Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Аймгийн арслан болох нь улсад түрүүлэхээс ч хэцүү санагдаж байсан"Уншсан1,248

Бөх сонирхогч олны анхаарлын төвд байдаг олон бөхчүүдийн нэг даян аварга Н.Батсуурийн тухай онцолж байна.

Бөх сонирхогч олны анхаарлын төвд байдаг олон бөхчүүдийн нэг даян аварга Н.Батсуурийн намтар түүхээс онцолж байна.

Харцага цолноос заан, гарьд цолыг алгасан улсын арслан болсон бөхчүүд цөөн юм. Тэдний нэг нь гурван үеийн бөхийн удамт Н.Батсуурь. Өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага цолтон. Г.Намсрайжав ах дүү наймуул. Бүгд сумын цолтой юм гэдэг. Мөн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь талын төрөл садан.

Аав нь хүүгээ нэг ойтой байхад төрийн их баяр наадамдаа зодоглож, улсын заан Ө.Тулгаагаар тав давж улсын начин болсон юм гэдэг. Н.Батсуурь нэгэн наадамд аавтайгаа барилдах оноолт таарч байсан талаараа “2007 онд санагдаж байна. Аав бид хоёр Ховдын наадамд очиж барилдсан. Гэтэл дөрвийн даваанд аавтайгаа оноолт таарчихдаг юм байна. Маргааш нь тавын даваа эхлэхэд Ховдын Шинэзориг гэж ахтай тунаж барилдаад давж аймгийн начин болж байсан түүхтэй. Аав тэр барилдааныг саравчны араар орж зогсоод хараагүй гэсэн. Тэрнээс хойш гайгүй болсон байх” хэмээн дурсжээ.

Н.Батсуурь хоёр эгчтэй айлын ганц хүү. Тэр бага балчраасаа барилдаж эхэлсэн. 1993 онд бүх цэцэрлэгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа үндэсний бөхөөр барилдаад түрүүлж, Ерөнхийлөгч П.Очирбат гуайгаас гурван мянган төгрөгийн шагнал гардаж авсан юм билээ. Тэрээр “Соёл эрдэм” япон хэлний дээд сургуульд япон хэл, аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж, төгсөх курсдээ Японд очиж суралцан хоёр жил амьдарсан.

Н.Батсуурь 2007 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол авсан бол 2010 оноос улсын баяр наадамд зодоглож эхлэн улсын харцага цолтой ганцхан жил барилдаад 2014 оны наадамд түрүүлэн улсын арслан цолны эзэн болжээ.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Надад улсын арслан болохоос аймгийн арслан болох нь хэцүү байсан шүү. Аймгийн начин цолтой заалны барилдаанд сайн барилдаад байдаг. Аймгуудын наадамд очиход л нэг болж өгөхгүй уначихна. Сүхбаатарын наадамд аймгийн арслан болно гэж очоод хоёрын даваанд Дундговийн Х.Батбаярт унаад гол харлаад буцаж байсан удаа ч надад бий. Жилд зургаагаас долоон наадамд барилдана, гол төлөв тунаад л унана. Би аймгийн начин цолтойгоор гурван жил дараалан улсад зодоглосон" хэмээжээ. Бөхийн мэргэжилтнүүд Н.Батсуурийг дүүрэн барилдаантай бөх хэмээдэг.

2013 оны Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын зургаагийн даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунан барилдаж давснаар "Улсын харцага" цол хүртсэн бол хойтон жилийнх нь наадамд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж "Улсын арслан" цол хүртсэн. 2015 оны наадамд 5, хойтон жилийнх нь наадамд 8 даван шөвгөрч, чимэг нэмсэн.

2018 оны наадмаар одтой сайхан барилдаж, улсын аварга Ч.Санжаадамбаар 9 давж түрүүлэн "Улсын аварга" цол хүртсэн юм.

