Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Дэлхийн 2-р дайнд оролцсон олон төрлийн сөнөөгч онгоц бий. Чухам энэ олон онгоцны аль нь хамгийн шилдэг вэ гэдэг талаар нисэх хүчин сонирхдог, судалдаг, шинжилдэг хүмүүс маргалдсаар байдаг ба энэ маргааны эцэс төгсгөл гэж үгүй биз ээ. Дайны театрын онцлог, цаг үеэс шалтгаалан иймэрхүү эсрэг тэсрэг үзэл бодол мөргөлдөн байдгийн нэг тод илрэл нь Америкийн сөнөөгч онгоц P-39 Aircobra-гийн тухай маргаан юм. Энэ удаа “Кобрик” хэмээх өхөөрдсөн нэртэй энэ онгоцны тухай.
Нисэх хүчин сонирхдог олон хүмүүс энэ онгоцыг алдарт Покрышкины ихэнх ялалтаа авсан онгоц гэдгээр нь мэднэ. Тэрээр энэ онгоцны тухай ярихдаа ер бусын хүчирхэг 37 мм-ийн их буу, харагдах орчин маш сайтай, зохих өндөрт маневрлах чадвар өндөр... зэрэг чанаруудыг нь магтан олон ярилцлага өгч, дурсамж номдоо бичсэн байдаг бөгөөд эдгээр дундаас маш сайн холбооны хэрэгслийг нь онцгойлон хэлсэн нь олон.
P-39 Aircobra үнэхээр тийм сайн онгоц юм гэж үү? ЗХУ-ын шилдэг ас нисгэгчдийн ихэнх нь энэ онгоцоор нисэж байсан болохоор тийм гэхээс аргагүй мэт. Гэтэл энэ онгоцыг хэрэггүй төмрийн хог гэж үзэж байсан АНУ, Их Британийн олон зуун нисгэгчид бий. Африкт, Европт, Номхон далайн дайнд энэ онгоцыг хөлөглөн тулалдаанд орж байсан тэдгээр хүмүүс энэ онгоцонд суухаас татгалзах, агаарын тулалдаанд орох үедээ ялах гэж тэмүүлэхээсээ илүү зугтан зайлахаа боддог байсан тухай олон түүх бий.
Перл Харборын сүйрлийн дараа АНУ-ын тэнгисийн цэргийнхэн энэ онгоцонд сүжиг алдарсан бол хуурай замын цэргийн командлал ч бас голж эхэллээ. Bell компанийн хувьд энэ нь дампуурал гэсэн үг. Гэхдээ АНУ-ын цэргийнхэн голлоо ч Их Британи болон бусад холбоотонд онгоцоо шахаж чадвал компанид тэсэн үлдэх боломж бас байлаа. Тэд ч үүнийг сүүлчийн боломж хэмээн ажиллаж ихээхэн зүйл хийсэн байна.
Англичуудыг урьж авчран P-39-ийг үзүүлэх үедээ бараг бүтэн тонноор хөнгөлж (үүний тулд бараг бүх л бүхээгийн хэрэгслүүдийг авсан), онгоцны гадаад биеийг өнгөлж, завсар зайг нь сайтар шахаж, тагласан нь аэродинамикийн хувьд эрс цэвэрхэн болгосон хэрэг байв. Ингээд энэ хөнгөлсөн онгоцыг танилцуулах үед онгоц 640 км/цаг хурдалж (дундаж өндөр буюу 4200 метрт), нийт 1600 гаруй км-ийн зайг нэг шатахуун дүүргэлтээр туулах боломжтой гэдгийг англичууд мэдэж авсан байна. Ийм үзүүлэлттэй онгоц англичуудад хэрэгтэй юу? Хэрэгтэй байлгүй яахав. Өөрсдийнх нь Спитфайр нэг чухал хамтрагчидтай болж авч байна гэсэн үг. Тухайн үед бараг л бүх том улс орнууд 2-3 төрлийн сөнөөгч онгоцыг зэвсэглэлд авдаг байсан учир (АНУ-ын хувьд баян орон, тэр үед хичнээн олон сөнөөгчтэй байсан юм гэдгийг бүгдийг нь хэлэх ,санах гэвэл бас багагүй хугацаа орох биз) тэд энэ онгоцыг өөрийн зэвсэглэлд авахаар шийджээ.
Будант Англид эхний 11 онгоц ирсний дараа туршилт хийгээд үзтэл АНУ-д үзүүлж байсан онгоцноос хурд нь бараг 50 км/цаг-аар дутуу, аэродинамикийн нөгөө цэвэрхэн амьтан нь тухайн үеийн бөөнөөр үйлдвэрлэдэг бусад онгоцтой яг л адилхан, энэ тэндээ завсар заальхай болсон амьтан байжээ.
Белл компанийн өгсөн олон үзүүлэлтийг хангаж дөнгөхгүй энэ аппарат нь газраас тасрахын тулд 680 м зурвас шаардаж байсан нь дэндүү муу үзүүлэлт байв. Дээрээс нь их буугаар буудах үед шатсан утаа бүхээгт орж ирдэг, буудах үеийн тийрэлтээс болж гиро-компас ажиллагаагүй болсон олон тохиолдол гарсан нь британичуудын хувьд хамгийн ноцтой зүйл байжээ.
