Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Би унасан, хүнийг хаячихаад тугаа тойрохгүй яасан хачин хүн бэ"Уншсан6,290

1940 оны баяр наадмын есийн даваанд У.Дамчаа заан, Ш.Ван­чинхүү зааныг хонгодож дайрахад зайлж гуядан хоёр бөх бараг зэрэг шахам газардаж аргагүй л марга­хаар болж.

ГУЛЗГАЙ ХЭМЭЭХ ДАМЧАА АРСЛАН

Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошуу, одоо­гийн Дорнод аймгийн Чой­балсан сумын нутагт 1912 оны хулгана жил төржээ. У.Дамчаа бага залуудаа барилдах төдий­лөн сонирхолтой биш бай­сан боловч орон нутгийн наадмуудад бараг л эрэг­тэй бүхэн барилддаг занш­лийг дагаж барилдавч нэг л ахидаггүй эв дүй муутай байжээ. Харин түүнийг Т.Балсан арслан маш их сонирхож улсын наадамд хамт явах нэг бөх нэмэгд­лээ гэж олзуурхаж, түүнд барилдах ухаан арга барил зааж өгсөн нь цаашид барилдах урам зориг, бөх болох замыг нь нээж өгчээ.

У.Дамчаа 1938 онд Т.Балсан арсланг даган улсын баяр наадамд анх удаа ирж барилдан 1024 бөхөөс найм давж улсын заан цолыг 26 насандаа хүртжээ. Тэрээр 1939 оны наадамд 512 бөхөөс долоо давж заан цолоо баталжээ.

Тэгвэл 1940 онд 512 бөхөөс найм давж үзүүр­лэж 28 насандаа Монгол Улсын улам нэмэх арслан цол авчээ.

Тэгээд 1942 оны улсын баяр наадамд барилдсан 512 бөхөөс тав давж шөв­гөрчээ. Түүнээс хойш У.Дам­чаа арслан биеийн эрүүл мэндийн байдлаас болж барилдаж чадаагүй юм. Түүнийг 1946 оны улсын наадамд барилда­хаар явах гэж байхад нь таны бие тэнхээ ямар бай­на гэхэд миний бие тааруухан байна. Балсан гуйдаа л хань бараа боло­хын тулд явах гэж байна хэмээн ярьжээ.

Зүүн талаас: Хужаа хэмээх Чүлтэмсүрэн арслан, Гулзгай хэмээх Дамчаа арслан, Их Монгол хэмээх Х.Шаравжамц аварга, Маршал Х.Чойбалсан, Буур хэмээх Н.Жамъян аварга, Сэцэн ханы Ц.Буянтогтох аварга

Үнэхээр ч арслан маань Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наа­дамд барилдсан 1024 бө­хөөс дөрвийн даваанд ни­сэ­хийн буюу Увсын Тө­мөр­баатарт өвдөг шороод­сон бөгөөд энэ нь түүний сүүлчийн барилдаан бай­жээ. Олонд “Гулзгай” Дамчаа хэмээн алдаршсан энэ бөхийн садан төрлүүд тун тэнхээтэй хүмүүс бай­жээ. Улсын заан Д.Түв­шин­гийн ээж нь Дамчаа арслангийн ойрын төр­лийн хүн байсан байна. Арслангийн эмэгтэй тал нь маш их бяр тэнхээтэй байж. Эмэгтэй дүү Ичин­хорлоо нь шаварт унасан том үнээг ганцаараа ховх татан гаргаж байсан тухай яриа байдаг..

У.Дамчаа арслан нь өндөр гоолиг нуруутай, сэрвээгээрээ ялимгүй гүд­гэр, маш өндөр хүн бай­жээ. Тэрээр унаж яваа морио бүдрэхэд гараараа газар тулан зогсоодог, бү­тэн дөрвөн ханатай гэрийн тооноор толгойгоо гарган малаа харж байгаад хөгш­чүүлд зэмлүүлж байсан байна. Мөн өндөр нуруу, том биендээ зохицсон яр­гай булчинтай, өргөн урт цагаан шүдээ яралзуулан үргэлж инээж явдаг, хор шар атаа жөтөө байхгүй, гүндүүгүй томоотой хүн байжээ.

У.Дамчаа арслангийн гол мэх нь халж хонгодох, суйлах, сугадаж тэврэн нохой мордох, дотуур дэ­гээдэн түрж хөөх зэрэг чац биендээ зохицсон мэх хий­дэг байжээ. Дөнгөж 20 орчим настай байхад нь шилийн хулгайч адууг нь хулгай­лан хөөж явсныг Дамчаа мөрдөн хөөсөөр гүйцэж очиход нь эсэргүүцэгчид хоёр талаар нь хавчин ирэхэд урьдчилан хоёу­ланг шүүрэн авч гуд татан гурвуулаа мориноосоо уна­сан боловч хулгайч нарыг араар нь нийлүүлэн бүсээр холбон дараад хэв­тэж байхад нь нутгийнхан очиж авч байсан гэдэг.

1940 оны баяр наадмын есийн даваанд У.Дамчаа заан, Ш.Ван­чинхүү зааныг хонгодож дайрахад зайлж гуядан хоёр бөх бараг зэрэг шахам газардаж аргагүй л марга­хаар болж. Ш.Ванчинхүү заан "би урьтаж унасан чи яваач" гэхэд У.Дамчаа заан "хүнийг хаячихаад өөрөө явахгүй яасан хачин хүн бэ. Би унасан" гэж хэлээд тахимаа өгч Ш.Ванчинхүү зааныг өмнөө оруулан асрын зүг дэвжээ.

Энэ бол У.Дамчаа арс­лангийн шулуун шударга сайхан чанарын нэг жи­шээ юм. Энэ үйл явдал бол унасан ч давсан гээд хэнэг ч үгүй дэвдэг зарим бөх­чүүдэд сургамжтай аж. Халхын алдарт бөх улсын арслан У.Дамчаа дөнгөж 34 наслаад бурхны оронд оджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]