Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XIV-XVII зуунд Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад хэмээн нэрлэгдэх болсон монголчууд Хянганы нуруунаас Тэнгэр уул, Сибирээс Цагаан хэрэм хүртэл нутаглаж байв. Тус тусдаа бие даасан олон тархай бутархай ханлиг байсан энэ зурвас үеийг Монголын түүхэнд Бага хаадын үе хэмээн нэрлэдэг.

Хөхтөмөр жанжин ба Сюй Да нарын тулалдаанУншсан9,210

Ийнхүү ойрадын Тогоон, Эсэн тайш, Тайсун хаан нарын хамтын чармайлтаар бий болсон Монголын улс төрийн нэгдэл нь тун охор хугацаатай хэврэг байсан нь Эсэн тайш төрийн эргэлт хийж бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн хаан ширээг булаан авсан үеэс илэрч, Монгол орныг туйлдуулах болов.

Монголын түүхэнд гайхамшигт олон үйл явдал тохиолдож байсан билээ. Түүн дотроос миний санаанаас гардаггүй бахархалт үйл явдал бол Монголд их хэмжээний цэргийн хүчээр халдан довтлоод салам цохиулж үндэсний гутамшигт түүхтэй үлдсэн Мин улсын үеийн хоёр үйл явдал санаанаас огт салахгүй байдаг юм. Энэ хоёр түүх Монгол цэргийн байлдааны чадварыг ихэд харуулсан гайхамшигт үйл явдал яах аргагүй мөн.

Энэ түүхийг уншигч та бүхэн хангалттай сайн мэдэж байгаа байх. Харин мэдэхгүй дүү нартаа зориулан эвлүүлэн бичлээ.

Хөхтөмөр жанжин ба Сюй Да нарын тулалдаан

Монголын суут жанжин Хөхтөмөр нь Юан гүрний их жанжин Цагаантөмөрийн хүү[2] байжээ. Зарим сурвалж бичигт Хөхтөмөрийг Цагаантөмөрийн хүү биш Цагаантөмөр түүний нагац ах байсан гэж тэмдэглэсэн байдаг. Цагаантөмөр жанжин бол Юан гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн итгэлт жанждын нэг байсан юм. Тэрээр Юан гүрний эсрэг боссон Хятадуудын эсрэг амжилттай тэмцэж байсан чадварлаг жанжин байжээ. Хятадын улаан алчууртны бослогын цэрэг зөвхөн Цагаантөмөрөөс айж эмээн түүний цэргийг үзмэгц зүг зүгтээ таран бутарч зугтдаг байжээ.

Тэрээр 1352-1362 он хүртэл 10 гаруй жил улаан алчууртны бослогыг бут цохиж умард зүгт орших нийслэл хотоо хамгаалж байжээ. 1362 онд улаан алчууртны бослогын удирдагчид хэлэлцээ хийх нэрийдлээр Цагаантөмөр жанжныг хууран мэхлэж алсан байдаг. Цагаантөмөр алагдснаар Юань улсын байдал нэн эгзэгтэй болж ирсэн юм. Эцгийн орыг залгасан Хөхтөмөр Юан улсын цэргийн их жанжин болсон юм. Тэрээр эцгээсээ өвлөн авсан цэргийн эрдмээр нэн сайн байсан бөгөөд эцгийн адил хятадуудын зүрхэнд шар ус хуруулж байлаа.

Хятадууд түүний эсрэг элдэв өдөөн хатгалга цуурхал тарааж түүнийг алсан хүнд ихээхэн хэмжээний шан харамж амлаж байсан зэргээс харахад Хөхтөмөр жанжин хятадуудын хувьд ямархуу хэмжээний шүдний өвчин байсан нь харагддаг юм. Хөхтөмөр жанжин умард хятадын нутагт босогчдын хүчтэй хэд хэдэн удаа сүрхий тулалдсаны дараа дан Монгол цэргийн хүчийг цуглуулан, Монгол нутагтаа ухран хамгаалалтын байдалд оржээ. Тэрээр цэргийн хүч агт морьдоо амраах шаардлагатай байсан. Дээр нь Мин улсын хааны цэргийн ерөнхийлөн захирагч Сюй Датай хэзээ нэгэн цагт эрэгчин эмэгчнээ үзсэн тулалдаан хийнэ хэмээн тангараг тавьсан байдаг.

