Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Долоон эрдэмтэнд Академич хэргэм хүртээлээУншсан915

Эрдэмтдийг Шинжлэх ухааны академиас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Академичийн хэргэм олгуулахаар уламжилсны дагуу өнөөдөр эрдэмтдэд академич хэргэм олгосон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Их чуулганаас сонгогдсон эрдэмтдэд Академич хэргэм хүртээлээ. Дэлхийн болон өөрийн орны шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлсэд эрдэмтдийн оруулж буй хувь нэмрийг төрөөс хүндэтгэх, Шинжлэх ухааны академийн гишүүний нэр алдрыг өргөмжлөх, эрдэм судлалын ажлыг урамшуулах зорилгоор 2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч “Академич” цол хүртээж байхаар болсон юм.

Энэ дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган болж, доктор Б.Авид Б.Бурмаажав, С.Дэмбэрэл, С.Чулуун, О.Чулуунбаатар, Р.Шагдарсүрэн, Х.Энхжаргал нарыг академийн гишүүнээр сонгожээ. Дээрх эрдэмтдийг Шинжлэх ухааны академиас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Академичийн хэргэм олгуулахаар уламжилсны дагуу өнөөдөр эрдэмтдэд академич хэргэм олгосон юм. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн өргөн мэдүүлснээр дараах нэр бүхий эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээв.

    Бүдээбазарын Авид

    Бадрахын Бурмаажав

    Содномсамбуугийн Дэмбэрэл

    Сампилдондовын Чулуун

    Очбадрахын Чулуунбаатар

    Рүвжирийн Шагдарсүрэн

    Халтарын Энхжаргал

Монгол Улсын Ерөнхийлөгч А.Баттулга “Академич” хэргэм хүртээсний дараа:

“Эрхэм хүндэт академичид аа,

Судалгаа шинжилгээний нөр хөдөлмөр, бүтээл туурвилаараа шалгаран, эрдэм мэдлэгийн орой болсон “Академич” хэмээх хэргэмийг хүртсэн шилдэг эрдэмтдэдээ чин сэтгэлийн баяр хүргэж, үйлс нь арвижин дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье. Хубилай сэцэн хааны бодлогоор найман зууны тэртээ шинжлэх ухааны байгууллагын үндэс суурийг тавьж байсан уламжлалтай. Төрийн бодлогын энэ чиг шугам одоо ч хадгалагдаж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аюулгүй байдлыг “… хангах үйл ажиллагаа нь мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна” гэсэн заалтаар тусгагдсан бөгөөд холбогдох бусад олон хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүдэд шинжлэх ухааны байгууллагын хууль эрх зүйн үндсийг тусгасан байдаг.

Шинжлэх ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Иргэний танхимд төрийн бодлого, үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, тодорхой ойлголцолд хүрсэн. Сайн нийгэм, өндөр хөгжлийн үндэс зөвхөн эрдэм шинжилгээ, эрдэмтдийн судалгаанд л байдаг. Өнөөдөр хими, химийн технологгүй, инновацгүй, анагаах ухааны судалгаагүй эрүүл Монгол хүн буй болохгүй, од эрхэс, геологийн цогц судалгаагүйгээр зөв уул уурхай хөгжихгүй, түүх соёлгүйгээр үнэ цэнтэй Монгол Улсыг буй болгохгүй, техник технологийн зөв шийдэлгүй орчин үеийн өндөр технологи эзэмшиж чадахгүй.

Тэгвэл өнөөдөр академич хэргэм олгож буй эрдэмтэн судлаачид маань өөр, өөрийн судалгаа шинжилгээг дээрх олон чиглэлийг зөв хөгжүүлэх үндсэн судалгааг нөр их хөдөлмөрөөрөө хийсэн. Цаашид ч та бүхний эрдэм судлалын үр өгөөж Монгол Улсын хөгжил дэвшилд асар чухал юм. Харин төр засаг аливаа ажил бүрээ эрдэм судалгааны зөв үр дүнд тулгуурлан, эрдэмтэн судлаачдаа өргөнөөр ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Ингэж байж улс орноо зөв, богино хугацаанд хөгжүүлж чадах учир эрдэмтдийг төлөөлүүлэн энэ хүндэт шагналыг гардуулан өгч байна. Эрдэм судлал улам бүр өргөжих болтугай” гэлээ.

