Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Иржи Шима: Америк, Монгол гэсэн хоёр сонголтоос би насан туршийнхаа сонголтоо хийсэнУншсан9,999

Чехийн нэрт монголч эрдэмтэн Иржи Шима гуайтай уулзаж ярилцлаа.

Чехийн нэрт Монголч эрдэмтэн Иржи Шима гуайтай уулзаж ярилцлаа.

-Ярилцлагаа таны алсаас зорьж ирсэн Олон улсын Монголч эрдэмтдийн XI их хурлаас эхлэе. Энэ удаагийн хурлын ач холбогдол, онцлог таны хувьд юу байв?

 

- Би их азтай хүн. Яагаад гэвэл Монголч эрдэмтдийн II хурлаас эхлээд одоог хүртэл арван хуралд биеэр оролцож байна. Үүндээ маш их баяртай байдаг. Энэ жилийн хуралд гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачид хамрагдаж оролцлоо. Миний харснаар онцлог нь залуучууд байна. Нэг ёсондоо Монгол судлалын салбар гадаад, дотоодын залуу хүмүүсээр сэлбэгдэж байна. Хоёрдугаарт залуу Монгол эрдэмтэд англи хэлээр их ярьж байна. Олон залуу Монгол эрдэмтэд цаг үеэ дагаад гадаадад суралцах боломжтой болж, гадаад хэл сайн эзэмшиж байна. Үүнийг гэхдээ бас шүүмжлэх хүмүүс ч байна. Монгол эрдэмтэд эх хэлээ нэгдүгээрт тавих ёстой гэж. Гэхдээ л гадаад хэлтэй байгаа нь сайн хэрэг. Монгол зүйр үг байдаг. Хэлтэй бол хөлтэй гэж. Энэ бол гуравхан үг, гэхдээ маш их гүн агуулгатай. Мөн энэ удаагийн хуралд би өөрөө илтгэл тавьсан. Хуучин нэртэй Монголч эрдэмтэдтэй уулзахын зэрэгцээ зарим залуу Монголч эрдэмтэдтэй уулзаж танилцсандаа баяртай байна.

-Өмнө нь та өөрийн багш, Чех улс дахь Монгол судлалыг үндэслэгч Павел Поухагийн Чингис судлалд оруулсан хувь нэмрийн талаар илтгэл тавьж байсныг санаж байна. Харин энэ хуралд та ямарбэлэгтэй ирэв?

- Энэ жил би Николай Константинович Рерихийн сэдвээр лекц уншсан. Н.Рерихийн нэрийг Монголд сайн мэдэж байна, гадаадад ч сайн мэдэж байгаа. Би өөрөө энэ талаар нарийн судлаач биш ч гэсэн Чехтэй холбоотой, чех хэл дээрх материалыг архиваас олж судлах болсон юм. Анх Н.Рерихийг сонирхож судлах түлхэцийг надад академич Ш.Бира гуай өгсөн юм. Надад энэ талаар хэд хэдэн ном бэлэглэж байсан. Н.Рерих 1926, 1927 онд Монголд байсныг би их сонирхсон л доо. Н.Рерих 1923-1928 онд Төв Азийн экспедицээр явахдаа Монголоор дайрч их зүйл үлдээсэн байдаг. Ер нь Н.Рерихийн дорно дахины судлалд үлдээсэн бүхэн үнэхээр сонирхолтой. Энэ хүн бүр багаасаа л Энэтхэгийг их сонирхож судалж байсан гэдэг. Энэтхэг рүү хоёр томоохон экспедиц хийсэн. Н.Рерих гуай зураг зурахаас гадна зохиолч, эрдэмтэн, өргөн хүрээтэй мэдлэг бүхий хүн байсан Н.Рерих гуай Европ дахь анхны үзэсгэлэнгээ манай алтан Прагад гаргасан юм. Эхлээд 1904 онд, дараа нь 1906 онд. Тэр үеийн сонин, сэтгүүлийг харж байхад Прагад Н.Рерихийн үзэсгэлэнгийн талаар олон судлаач, сэтгүүлч нар шүүмжлэл бичсэн байдаг. Маш дэлгэрэнгүй. Жишээ дурдвал 27 хуудастай нэг шүүмж байгаа юм, энэ бол бараг эрдэм шинжилгээний өгүүлэл. Н.Рерих гуай 1936 онд нэг эссэ бичсэн, "Алтан Прага" гэдэг.

