Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Харьшгүй хүчит Хадаа минь"Уншсан17,956

...Тэр цагаас л би Хадаад сүжирч, барилдааныг нь үзэх гэж, бяр хүчийг нь үнэн сэтгэлээсээ бахдах гэж гүйдэг, амьтан хүнтэй ам халж маргадаг, хамгаалж хаацайлдаг болсон юм.

БНМАУ-ын Төрийн шагналт, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав гуай "Мартаж болшгүй хүмүүс буюу он жимлүүдийн дурсамж" нэртэй хөрөг дурсамжийн нэгэн сайхан номыг 2000 онд хэвлүүлж уншигчдын хүртээл болгож байв. Энэ номод домогт Д.Хадбаатар аваргын тухай нэгэн хөрөг дурсамж бий. "Харьшгүй хүчит Хадаа минь" хэмээх энэхүү хөрөг нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.


Харьшгүй хүчит Хадаа минь биднээсээ нэгэнт халин одож дээ. Чи минь, бурхдын найрт л уригдсан юм болов уу. Учир нь чам шиг хүүхдийнхээрээ гэнэн цайлган хүн тийм чиг олонгүй биз ээ. Сүнсийг чинь ямагт ариухнаар төсөөлнөм. Ингэхэд би ямархан учрал тавилангаар Хадбаатар гэдэг хүнтэй холбоотой болсон билээ дээ?! Энэ бол 1976 оны наадмын түрүү авсантай нь холбоотой юм. Тэр үеэр би бас л жаахан цөвтөж “Амслаа, ажил тасаллаа” гэсэн зэмлэл шийтгэлтэй наадмын өдөртэй тохиов.

Урьд жил нь хэл аманд өртөж явсан Хадбаатар тэр жил тэнгэртэй сайхан барилдаж түрүүллээ. Унаж явахдаа ч мэх хийдэг, сүүлийн хэдэн жил дандаа дээгүүр үлдэж ид үедээ байгаа Дагвасүрэн арсланг хөлийг нь газар хүргэх завдал гаргалгүй сэнсэртэл дүүгүүрдэж хаяад түрүүлсэн Хадбаатар миний зовлон гунигийг ч цуг сэгсэрчихлээ. Тэгээд л би үзгээ шүүрч аваад шүлэг бичсэн нь сар өдөртэйгөө түүх болон үлдсэн.

Гэргий Цэндээ маань ч мөн бөх сонирхогчийн хувьд азтай байж. Зуслангийн танилтайгаа Хадбаатарын төлөө мөрийцөөд шил юм хожсон юм даг Тэр цагаас л би Хадаад сүжирч, барилдааныг нь үзэх гэж, бяр хүчийг нь үнэн сэтгэлээсээ бахдах гэж гүйдэг, амьтан хүнтэй ам халж маргадаг, хамгаалж хаацайлдаг болсон юм.

Дүүмэд нэг нь “Таны Хадаа” гэж, үеийнхэн маань “Чиний өнөө Хадаа чинь” гэлцдэг болов.

— Чиний өнөө Хадаа чинь бэлтгэл сургуулиа таслаад барилддаг жолоочийн кабинд (бүхээгт) суугаад алга болж гэнэ.

— Дундговьд саальчин хүүхнүүдийнд дайлуулаад дөчийн бидоноор усыг нь зөөж өгч явна гэнэ. Нэрмэл хүртээд буянаа ч эдэлж байгаа юм байх аа. Мөөеө аварга ёстой цусыг нь холино доо ха ха ха.

— Хөөе чиний өнөөх Хадаа чинь “Монголын хамгийн том, хамгийн жижиг одой хоёр хүн найзалж явна” гээд Мах комбинатын энд архидаж, Бадарчийгаа согтохоор нь сугандаа хавчуулаад явж байна гэнэ гэлцэх.

Нэг дайралдах нь ээ хуучин өндөр хоршооны хажууд савхин цамц өмсчихсөн нэг сайхан царай зүстэй явна.

— Би Цэрэн ахад ёстой их баярласан шүү. Намайг модонд явж байхад Цэрэн ах (Цэрэн аваргыг хэлж буй юм) тавын бидон дүүрэн түүхий өрөмтэй эргэж очоод, би нэг гэдэс гарсан шүү гэж хүүхэд шиг хөөрөн ярилаа.

Нэг хэсэг тэр үнэхээр хэн ч дийлэхээргүй хүчтэй гялалзаж явлаа. Ямар сайндаа л:

— Хадаатай халуун сэрэг, салхин дээр нь барилдаж болохгүй. Амьсгаа нь дээр гарч, цээж нь түхэлзээд, хамар нь сарталзаад ирвэл зүгээр барьж аваад шидчихнэ. Тэгэхлээр холхон очиж өрж шаваад, нэлээд зугтааж сэтгэлийн нь хөөрлийг дарагдтал алмайруулах хэрэгтэй. Тэгээд эргэж ирээд өрөхөд өмнөө болчихсон байдаг юм. Тэгсэн цагт юухан хээхнээр унагаж болно гэж тооцоолж байх вэ дээ. Нээрээ л хүүхэд шиг амьтан байсан даа.