БАДРАХЫН БУРМААЖАВ: ШУА-ийн бүтцийн академиуд хариуцсан нарийн бичгийн дарга, МАУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, “Монголын анагаах ухаан” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Ач” АУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, МАУА-ийн үндэслэгч гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

Б.Бурмаажав нь 1978 онд  АУДэС-ийг эрүүл ахуйч мэргэжлээр төгссөнөөс  хойш Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд ЭШТА, ЭМЯ-нд анагаах ухааны бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, МАУА-ийн ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУА-ийн бүтцийн академиуд хариуцсан нарийн бичгийн даргаар 40 жил ажиллажээ. Монгол улсад эрүүл ахуй, халдвар судлал, эко-анагаах ухаан, хүүхдийн эко-анагаах ухааны чиглэлээр 40 гаруй сэдвээр судалгаа хийж, гадаад, дотоод орчноос хамааралтай өвчин, эмгэгээс сэргийлэх шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмжүүдийг боловсруулж,  урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэх, хяналтын арга, тогтолцоог бэхжүүлэх;  Монгол улсад шинжлэх ухаан түүний дотор анагаах ухааны салбарын эрхзүйн орчныг боловсронгуй болгох,  хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, анагаах ухааны ёсзүйн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан Монголд төдийгүй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч эрдэмтэн.

Тэрээр ажиллахын зэрэгцээ АУИС, “Ач” АУИС-д 20 шахам жил мэргэжлийн дагуу багшилж, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын залуу халааг бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш юм. Анагаах ухааны шинэ мэдлэгийг шинжлэх ухааны эргэлтэд оруулах, бодлого, шийдвэрийн үндэслэл болгоход тэргүүн ээлжид шаардагдах анагаах ухааны эрдэм шинжилгээний сэтгүүлийн веб сайт (MongolMed.mn)-ыг бүтээх ажлыг санаачилж, гардан зохион байгуулжээ.

Б.Бурмаажавын нийт бүтээлийн тоо 703, үүнээс нэг сэдэвт зохиол, монограф, ном, товхимол 33, Эрдэм шинжилгээний өгүүлэл 130 (Монгол хэл дээр 103, орос, англи хэл дээр 27), илтгэл 209 (Монгол хэл дээр 171, орос, англи хэл дээр 38) байна.  Зохиогчийн эрхийн гэрчилгээ 8-ыг эзэмшдэг, шинжлэх ухааны чиглэлээр дотоодод 9, гадаадад 7 байгууллагын гишүүнчлэл, сонгуультай. Түүний дотоод, гадаадад нийтлүүлсэн бүтээлээс 500 гаруй удаа эшлэл авсан байна. Сүүлийн 5 жилд олон улсын сэтгүүл (Science of the Total Environment, IF 4.6, Recourse and Energy Economics, IF 1.94, Asia Pacific Journal of Public Health IF 1.1)-д нийтлүүлсэн өгүүллүүдээс нь 100 гаруй удаа эшлэл авчээ.

БҮДЭЭБАЗАРЫН АВИД:  Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D).

Б.Авид нь 1993 онд Менделеевийн нэрэмжит Оросын Хими-технологийн их сургуулийг өндөр молекулт нэгдлийн химич-инженер-технологич мэргэжлээр төгсөн улмаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Эдийн засгийн хөгжлийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар зэрэг байгууллагуудад тасралтгүй 25 жил ажиллаж байна.

Тэрээр эрдэм шинжилгээний байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулахад бодитой хувь нэмэр оруулжээ. Б.Авид нь 20 гаруй жил чулуун болон хүрэн нүүрс, шатдаг занар, байгалийн битум, нефтийн хүнд үлдэгдлийн судалгаа хийж, тэдгээрийн халуун задралд орох төлөв байдал, уусгагчийн орчинд боловсруулах арга, хийжих технологийн горим тогтоох зэрэг онолын ажлаас гадна утаагүй түлш, шүүгч шингээгч материал, эмчилгээний шавар зэрэг практикийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн бий болгоход шаардлагатай технологийн томоохон үр дүнгүүд гарган авсан химийн технологийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн юм.

