Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цэл залуугаараа эх орныхоо төлөө амиа өргөсөн Монгол улсын БаатруудУншсан8,573

Өнөөгийн залуусынхаар ид сурч боловсрох, амьдралаа эхлүүлэх насан дээрээ баатарлаг гавьяа байгуулан хойч үе бидэнд тусгаар тогтносон улсыг маань, эрх чөлөөтэй нь хамт үлдээсэн баатруудынхаа гавьяаг мартаж үл болно.

Монгол Улс агуу түүхтэй орон. Монголчууд нутаг усныхаа төлөө, газар шороо, ширхэг чулууны төлөө алтан амиа өгөхөөс буцахгүй эх орондоо хайртай ард түмэн билээ. Ийм ард түмний дундаас олон арван баатарлаг үйлстнүүд төрөн гарч байсан бөгөөд тэдний дотор цэл залуугаараа алтан амиа өргөсөн эх орончид цөөнгүй бий.

XX зуунаас эхлэн олгож ирсэн БНМАУ-ын Баатар, Монгол Улсын Баатар хэмээх эрхэм хүндэт цолыг хүртсэн хүмүүсийн дотроос гуч хүрээгүй цэл залуугаараа эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулж тэнгэр болсон баатруудыг онцлон хүргэж байна. Чухамдаа ийм залуусынхаа ачаар л цөөхөн Монголчууд их гүрнүүдийн дундаас туурга тусгаар улсаа авч үлдэж чадсан юм. Өнөөгийн залуусынхаар ид сурч боловсрох, амьдралаа эхлүүлэх насан дээрээ баатарлаг гавьяа байгуулан хойч үе бидэнд тусгаар тогтносон улсыг маань, эрх чөлөөтэй нь хамт үлдээсэн баатруудынхаа гавьяаг мартаж үл болно.


   

Чоймболын ШАГДАРСҮРЭН - (1910-1939)

Булган аймгийн Авзага сумын харьяат, МАА-ийн Нисэх хүчний дарга агсан. Ч.Шагдарсүрэн 1925 онд холбооны монтёрын дамжаа, 1926 онд 16 настайдаа нисэх хүчний анхны дамжаанд тус тус суралцаж нисэх онгоцны моторчны мэргэжил эзэмшиж хоёр жил ажиллаад 1930-1932 онд ЗХУ-ын Оренбург хотноо нисэхийн сургуульд очиж суралцаж нисэгч болжээ. 1932 онд баруун аймгуудад гарсан хувьсгалын эсэргүү хүчийг дарах, 1933 онд Япон-Манж Гогий зэвсэгт дээрэмчид, 1934 онд баруун хязгаарын ард олныг дээрэмдэн сүйтгэж байсан хасгийн бүлэг дээрэмчдийг бут цохиход оролцжээ. 1936 оны гуравдугаар сарын сүүлчээр Японы милитаристууд халдан довтлоход байлдааны үүргийг олон удаа амжилттай биелүүлсэн, Монгол ардын армийн нисэх хүчний даргын хувьд нисэх хүчнийг хөгжүүлэх, эх орноо дайсны халдлагаас хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан байна. Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 3 удаа, улсын эрхэм нисэгч цолоор шагнагджээ. Монгол Улсын баатар цолоор 1965 онд нэхэн шагнасан байна.

 

Самданжамцын ЛХАГВАДОРЖ (1919-1948)

Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 1927-1931 онд бага сургууль, 1939-1941 онд ДЯЯ-ны төв сургуульд суралцан төгссөн. 1941-1948 онд Замын-Үүдийн отрядын 3-р заставын дарга, 1948 онд Бодончийн 6-р отрядын штабын хилийн албаны туслахаар ахмад цолтой алба хааж байгаад 1948 оны 6 сарын 2-нд Мэргэн уулын байлдаанд амь үрэгдсэн юм. Тэрээр Япон, Гоминдан, Манж-гогийн элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнул туршуулуудыг илрүүлэн баривчилж байв.