Н.Батсуурь тун сайн барилдаж, улсын дээд цолонд хүрсэн ч допингийн шинжилгээнд бүдэрсэн юм. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар улсын харцага (улсын гарьд) М.Бадарчаар найм давж үзүүрлэсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрч, аварга өөрийн биеэр олон нийтэд хандаж мэдээлэл өгч байв. Тэрээр “Би допингийн хариугаа хүлээн авсан, хариуг үнэн зөв гэж хүлээн зөвшөөрч байна. Миний шинжилгээний хариунд Таны биеэс президин гэх допингийн төрөлд хамрагддаг бодис илэрсэн гэсэн байсан. Шинжилгээний хариуг үнэн зөв гэж хүлээн зөвшөөрч байна. Илэрсэн бодис буюу президин нь  зүрхний эм байсан. Миний бие энэ эмийг огт хэрэглэж байгаагүй. Миний шинжилгээнээс маш бага хэмжээгээр илэрсэн гэсэн. Шинжилгээний хариу нэгэнт гарсан учраас би хариуцлагаа хүлээж, Монголынхоо ард түмэн, үндэсний бөхөд хайртай хүмүүсээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Гаднаас миний биед орж ирсэн байх магадлалтай учраас би хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг хэлье. Миний хувьд ууж идэх зүйлд маань нэг ширхэг эм л холиод өгчихөж дээ гэсэн хар төрж байна. Учир нь энэ эмийг уух шаардлага надад байхгүй. Миний зүрх эв эрүүл. Гэхдээ миний анхаарал болгоомжгүй, хариуцлагагүйгээс болж ийм байдалд хүрлээ. Зохих хүмүүс холбогдох шийдвэрийг гаргах байх. Би цол тэмдгээ хураалгахад бэлэн байна” гэсэн юм.

Түүний аав Г.Намсрайжав “Хүүг минь аварга болсон жил Х.Баттулга, Ж.Батбаясгалан нар айлаар дагуулж яваад цай, хоол өгсөн юм билээ. Тэгээд допинг илэрсэн” гэх мэдээллийг хэвлэлд өгч байжээ. Тэрбээр, “Бөх хүн допинг хэрэглэж болохгүй. Хэрэглэсэн бөхчүүдийн удам сударт муугаар нөлөөлнө. Одоо болж байгаа юм шиг санагдах хэдий ч тодорхой хугацааны дараа генээр нь дамжиж үр хүүхдэд нь сөргөөр нөлөөлөх хор уршигтай. Би допингийн эсрэг байр суурьтай байдаг. Миний хүү аварга цолонд хүртлээ барилдсан. Допинг огт хэрэглээгүй. Харин гадны нөлөөтэйгөөр хоол цайнд нь зүрхний эм хийсэн байсныг мэдэлгүй хүртэж, шинжилгээгээр допинг илэрсэн гэж гарсан” хэмээжээ.

Баяр наадмын комиссын бөхийн салбар хорооноос Н.Батсуурийн барилдах эрхийг 11 сараар хассан билээ. Шийтгэлийн хугацаа нь албан ёсоор дуусч, Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд барилдах гэж очсон ч түүнийг бөхийн холбоо бүртгэхээс татгалзаж, улмаар Н.Батсуурь аварга “Май, энэ малгайгаа ав та нар” гэж өгчихөөд, Бөхийн өргөөг орхин явсан гэдэг. Уг барилдаанд Н.Батсуурь барилдсан бол түүний шинэ цолны анхны барилдаан болох байв. Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдахыг олон бөхчүүд эсэргүүцсэний нэг нь улсын харцага О.Хангай. Тэрээр, “Би Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва хоёрыг эсэргүүцээгүй. Баяр наадмын комиссоос гаргасан шударга бус шийдвэрийг эсэргүүцсэн юм шүү. Допинг хэрэглэсэн бөхчүүдийг адилхан шийтгэе, хууль бүгдэнд нь тэгш үйлчлэх ёстой” хэмээсэн байдаг. Учир нь бөхийн холбооны шинэчлэгдсэн дүрмэнд допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхийн барилдах эрхийг 4-8 жил хасна гэж заасан юм.

Н.Батсуурь 2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж "Спортын мастер", 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж "ОУХМ" цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. "Би жүдо бөхийн +100 кг-д барилддаг байсан. Энэ жиндээ барилддаг жүдочдын дунд намдаад байдаг юм. Тийм болохоор амжилт гаргах боломж нь бага гэсэн үг" хэмээж байсан удаатай. Даян аварга ам бүл дөрвүүлээ. Эхнэр О.Саранжаргал нь орос, англи хэлний багш мэргэжилтэй нэгэн аж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]