- Монголчууд биднийг, бидний түүх,соёл иргэншлийг судалдаг салбарт таны оруулсан хувь нэмэр их. Таныг Монголчууд сайн мэднэ, амьдралынтаньбүхий л цаг үеүд Монголтой холбоотой байсан гэж хэлж болно.Та 1960 онд Монголд оюутан болж ирж байж. Тэр үедМонголдиржсуралцсан гадаадын Монголч эрдэмтдийн анхдагч нь та юу?

- Тиймээ би 1960 оны эхээр Улаанбаатарт ирж байсан. Тэр үед мэдээж ихэнх Монгол судлаач, энэ чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаач нар Орост байсан, мөн Америкт ч байсан, Франц, Англи, Польш, Унгарыг бас дурдаж байна. Харин манай Чехэд ганцхан Монгол судлаач байсан нь миний багш, Чехийн Монгол судлалыг үндэслэгч доктор Павел Поуха гэдэг хүн байсан. Б.Ринчен гуайн дотны нөхөр. Тэр хоёр насаар чацуу байсан. Бас надад нэг зүйл бодогддог юм. Б.Ринчен гуай Монгол хүн мөртлөө Буриадад төрсөн, тэр үеийн гадаад Монгол улсын нутаг дэвсгэрт төрөөгүй. Манай багш цэвэр чех хүн байсан ч Чехэд төрөөгүй, Австрийн Венад төрсөн. Энэ бас их сонин санагддаг. Тэр хоёр их хүний хамт авахуулсан зураг миний хувийн архивт байдаг.

- Энэ хугацаанд таны хамгийн их сонирхон судалж байсан судлагдахуун гэх юмуу, Монголтой холбоотой хамгийн сонирхолтой зүйл нь юу байсан бэ?

-Миний судалгааны гол сэдэв бол Монгол, Чехийн харилцааны түүх. Хоёр улсын харилцааны түүхэнд үлдсэн сурвалжууд, архивт үлдсэн сонирхолтой баримтууд их байдаг. Миний хувьд хамгийн сонирхолтой сэдэв бол дэлхийн хоёрдугаар дайны дараа 1947 онд манай Прагад болсон оюутан залуучуудын анхдугаар их наадамтай холбоотой. Тэр наадамд Монголоос 40 гаруй залуус Чехэд ирсэн. Үүнийг би нарийн судалсан. Тэр наадамд Монголын талаас оролцсон бүрэлдэхүүнд багтсан бүх хүмүүсийн намтрыг уншиж танилцсан, хаана амьдарч байсан, Чехэд хаагуур хаагуур явсан гэх зэргээр. Тэр хүмүүс бүгд цэл залуухан, 18, 19-тэй нэрд гарч амжаагүй байсан. Ганц хоёроос нь нэрлэхэд л Л.Цогзолмаа гуай, хожим Монгол бөхийн дархан аварга болсон Б.Түвдэндорж, Монголд кино урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Жигжид (нэрт найруулагч, хожим Ардын жүжигчин, УГЗ болсон) нарыг дурдаж болно. Тэд Чехээс буцсан хойно Монголд маш их нэртэй хүмүүс болсон. Би 1990-ээд оны үеэр Улаанбаатарт Элчин сайдаар ажиллаж байхдаа ч тэрхүү оюутан залуучуудын анхдугаар их наадамд оролцож байсан төлөөлөгчдөөс амьд сэрүүн ахуй хүмүүсийг нь яамандаа урьж тухайн үеийн дурсамжаас нь яриулж байсан.

XX зууны нэрт соён гэгээрүүлэгч С.Лувсанвандан

- Монголчуудыг судлах хэрнээ та өөрөө ч Монголын алтан үеийн эрдэмтэн мэргэд, алдартнуудтай уулзаж учирч байсан, манай түүхийн бас нэгэн амьд гэрч шүү дээ. Жишээ дурдахад лМонгол судлалын салбарын голомтыг Монголд авчирсан эрдмийн их хүн болохС.Лувсанвандан гуайтай таныг их ойр дотно байсан гэж сонссон?