Түүний зарим гавъяаг дурвал, 1941 оны 12-р сард хилийн манаагаа шалгаж яваад дайсны тагнуул 3 этгээдтэй тулгаран, эрэлхэг зориг гарган дайрч заримыг нь шархдуулан баривчилсан, 1942 оны 4-р сард хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа дайсны морин уналгатай 2 тагнуулыг илрүүлэн отож байгаад гэнэт атаклан, нэгийг нь бууныхаа бөгсөөр цохиж унаган, нөгөөг нь баривчилжээ. Удаа дараа тагнуул баривчлан, үнэтэй мэдээ олж авах бололцоо олгосон тул 1942 онд УБХТ-ийн тогтоолоор “Байлдааны гавъяаны медаль”- иар шагнасан байна. 1942 онд нэг цэргийн хамт манаанд явж байгаад Японы морьтой 7 тагнуулыг илрүүлэн тэдэнтэй байлдан дөрвийг нь шархдуулан баривчилжээ.

ДЯЯ-ы сайдаас Маршал Х.Чойбалсанд С.Лхагвадоржийн удирдсан застав Японы тагнуул, туршуулуудыг олон удаа эрэлхгээр баривчлан авч байсан хэмээн илтгэж байв. Удирдсан застав нь 1941-43 онд 34 тагнуул илрүүлэн баривчилсны 9-ийг нь өөрөө барьж, 14 хилчин нь одон, медалиар шагнагдсан байна.

1945 оны 2-р сард Дорноговийн Баянмөнх сумын нутагт Хэнтий, Төв, Дорноговь аймгуудын 70 гаруй мянган адуу үргэлжилсэн цасан шуурганд хөөгдөн хил давах гэж байсныг 3 өдөр, шөнө тэмцэлдэн тогтоож эргүүлжээ. 1945 онд УБХТ-ийн тогтоолоор “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан байна.

1948 оны 6 сарын 2-нд нутгийн хоёр ард, морин дивизионы офицер Чогров нарыг буудаж алаад, хилчдээс амьд хэл олзлох зорилготой явсан ”Оспаны 22 баатар” гэгчтэй Мэргэн ууланд баатарлагаар тулалдаж яваад амь үрэгджээ.

С.Лхагвадоржид УБХТ-ийн 1949 оны тогтоолоор “Улсын баатар” цол нэхэн хүртээж, БНМАУ-ын СнЗ-ийн 1949 оны 5-р тогтоолоор Улсын баатар С.Лхагвадорж, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын дурсгалд зориулан Ховдын Алтай суманд хөшөө босгосон байдаг. 1970 онд Булган аймгийн төвд хөшөөг нь босгож, алба хааж байсан Дорноговийн отрядын Үзүүр-Усны заставыг АИХТ-ийн 1973 оны 217-р зарлигаар, мөн Хууль сахиулах их сургуулийн Хилийн албаны  сургуулийг НИТХ-ын 2006 оны 139 дүгээр зарлигаар тус тус түүний нэрэмжит болгожээ.

 

Цэндийн ОЛЗВОЙ (1914-1941)

Ховд аймгийн Манхан сумын харьяат. МАА-ийн VI дивизийн 15 дугаар хорооны хөнгөн пулемётын наводчик байсан ба Монгол Улсын Баатар цолоор 1939 оны аравдугаар сард шагнасан байна. 1936 оноос цэргийн алба хааж эх орны зүүн хязгаарт Монгол ардын армийн 6 дугаар дивизийн 15 дугаар хорооны нэгдүгээр суманд хөнгөн пулемётны наводчик байхдаа Халхын голын байлдааны үед эрэлхэг зориг гарган дайсны ар талд олон дахин гарч амьд хэл, бичиг баримт, зэвсгийн зүйл олзлон ангидаа авчирч байлдааны даалгаврыг гарамгай биелүүлж гавьяа байгуулсан байна.

 

Лувсандоржийн ГЭЛЭГБААТАР (1914-1939)

Хөвсгөл аймгийн Ханх сумын харьяат. МАА-ийн VI морьт дивизийн их бууны дивизионы улс төрийн удирдагч агсан. Монгол Улсын баатар цолоор түүнийг 1964 онд нэхэн шагнажээ.

1935-1938 онд Цэргийн ерөнхий сургуульд суралцаж төгсөөд дорнод хязгаарт 6 дугаар морьт дивизийн их бууны дивизионы батарейн улс төрийн удирдагчаар томилогдон ажиллажээ. Японы дайнчдын эсрэг 1939 оны тавдугаар сард болсон удаа дараагийн тулалдаанд дайчдыг зоригжуулан манлайлж чадамгай удирдан зохион байгуулж явсаар 28-ны өдөр дайсны их хүчийг пулемётчин есөн нөхрийн хамт 10-уулхнаа тогтоон барьж эрэлхэг тулалдаж байгаад амь үрэгджээ.

