Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Раатын зам дээр болсон хядлагаУншсан1,719

Дайн эхэлсэн шалтаг нь Финландууд Зөвлөлтийн нутаг руу их буугаар “буудсан”, хариуд нь “Оросууд” дайрсан.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Түүхэнд “өвлийн дайн” хэмээн нэрлэгдсэн Зөвлөлт-Финландын дайны үеэр болсон нэгэн “орон нутгийн хэмжээний” тулалдааны тухай энэ удаа сонирхуулах бөгөөд энэ явдлын тухай өгүүлэхийн өмнө уг дайн чухам хэрхэн ямар шалтгаанаар эхэлсэн тухай цөөхөн үгээр танилцуулах нь зөв болов уу.

1939 он. Гитлерийн Герман хүчийг авч, ирээдүйд их дайныг өдөөх нь тодорхой болоод байсан тэр үед ЗХУ-ын удирдлага нэлээд сандарч байлаа. Учир нь Гитлерийн Герман ЗХУ руу довтлох бол Ленинград хот (Санкт-Петербург) нь хилээс ердөө 90 км зайтай байсан бөгөөд Германы цахилгаан дайны мастерууд энэ зайг тун богино хугацаанд туулах нь ойлгомжтой. Үүнээс гарах цорын ганц арга зам зам бол Финландтай тохирох явдал гэж Сталин тэргүүтэй нөхдүүд үзэж байжээ. “Оросууд” Финландад олон янзын санал тавьж, уулзаж ярилцаж байсан бөгөөд газар нутгийн маргаантай асуудлуудаа нэг мөсөн шийдэх, Финландын хэд хэдэн чухал газар нутагт өөрийн цэргийн бааз байгуулах , тэр газраа маш өндөр үнээр 30-40 жилийн хугацаанд түрээсэлье...гэх зэрэг. Хэлэлцээ бүтэлгүй болох тусам Зөвлөлтийн тал бооцоогоо өндөрсгөсөөр, сүүлдээ Финландын нутгаас сонирхож байгаа хэсэг газар нутгийг, хоёр дахин их хэмжээтэй газар нутгаар сольж авах санал тавьжээ. Маннергейм тэргүүтэй Финландын цэргийнхэн энэ саналыг хүлээж авах хэрэгтэй тухай үг хэл яриа гаргадаг болох үед улс төрийнхөн бүр ч хатуу байр суурь барьж байв. Ард талд нь “баадууг” нь чангалаад байх Англи Франц байгаа хойно арга ч үгүй биз. Сүүлдээ эвээр эхэлсэн яриа хэлэлцээ барьцалдаж авах дээрээ тулж, энэхүү өвлийн дайн эхэлсэн юм.

Дайн эхэлсэн шалтаг нь Финландууд Зөвлөлтийн нутаг руу их буугаар “буудсан”, хариуд нь “Оросууд” дайрсан.

Яг л Германы хэсэг цэргүүд Польшийн нутагт нууцаар орж Германы хилийн заставыг буудсанаар их дайн эхэлсэнтэй адилхан байгаа биз.

...Улаан армийн үндсэн хэсэг маннергеймын хамгаалалтыг дайрч байсан 12-р сарын сүүл үеэр Зөвлөлтийн 163-р дивиз нь Суомуссалми хэмээх нэгэн тосгоныг эзэлж авсан боловч удалгүй Финийн цэргүүдэд бүслэгдсэн байна. Зөвлөлтийн тал эдгээр бүслэгдсэн цэргүүддээ тусламж болгон Киевийн 44-р дивизийг уг бүс рүү Раат хэмээх замаар явууллаа. Киев орчмын дулаан бүсээс гарсан эдгээр цэргүүд нь үнэндээ өвлийн дулаан хувцас гэх юмаар тун ч тааруухан байсныг олон түүхчид сануулдаг.