-Тэр их хүнийг би одоо ч дурсан санаж байна. Тэр хүн их мундаг эрдэмтэн байсан ч гэсэн бидний залуу Монголч хүмүүстэй их дотно байсан, миний хувьд хувийн, дотны харилцаатай байсан гэж би өөрөө үздэг. Энэ бол миний бахархал. С.Лувсанвандан гуайтай авахуулсан зураг надад бий. Манай Монголч эрдэмтдийн хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ч байсан. Тийм өндөр албан тушаалтай, тухайн үедээ Соёлын сайд байсан шүү дээ, ийм хүн гэхэд их энгийн. Надад олон ном бэлэглэсэн, би гэрт нь зөндөө удаа очиж байсан.

Намайг эхнэртэйгээ танилцуулсан, хүүхдүүдтэйгээ танилцуулсан. Лу.Болдыг би сайн санаж байна. Одоо УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд болсон, Гадаад харилцааны сайд болсон, энэ мундаг гэр бүлээр би их бахархаж явдаг. С.Лувсанвандан гуайн эхнэртэй сүүлд биеэр уулзаж байсан, Улаанбаатарт ч, Чехэд ч уулзалдаж байсан. Тэдний охин Л.Нарангэрэлийг би бас их сайн танина. М.Горькийн нэрэмжит сургууль төгссөн, ааш зан их сайтай, бидэнд сайн хандаж байсан, уран зургийн талаар надад их зөвлөгөө өгдөг байсан. С.Лувсанвандан гуай бол яах аргагүй Монгол судлалын эцэг гэж хэлж болохоор өнгөрсөн зууны нэртэй соён гэгээрүүлэгч хүн. Энэ жил 85 насных нь ой болж байна.

-Ойрын үед та Монгол судлалтай холбоотой ямар судалгааны ажил зохиол бүтээл туурвиж хийж байна?

-Ний нуугүй ярихад би бусад Монголч чех эрдэмтдээс их өвөрмөц байдаг. Яагаад гэвэл их сургууль төгссөнөөс хойш өөрөөр хэлбэл 1964 онд би дипломоо хамгаалаад Чехэд шууд эрдэм шинжилгээний ажилд орно гэж найдаж байсан. Би залуу байсан, боломжтой ч байсан, хэл сурсан, Монголоос олон ном авч очсон. Гэтэл манай академид ганцхан орон тоо байсан. Манай багш Поухагийн орон тоо. Ийм учраас хятад хэлтэй байсан тул намайг Бээжинд урьсан. Би Бээжинд гурван жил ажилласан. Гэхдээ Монголчуудтайгаа дандаа уулздаг байсан. Тэр хэцүү үе байсан шдээ. Мэдээж би дандаа Элчин сайдын яамаар л явдаг байсан.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Цэвэгмид

Тэр үед Дондогийн Цэвэгмид элчин сайдаар ажиллаж байсан, надад маш их туслаж байсан, би нас бартал нь тэр хүнтэй дотно харилцаж байсан. Одоо бодоход үнэмшмээргүй ч юм шиг. Сайд хүн байсан, дараа нь Боловсролын сайд болсон, СНЗ-ийн орлогч дарга байсан. Янз бүрийн шугамаар ирсэн ч, академийн шугамаар ирсэн ч, бүр киноны шугамаар ч ирсэн хамаагүй Монголчуудтай би уулзах дуртай байсан. Бас би өөрөө угтсаатны зүйч, түүхч мэргэжилтэй боловч чех хэл рүү уран зохиол орчуулж байсан. Би өөрөө хэлний хүн биш ч гэсэн Чех-Монгол толь бичиг бичсэн. Тэр хүмүүст их хэрэгтэй байсан гэж боддог. Монголд явсан, эсхүл Чехэд ирсэн хүмүүст маш их хэрэгтэй.

Тэрийг бичихийн тулд би чөлөө авч байв. Захирал бол жаахан дургүй байсан. Гэхдээ аргагүй. Би намын гишүүн биш ч гэсэн Төв хорооноос хүссэн. Чөлөө өг гээд. Тэгээд манай захирал аргагүй чөлөө өгсөн дөө надад, Монголтой ингэж л хүсэж тэмүүлж холбогдож, ер нь их өвөрмөц холбоотой байсан.