 

Хорлоогийн ДАМБА (1919-1943)

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Уртын хоолой хэмээх газар төрсөн. Эрдэнэцагааны отрядод цэргийн албанд очиж, цэргийн эрдэмд суралцан, тасгийн даргаар дэвшин, бага дарга болжээ. Буудлагын зэвсгийг чадамгай эзэмшин, салбарын буудлагын аваргаар байнга шалгарч байсан. Онц буудагч юм. 1943 оны эхээр 5-р отрядын Даяннуурын заставт шилжин албаа хаав.

1943 оны 7 сарын 30-нд Шарговийн Багадаваатын харуулд ахлах түрүүч Д.Намнангийн удирдлагад байлдагч Сандуйжавын Балжир, Рандалын Лувсанпүрэв нарын хамт гарчээ. Гэтэл хилийн манааг хасгийн 100 гаруй дээрэмчид бүслэн довтолж, хүч тэнцвэргүй ширүүн байлдаан болов. Нөхөд нь дайсантай эрэлхэг зориг гарган байлдсаар амь насаа алдаж тэр цор ганцаар үлдэж, зүүн гараа хуга буудуулсан ч тулалдсаар байж амь үрэгдсэн байна.

Энэ байлдаанд оролцсон дайсан этгээд хожим нь манай талд олзлогдон мэдүүлэхдээ “Бид 1943 оны 7 сарын 30-нд 100 гаруй хүмүүс танай хилийн манааг баривчлах зорилгоор ирсэн боловч 3 нь дараалан алагдаж үлдсэн нь толгой өндийлгөхгүй буудаж байгаад өөртөө зэвсэг хэрэглэсэн. Үнэхээр баатар хүн байсан тул бид заншил ёсоор “Баатар болцгооё” гэж цуснаас нь амссан” гэж мэдүүлсэн байдаг.

Х.Дамбыг АИХТ-ийн 1961 оны 270-р зарлигаар БНМАУ-ын Баатар цолоор нэхэн шагнаж, 1973 онд ХЦ-ийн 40 жилийн ойг тохиолдуулан хилийн 0130-р ангийн ...-р заставыг түүний нэрэмжит болгосон. Төрсөн нутаг Хэнтий аймгийн Өмнөдэлгэрт хөшөөг нь босгожээ.

 

Мазимын ЭКЕЙ (1916-1939)

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат. Матадын VI морьт дивизийн сумангийн дарга, дэслэгч агсан. Монгол Улсын баатар цолоор 1979 онд нэхэн шагнагдсан. 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарахад оролцсон. Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн сумангийн захирагч байхдаа олон удаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж амь үрэгджээ. Ялангуяа 1939 оны VII сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдан хориглолтыг эзэлж авахад гарамгай гавьяа байгуулжээ.

 

Дуламдоржийн САМДАН (1916-1939)

Төв аймгийн Борнуур сумын харьяат. БНМАУлсын Баатар цолоор 1973 онд нэхэн шагнагдсан. Мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгажээ.

 

Лувсанцэрэнгийн АЮУШ (1922-1945)

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат. МАА-ийн моторчилсон …дугаар ангийн бригадын байлдагч агсан. Монгол Улсын Баатар цолоор 1945 онд нэхэн шагнасан.

Монголын ардын армийн моторчилсон …дугаар ангид байлдагчаар цэргийн алба хааж байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч гол хүчнээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ.

 

Баянбалын ТЭГШЭЭ (1926-1948)

Ховд аймгийн Чандмань сумын харьяат. 1946 онд цэрэгт татагдан Ховдын отрядод алба хаасан ба цагийн байдал нэн хурцадсан тул олон удаагийн тулгаралт, байлдаанд оролцож тагнуулын үүрэг даалгаврыг удаа дараа сайн гүйцэтгэж байсан.

1948 онд ахлах дэслэгч Г.Хаянхярваагийн удирдлагад есөн нөхөдтэйгөө хамт Бүдүүнхаргайтад хилийн манаанд гарч байхдаа Гоминданы цэргийн миномёт, хүнд хөнгөн пулемётоор зэвсэглэсэн 130 гаруй хүнтэй давуу хүчний эсрэг алхам ч ухралгүй эрэлхгээр тулалдан алтан амиа өргөжээ.