Юань улс мөхөж суурь дээр нь Ар Юань хэмээн улс Монгол нутагт байгуулагдсан байна. Тэр үед улсын хаанаар Аюушридар буюу Билэгт хаан сууж байжээ. Мин улсын цэрэг Монголд довтлох бэлтгэлээ сайтар хийж байсан нь хил орчмын тагнуулын мэдээгээр батлагдсан бөгөөд Билэгт хаан Хөхтөмөр хоёр ч цэргээ сайтар бэлдэж стратегиа боловсруулж байлаа.

1372 онд Мин улсын 150.000 цэрэг гурван замаар Монгол улсын нутагт цөмрөн хангайн нурууны орчим буудласан байна. Мин улс Монголчуудыг улаан алчууртны бослогыг ихэд хүч гаргаж дарсан мөн ихэнх хүн ам нь юанань мужид хаагдаж үлдсэн зэргийг тооцож ялалтаа нэгэнт тэмдэглээд эхэлсэн байжээ. Мин улсын гол зорилго Монголчуудыг дахин сэхэхгүй болтол нь цохих, улаан алчууртны бослогыг харгислаж дарсан Хөхтөмөр жанжнаас хариугаа авах зэрэг байлаа.

Хөхтөмөр жанжин хамгийн ихдээ 20-40 мянган цэрэг цуглуулах боломжтой байжээ. Хөхтөмөр жанжин урьдаар Мин улсын цэргийг өдөн турхирч нутгийн гүн лүү нилээд оруулж ар талын хангалтыг нь тасалсан байна. Өргөн их говийг ихэд зүдрэн туулж ирсэн Мин улсын гурван замын цэрэг нь ар талын хангалтаа алдаад эзгүй их талд хороолон буудалсан юм. Төв замын цэргийг эртний өшөөт Сюй Да жанжин удирдсан бөгөөд тэрээр Хөхтөмөр жанжинтай шууд нүүр тулсан тулалдаан хийсэн байна.

Монголчуудын цэргийн тактик ойлгомжтой харин дайсандаа нууц байлаа. Мин улсын хороолон буусан цэргийг өдөөн хатгаж суглаж гаргах аргаар цохиж байлаа. Мин улсын цэрэг дайн түүхэнд байхгүй том тэнэглэл гаргасан нь өдөн турхирч ухран зугатсан Монголын морин цэргийн араас явган цэргээр хөөсөн үйл явдал байсан юм. Монголын морин цэрэг Мин улсын явган цэрэгт элдүүлэн зугтах дүр үзүүлэн бүгэн байрласан отооны цэрэг дээрээ аваачин ялаа мэт хэмх цохиж байлаа. Талаар нэг цуварсан цэргээ Сюй Да жанжин хянаж чадахаа байгаад зүүн болон баруун замын цэргээ татсан боловч нэгэнт оройтойж нөхцөл бас л адилхан болсон байлаа.

Дэндүү оройтжээ. Монголчууд Мин улсын цэргийн хуаранг хоёр талаас нь бүслэн хааж эхэлсэн тэр хар мөчид өчүүхэн чинээ үүдэн хойморийн зай гарсанг ашиглаж ялагдашгүй Сюй Да жанжин ялагдан амь тэмцэн мултран гарсан байна. Тэрээр үлдсэн цөөн тооны цэргээ аван Монголчуудыг цэргийн хүчээр ялан дийлэхгүй харин улс төрийн хорон муу санаагаар ялан дийлж болох юм байна хэмээн ойлгож хаан төрийнхөө залгамж бодлогод үлдээсэн ч түүний мунхаг үр удам нь аархаж байгаад хожим хойно дахин гутамшигт ялагдал хүлээсэн болно.