Энэ бүхний дараа англичууд олон зуун онгоцныхоо захиалгыг цуцалж, 1941 оны 11-р сард уг онгоцыг зэвсэглэлээс хаслаа. (эхний онгоцууд энэ оны 8-р сард ирсэн)
Белл компани Их Британид зориулан үйлдвэрлэж байсан олон зуун машинаа далдруулахын тулд АНУ-ын засаг захиргаанд хандаж ЗХУ-д ленд лизээр нийлүүлэх машины тоонд оруулах хүсэлт гаргажээ. Хэрвээ оросууд машиныг нь тоохгүй бол энэ компани дуусах нь тэр. Гитлерийн Германтай хамаг юмаа шавхан дайтаж байгаа ЗХУ нь Bell-ийн ядаж үйлдвэрлэгдсэн, болвол үйлдвэрлэгдэхээр төлөвлөгөөнд орсон онгоцыг авахаар болчихвол ч аврал...
ЗХУ-д нийлүүлэхээр төлөвлөж байсан олон сайн онгоцны дотор Аэркоброг оруулж, Их Британийн зэвсэглэлээс хасагдсан онгоцнуудыг хамгийн түрүүнд явуулсан байна. “АНУ, Их Британийн арми, тэнгисийн цэрэгт гологдсон энэ онгоц нь бусад Спитфайр, Тандерболт, Харрикейн...уудын хажууд гологдох нь тодорхой, энэ компани сүйрсэн” гэж олон хүн үзэж байв. Британичуудын хувьд “ивануудад” энэ хэрэггүй хогоо өгч салсандаа бөөн баяр.
Харин “ивануудын” хувьд эхлээд энэ онгоцноос айж байлаа. Яг л “И-16 илжиг” шиг тогтвор гэж байхгүй, нислэгийн үеийн аливаа алдааг өршөөнө гэж мэдэхгүй, дугуйны байрлал нь эсрэг, хөдөлгүүр нь урд талдаа биш ардаа болохоор урдаас хамгаалах хамгаалалт сул, техникийн дэндүү нарийн үйлчилгээ шаарддаг, сум дуусахын үед тэнцвэрт байдал алдагдаж юм л бол өрөмд орж унах гээд байдаг, нам өндөрт бас л нэг “индүү” (нам өндөрт маневрлах чадвар султай, хий агаар индүүдэхээс өөр чадваргүй гэсэн үг хэллэг. Зөвлөлтийн Миг-3 яг л ийм онгоц байв ) төдий... гээд муулах юм зөндөө. Ядаж л хаалга нь машины хаалга шиг онгойж хаагдана...
Гэсэн хэдий ч “оросууд” энэ онгоцыг Дорнод фронтын тулалдааны театрт хэрэглэж болох онгоц гэдгийг ойлгож олон янзын өөрчлөлтүүдийг Bell компанитай хамтран хийж, заримдаа зүгээр л дураараа “оросчилж” өөрчилж эхэлжээ. Туршилтын үед цөөнгүй онгоц сүйдэж, олон сайн туршин нисгэгч нарын амийг авч одож байсан ч ажил үргэлжилсээр...
Фронтын нөхцөлд хөдөлгүүрийн дээд ачааллаар ашиглах заасан хугацааг нь тоохгүйгээр “цохитол” нь ажиллуулдаг байснаас хөдөлгүүрийн нөөц гэсэн юм үгүй болж зарим хөдөлгүүрийг нь хэдхэн тулалдааны дараа солих шаардлагатай болж байв. Анх Bell компанийн заавраар энэ онгоцны хөдөлгүүр нь 250 цаг ажиллах баталгаатай байсан бол сүүлдээ бүр 400 цаг болжээ. Харин Дорнод фронт дээр Оросууд энэ хөдөлгүүрийг 25-50 цаг л ашиглаад хог болгож байв. Дайн байлдааны нөхцөлд хөдөлгүүрийн ажиллах нөхцөл байдал, зааврын тухай бодох нисгэгч, механикууд гэж байсангүй. Тэдэнд зөвхөн өндөр хурд, хүчтэй мотор л хэрэгтэй байлаа. Кобрагийн “Эллисон” хөдөлгүүр ч энийг нь өгч чадаж байсан ба харин ашиглах хугацаа нь зааснаас бараг 10 дахин бага болж. Bell-ийнхэн толгой сэгсэрч байхад оросууд толгой дохиод л...
Зөвлөлтийн нисгэгч, механикууд мөн далавчинд байрлах, хэрэгтэй хэрэггүй олон жижиг амт пулемётуудыг авч (тус бүр нь 1000 сумтай, 7,62 мм-ийн 4 пулемёт далавчинд байрлана) хаян, онгоцоо хөнгөлж, онгоцны сүүл хэсгийн бэхэлгээг сайжруулах, огцом, дараалсан маневрийн үед сүүл эд ангиуд гацаж, бут үсэрчихгүй байхаар бат бэх болгох талаар Bell-д олон санал, шаардлага хүргүүлж, хамтран ажиллаж байсны хүчинд уг онгоц огт өөр өнгө төрхтэй болж иржээ.
