Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Орчлон ертөнцөд ганцаардсан хүнУншсан16,343

Нийтлэлийн нэрийг сонирхолтой байлгах гэж зориуд сүржин нэрээр нэрлэсэнгүй бөгөөд энэ үгийг шууд утгаар нь хэлсэн билээ. Дэлхийд биш орчлон ертөнцөд шүү!

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Нийтлэлийн нэрийг сонирхолтой байлгах гэж зориуд сүржин нэрээр нэрлэсэнгүй бөгөөд энэ үгийг шууд утгаар нь хэлсэн билээ. Дэлхийд биш орчлон ертөнцөд шүү!

  1. Майкл Коллинз

Сансар судлалд хийсэн хамгийн том үйл явдлын нэг болох саран дээр хүн буусан түүхийн тухай олон янзын яриа бий. Америкчууд саран дээр буугаагүй гэсэн дэмий ярианы тухай маргалдахыг эс тооцвол энэ тухайд бид Нил Армостронг, Базз Олдрин нар нь дэлхийгээс гадна хөл гишгэсэн анхны хүмүүс гэдгийг сайн мэднэ. 1969 оны 6-р сарын 20-нд болсон энэ үйл явдлын гол баатар болох дээрх хоёр хүнээс гадна бас нэг хүн цугтаа эх дэлхийгээс хөөрсөн тухай харин тэр болгон санадаггүй билээ.

Хүн саран дээр бууж, дэлхийн дагуул дээр Америкийн туг мандаж, Олдрины хөлийн мөр саран дээр гарсан зураг дэлхийгээр нэг тархаж, Армстронгийн хэлсэн алдарт үг олон хүний хувьд лоозон болж байсан тэр үеийн тухай ярихдаа гурав дахь нисгэгч Майкл Коллинзийг бараг мартдаг гэж хэлж болох биз. Баатруудыг саран дээр алхаж байхад харин Майкл Коллинз удирдлагын модульд  цор ганцаар, бүр орчлон ертөнцийн хязгааргүй уудамд цор ганцаараа байсан нь гавьяа биш гэж үү?

Саран дээр анх буусан Аpollo 11 нь сарны болон удирдлагын модуль гэсэн хоёр хэсгээс бүрдэж байжээ. Сарны модульд байсан хоёр болох Нил, Базз нар саран дээр буусан бол Майкл удирдлагын модульд ганцаараа үлдэж сарны тойрог замаар ганцаар ниссээр. Тэрээр хэдэн өдрийн турш ганцаараа хөлөг дотроо нисэж явахдаа саран дээр юу болж байгааг харалгүй өнгөрсөн цорын ганц хүн гэж Хьюстон дахь оператор дараа нь хошигнон хэлсэн байдаг. Үүнийг орчлон ертөнцөд ганцаардсан хүн гэхгүй бол өөр юуг тэгж хэлж болохыг мэдэхгүй юм.

Олон хүний сайн мэдэх сар, дэлхий, саран дээр буух хөлөг бүхий алдартай зургийг чухам энэ хүн авсан билээ.

  1. Сергей Крикалев

ЗХУ-ын сүүлчийн иргэн бол чухам энэ хүн байлаа. Тэрээр анх ЗХУ-ын нутаг дэвсгэр дээрээс сансарт хөөрч тэндээ тухайн үед хэн ч ажиллаж байгаагүй урт хугацаагаар ажиллаж байж эргэн эх дэлхийдээ буухад нь хөөрсөн ЗХУ нь байхгүй болж, буусан нутаг нь Казахстан гэсэн тусгаар улс болсон байсан төдийгүй өөрөө байхгүй болсон улсын иргэн буюу ямар нэг улсын харьяалалгүй хүн болон үлдсэн байжээ.  Сансарт мартагдсан тэр хүн маань улс орныхоо төлөө, эрхэлдэг ажил мэргэжлийнхээ төлөө ингэж  нэгэн хэсэгт хугацаанд сансарт хаягдсан билээ.

