Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Онгоцны шатахуун дуусч, хөдөлгүүрүүд бүгд унтарлаа...”Уншсан6,505

Таллин хотын нисэх буудлаас Москва руу хөөрсөн Ту-124 онгоцонд 52 зорчигч, 7 багийн гишүүд байлаа. Агаарт гарч дугуйгаа хураах цаг болоход нэг дугуй хураагдсангүй...

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.  

 

Нева мөрний усанд буусан иргэний онгоц

 

2016 онд “Sully” хэмээх кино гарч олныг шуугиулж байсан бөгөөд энэ бүтээлийн дэлхий дахинд олсон амжилт зөвхөн Клинт Иствуд (найруулагч), Том Хэнкс (гол дүр) нартай холбоотой төдий биш юм. Энэ бол бодит явдлаар буюу 2009 онд шувуутай мөргөлдөж гэмтсэн онгоцыг усанд эсэн мэнд буулгасан мундаг үйл явдлыг уран сайхны кино болгосон зүйл билээ. Харин киноны тухай элдэв тайлбар болон сурталчилгаа дээр энэ явдлыг урьд өмнө болж байгаагүй, цорын ганц тохиолдол (иргэний агаарын тээвэрт) гэсэн юм үе харагддаг бөгөөд үнэндээ бол тийм биш юм.

Ингээд 1963 он. ЗХУ

Таллин хотын нисэх буудлаас Москва руу хөөрсөн Ту-124 онгоцонд 52 зорчигч, багийн долоо гишүүн байлаа. Агаарт гарч дугуйгаа хураах цаг болоход нэг дугуй хураагдсангүй. Ийм үед хийх ёстой болгоныг хийж үзсэн боловч дугуй наашаа ч үгүй цаашаа ч үгүй хагас хураагдсан байдлаар гацсан учир газарт “элэглэн” буухаас өөр аргагүй болсон гэсэн үг. Энэ бол хамгийн аюултай ослын буулт.

Олон хүн тээж яваа онгоцны нисгэгч нар дугуйгаа ядаж гүйцэд хураавал ослын буулт хийхэд арай амар байх болно гэж янз бүрээр үзсээр. Сүүлдээ шал угаадаг шалны модоор хүртэл хатгаж түлхэж үзээд нэмэр болсонгүй. Онгоц элгээр ослын буулт хийхэд шороон тасрах буух зурвас хамгийн тохиромжтой боловч онгоц хөөрсөн Таллин хотод ийм  зурвас байхгүй учир ойрхон байгаа Ленинградын нисэх буудлын шороон зурвас дээр буухаар боллоо.

Нисгэгч болон үйлчлэгч нар болж байгаа үйл явдлыг онгоцонд байгаа хүмүүст мэдэгдүүлэхгүй гэж радио холбоогоороо янз бүрийн үлгэр домог, онигоо ярин инээлдэж байсан бөгөөд зугаатай ярианд сатаарсан зорчигчид онгоц ихээхэн доогуур нисээд байгааг анзаараагүй байна. Гэтэл онгоц боломжит хэмжээгээр доогуур буюу бүр 500-хан метрийн өндрөөр нисч байжээ. Энэ нь аль болох их шатахуун шатааж, ослын буултын үеэр шатахуун тэсрэхээс урьдчилан сэргийлэх нэг арга байсан юм.

Хот руу орж ирэхэд диспетчер нар шатахуун хэр үлдсэнийг асуухад бүхээгийн заалтаар бол дахиад хэд хэдэн тойрог хийхээр шатахуун үлдсэн байлаа. Энэ тухай дөнгөж хэлж байхад онгоцны зүүн хөдөлгүүр, дараа нь баруун хөдөлгүүр ажиллахаа больж таг чимээгүй болов. Хөдөлгүүрийн унтарсан шалтгааныг туршлагатай нисгэгч нар шатахуун дууссантай холбоотой гэдгийг дор нь мэдсэн ба шатахуун хэмжих багаж алдаатай зааж байсан бололтой.