Чехэд Монголчууд ирэхэд жишээ Үйлдвэрчний эвлэлийн шугамаар Монголчууд ирэхэд би тэр хүмүүст үйлчлэх жишээтэй. Бас нэг мартагдашгүй дурсамж байдаг. Би Ж.Батмөнх даргад үйлчилж байсан. Надад маш их талархаж байсан. Жирийн хүн биш, албан тушаал өндөр байсан ч гэсэн намайг марк сонирхдог гэж мэддэг байсан. Дараа нь намайг ирэхэд Улаанбаатар зочид буудалд өөрийн биеэр ирээд марк дурсгаж байсан. Д.Цэвэгмид гуай ч бас надад их тусалдаг. Би Монгол гэртэй, бүрээс хэрэгтэй байхад Д.Цэвэгмид гуай хүнд хэлээд л олж өгдөг байсан. Би одоо ч Монгол гэртэй, Прагад музей байгуулсан. Одоо өвөл зунгүй гэрээ барина. Хүмүүс их сонирхдог.

БНЧУ-д суугаа элчин сайд

Д. Зүмбэрэллхам, хүү Яны хамт

-Монгол судлалын тал дээр Чех улсад таны залгамж халаа хэр бэлтгэгдэж байна?

-Байлгүй яахав. Монгол судлалын талаар их ажил хийсэн хоёр ч газар байсан. ШУА-ийн харьяа Дорно дахины хүрээлэн байна. Тэнд манай багш Поуха гуай ажиллаж байсан. Тэтгэвэртээ гараад дараа нь би тэнд ажиллаж байсан. Үүнээс хойш манай хамгийн нэртэй их сургууль болох Карлын их сургуульд олон залуу Монголч эрдэмтэд бэлтгэгдсэн, бэлтгэгдсээр ч байна. Тэндээс олон судлаачдыг нэрлэж болно.

- Нэг ёсондоо даян дэлхийд түүх соёлыг нь сурталчлах гүүр болж байдаг энэ салбарталь ч улстөр засгийнхаахэмжээнд анхаарал хандуулдаг байх. Манай Монгол улсын төрөөс Монгол судлалын салбартаа хэр анхаарч байна гэж та боддог вэ.Ер нь бусад улс орнуудын энэ салбартай харьцуулахад ямархуу байдаг дүр зураг гарах бол?

-Түрүүн Монголч эрдэмтдийн арав гаруй их хуралд би оролцсон гэж хэлсэн. Тэгэхээр миний нүдэн дээр ихэд өөрчлөгдөж байна. Танай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалын салбарыг их дэмжиж байгаад би их таатай байна. Хязгааргүй боломж гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр үүнийг ч би бас ойлгож байна. Монгол улсыг хөгжүүлэхэд их мөнгө хэрэгтэй байна, хөдөө аж ахуйгаа сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Монгол Улс 73 сая малтай улс шүү дээ. Гадаадынхан үүнийг сонсоод бүр итгэдэггүй гээч.

Бас миний бодлоор, хэрвээ манай улсад Чех судлалын эрдэмтдийн их хурал болвол төв талбай дээр ийм том зарлал хийхгүй. Бүр Засгийн газрын ордны дэргэдэх их том самбар байгаа. Ийм учраас Улаанбаатарт хүн бүхэн энэ хурал болж байгааг мэдэж байна. Харин манай Чехэд ингэхгүй. Монголд бол Төрийн ордондоо хурлаа хийж байна. Би ингэж хэлмээр байна.

-Монголчууд нийгмийн байгууллаа өөрчилж, зах зээлийн эдийн засагт шилжиж байх үед та Чех улсаас Монгол улсад суугаад элчин сайдаар томилогдож байсан. Тэр үед бодвол чех хүмүүсээс Монголыг хамгийн сайн мэддэг хүн гэж таныг томилж байсан болов уу. Тэр үеээ эргээд дурсвал ямар вэ? Монгол Улс их өөрчлөгдөж байна уу. Хэрэв тийм бол ямар талаараа?

