Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Мао Зэ Дуны үсрэлт"Уншсан7,252

Ингээд 1958 оны намар Мао дарга Их үсрэлтийн бодлогыг зарлаж хэдхэн жилийн эрс хүчтэй шинэчлэлийн үр дүнд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болох бололцооны тухай ярьжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Бүгд найрамдах Хятад Ард Улс гэдэг тусгаар улс бий болоод хэдхэн жилийн нүүр үзэж, социализм хэмээх шинэ замналаар замнаж ихээхэн амжилтад хүрч байсан 1950-иад оны дундуур Мао дарга бүр ч их амжилтад хүрч, хуучирч хоцрогдсон газар тариалан, хөдөө аж ахуйн орон биш хүнд үйлдвэр бүхий үйлдвэржсэн хүчирхэг улс байгуулах тухай ярьж эхэллээ. Түүнд ингэж хэлж ярих үндэс байсан бөгөөд ЗХУ хэдхэн жилийн дотор ямар их амжилтад хүрсэн, 2-р дайны дараа маш богино хугацаанд улс орноо дахин үнс нурам дундаас босгож чадсан, Хятад улс 5 жилийн дотор гангийн үйлдвэрлэлээ 5 дахин нэмэгдүүлж чадсан, 1952-1957 онуудад Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт жилд 12% байсан гэх мэт олон зүйлс түүнийг зоригжуулж байлаа.  Ажилчин анги,, хөдөө нутгаас бөөнөөр ирэх хуучин тариачид дунд Мао маш их нэр хүндтэй байсан бөгөөд тэд ч илүү их хөдөлмөр, илүү их амжилтад зүтгэхийг шаардаж байв. 

Ингээд 1958 оны намар Мао дарга Их үсрэлтийн бодлогыг зарлаж хэдхэн жилийн эрс хүчтэй шинэчлэлийн үр дүнд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болох бололцооны тухай ярьжээ. Тэрээр аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээгээр 15 жилд Их Британийг, 30 жилд АНУ-ыг гүйцэж түрүүлэх зорилт тавьсан ба аж үйлдвэрийн зонхилох салбар нь хар металлургийн үйлдвэрлэл байх болно гэж зааж. Нэг жилийн дотор ширэм үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлж 20 сая тонн болгох, харин 1963 онд 100 сая(!) хүргэх “агуу” үүрэг тавилаа.

Ганц нэгхэн жилийн дотор металл боловсруулах том үйлдвэр барьж амжихгүй, бас техник болон боловсон хүчний гол найдвар болсон ЗХУ-тай харилцаа улам бүр хөндийрч байгаа зэргээс шалтгаалан эхний ээлжид хамгийн энгийн жижиг домен зуухнууд барьж ширэм үйлдвэрлэж эхлэхээр болсон байна.

Мао даргын үнэнч туслагч ажилчид дуу дуугаа авалцан жижиг домен зуух барьж эхэлсэн энэ кампанит ажилд нийт тоогоороо 100 сая гаруй хүн оролцсон гэдэг.  Хөдөө тосгонд ч ялгаагүй энэ ажил тархаж тосгоны тариачид хашаандаа мөн л домен зуух барьж ширэм хайлуулан  байсан бөгөөд хэдхэн сарын дотор нийт Хятад нутгаар 600 000-700 000 маш бүдүүлэг хийцтэй домен зуух барьсан ба зарим нь зүгээр л галд тэсвэртэй шавар болон бусад зүйлээр дотролсон төмөр торхнуудаа ингэж нэрлэж байв. Хийрхэл Хятад орныг нөмөрлөө.

1959 оны сүүлээр хийсэн тооцоогоор иймэрхүү домен зууханд хайлуулсан металлын хэмжээ 10 сая тоннд хүрсэн нь бодож төлөвлөж байсан хэмжээний хаана нь ч хүрэхгүй, хамгийн гол нь эдгээр хайлуулсан металлын чанар гэж дэндүү муу, ширмийг үйлдвэрийн зорилгоор ашиглах ямар ч аргагүй, төмөр болон ган хайлуулахад маш хэцүү, асар их зардал шаардсан ийм л ажил болсон байна.  Зарим хүн Маогийн эхлүүлсэн энэ ширэм, ган хайлуулах ажлыг ямар ч үр дүнгүй зүйл болсон, жижиг домен зуух барихад хэдэн тэрбумаар зарцуулсан юань ямар ч өгөөжгүй үгүй болсон, сая сая тонн нүүрс олборлолт, сая сая хүн /ажлын цаг хоосон үрсэн, түүнээс болж өлсгөлөн гуйланчлал гаарсан гэж үздэг. Нэг талаар үнэхээр тийм бөгөөд Маогийн их үсрэлтийн бас нэг бодлого болсон дөрвөн хортныг устгах (“Хятадууд болжморын эсрэг дайнд ялагдсан түүх” гэсэн нийтлэлдээ бичсэн) бодлогын гай, хэдэн жил дараалсан ган зэрэг зовлонд хэцүүдэж байсан улс орныг Мао ингэж элгээр нь мөлхүүлсэн байна.

Гэхдээ эдгээр 3 жилийн хугацаанд үйлдвэрлэл 1958 онд 31%, 1959 онд 26%, 1960 онд 4% буюу жилийн дунджаар 20% гэдэг нь статистик үзүүлэлтээр бол дэндүү мундаг тоо юм. Богинохон хугацаанд боловч ямар нэгэн хэмжээгээр эдийн засгийн маш хүчтэй өсөлт үзүүлсэн энэ бодлого алдаатай байсныг 1959 оны дунд үеэс Пэн Дэхуай зэрэг нөхдүүд ширүүн эсэргүүцэж эхлэн, цаашдаа их үсрэлтийн бодлого дампуурах хэрээр Маог эсэргүүцэгч нар нэмэгдэж байлаа. Эцсийн дүн нь их үсрэлт ч үгүй болж, Мао ч хамаг нөлөөгөө алдсан байна. Гэхдээ Мао бууж өгөөгүй бөгөөд түүний их үсрэлтийн бодлогыг засаж залруулж байгаа нэрээр капитализм байгуулж байгаа гэж үзсэн Дэн Сяопин, Пэн Дэхуай, Лю Шаоци зэрэг нөхдөөс соёлын хувьсгал хэмээх бас нэг аймшигт завхралын үеэр хариугаа авсан билээ.

Хятадын Коммунист намын архивын мэдээгээр бол 1958-1962 оны хоорондох өлсгөлөнгийн үеэр 45 сая хятадууд өлсөж үхсэн гэдэг ба их үсрэлтийн он жилүүдэд 70 тэрбум доллартай тэнцэх буюу улсын нийт үйлдвэрлэлийн 1/3-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө үрэн таран болсон ажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]