гэтэл "Намайг барьц тавьчихад араас арай хаячих хүн биш гэдгийг би мэднэ. Би чамайг ямар мэх бэлдэж вэ гэдгийг зориуд тэгж шалгасан юм. Хэрвээ Амгаагаас өөр хүн байсан бол намайг хаях байсан" гээд мушилзаад мөрөн дээр зөөлхөн алгадчихаад "Эр хүний замын хүзүү урт хойно дараа болох байлгүй дээ. Чамд баярласан шүү" гэж билээ.

-Тэгээд тэр жилийн наадамд хэн түрүүлсэн бэ?

-Уг нь тэр жил Баянмөнх аварга түрүүлсэн юм. Хэрвээ би Мөнгөнийг хаячихсан бол аваргыг давж түрүүлэх боломж надад байсан гэж боддог. Баянмөнх аварга бид хоёр нэг сургуульд өдөр бүр бэлтгэл хийдэг бөхчүүд. Байнга бэлтгэл хийдэг учраас аваргын барилдааныг нь мэднэ. Заримдаа бэлтгэлийн үеэр давна. Тиймээс удаан ноцолдох юм бол би аваргыг өвдөг шороодуулчих боломжтой байсан гэж бодоод байгаа. Тэгээд ч тухайн үед Баянаа мөрөндөө гэмтэлтэй байсан юм билээ. Хашир хүн тэрийгээ мэдэгдэхгүй байхгүй юу. Ядаж л барилдаад дийлдэггүй юм аа гэхэд Баянаа аваргаа би нэг түрүүлчихмээр байна гээд гуйхгүй юу.

-Та шөвгийн дөрөвт олон удаа үлдсэн, аварга болоход ойрхон байсан хэрнээ цолоо ахиулж амжилгүй зодог тайлсан. Барилдаад үнэхээр дийлэхгүй байсан юм уу?

-Үзүүр, түрүүнд үлдэж байж л заан цолоо ахиулна шүү дээ. Баянмөнх, Мөнхбат, Цэрэнтогтох, Хадбаатар, Мөнгөн гээд дөрөв таван хүчтэнүүдтэй барилдаж дээшээ гарна гэдэг үнэхээр амаргүй юм билээ. Миний үед одоогийнх шиг ямар цолны найраа гэж мэдэх биш. Жинхэнэ бяр чадлаараа л барилдаж байлаа.

-Одоо чинь бөхчүүд хүчний бэлтгэлд их анхаардаг болж. Таны үед бөхчүүд бэлтгэлээ хэрхэн хангадаг байв?

-Улсын начин байхдаа хөдөө сумынхаа начингууд болох Цэвээндорж, Сандуйдорж нартай сав л хийвэл ноцолддог байсан. Харин улсын наадмын бэлтгэлийг улсын наадмаар Баянмөнх, Сосорбарам аваргатай хийнэ. Хүчний бэлтгэл хийдэггүй гүйдэг байсан. Штанг өргөвөл уян хатан байдалгүй, булчин задарчихна, амархан цуцна гээд багш нар ч хийлгэдэггүй байсан. Одоо харин энэ бөхчүүд төмөр өргөж, бүгд л зуу хол давчихсан жинтэй, хүчний дасгал их хийдэг болжээ. Миний үед чинь жин багатай байдаг байсан. Би гэхэд л 179 өндөртэй, жин арай гэж 100 кг хүрдэг байлаа. Хамгийн масс ихтэй нь л Хадаа аварга 140 орчим килограмм, Баянмөнх аварга ахилаа гэхэд л 105 кг жинтэй байлаа. Цэрэнтогтох аварга ид сайн барилдаж байх үедээ ч 90 кг байсан шүү дээ.

-Таныг залуудаа их чацдаж барилддаг байсан гэж ярих юм. Ер нь ямар мэхийг их гаргууд хийдэг байсан бэ?

-Бярдаж барилдана. Солгой хөлдөнө. Зурагтаар Баянмөнх аваргын барилдахыг харчихаад баруун мушгидаг мэхийг нь бэлтгэл дээрээ туршиж байгаад сурсан юм. Сүүлдээ овоо гаршаад бараг өөрийн дархан мэхээ болгосон байх шүү.

-Өөрийг тань ХААИС-ийн бөх гэдэг байсан үе саяхан. Анх тус сургуульд жолоочоор орж байсан гэж сонссон юм байна. Энэ тухайгаа дурсахгүй юу?

-Миний амьдралын ихэнх хугацаа Хөдөө аж ахуйн их сургуультай салшгүй холбоотой. 1976 онд анх тус сургуульд жолоочоор ажилд ороод гурван сар орчим тэрэг барьсан. Тэгээд сургуулийнхаа шигшээ багт орж, сургуульд нь сурч, сургуулийнхаа нэрэн дээр барилддаг болсон юм. Харин сүүлд багшиллаа. Бараг 18 жил ХААИС-ийн бөх гэгдсэн байдаг.

-Тухайн үед сайн барилддаг бөх болгон танай сургуульд байсан гэж ярьдаг юм билээ?