- Их өөрчлөгдөж байна. Янз бүрийн проблем байгааг хэлэхгүй бол болохгүй. Гэхдээ сайн талаараа илүү өөрчлөгдөж байна. Жишээлбэл би дөрвөн жилийн өмнө ирж байсан. Дөрвөн жилийн өмнө Улаанбаатараар явах, гудамж, замаар явахад хэцүү байсан. Зарим машинтай жолооч нар бараг улаан гэрлээр л гарчихдаг. Одоо бол биднийг хараад машинууд зогсож байна. Намайг автобусанд суухад намайг хүндлээд сандал тавьж өгч байна. Хотын тээвэр маш их сайжирсан байна. Автобус хүлээх хэрэггүй болж, машины хөдөлгөөн хамаагүй замбараатай болсон. Өндөр, өндөр байшин барилгуудтай болж байна.

-Тиймээ их өөр болж байна.

-Тавин хэдэн жилийн өмнө анх танай улсад ирсэн тэр үед хүмүүс миний дүү гэдэг байсан бол одоо би настай болж намайг хүмүүс ихэнх нь ахаа гэж байна. Үнэхээр ийм олон Монгол найз нөхөдтэй, би их азтай. Танай улсын төрийн тэргүүнээс эхлээд жирийн малчин хүртэл найз нөхөд надад байна. Би Монголчуудаас сурах юм их байна гэж боддог. Бүр жирийн хүүхдээс хүртэл сурах юм бий. Монгол хүн их авьяастай. Би Прагад бяцхан музей байгуулж, Монгол хүүхдийн зургйин үзэсгэлэн гаргахад чехүүд их гайхаж байсан. Ийм жижигхэн цаасан дээр Монгол хүүхдүүд ямар нарийн гүн гүнзгий санаа гаргаж чадаж байна гээд.

-Манай Монголын одоогийн нөхцөл байдал их эгзэгтэй, улс төр, эдийн засгийн хүнд бэрх үеийг туулж байна. Танд бидний одоогийн нөхцөл байдал ямархуу санагдаж байна?

-1990 оноос хойшхи Монгол улсын хөгжил манай улсын хөгжилтэй төстэй зүйл их байдаг. Миний анзаарахад хамгийн гол сайн зүйл бол Монголчуудад гадаадад явах боломж маш их болсон. Монголд ч гадаадынхан ирэх боломжтой болсон. Хуучин ЗХУ-аас, ардчилсан социалист улсуудаас л хүмүүс зочилдог, суралцдаг байсан бол одоо бүх улсаас ирж байна. Хамгийн чухал нь удаан хугацаагаар гадаадад явж байгаа хүмүүс эргэж ирээд Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах их хэрэгтэй. Ингэнэ гэдэгт ч би найдаж байна. Хятадын жишээг харж болно, тэд Америкт олон жил сураад мэргэжил аваад, мэдлэгтэй болсон хойноо Хятаддаа ирээд хөгжүүлж чадаж байна. Танайд одоохондоо ийм үзэгдэл ховор байна. Ийм учраас л эх орноо мартаж болохгүй. Би өөрөө их эх оронч үзэлтэй. Монгол улс баян улс. 75 сая малтай гэхэд хүмүүс үнэмшдэггүй.

-Ингэхэд та яагаад анх Монголыг сонирхож ирэх болсон бэ?

Хүү Яны хамт

- Би дунд сургуульд сурч байхдаа дорно дахины, Азийн орнуудын аж амьдрал, ялангуяа угсаатны зүйг их сонирхож байсан. Гэхдээ зөвхөн Монголыг биш Хятад, Япон гээд. Дараа нь би Прагад их сургуульд хятад хэлний бас угсаатны зүйн ангид суралцаж байсан. Тэгэхэд Боловсролын яамнаас хоёр санал ирсэн л дээ. Америкт дадлага хийж тэндээ сурах, эсхүл Монголд гэсэн. Би ямар ч байсан Америкийг сонгоогүй.

-Яагаад?

-Сонирхохгүй юм чинь. Тэр нүүдлийн аж амьдралыг судлах, дорно дахиныг судлах том боломж Монголд л байна гэж бодсон. Тэгээд ч миний багш Поуха гуай энэтхэг судлаач байсан, ингээд л би хятад хэл, хятад судлаачийн гараанаас эхэлж би насан туршийнхаа сонголтыг хийж Монгол судлаач болсон доо.

-Мэдээж Монгол хэл огт мэдэхгүй ирж байсан байх?