Энэ онгоцыг Дорнод фронтын нэг од болоход нөлөөлсөн бас нэг чухал зүйл бол Зөвлөлтийн ас-ууд байлаа. Тэд энэ онгоцны тогтворгүй байдлыг сул тал биш харин давуу тал болгон ашиглаж (онгоцны тэнцвэргүй байдал гэдэг маань зөв ашиглавал төдий чинээ маневрлах чадвартай гэсэн үг), тактикийн олон хувилбарыг уг онгоцны боломжид тааруулан хэрэглэж байснаар “кобрик” нь Германы нисгэгч нарын зүрхэнд шар ус хуруулдаг хүчирхэг онгоц болсон байна. Покрышкины “Хурд-өндөр-маневр-гал” гэсэн алдарт тактик нь энэ онгоцонд хамгийн сайн таарч байсан бөгөөд энэ тухай мөн ч олон ном, нийтлэл гарсан байдаг билээ. Газарт ойрхон үедээ энэ онгоц “индүү” бол дундаж өндөрт, хурдны нөөцтэй үедээ хэнээс ч дутахгүй маневрлах чадвартай болдог байдлыг энэ тактиктаа тохируулан хэрэглэснээр олон ч Германы онгоцыг унагаж, өөрийн бөмбөгдөгч, дайрагч онгоцыг дайснаа айх аюулгүй дайрч, бөмбөгдөхөд нь тус болсон нь тодорхой. Мөн пулемёт болон их бууны буудах товчлуурыг нэгтгэхийг инженерээсээ гуйж өөрчилсөн тухай Покрышкин дурсамжиндаа бичсэн байдаг ба (ингэж нэгтгэсэн нь Кобрагийн өмнөх загварууд, 20 мм-ийн их буутай үе болов уу) иймэрхүү хичнээн олон жижиг сажиг өөрчлөлтийг уг онгоцонд хийснийг таахад ч бэрх байх. Ямар ч байсан Номхон далайд Японы “Зеро”-д дээрэлхүүлж байсан, Баруун фронт болон Британийн тэнгэр, Африк зэрэг тулалдааны театрт Мессер, Фокеруудад (“дайны тэнгэр” дээр бичсэнээр буюу “Оросуудын” хэлдгээр фоккер хэмээн бичлээ. Уг онгоцны нэр нь фокке-вульф бөгөөд фоккер компанийн онгоцтой огт хамаагүй юм) дарлуулж байсан энэ онгоц дорнод Фронт дээр өөрийн гэсэн орон зайтай болж, дунд өндрийн тулалдааны хаан болсон билээ. Зөвлөлтийн талаас нам өндөрт Як-ууд, дунд өндөрт Кобра, чөлөөт анд Ла-нууд гэсэн байрлалтай болсон тэр үеэс Хартман, Руделийн хэрэг явдал буруугаар эргэсэн гэж хэлж болох ба нөгөө тал буюу баруун фронтод Америкийн P-51 Mustang, P-47 Thunderbolt, Английн Spitfire гэсэн аймшигт сөнөөгчүүд Герингийн ас-уудыг сүйдэлж байв.
P.S
Энэ нийтлэлдээ албаар техникийн үзүүлэлт болон бусад тоо баримт дурдахаас зайлсхийлээ. Угаасаа тиймэрхүү тоо нь өөрөө ихээхэн маргаан дагуулдаг зүйл бөгөөд цаашдаа дэлхийн 2-р дайны үеийн сөнөөгч болон бусад онгоцны тухай цуврал байдлаар бичих санаатай ба “Кобра”-гийн тухай элдэв тоо баримтыг бусад онгоцтой харьцуулсан байдлаар олон удаа бичих биз ээ.
Нэлээд олон зүйлээс уншихад Кобра зүүн фронт дээр сайн онгоц байсан шиг байгаа юм.
Айркобраг зөвлөлтийн нисэгч механикч нарын саналаар олон талын сайжруулалт хийсэн бөгөөд энэхүү сайжруулсан онгоцоо кингкобра гэж нэрлээд радар болон бусад олон нэмэлт төхөөрөмжөөр тоноглосон нь дэлхийн 2р дайны дараа ч тийрэлтэт сөнөөгчийн эрин хүртэл маш хүчирхэг сөнөөгч онгоц гэж тооцогдож байсан юм.
tuhain uyde orosud agaart ihel sul bsn uchraas ene tendhin ongots zeeldej ter ch buu hel stalingradin shiidverleh tulaand haa bsn france aas acc uud urij avchirsan bdgin bn le
Орос Иванууд угаасаа хүчирхэг удмын хүмүүс. "Кобра" сөнөөгчийн сул талын давуу болгон ашигласан нь нисгэгчдийнх, хийц загварт өөрчлөлт оруулж чадсан нь инженерүүдийнх нь ухаан сийрэг байгааг харуулж байна. үргэлж сайхан зүйлс бичиж байгаарай. Амжилт хүсье.