Тасгийн дарга Гиваан, туслах наводчик Даваадоржийн хамт хойт өндөрлөгт хориглон дайсанд хохирол учруулсан ч, газрын бартаа хүний олон, зэвсгийн хүчний давуугаар дайсан хилчдийг бүслэн амьдаар нь барихаар дайрахад нь эцсийн гранатаа тэслэн хамт амь үрэгджээ. Түүний баруун хөл нь  миномётын суманд өртөн тасарч, яс нь ёрдойн гарч газар зурагдсаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн, 15х15 метр газар цусаа гоожуулан тулалдсан байдалтай, пулемётын сум нь дууссан тул буугаа хад саван эвдээд амь үрэгдсэн байжээ.

1949 онд БНМАУ-ын Баатар цолоор нэхэн шагнаж, Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор  хилийн 0130-р ангийн ...-р заставыг түүний нэрэмжит болгосон.

 

Магсарын ЖАНЧИВ (1923-1945)

Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат. МАА-ийн мотомеханикжуулсан хуягт VII бригадын холбооны тасгийн дарга, ахлах түрүүч агсан. Монгол Улсын Баатар цолоор 1975 онд нэхэн шагнасан. Монголын ардын армийн мотомеханикжуулсан хуягт VII бригадын холбооны тасгийн дарга, ахлах түрүүч цолтойгоор 1945  оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэдэн удаа шархадсан боловч дайсныг устгасаар, тэргүүн анги, үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж холбоог залгуулсаар амь үрэгджээ.

 

Лхүнрэвийн ДАВААДОРЖ (1926-1948)

Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат. Хилийн цэргийн VI отрядын штабын тасгийн пулемётын наводчик. БНМАУ-ын Баатар цолоор 1946 онд нэхэн шагнасан.

Ховд аймгийн нутаг дахь хилийн цэргийн 6 дугаар отрядад алба хааж хөнгөн пулемётын туслах наводчик байхдаа 1948 оны 7 дугаар сарын 7-8-нд Бүдүүн харгайтын гол орчмоор хил нэвтэрч ирсэн гоминданы 150 гаруй цэрэг бүхий хүчтэй дээрэмчидтэй 9 нөхрийн хамт эрэлхэг тулалдсаар амь үрэгджээ.

 

Бэгзийн ГИВААН (1926-1948)

Увс аймгийн Өлгий сумын харьяат. Ховдын Үенчийн заставын байлдагч. БНМАУ-ын Баатар цолоор 1971 онд нэхэн шагнасан.  Ховд аймгийн нутаг Үенчийн заставт байлдагчаар цэргийн алба хааж байхдаа эх орны баруун хилийг нэвтэрч орж ирсэн хасгийн дээрэмчидтэй 1948 оны долдугаар сард эрэлхгээр тулалдаж амь үрэгджээ.

 

Дамдингийн НАМНАН (1922-1943)

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат. Хилийн цэргийн V отрядын Шар говийн заставын тасгийн дарга агсан. Монгол Улсын Баатар цолоор 1983 онд нэхэн шагнасан. Одоогийн Баян-Өлгий аймгийн нутагт байсан хилийн Баяннуурын заставт ахлах түрүүч цолтой алба хааж байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны аманд түрүүч Х.Дамба, байлдагч Балжир, Лувсанпүрэв нарын хамт харуулд гараад байхад нь хасгийн 100 гаруй зэвсэгт дээрэмчин улсын хил нэвтэрч нутгийн гүн рүү цөмөрч ирэхэд эрэлхэгээр тулалдаж баатарлаг гавьяа байгуулан амь үрэгджээ.

 

Түвдэнгийн БОР (1913-1932)

Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат. Өмнөговь аймгийн Цогт сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга. Монгол Улсын Баатар цолоор 1971 онд нэхэн шагнасан. Бага наснаасаа эх, эгч, дүүгийн хамт мал маллан аж төрж байгаад МХЗЭ-ийн гишүүнд элсч, Өмнөговь аймгийн Цогт сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллажээ. 1932 оны хувьсгалын эсэргүүчүүдийн дэгдээсэн элдэв цуурхал, ятгалгад хүчээр автсан энгийн ардуудын дунд ухуулга таниулга хийж, эх орноосоо дүрвэж гарах гэсэн их нүүдлийг зогсоон эргүүлж яваад дайснуудад баригдаж тамлагдан амь эрсэджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]