Монгол Улсын хөгжил, эдийн засагт ихээхэн ач холбогдол бүхий орд газруудын нүүрсний химийн шинж чанар, петрограф, халуун задралын төлөв байдал, хийжих урвалын идэвхийн судалгааг хийсний зэрэгцээгээр Багануур, Цайдам нуур, Шивээ-Овоо зэрэг ордын доод шатны хүрэн нүүрснээс чулуун нүүрсний чанарын шаардлага хангасан, илчлэг өндөртэй, чанаржуулсан түлш гарган авах технологийн горим, шинж чанарыг судалж тогтоожээ. Монгол орны төв, зүүн өмнөд бүсийн шатдаг занарын 8 ордын судалгааг гүйцэтгэж, тэдгээр ордын шатдаг занарын гарал үүсэл, ангилалыг тогтоон, улмаар ашиглах чиглэл, боловсруулалтын тохиромжтой горимыг тогтоосон байна.

Нефтийн вакуум нэрэлтийн дараах хүнд үлдэгдлийг дахин боловсруулж, шингэн түлш болгох судалгаа хийхийн зэрэгцээ, түүний боловсруулалтад зөвхөн асфальтены агуулга төдийгүй бүтэц чухал үүрэгтэйг болохыг тогтоосон, асфальтены фракцууд ба үлдэгдлээс үүсэх коксын гарц хоорондын хамаарлыг илрүүлсэн нь онолын болон практикийн ихээхэн ач холболдол бүхий цоо шинэ мэдлэг бий болгон шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулжээ. Б.Авид нь Хими, химийн технологийн хүрээлэнд нүүрсний хийжүүлэлтийн орчин үеийн лаборатори гадаад, дотоодын санхүүжилтээр байгуулж, нүүрсний хийжүүлэлтийн судалгааг дотооддоо хийж гүйцэтгэх бололцоог бий болгосон байна.

Түүнчлэн хүн төрөлхтний мэдэж байгаа хамгийн хортой бодис болох диоксин, фураны шинжилгээ, судалгааг хийх орчин үеийн лабораторийг байгуулах, энэ чиглэлийн чадавх бий болгох чиглэлээр  идэвхтэй ажилласан байна. Б.Авид нь судалгааны ажлынхаа үр дүнд нэгэн сэдэвт бүтээл 6, “Energy & Fuels”, “Fuel”, “Fuel processing technology” "Oil shale", "Химия твердого топлива" зэрэг олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд 30 гаруй өгүүлэл хэвлүүлж, нийт 160 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан байна. Түүний бүтээлээс  Scopus мэдээллийн санд 211, Google scholar-т 345 эшлэл хийгдсэн байна. Тэрээр патент, шинэ бүтээлийн гэрчилгээ 10 гаруйг авсан байна.

СОДНОМСАМБУУГИЙН ДЭМБЭРЭЛ: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор.

Содномсамбуугийн Дэмбэрэл нь 1978-1983 онд ЗХУ-ын (хуучнаар) Иркутск хотын Их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөн улмаар эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас тэргүүлэгч ажилтан хүртэл тасралтгүй 36 жил ШУА-д ажиллаж байна. С.Дэмбэрэл нь геологийн болон геофизикийн нарийн түвэгтэй процессийг шинэ техник технологи, судалгааны шинэлэг аргазүйг ашиглан судалж, Дэлхийн физик орны хувьсал болон чулуулаг мандал дахь гүний тогтоц түүний өөрчлөлт, бүс нутгийн геодинамик, нео-геотектоник, газар хөдлөлтийн идэвхжилт, хүчтэй газар хөдлөлтийн чиглэлээрх судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн. 2003 онд ОХУ-ын Москва хотод физик-математикийн ухааны доктор (Ph.D), 2017 онд ОХУ – ын Иркутск хотын Иркутскийн Үндэсний Судалгааны Техникийн их сургуульд геологи-минералогийн шинжлэх ухааны доктор-(Sc.D)-ын зэргийг тус тус амжилттай хамгаалжээ.