Сергей Крикалев сансарт байх хугацаанд улс орон нь задран бутарлаа. Энэ том үйл явдлыг дагаад түмэн замбараагүй юм болж байсан бөгөөд үгүй болсон том гүрний сансар дахь асар том станцын ажиллагаа ч хөрөнгө мөнгөний улмаас доголдож эхэлсэн байна. Мир станцад удаан хугацаагаар байгаа багийнхныг хуваарийн дагуу бүгдийг нь буулгавал тэднийг залгах ёстой багийг бүрдүүлэх хөрөнгө мөнгөгүйгээс болж удалгүй станц маань сөнөж сүйрэх учир хэн нэгнийг үлдээх хэрэгтэй болсон тухай газраас мэдээлсэн бөгөөд үнэндээ бол Сергейг үлдэхийг бараг тушаасан гэдэг. Мань хүнийг сансарт байхад Москвад төрийн эргэлт хийх оролдлого гарч, ЗХУ улс задран, гэмт хэрэг, ажилгүйдэл, ханшны уналт газар авч байлаа. Ийм үед тэрээр газарт бууж гэр орон, өөрийн амьдралд гарч байгаа эргэлтэд ямар нэг байдлаар оролцож хувь заяагаа шийдэх эрхтэй байсан боловч буусангүй, байхгүй болсон улсынхаа төлөө зүтгэсээр. Ямар нэг хөрөнгө мөнгөгүй болсон сансар судлал, Нислэгийг удирдах төв мань хүнээс боломжит хугацаагаар станцад тэсэн байхыг тасралтгүй гуйсаар. Сансар дахь цацраг идэвхт бодис, хорт хавдар үүсэх эрсдэл, дархлаа сулрах зэргээс гадна сэтгэлзүйн хүнд нөхцөл байдал түүнийг ихээхэн сульдуулж байлаа. Гэсэн хэдий ч тэрээр ослын үед хэрэглэх зориулалт бүхий аврах капсулыг ашиглан газарт буух тухай ямар ч яриа гаргасангүй тэвчээр гаргаж байсан нэгэн.

Мөнгөгүй болсон улс орон нь зарж болох бүх л зүйлийг зарж байсан бөгөөд (чухам энэ үед шатрын их мастер Каспаров Монгол Улсыг зарах хэрэгтэй гэсэн үг хэлж байсан санагдана) Мир станц дахь суудал болгоныг төдийгүй, бүр станцыг ч тэр чигээр нь зарах гэж оролдож байжээ. Олон оролдлогын үр дүнд Крикалевыг буцаах боломж бий болж 1992 оны 3-р сарын 25-нд тэрээр  газардлаа. Гартаа ЗХУ-ын туг барьсан, СССР (ЗХУ) гэсэн бичиг бүхий скафандр өмссөн энэ эр бараг хөдөлж чадахгүй байсан гэдэг ба түүнийг буугч аппаратаас гаргах гэж 4 хүн ихээхэн хүч гаргасан гэдэг. Турж эцсэн, арьсны өнгө нь тун эвгүй шар, цонхигор болсон энэ хүний эрүүл мэнд ихээхэн доройтсон байжээ.

Сансраас бууж ирсэн энэ хүн урьд өмнө нь хамгийн өндөр цалинтай хүний нэг байсан бөгөөд энэ нь сард 600 рубль орчим байсан хэвээр нь сансарт байсан үеийн цалин мөнгийг тооцож өгчээ. Гэтэл сарын цалин болох тэрхүү 600 рублиэр мань эр хагас кг хиам авч дийлэхгүй болтол мөнгөний ханш унасан байлаа. Энэ бүхнийг тэрээр мэдэж байсан авч улс орныхоо төлөө, ажил мэргэжлийнхээ төлөө сансарт ганцаар ажиллах үедээ ажиллаж, станцдаа олон багийг ээлж дараалан угтаж, үдэж байсан шинэхэн цагийн бас нэг баатар билээ.

Энэ хүн дараа нь олон удаа сансарт ниссэн төдийгүй Америкийн Спейс шатлл-аар ниссэн анхны Оросын сансрын нисгэгч юм. Одоо Сергей Орос улсын уруудан доройтож яваа сансар судлалыг эргэн хөл дээр нь босгох том ажлыг хийлцэж яваа хүний нэг.

Орчлон ертөнцөд нэгэн хэсэг ганцаардан байсан хоёр хүний түүх ийм буюу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]