— Хаячхаад туг тойрч явахдаа “Хэн нь намайг харж байгаа бол” гэсэн шиг ийш тийшээ хараачлан дэвж явах, эсхүл нөгөө хүнээ баттай сайн барьж авсан хойноо “Хүүхнүүд намайг лав харж байгаа даа” гэсэн шиг тал тал руу толгойгоо сэлгүүлэн харжээ байх. Түүний нь ч хүмүүс мэддэг хөөршөөн инээлддэг байв даа.

Би хамгийн анх Хадбаатарыг харснаа ер мартдаггүй юм. Далаад оны эхээр тод хөх торгон дээл дээр бажгир дурдан өргөн ороож бүслээд угалзтай наамал жийж, дөрвөн талтай жанжин малгай духдуулсан нь үнэхээр зохисон нүд дүүрэн сүрлэг сайхан залуу эр алхалж явахыг хүмүүс харж “Хадаа, Хадаа” гэлцэж байсан нь бахадмаар сайхан санагдсан сан. Тэр цагт одоогийнхныг бодвол дээл бараг өмсдөггүй байсан болоод ч тэр үү энэ дүр зураг сэтгэлд минь их тод үлдсэн юм.

1989 оны үеэр телевизийн урилгаар бөхийн цуврал нэвтрүүлэг хөтөлж байв. Хадбаатар мөн л “аавынд” сууж байсан цаг. Мөнгөн арслангийнд очиж бичлэг хийгээд, Чойжилсүрэн арслангаас ярилцлага, зураг авах гэж Налайхад очлоо. Тэндээс Мааньтын хорих нэг л ойрхон санагдаад болдоггүй, үнэндээ бол наяад километр газар л даа.

— Хадаа руу нэг ухасхийгээд ирвэл яасан юм бэ гэж найруулагч Бадар-Уугандаа хэлсэн чинь зөвшөөрч байна.

Налайхаас нэг уут дүүрэн идэж уух юм аваад гарч өглөө. Зам зуураа яаж шүү зурагт оруулж олон түмэнд хүргэдэг юм билээ гэж санааширч явлаа. Тэр цагт юм хуучнаараа, тэр дундаа зурагт, телевизээр шоронгийн хүнийг үзүүлж байгаагүй цаг билээ. Гагцхүү өөрийнхөө болоод бусдынхаа нэр нүүр, арга ухаанд л найдаж явсан хэрэг. Мааньтад очиход Хадаа минь учиргүй баярлаж сэтгэл нь хөдөллөө. Тэгэхэд ёстой сайхан ухаантай үг үнэн сэтгэлээсээ хэлснийг нь дуу дүрстэй нь цуг бичиж авлаа. Ууттай юм бариад тор татсан хашаа руу явж байгаа Хадбаатарын дүр зургийг, хэлсэн үгтэй нь цуг үзэгчид сайн санаж байгаа даа.

Машинаасаа нэг эргэж харах нь ээ Хадаагийн минь гар ууттай юмныхаа ам руу явж байгаа үзэгдэхэд өрөвдөх ч шиг болж билээ. Гарт нь хэр баргийн хүрз таарахгүй болохоор эвдэрсэн машины хаалгаар аварга том хүрз хийж өгөхөд ажиллахыг ёстой үзүүлээд өгсөн гэж хорихын дарга бидэнд ярьж байсан билээ.

Түргэн тэндээс гарч барилдах сан гэсэндээ л тэр шүү дээ.

1990 онд АИХ-ын депутат болонгуутаа л би ч бас тэр тухай бодол болж явлаа л даа. Тэгээд л анхдугаар хуралдааны үеэр ерөнхийлөгчийн анхны өршөөлийн зарлигт багтаах санаатай Хадбаатарыг шоронгоос суллуулах хүсэлт гаргалаа. Хэлсэн үгэндээ давс хужир нэмж, хүч оруулах санаатай хөдөөгийн хүний хошин үг хавчуулчихсан чинь гай боллоо. Энэ танхим зохиолчид биднийх шиг шог үг мэдэрч баясдаггүй танхим байсныг ултай бодсонгүй.

Эхлээд Увс аймгаас сонгогдсон депутат бүсгүй Баасанжав шүүмжилж, эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан Мөнхөө ч ихэд дэмжин гүйв. Баахан яриа шуугиан болж, би хүлцэл өчиж байж сүүл тийшээ арай аядуу болсон хэдий ч:

“Депутатаасаа огцорвол таарна” гэсэн тойргийн сонгогчийн хаягтай зэмлэл төрийн хэвлэлд гарч, бас нэг хүүхэн “Би уг нь таны оронд Сүх-Эрдэнийг л сонгох байсан юм. Та дэмий юм хэллээ” гэж утсаар аашлав. Тэгээд л Хадбаатарыг тавих, суллах тухай яриа нэг хэсэгтээ замхарч тэр зуны наадам, Чингисийн даншиг өнгөрөв.