С.Дэмбэрэл нь Монгол орны нутаг дэвсгэр болон Төв Азийн зэргэлдээх бүс нутагт 1964-2017 онд болсон газар хөдлөлтийн мэдээллийг ОХУ-ын ШУА- ийн Сибирийн салбарын Геофизикийн албаны Байгалын болон Алтай-Саяаны станцуудын мэдээллүүдтэй нэгтгэн боловсруулж бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилтийг судалсан байна. Монгол орны газар хөдлөлт, чулуулаг мандал дахь хүчдэл хуримтлал, хэв гажилтын төлөв байдлыг Байгалын рифтийн систем дэх геологи, геодинамикийн процесстой уялдуулан судалж гаргаж авсан үр дүнгүүд нь, мөн түүнчлэн «Монгол орны газар хөдлөлтийн голомтын механизмийн зураг», «Монгол орны кайнозойн эриний идэвхтэй хагарлууд ба тэдгээрийн сейсмик потенциал»-ын зургууд нь газар хөдлөл судлалын шинжлэх ухаанд онолын ач холбогдол бүхий бүтээлүүд болжээ.

С.Дэмбэрэл нь «Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын 1:1 000 000-ын хэмжээст зураг зохиох» шинжлэх ухаан-технологийн төслийг удирдан гүйцэтгэж, 1983 оноос хойш манай улсын барилгын норм дүрмэнд ашиглагдаж байгаа тухайн үед ЗХУ, Монголын эрдэмтдиийн хамтран зохиосон ерөнхий мужлалын зургийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн суурь болон магадлалт үнэлгээний арга зүйг ашиглан шинэчлэн боловсруулжээ. Эрдэм шинжилгээний нийт бүтээлийн тоо нь 144 бөгөөд үүнээс монограф 5 (гадаадад 3, дотоодод 2), эрдэм шинжилгээний өгүүлэл 75 (гадаадад 62, үүнээс импакт фактор бүхий сэтгүүлд 24, дотоодод 13) хэвлүүлжээ. Тэрээр АНУ болон Азийн геофизик, сейсмологийн чиглэлийн олон улсын 4 байгууллагын гишүүнчлэлтэй юм.

САМПИЛДОНДОВЫН ЧУЛУУН: ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

С.Чулуун нь 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультетад түүхч мэргэжлээр суралцан төгссөнөөс хойш Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн /1999-2001 он/, МУИС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга /2004-2010 он/, Түүхийн хүрээлэнгийн захирал /2010-2015 он/,  Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал  /2015 оноос хойш/-аар, 2016 оноос ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг хавсран ажиллаж байна. Тэрээр Монголын түүхийг менежментийн шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх, эрдэмтдийн нэгэн шинэ үеийг буй болгож бэлтгэх, Монголын түүх, соёлын цогц судалгааг онол-арга зүйн шинэ шатанд гаргах, Монгол судлалыг Монгол улсад төвлөрүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.

Тэрээр  өмнө нь судлаагүй түүхийн цагаан толбо байсан 17 зууны Монголын хот сууриныг цогцоор нь малтан судлах ажлыг анх удаагаа санаачлан эхлүүлж, удирдан хэрэгжүүлж байна. Түүний судалгааны гол чиглэл нь Монголын эзэнт гүрний дараах үеэс ХХ зууны эхэн хагас хүртэлх үеийн бүс нутгийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааны түүх, Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар үйл ажиллагаа, сурвалж бичгийн судалгаа юм.  С.Чулуун 17 зууны Монголын түүхийг Орос, Манжийн харилцаатай холбон 20 гаруй жил цогцоор нь судлахдаа Монголын түүхийн судалгаанд гадаад орнуудад, ялангуяа хөрш хоёр улсад хадгалагдаж буй Монгол, манж сурвалж хийгээд археологийн дурсгалтай хослуулан судлах онол, арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, түүнийгээ баримталсан  томоохон суурь бүтээлүүд туурвиж байгаагаараа түүхийн судалгаанд өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлыг эхлүүлж чаджээ. Түүний судалгаа, бүтээлүүд нь  дэлхийгээр тархан хадгалагдаж буй түүхийн болон археологийн маш өргөн хэмжээний мэдээ баримт, сурвалж хэрэглэгдэхүүнд суурилж чаддагаараа Монголын түүхийн шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ. Монгол улсаас олдоогүй байсан Монголын түүхийн тулгар 5 эх сурвалжийн нэг “Эртний хаадын үндэслэсэн Их шар тууж” зохиолыг шинээр олж сурвалжийн судалгаа хийж нийтлүүлснээр олон улсын Монгол судлалын хүрээнд “Чулууны шар тууж” нэрээр тэмдэглэгдэн ОХУ, Унгар, БНХАУ, Япон, Солонгос зэрэг орны мэргэжлийн сэтгүүлд нэртэй эрдэмтэд бичиж тэмдэглэсэн байна.