Тухайн нутагт цаг агаар -46 хэм хүртэл хүйтэрч, бүх л зүйл цас мөсөнд хучигдсан байсан бөгөөд бүслэгдсэн нөхдүүдэд туслахаар очиж байгаа дивизийн цуваа 30-40 км хүртэл сунаж, удирдлага холбоо гэх юмгүй шахам болжээ. Финчүүд ч үүнийг алдалгүй 44-р дивизийг бас л бүсэллээ. Цагаан хувцастай, цана бүхий цөөхөн финүүд хаа нэг газраас гэнэт гарч ирэн дайрч, өлсөж хөлдөж байгаа Орос цэргүүдийг хядсаар. Улаан армийн хүнд техникүүд хөлдөж гэмтэж, шатахуунгүй зэрэг шалтгаанаар нэмэргүй болж, араас ямарваа нэг хангалтгүй бүслэгдсэн Орос цэргүүд эсэргүүцэх ч чадалгүй боллоо. Финийн хөдөлгөөнт анги нэгтгэлүүд нэгэн удаа 44-р дивизийн штаб руу дайрсны дараа дивизийн удирдлагууд ухаан мэдрэлгүй зугтан зайлж, угаасаа тарж бутарсан дивиз нь зүгээр л нэг өлсөж хөлдсөн хүмүүсийн бөөгнөрөл болсон байна. Удалгүй дарга нар нь зугтаж зайлсан тухай мэдээ “окопын шуудангаар” тарж, цэргүүд нь ч дорно зүгийг чиглэн ойгоор зугтан зайлж эхэлсэн ба эдгээр цэргийн зарим хэсэг нь олон хоногийн дараа ойгоос гарч өөрсдийнхөнтэйгөө нийлж чадсан боловч, ихэнх нь төөрч  хөлдөж үхсэн байна. Харин раатын зам дээр үлдсэн цэргүүдийг нь Финландын анги нэгтгэлүүд улам бүр жижиглэн хэсэгчилсээр нэг мөсөн дуусгажээ.

Зөвлөлтийн анги нэгтгэлийн хүлээсэн хохирлын тухай эхэндээ Маннергейм байтугай “Оросууд“ өөрсдөө ч хүртэл мэдэхгүй байлаа. Өч төчнөөн цэргүүд үхэж үрэгдэн цасанд дарагдсан, амьд мэнд үлдсэн нь талаар нэг тарж төөрсөн учир арга ч үгүй биз. Бүр сүүлд хийсэн тооцоогоор зөвлөлтийн 44-р дивиз нь 1114 хүнээ алуулж, 2354 хүн нь сураггүй алга болсон ба 1000 гаруй цэрэг олзлогдсон, асар их хэмжээний зэвсэг хэрэгслээ алдсан бол Финландын талаас нийт 300-900 гаруй хүний хохирол үзсэн гэнэ.

Энэ шившигт ялагдлын дараа Зөвлөлтийн удирдлагууд мөрдөн шалгалтыг богино хугацаанд хийж буруутнуудыг дор нь барьж авсан ба хүнд хэцүү цагт цэргүүдээ хаяж яван, олон хүний амь насыг сүйтгэсэн буруутан болох 44-р дивизийн удирдагч Алексей Виноградов, штабын дарга Онуфри Волков,  улс төрийн удирдагч Иван Пахоменко зэрэг нөхдүүдийг хээрийн шүүхээр оруулан, жагсаалын өмнө, өөрсдийнх хаяж явсан цэргүүдийн нүдний өмнө буудан алсан байна.

Раатын зам Финландын бүрэн мэдэлд орсны дараа Их Британи болон бусад улсын олон сэтгүүлчид тулалдаан болсон газар очиж (тулалдаан гэхэд ч хэцүү) аймшигтай зургууд аван нийтэлсэн нь дэлхий дахиныг ёстой шуугиулж байсан гэдэг. Зам дээр хаягдсан, гэмтсэн улаан цэргийн зэвсэг техник, хөлдөж болон буудуулж үхсэн үй олон Зөвлөлтийн армийн цэргүүдийн хүүр бүхий эдгээр зургийг харсан Гитлерийн Германы удирдагч нарт Улаан армийн үнэн дүр төрх “танигдсан” нь ойлгомжтой. Харин тэд 1941 онд Москвагийн төлөөх тулалдаанд дээрх алдааг ямар нэг хэмжээгээр давтсан гэдгийг нэг хэлэх хэрэгтэй байх.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 11. 18:14
Зочин

Зөвлөлтийн олон саналыг хүлээж аваагүй учраас Зөвлөлтийн тал эхэлж Финландын хилийг өдөөн хатгаж үйлдсэнээр дайн эхэлсэн юм шүү Зөвлөлтийн талын тавьсан саналыг Финландын тал эсэргүүцэх шалтгаан тодорхой байсан Финланд ядуу жижигхэн цөөн хүнтэй улс Зөвлөлтийн сонирхсон газар нь Финландын эдийн засгийн гол бүс нутаг нь байсан бол Зөвлөлтийн Финландад өгөх газар нь хүнгүй зэлүүд хоосон нутаг байсан юм Дайны ялалтыг эдийн засаг шийднэ шүү дээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]