Монголын түүхэнд холбоотой Сюй нарын нэг Сюй Да (Нөгөөх нь 1919 онд орж ирсэн генерал Сюй Шү Жан) ийнхүү дахин Монгол нутагт хөл тавиагүй юм. 1375 онд Хөхтөмөр жанжин нас барах хүртэл Мин улс дахин Монголд халдаж зүрхлээгүй юм. Хөхтөмөр жанжин бол Монголын түүхийн нэн эгзэгтэй цаг мөчид алдар гавьяагаа дуурсгасан жанжин юм. Зэв Сүбээдэй, Зэлмэ Мухулай нартай энэ тэнцүү алдартан яахын аргагүй мөн. Түүний талаарх судалгаа төдийлэн сайн хийгдээгүй тул цаашид судлаж алдар гавьяаг нь магтан дуулах ёстой. Хаа холын харь элгийн хүнд хөшөө дурсгал босгож байхаар Хөхтөмөр жанжин мэтийн алдартангуудад хөшөө босгох нь зүй ёсных юм.

Эсэн хаан ба Ван Чжэн нарын тулалдаан

Мин улс урьд өмнөх өш хонзонгоо санасан хэвээр байлаа. Монголыг худалдаа наймаа гээд бүхий л зүйлээр хавчин боох зэрэг үйл ажиллагаа явуулж байлаа. Монголын улс төрийн дотоод хэрэгт хүртэл хошуугаа дүрчихсэн байсан юм. Монголын тухайн үеийн нийгэм нь тогтворгүй улс төрийн бутралын үе байлаа үе үе хаан ширээний төлөөх тэмцэл явагдаж нэгэн зэрэг хоёр хаан ч хүртэл бий болж байсан ээдрээтй үе билээ. “Ноёдын үхэл чуулганд нохойн үхэл хананд” гэдэг үг чухам энэ үед л бий болсон. Эсэн бол Чингис хааны гавьяат өрлөг Урианхадын Зэлмийн есдүгээр үеийн ач, ойрадын Чорос овгийн хүн бөгөөд эцэг нь ойрадын Батула чинсангийн хүү Тогоон юм. Түүнээс бус тэрээр алтан ургийн ч хүн биш харинч алтан ургийн олон хүнийг хороож байсан нүгэлтэн. Гэвч тухайн үеийн нөхцөл байдал ийм хувь заяаг түүнд оноосон.

Ийм хувь тавилантай улс Монголын түүхэнд нилээд олон бий. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн билэг оюун авхаалж самбаагаар хаан сэнтийд залагдсан билээ. Монголын хаанаар тухайн үед Тайсун хэмээх Тогтобух сууж байжээ. Гэвч засгийн эрх Ойрадын Тогоон тайшийн хөвгүүн Эсэн тайшид байжээ. Мин улс Монгол хоёр хоорондоо дайтах нь нэгэнт тодорхой байсан бөгөөд хоёр тал нууцаар дайн тулалдаанд идэвхийлэн бэлтгэж байсан бөгөөд гагцхүү хэзээ эхлэх вэ? гэдэг нь цаг хугацааны асуудал байжээ.

Монголчууд агт морьдоо Мин улсад худалдаж оронд нь төмөр эдлэл төмрийн зүйл авдаг байлаа. Нүүдэлчдийн амжилттай цэрэг дайны ажиллагааны нэг хэсэг нь яах аргагүй агт морьд байсан бөгөөд Мин улс өөрийн гэсэн морин цэргийн армийг зохион байгуулж байжээ. 1449 оны 7 сард Монголын 20.000 цэрэг 4 замаар Мин улсын хил рүү дайран орсон юм.

Эсэн тайшийн удирдсан цэрэг Датун руу, Тайсун хааны цэрэг Лоядун руу, баруун гарын баатруудын чинсан түшмэл Алагийн цэрэг Сюаньфу руу, Алчу жанжны цэрэг Шаньси руу тус тус довтолсон байна. Эдгээр 4 замын цэргийн гол хүч нь Эсэн тайш, Алаг түшмэл нарын цэрэг байжээ. Мин улс нийт 500.000 орчим цэрэг бөөгнүүлж чадсан байдаг. Мин улс 4 их жанжнаар тус бүр түмэн цэрэг удирдуулан байлдсан боловч цөм ялагдан, бараг бүх цэрэг нь алагджээ. 8 дугаар сарын 3-нд Датун хотын хамаг эрх мэдэлтэн цэрэг толгойлон Эсэнтэй байлдсан боловч бас л цөм ялагдав.