Түүний санаачлан удирдаж буй “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд одоогоор 50 цувралыг хэвлүүлж, олон зуун сурвалж хэрэглэгдэхүүнийг анх удаагаа судалгааны эргэлтэд оруулжээ. Түүний бүтээлүүд нь Орос, Хятад, Солонгос, Япон, Франц, Герман, Англи, Монака, АНУ, Польш, Унгар зэрэг 20 гаруй орны судалгааны сэтгүүл, хэвлэлийн газарт нийтлэгдсэн байна. С.Чулууны нийт бүтээлийн тоо 196, үүнээс хамтын бүтээл болон монограф 34 үүнээс 9 бүтээл нь гадаад улсад, эрдэм шинжилгээний өгүүлэл 84, үүнээс гадаад улсад 33, эрдэм шинжилгээний илтгэл 61, сурах бичиг, эрдэм шинжилгээний тайлан, толь, сурвалж бичиг 12-ыг туурвисан, гадаадын шинжлэх ухааны 8 байгууллагын гишүүнчлэлтэй эрдэмтэн юм.

 ХАЛТАРЫН ЭНХЖАРГАЛ: Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, техникийн шинжлэх ухааны доктор, профессор (Sc.D).

Х.Энхжаргал нь МУИС-ийг Дулааны инженер мэргэжлээр 1980 онд төгссөн. 1991 онд техникийн ухааны доктор, 2012 онд техникийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан, манай эрчим хүчний салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг юм. Сэргээгдэх эрчмийн эх үүсвэрийг ашиглах  туршилт, судалгааны ажлын хүрээнд нарны  коллекторын  шинэ хийцийг  зохион бүтээж, туршилт, судалгаа шинжилгээг явуулан, Монгол орны нөхцөлд анхны нарны халаалттай туршилтын байшин барьж иж бүрэн судалгаа хийсэн. 1992 оноос хойш 28 жилийн хугацаанд Эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгэх ажлыг амжилттай  удирдан Дулааны инженер, Сэргээгдэх эрчим хүч,  Үйлдвэрийн экологийн инженер мэргэжилтэн бэлтгэж, туршилт, судалгаа шинжилгээний баазыг бүрдүүлж тус салбарт ажиллах эрдэмтдийн баг, дэг сургуулийг бий болгоход бодит хувь нэмрээ оруулсан болно.

Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системд хүрэн нүүрсний ордод түшиглэсэн байгаль орчинд ээлтэй экологийн цэвэр цахилгаан станцыг байгуулах шинжлэх ухааны үндэслэлийг бий болгохын тулд нүүрсний бүрэн ашиглалтын мөчлөгийн цогц судалгаа хийж түүнийг ашиглан үр ашигтай өргөн хэрэглээний арилжааны бүтээгдэхүүн гаргах, хог хаягдлыг боловсруулах технологи бүхий иж бүрэн  үйл ажиллагаа явуулах, өндөр хүчин чадалтай, ДЦС байгуулах  үндэслэлийг анх удаа боловсруулжээ. Нүүрсний шаталтын олон үет процессын тооцоо, загварчлалыг хийж, байгаль орчинд хортой бодис агуулсан хийн гаралтыг багасгах боломж, экологи-эдийн засгийн иж бүрэн судалгааг явуулж физик-математик загварыг боловсруулсан байна. Хуйлруулан шатаах галын хотлын 3D загварыг боловсруулан, түлшний NOхялгаралтыг бууруулах аргачлалыг гаргаж туршилтаар баталжээ.