— Өө тэр чинь ахиад архи уучихсан гэх чинь билээ гэж хэлэх бөхчүүл л хааяа тааралдав. Бас ч ортой л үг л дээ. Гутарсандаа тэр биз дээ гэх шүү юм бодож явлаа. Ерөнхийлөгчийн иргэний зөвлөлийн гишүүний хувиар энэ тэртэй уулзаж л явлаа. Сэрээдоо гэдэг бөх сонирхогч байсхийгээд л:

— Хадааг ер нь гаргах нь уу, яах нь вэ гээд утасддаг байв. Дараа жилийн нь хавраас:

— За байз нэг амьтан хүн анзаарахгүй цагаар нь тавиулж үзье гэлцэх болов. Тэгээд л хаврын нэг ерийн өдөр Хадаа маань нарсны биш нарны хүн боллоо. Засгийн газрын ордны хойхон байдаг тусгай байранд их хурлын зарим ажилтны хамт бид баяр хөөр болон Хадбаатарыгаа хүлээн авч захиас сургаал “айлдав”. Тэнд өнөөх найз бацаан Бадарч нь ч бас ирсэн байлаа. Гарч ирсэн даруйдаа бага барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэж овоо л ирмүүхэн л байсан даа.

Хадаагийн сүүлчийн өдрүүдийг сэтгэлдээ нэг халиая!

Хан уулын ард хамгийн сүүлчийн удаа цоллуулж барилдаад Намжилдорж гэдэг шинэ начин төрүүллээ. Намжилдорж ч зургаа давж начнаа баталсан билээ.

Хан уулын өвөрт Төв аймгийнхаа наадамд зодоглосныг нь хотлоор мэднэ. Наадмын 14-ний өдөр дунд би түүнийг сүүлчийн удаа харсан юм. Нутгийнхаа шинэ заан Баярсайханд талархал илэрхийлэх санаатай бөхчүүд дундуур орж явтал Х.Баянмөнх аварга дайралдаад:

— “Энэ хүнийг юм ярьж байг, намайг барилдаж байг!” гэж бурхан нааш нь явуулсан юм” гэж хажуу дахь улсдаа хэлж байлаа. Жаахан цаашилтал Хадбаатар элэг бүсээ чангалж байх нь харагдаад:

— Сүрэнжав ах аа, саяхан би шарласан шүү! гэж алсханаас надад өгүүлж байлаа. Энэ бол түүний сүүлчийн үг байсан юм санж. Би өглөө нь Баян сумын наадмын гэрт боорцог хазаад хиймэл шүдээ хугалчхаад сэтгэлдээ ёр совинтой явсан тул хэнтэй ч юм ярьсангүй. Баярсайханаа ч олсонгүй. Хааяа уулзахаараа:

— Сүрэнжав ах аа, нэг шүлэг уншаач, хийморийн сангаа тавиадхаач гэдэг Бат-Эрдэнэ аваргатайгаа ч дайралдсангүй наадмын гол асрын зүг эргэж явлаа. Эдүгээ сэтгэл уужлах юм гэвэл:

— “За яах вэ ямар ч байсан дэвжээн дээрээ л нөгчиж шүү дээ” гэх бодол үлджээ. Тийм ээ Хадбаатарыг үнэхээр Монгол бөхийн дэвжээнээс салгаж бодохын аргагүй юм. Тэгээд ч тэр маань сайн хүлэг уяан дээрээ төрж нөгчдөгийн адил дэвжээн дээрээ зогсоо чигээрээ түмэн олныхоо сэтгэлд мөнхөрчээ.

Яруу найрагч Д.Нямаагийн төрийн шагналын мялаалган дээр зурагтын Гүрбазар манай авгай Цэндээ бид хоёртой дайралдаад доор мэхийн эмгэнэл илэрхийлээд:

— Сүрэнжав ах минь одоо л таныг юуны төлөө зүтгэж явсныг чинь Монголын ард түмэн ойлгоно доо гэж хэлсэн нь гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн билээ. Монгол телевиз ч мөн “бяцхан агшнаараа” гүнзгий шүүрс алдаж:

— Хадаа минь, чи минь даанч хүүхэд шиг цагаахан сэтгэлтэй явсан даа! гэсэн нь олны сэтгэлийн долгисыг хөндөн цалгилуулсан билээ.

Харьшгүй хүчит Хадаа минь “бурхдын найртаа” амгалан залар даа. Тийм хүний хойдох ариун байлгүй яав гэж!

Дэвжээгээ дүүргээд гардаг нь

Дагвацэрэнгийн Хадаа гэж...

Дэлхийгээ дүүргээд манддаг нарны

Хаахан нь чи минь мишээж явнам бэ?!

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]