Америкийн хамгийн агуу нээлтүүдийг хийсэн гавьяаг хэн хүртэх ёстой вэ гэдэг асуудал ямагт маргаан дагуулсаар ирсэн гэхэд болно. Телефон утсыг Александр Грехем Белл зохион бүтээсэн үү, эсвэл Элиша Грей бүтээсэн үү, радио Гульелмо Марконигийн бүтээл үү эсвэл Никола Теслагийнх уу, нисэх онгоцыг Густав Вайтхед бүтээсэн үү эс бөгөөс ах дүү Райт нар зохион бүтээсэн үү гээд л хүмүүс бид амьдралыг маань сайжруулж, өөрчилж чадсан тэр зохион бүтээгчдэд эргэлзээтэй ханддаг нь үнэн. Бидний амьдралыг өөрчилсөн ер бусын жагсаалтад чипс ч бас нэмэгдэх нь ээ. Нью-Йорк хотын Saratoga Springs амралт зугаалгын хотод байдаг Moon’s Lake House хэмээх нэр хүндтэй ресторанаас чипсний түүх эхлэлтэй хэмээдэг. Энэ ресторанд ажилладаг байсан хамгийн багадаа таван хүнийг чипсийг зохион бүтээгчид хэмээн үздэг юм. Тэгвэл үүнтэй санал нийлдэггүй нэг хэсэг хоолны түүх судлаачид чипсийг Америкаас өөр газраас үүссэн байж магадгүй гэсэн санааг дэвшүүлдэг байна.
Saratoga Springs-ийн түүх
Хүмүүсийн хамгийн их мэддэг чипсний тухай түүх 1853 оны нэгэн нартай сайхан өдөр Корнелиус Вандербильт хэмээх төмөр зам, тээвэрлэлтээр хөрөнгө босгосон толгой баяныг Moon’s Lake House ресторанд оройн хоол идсэнээр эхэлдэг. Зөөгчийн авчирч өгсөн шарсан төмсийг хараад ундууцсан тэрбээр төмсөө гал тогоо руу буцаалгаж, илүү нимгэхэн зүсч шарж өгөхийг хүсчээ. Алдартай ахлах тогооч Жорж Крам үйлчлүүлэгчийнхээ хүсэлтэд гоморхсон ч гэлээ “Гайгүй дээ, үзүүлээд өгнө дөө” гэж бодон төмсөө чадлынхаа хэрээр нимгэн хэрчиж, шаржигнуур болтол нь шараад Вандербильтийн ширээнд хүргүүлж.
Шажигнасан, тун нимгэнээр шарсан энэ төмс Вандербильтэд таалагдсанаар бидний амтархан иддэг чипс мэндэлжээ. Тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын талаар 1976 онд American Heritage сэтгүүлд дэлгэрэнгүй бичсэн байдаг ба Крамд “Edison of Grease” хэмээх хочийг хайрласан юм. Харамсалтай нь Крамын эл түүхэнд хэд хэдэн эргэлзээтэй зүйл байдаг. Нэг жишээ татахад тэр цухалдсан үйлчлүүлэгчийг үнэхээр Вандербильт байсан гэдгийг нотлох баталгаа байдаггүй ажээ.
Пулитцерийн шагнал хүртсэн The First Tycoon: The Epic Life of Cornelius Vanderbilt номонд түүхч Т.Ж.Стилез “Энэ түүх бодит биш” хэмээсэн байдаг. Горхины хулд, нуурын алгана, ойн цуцал болон бор ятуугаар хийсэн хоол зэрэг олон төрлийн хоол нь Крамыг Америкийн анхны нэр алдар нь түгсэн ахлах тогооч болгосон ч түүнийг чипсийг зохион бүтээсэн эрхэм гэдгийг хүмүүс амьд ахуй цагт нь төдийлөн мэдэлгүй өнгөрсөн юм. 1889 онд New York Herald сонины сэтгүүлч түүнийг улсын хамгийн шилдэг тогооч хэмээн бичсэн байдаг ч төмсний талаар нэг ч үг дурдаагүй нь хачирхалтай.