Монголын цэргийн бусад гурван зам бас л амжилттай тулалдаж, ялалт байгуулан үлэмжхэн мал хөрөнгө олзлон авчээ. Мин улсын хаан Ин зун өөрийн биеэр цэрэглэн хөдөлвөөс Ойрадын их цэрэг их хааны сүр хүчнээс айна хэмээн муйхарлан тэнэгтсэн нь алдаа болсон бөгөөд тэрээр Туму хэмээх нэгэн жижиг хотод түр буудлан дараагийн төлөвлөгөөгөө хэлэлцэж суужээ. Энэ хот нь дөрвөн талаасаа уулсаар хүрээлэгдсэн бяцхан хот байсан бөгөөд Монголын цэрэгт гэнэт бүслэгдэж хоол усны хомсдолд орсон байна. Эсэн тайш Ин зун хаантай хэлэлцээ хийх нэрийдлээр Мин улсын цэргийн бэхлэлтээс өдөн гаргасан бөгөөд гэнэтийн дайралтад сандарсан Мин улсын цэрэг байлдалгүй шахам бууж өгчээ.

Ин зун хаан гарах газаргүй болж зүсээ хувирган эгэл жирийн түшмэл мэт харагдах гэж ородсон авч амь насаа бодсон зарим ноёд хаанаа барьж өгчээ. Монголчууд хэзээнээс нааш хаан эзэндээ халдсан боолд дургүй байсан учир хааны түшмэл ноёдыг цаазаар авчээ. Эсэн тайш Мин улсын хааныг олзлон авч хоньчин болгосон нь хятадын түүхийн хамгийн том эмэгнэл мөн юм. Нүүдэлчидэд хэзээ ч ингэж гутамшигтай доромжлуулж байсан удаагүй бөгөөд энэ хэрэг явдлыг хятадын түүхэнд “Туму-гийн хэрэг явдал” гэж нэрлэдэг.   

Ин Цзун хааныг буцаан өгсөн нь тэр үеийн Монгол хятадын харилцааны хурцадмал байдлыг намжааж, 1449-1450 оны 2 жилийн дайныг зогсоож, найрсаг хөршийн харилцаа тогтоох чухал алхам болжээ. Эсэн тайш тухайн цагийн Монголын төрийн алтан ургийн үе залгамжилдаг ёсны эсрэг эргэлт хийсэн нь эсэргүүцэлтэй тулгарсан нь мэдээж юм. Тэрбээр 1453 оны өвөл Монголын их хааны ширээнд сууж, Их Юань улсын тэнгэрлэг Богд хаан гэж өргөмжлөгдөн тунхаглав.

Ийнхүү ойрадын Тогоон, Эсэн тайш, Тайсун хаан нарын хамтын чармайлтаар бий болсон Монголын улс төрийн нэгдэл нь тун охор хугацаатай хэврэг байсан нь Эсэн тайш төрийн эргэлт хийж бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн хаан ширээг булаан авсан үеэс илэрч, Монгол орныг туйлдуулах болов. Гэвч Эсэн Монголын тархай бутархай байдлыг нэгэн цагт арилгаж, улс төрийн түр нэгдлийг бий болгоход оруулсан хүчин зүтгэл, хувь нэмрийг түүх сударт нааштай үнэлж “Дөчин дөрвөн хоёрыг нэгггэсэн” гэж тэмдэглэн үлдээжээ. Эсэн болон Хөхтөмөр нь Монголын түүхэнд яахын аргагүй мөнхрөх ёстой хүмүүсийн нэг. Хөшөө босговол зохих ёсны эрхтэй хүмүүс. Гэхдээ заавал хөшөө босго гэж тулгах нь утгагүй ч заавал алдар гавьяаг нь үеийн үед үүрд магтан дуулах ёстой.

Sukheeakh blogger

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]