Эрчим хүчний салбарт хэрэглэгдэх хаягдалгүй нүүрсний технологитой мультикомплексийн үзэл баримтлал нь геополитикийн хувьд ашигтай байрлалд байдаг манай улсын нөхцөлд Монгол Улсын эрчим хүчний хангамж гадаад улсаас хамааралгүй байх Зүүн Хойд Азийн Эрчим хүчний нэгдсэн системд холбогдох гарцыг анх удаа боловсруулан өөрийн хувь нэмрийг оруулсан байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дулааны станцыг шинэчлэн, өргөтгөх судалгааны иж бүрэн ажил хийсэн. Уг төслийн  үр дүнд хүчин чадлыг 48 МВт болгон өргөжүүлсэн нь, том хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжсэн томоохон ажил болсон байна.

Х.Энхжаргал их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 38 жил ажиллаж, нийт бүтээлийн тоо 396, үүнээс: нэг сэдэвт бүтээл 7, Сурах бичиг, гарын авлага 11-ийг туурвиж, шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загвар 18-ыг  бий болгосон байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд ОУ-ын Springer Nature хэвлэлийн газар 3 өгүүлэл, 1 номын дэд бүлэг бичсэн. Олон улсын судалгааны индекстэй, мэргэжлийн түвшинд сонгон шалгаруулж хэвлэгддэг сэтгүүлүүдэд 26 хамтарсан өгүүлэл хэвлүүлснээс гадаадын судлаачид 72 удаа эшлэл авсныг  Google scholar, Scopus-ийн статистикаас гаргасан. Мөн ОХУ-ын ВАК-ын журналд 44 хамтарсан өгүүлэл хэвлүүлсэн үүнээс 250 гаруй удаа эшлэл авсан ба зарим бүтээлүүд нь гадаадын 10-аад оронд хэвлэгдсэн байна.

 

РҮВЖИРИЙН ШАГДАРСҮРЭН: Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Хүний гавьяат эмч.

Р.Шагдарсүрэн анагаах ухааны салбарт тасралтгүй 51 жил ажиллаж судалгаандаа түшиглэн Монголын гэмтэл согог судлалын асуудлыг онол, арга зүйн шинэ хандлагаар авч үзэн гэмтэл согог судлалын дэг сургуулийг үүсгэн хөгжүүлсэн. Гэмтэл согогийн 300-аад эмч–судлаач бэлтгэж, хөнөөлгүй–бичил мэс заслын аргуудыг анхлан нэвтрүүлж гэмтэгсдийн хөдөлмөрийн чадварыг эрт сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Монгол орны нөхцөлд анх удаа гэмтэл согогийн бичил, хөнөөлгүй 21500 хагалгаа хийсэн байна. Гэмтэл согог судлалын эрдэм шинжилгээ сургалтын албыг 2002 онд үндэслэн байгуулж, гэмтэл согогийн үндсэн мэргэжил эзэмших резидент сургалтыг эхлүүлж 224 эмч төгссөн. Онол практикийн хурлыг жил бүр хийж, гэмтэл согог судлал сэтгүүл гаргадаг. 2002 онд анх осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр батлуулж 2, 3 дахь хөтөлбөр хэрэгжиж байна. 2002 оноос гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэд осол гэмтлээс сэргийлэх төв (ОГУСТ), Улаанбаатарын 8 дүүрэг, 21 аймагт ОГУС кабинетүүд байгуулагдан ажиллаж байна. 2011 онд осол гэмтлийн үндэсний тандалтын журам батлуулан, хэрэгжүүлж байна.

Хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2009 оноос эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээ осол гэмтэл, улсын хэмжээнд ажиллаж байна. Р.Шагдарсүрэнгийн нийт бүтээл 219 байдаг бөгөөд үүнээс  гэмтэл согогийн сургалтад зориулж 17 гарын авлага бичсэн, гадаадын сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл 8, олон улсын онол практикийн бага хуралд 8, гэмтэл согогийн өгүүлэл, нийтлэл 7, өөрийн оронд хэлэлцүүлсэн илтгэл 44, байна. Тэрээр  бичил мэс заслын 84 арга нэвтрүүлснээс шинэ бүтээлийн патент-1, ашигтай загварын гэрчилгээ 18-ыг эзэмшдэг, бичил мэс заслалын онол арга зүйг хөгжүүлж эмчилгээний практикт нэвтрүүлсэн анагаах ухааны салбарын тэргүүлэх эмч эрдэмтэн юм.      