-Тиймээ. Энд ирээд л би Монгол хэл сурсан. Мэдээж би багш нараа байнга дурсан санадаг. Жаахан Монгол хүүхэд хүртэл миний багш байсан. Би хөдөө зөндөө явж байсан, тусгай програмаар сурч байв. Өдөр бүр Монгол оюутантай хамт биш заримдаа манай багш оюутны байранд ирээд өрөөнд маань хүртэл хичээл заадаг байсан. Ярилцлага хийх маягаар. Тэгээд хичээл дууссан хойно гэрт урьдаг байсан. Хагас сар, бүтэн сараар Монгол гэрт байдаг байв, заримдаа бүр Улаанбаатараас хол аймгуудад ч явж байсан. Монголчууд тэр үед надад ямар их туслаж байсныг би хэзээ ч мартдаггүй юм.

- Одоо ер нь Монгол судлалын салбарт аль улсын эрдэмтэн судлаачид түлхүү ажиллаж байна. Мэдээж хоёр хөрш бол ойлгомжтой байх, гурав дахь хөршүүдээс таны хувьд нэрлэвэл?

-Үнэхээр хэцүү асуулт байна. Унгар л болов уу. Хуучин манай социалист улсуудын нэг. Ер нь Унгар Монголтой их холбоотой, уламжлалтай л даа. Монгол улсад суралцсаны дараа би Чехийн дорно дахины хүрээлэнд ороод анх гадаадад явсан улс маань Унгар. Будапешт хотод олон томоохон эрдэмтэдтэй танилцаж ажиллаж байсан. Унгарын хамгийн нэртэй эрдэмтэн Кара (Унгарын нэртэй Монголч эрдэмтэн Кара Дьёрд буюу “Хар Дорж” Монголчуудын дунд алдаршсан эрхэм) гуайтай танилцсан. Дараа нь Кара гуай намайг гэртээ урьж эхнэртэйгээ танилцуулсан, эхнэр нь хүндэт Б.Ринчен гуайн охин байсан. Бас их сонин, би ер мартдаггүй юм. Хүүхдүүд нь Монголоор, унгараар ярьж байсан.

-Та шашин шүтдэг үү?

-Шашин гэхээс илүүтэй би зүгээр л хүнд шүтэж явдаг.

- Яагаад ингэж асуув гэхээр манай Монголчууд буддын шашин шүтдэг, урьд төрөл, хойд нас гэж итгэдэг. Манай энэ ер нь урьд төрөлдөө ийм хүн байсан байх гэх ч юмуу ярьдаг л даа. Тэгээд би тэгж бодлоо. Та магадгүй урьд төрөлдөө Монголтой холбоотой, эсхүл Монгол хүн байсан байх гэж?

-Тиймээ тэр магадгүй гэж бодож байна. Би Монголтой их учир холбоотой, сайхан. Насаараа холбогдсон миний хоёр дахь эх орон. Монголтой холбоотой хойч үеийнхэн минь хүртэл байна. Хүүхдүүд маань Монгол, чех цустай. Миний гурван настай хүү их сүрхий. Миний хүү Монголд байх үедээ би Монгол, чехэд байх үедээ би чех гэж ярьдаг. Энэ их хувь заяа юм.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 14. 5:19
Зочин

Hogiin pizda.hujaagiin tagnuul hj bgd mgloos huugdsun.mgl zaluu avgai avsan.chehiin mglchuud vhehgui.lalar togcog.

2018, 10 сар 27. 10:12
Зочин

Хүүеэ чи эрүүл хүн үү? Юундаа ингээд бухимдаж үхчих гээд байдгийн. Зүгээр ярилцлага ч уншчихаж чадахгүй ккк

2017, 12 сар 14. 5:16
Зочин

Gal

2016, 9 сар 3. 19:26
Зочин

ene Mongolch erdemtediin yariltslaguudiig uzehed ih goyo shuu. Byalduuch zusarch uggui saihan yariltslag baina aa.

2016, 8 сар 31. 19:19
зочин

Асуултууд нь эмх цэгцтэй, хариултууд нь дотно сэтгэлээр илэн далангүй ... хаяа нэг ийм энгийн ярилцлага унших сайхан. Даан ч хэн ярилцлага хийснийг нь мэдэж чадсангүй, дахиад өөрийнхөө нийтлэлээсээ сонирхуулах байх гэж найдая даа.

2018, 3 сар 8. 0:37
Зочин

Lalariin shima duh.avgai n mgl teneg huuhen .

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]