-Тэгэлгүй яахав. Ард түмний хайртай Хайдав арслан, Мөнгөн арслан, Дүвчин гээд олон сайхан бөхчүүд байна. Зөндөө нэг үеийн бөхчүүд бий. Бүр манай сургуулийн удирдлагуудыг бөхчүүдийг дандаа авдаг гээд шүүмжилж байсан удаатай. Би чинь ХААИС-ийн Эдийн засгийн тэнхимийг төгссөн. Бас биеийн тамирын тэнхимд багшилдаг байлаа. 1983 онд Багшийн дээдийн эчнээ аваад 1987 онд төгсч байсан. Учир нь сургуулийнхаа бие тамирын тэнхимд багшлахад сургуулийг нь төгссөн байх шаардлагатай байсан хэрэг л дээ.

-Та зөвхөн үндэсний бөх гэлтгүй самбо, жудогоор олон амжилт үзүүлсэн байх аа?

-1975 онд анх хотод ирээд л 1976 онд самбо бөхийн шигшээ багийн тамирчин болсон. 1983 он хүртэл гэсэн үг. Самбо бөхөөр зургаа, жүдо бөхөөр дөрвөн удаа улсын аварга болж байсан. Мөн жудо бөхөөр олимпод оролцож, самбо бөхөөр дэлхийн аваргад орж байлаа. Олимпийн хорооны Дамдин, Цэнд-Аюуш гуай, Ганболд заан гээд бид хэд шигшээ багт хамт барилддаг байсан.

-Таныг айраг, барилгын бизнес хийдэг яггүй хөдөлгөөнтэй бөх гэж нутгийнхан тань ярьдаг. Яагаад заавал энэ бизнес рүү орсон юм бэ?

-Булган айргаараа ал­дар­тай аймаг. Тиймээс жилийн дөрвөн улирал айраг эсгэж, малчдад төдийгүй хотынхонд эрүүл амьдрахад нь бага ч гэсэн туслах юмсан гэсэн үүднээс айраг зардаг болсон. Малчдаас гүүний саамыг нь худалдаж аваад айраг эсгэдэг. Нэг талаараа хөдөөнийхөнд эдийн засгийн дэмжлэг юм. Нөгөө талаараа айраг эрүүл мэндэд тустай учраас хотынхны гэдэс доторт хэрэгтэй шүү дээ. Ядаж л цагаан сараар айраг уугаад архи бага хэрэглэх жишээтэй. Харин барилгын хувьд би хотод 60-70 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Тэрнээс хойш газар авахаас эхлээд хүндрэл их гарч барахаа байсан болохоор больсон.

-Айраг гэснээс та морь уядаг гэсэн. Багадаа морь их унадаг байв уу?

-Уг нь би Төв аймгийн Заамарын Цагаан чулуут гэдэг газар төрсөн юм. Манайх Булганаас отроор ирсэн байсан үе гэсэн. Эргээд нутаг буцаж Буурал хан уулынхаа хойд, энгэр бэлээр миний бага өнгөрсөн.

Аав, ээждээ тусалж өссөн дөө. Таван настайгаасаа хурдны морь унасан боловч нэг их удалгүй моринд томдоод намайг морь унуулахаа байчихсан.Хятадын хутаг гэдэг газар болсон сунгаан дээр "Цагаан" Цэдэндоржийн хурдан морийг унасан юм. Замдаа хоёр ч удаа мориноосоо уначихгүй юу. Тэгсэн аав мэдээд хэд унасан гэхэд нь нэг унасан, хоёр дахьд нь би өөрөө мориноосоо буусан юм гэж хэлж билээ. Дахиад морь унуулахаа больчихно гэж бодож нуусан хэрэг. Тэр хавартаа "Гонир" гээд бууцанд өвлийн нэг том уралдаанд аавын хуурай ах болох Гомбо-Очирын "ногоон" морийг унаж уралдаад түрүүлж билээ. Түрүү магнайд ирсэнд аав, ээж их л баярлаж байсныг хүүхэд байсан болохоор бүүр түүрхэн санадаг юм. Тэрнээс хойш морь унаагүй, томдчихсон.

-Тэгээд л ноцолдож эхлэв үү?

-Тэгэлгүй яахав. 13 настай байхдаа Дэлийн үзүүр гэдэг газар манайхан сунгаа хийдэг байсан юм. Тэгтэл хэдэн хүүхдүүд барилдууллаа. Би тэр барилдаанд нь түрүүлчихсэн. Улсын аварга малчин Цэнд гээд хүн тэр үед надад "Хүүдээ Дамар хадны начин гэж цол өгье" гээд өхөөрдөж байсан. Хүүхэд байхад өгсөн тэр өвгөний цол хожмоо биелсэнд их бэлгэшээдэг шүү.

-Японы мэргэжлийн сумод чамгүй амжилттай барилдаж байгаа Сейро Өнөболд таны хүү гэдгийг хүмүүс мэдэх байх. Өөр барилддаг хүн байна уу?

-Отгон хүү Өнөболд маань л барилдаж байна. Удахгүй юм дуулгах байх гэж найдаж байгаа. Том охин Ширмэнтуяа Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан. Гэр бүлд гавьяат хүн байна гэдэг бас сайхан санагддаг юм байна. Ээжийгээ дуурайчихаад их сайхан дуулна. Бид хоёрын авьяасыг энэ хоёр минь л залгамжлуулах бололтой.Бусад хүүхдүүд хувийн бизнес гээд өөр өөр ажил хийж байх шиг байна.

Д.ДАВААСҮРЭН

"ӨДРИЙН СОНИН"

2014 ОН

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]