Түүний бүтээлээс эшлэл авсан бүтээл 6, ном, сурах бичиг, гарын авлага 5,  шалгалтын сорил бодлого, хянан тохиолдуулсан ном, сурах бичиг 25 байдаг. Тэрээр гадаадын мэргэжлийн 2 байгууллагад гишүүнчлэлтэй эрдэмтэн юм.

 

ОЧБАДРАХЫН ЧУЛУУНБААТАР: ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын Төрийн шагналт.

О.Чулуунбаатар нь 1996 онд МУИС-ийн Математикийн факультетыг математикч мэргэжлээр төгсөж, 1998 онд тооцон бодох математикч мэргэжлээр Магистрын зэрэг хамгаалсан. 1996-1997 онд Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургуульд багшаар, 1997-1999 онд МУИС-ийн МКС-д багшаар тус тус ажиллаcан.1999 оноос ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн (ЦШНИ) Мэдээллийн технологийн лабораторид (МТЛ) ажиллан, 2018 оноос эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлын албыг хашиж байна.

Судалгааны ажлын хүрээнд гаргаж авсан гол үр дүн:

-Канторовичийн аргыг төгсгөлөг элементийн аргатай хослуулан олон хэмжээст Шредингерийн тэгшитгэлийн хувьд анхны захын бодлого, захын бодлого, сарнилын бодлогын тоон шийдийг өндөр нарийвчлалтай тооцоолох нэгдсэн цогц арга, алгоритм боловсруулж, нийлэлтийн тухай теоремуудыг баталсан.

-Боловсруулсан арга алгоритмуудаа ашиглан 6 комплекс программ Фортран хэл дээр бичиж олон улсын Computer Physics Communications (импакт фактор 3.936) сэтгүүлийн программын санд оруулсан.

-Хоёроос зургаа хүртэлх хэмжээст симплекс мужаар авсан интегралыг бодох найм хүртэлх эрэмбийн, эерэг коэффициентууд бүхий бүх зангилааны цэгүүд нь симплекс дотроо оршдог Гауссын төрлийн квадратурын томьёонуудыг байгуулсан.

-Атом, молекулыг хурдан электроноор иончлох туршлагуудын үр дүнг онолын үр дүнтэй харьцуулахад хэрэглэгддэг олон электронт атом, молекулуудын холбоост төлөвийн функцийг өндөр нарийвчлалтайгаар тооцоолох, сарнилын долгионы функцийн асимптотикийг байгуулах арга алгоритмуудыг боловсруулсан. Судалгааны ажлын үр дүнгүүд нь Physical Review Letters (импакт фактор 8.839), Physcal Review A (импакт фактор 2.909) зэрэг сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд нэг ажил нь 70 гаруй удаа олон улсын сэтгүүлд ишлэгдсэн.

О.Чулуунбаатарын оролцоотойгоор 2011 онд Цөмийн энергийн газар болон ЦШНИ-ийн МТЛ-ийн хооронд хамтран ажиллах тухай анхны гэрээ,  ШУА-ийн ФТХ болон ЦШНИ-ийн МТЛ-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажлыг зохион байгуулжээ. Цаашид МТЛ-ийн тусламжтайгаар ФТХ-г орчин үеийн тооцоолох сервертэй болгох, ЦШНИ-ийн Тооцоолох төвтэй холбох ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байна.

О.Чулуунбаатарын нийт бүтээлийн тоо 200, үүнээс олон улсын хянан магадалгаа бүхий сэтгүүлд 151 (эдгээрээс Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд 107, Scopus-д бүртгэлтэй сэтгүүлд 119) нийтлэгдсэн бөгөөд олон улсын программын санд оруулсан комплекс программ 12 байна.  Мөн дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд 100 гаруй удаа илтгэл тавьсан. 2018 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл нь: Web of Science-д 664 эшлэлтэй, h-индекс 14; Scopus-д 759 эшлэлтэй, h-индекс 15; scholar.google.com-д 1232 эшлэлтэй, h-индекс 20.

Олон улсын нарийн мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэх 30 гаруй эрдэм шинжилгээний ажлын хянан магадалгааг хийж, докторын диссертацын ажил 2-ыг удирджээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]