Энэ явдлаас хойш гурван жилийн дараа Катерин Эдкинс Викс хэмээх эмэгтэйг 103 насандаа таалал төгсөхөд түүний эмгэнэлийн үгэнд “чипсийг зохион бүтээгч” гэж цоллосон байжээ.
Крамын эгч байсан тэрээр дүүтэйгээ цуг гал тогоонд ажилладаг байсан ба хүмүүс түүнийг Авга эгч Кэйт, Авга эгч Кэти хэмээн авгайлан дууддаг байжээ. Өөр нэгэн түүхэнд өгүүлдгээр тэрхүү амтат чипсийг Крам бус харин Викс хийсэн гэнэ. Төмс арилгаж байсан Викс санаандгүйгээр нэг нимгэн хэрчмийг халуун тосонд унаган түүнийгээ сэрээгээр гаргаж авахад гайхалтай мөч тохиосон гэх өөр нэгэн яриа ч чих дэлсдэг юм. Энэ хоёр эрхмээс гадна өөр хүмүүсийг ч мөн чипсийг зохион бүтээсэн гэж үзэж байв. Moon’s Lake House зочид буудлын эзэн байсан Хирам С.Томасыг 1907 онд нас барахад түүнийг “Саратога чипсийг бүтээгч” гэж үнэлж байжээ. Saratoga Springs-ийн хэн нэгэн чипсийг үнэхээр зохион бүтээсэн ч бай үгүй ч бай тэд чипсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө маш их зүйлийг хийсэн гэдэг нь маргаангүй үнэн юм.
Олон жилийн турш Saratoga chips нэрээр олон түмэнд танигдсан чипс өнөөг хүртэл энэ нэрээрээ л худалдаалагдсаар байна. Эхэндээ дээд зэрэглэлийн зочид буудал, ресторанууд л үйлчлүүлэгчдээ Saratoga chips-ээр дайлдаг байв. Детройтын Cadillac Hotel-д буудалласан гийчид царцаамагт хийсэн тахианы махан салатыг чипстэй хольж амтархан иддэг байсан бол тансаг зэрэглэлийн R.M.S Berengaria зорчигч тээврийн хөлөг онгоцоор яваа зорчигчид шарсан гургуулын махтай цуг чипсийг захиалдаг байлаа. Чинээлэг айлын тогооч нар ч чипс хийх урлагт суралцаж, хийсэн чипстээ тансаг өнгө үзэмж нэмэхийн тулд цалин цагаан мөнгөн тавгийг Tiffany-гаас худалдан авч байв. Дөнгөж шарсан халуун чипсийг цаасан уутанд хийж зардаг байсан нь хадгалах хугацаа богинотой, зөвхөн тухайн газрынхаа хүмүүст л хүрэх боломжийг олгодог байлаа. Ингээд 1930-аад оноос Lay’s, Fritos хоёр компани байгуулагдаж, Fritos компани төмснөөс бус эрдэнэ шишээс чипсээ үйлдвэрлэх болсноор чипс олон нийтэд зориулан үйлдвэрлэгдэх болж хүн бүхний идэх дуртай зууш болсон байдаг билээ.
Британийн эмч жинхэнэ зохион бүтээгч нь байсан уу?
Төмсний чипс Саратогагаас төрөн гараагүй бол тэгээд дэлхийн хаанаас бий болсон хэрэг вэ? 1817 онд Английн эмч Виллиам Кичинерийн бичиж хэвлүүлсэн The Cook’s Oracle номонд нимгэн хэрчиж тосонд шарсан төмсний жор багтсан байдаг нь та бидний сайн мэдэх өнөөгийн чипстэй тун адилхан байна гэж хоолны түүхчид үзэж байгаа юм. Төмс гэдэг хүнсний ногоо дэлхийн өнцөг булан бүрт байсаар ирсэн болохоор хэдэн зууны туршид хэчнээн ч олон тогооч чипсийг зохион бүтээсээр ирсэн байхыг үгүйсгэх аргагүй билээ.