Өндөр 500 метр, дор хотын том барилгууд. Нисгэгч нарт шийдвэр гаргах тун бага цаг (14 секунд ) үлдсэн байлаа.

Дөчин тонны жинтэй онгоц өндрөө алдан унаж эхлэх үед хоёрдугаар нисгэгч Василий Чеченев удирдлагыг гартаа авсан ба тэрээр өмнө нь нисэх хүчинд гидропланаар нисэж байсан хүн. Гэхдээ усанд буух зориулалттай, цэргийн тусгай, жижигхэн онгоц, иргэний агаарын тээврийн том онгоц хоёрын хооронд ихээхэн ялгаа бий.

Диспетчер нар онгоцноос “Онгоцны шатахуун дуусч, хөдөлгүүрүүд бүгд унтарлаа” гэсэн мэдээ авсны дараа онгоц радарт харагдахаа болиход бүгд л сандран орилолдож эхэлсэн нь ойлгомжтой. Хаана унаж, ямар байшин мөргөж, хэчнээн хүний амь эрсдэж байгаа бол...

Чеченев онгоцоороо аль болох огцом маневр хийхгүй байхыг хичээсэн боловч яг өмнө нь Нева мөрний нэг гүүр гарч ирсэн ба Ту-124 нь энэ гүүрний дээгүүр дөрөвхөн метрийн зайтай өнгөрсөн байна. Дараа нь 300 км/цагийн хурдтай онгоц их мөрний усанд зөөлөн бууж, хурдан завь шиг давхисаар аажуухан хурд нь саарч эхэллээ. Энэ үед онгоцонд ус ихээр орж ирэн удалгүй живэх шинэ аюул бий болж.

Нисгэгчдийн аз болоход Нева мөрөн тогтуун байсан ба тун ойрхон нэгэн чирэгч завь-онгоц явж байгаад аймшигт явдал болж байгааг харан шууд онгоцыг чиглэн давхин иржээ. Нисгэгч нар онгоцны урд цонхыг хага цохиход завины дарга чирэгч олсоо онгоц руу шидлээ. Хагархай цонхоор олсоо оруулан бэхэлж авсны дараа завь онгоцыг чирч эрэг рүү татан авчирсан ба энэ хооронд ердөө хэдхэн минут л зарцуулсан байна.

Эрэг рүү дөхөж ирэхэд зорчигчид онгоцны далавч дээр гарч ирээд эрэг рүү үсэрч эхэлсэн бөгөөд эрэг дээр гарсны дараа тоолж үзэхэд багийн гишүүд болон зорчигч нараас ганц ч хүн гэмтсэнгүй, бүгд эрүүл саруул. Онгоц хоёр цагийн дараа Нева мөрний ёроол руу бүрэн живж алга болжээ.

Энэ бол ёстой гайхамшиг байлаа.

Осол болсон газар удалгүй түргэний, гал түймрийн, сэргийлэхийн машинууд давхилдан ирж энэ явдлыг үзэхээр цуглаж байгаа олон түмнийг эмх цэгцэд оруулж эхэлсэн байна. Гэхдээ зөвхөн эмх цэгцэд оруулаад зогссонгүй зураг хөрөг авч байгаа хүмүүсийн аппарат хэрэгслийг ч бас хурааж амжсан гэдэг.

Дараа нь болсон явдлыг мөрдөн шалгах ажиллагаа эхэлж, нисгэгч нарыг буруутгаж эхэлсэн ч болсон явдлыг сурвалжилсан сэтгүүлчийн нийтлэл тухайн үеийн томоохон сонин Известияд хэвлэгдсэн гарсны дараа байдал өөрчлөгдсөн гэдэг. Нисгэгч болон багийн гишүүдийн зарим нэг нь орон байраар, зарим нь мөнгөн шагнал авсан бол харин чирэгч завины дарга бугуйн цаг, баярын бичгээр л шагнуулсан юм гэнэ лээ.

Америкийн нутагт 2009 онд, ЗХУ-д 1963 онд болсон хоёр үйл явдлын хооронд бараг л ямар ч ялгаагүй байгаа биз? 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]