Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Маршал Г.Дэмидийн үхлийн нууцУншсан15,111

Монгол Улсын цэргийн нэрт зүтгэлтний нэг бол өрлөг жанжин (маршал) Гэлэгдоржийн Дэмид юм. Тэрээр 1900 онд өнөөгийн Архангай аймгийн Их Тамир сумын нутагт төржээ.

Т.Сүхбаатар, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч

Монгол Улсын цэргийн нэрт зүтгэлтний нэг бол өрлөг жанжин (маршал) Гэлэгдоржийн Дэмид юм. Тэрээр 1900 онд өнөөгийн Архангай аймгийн Их Тамир сумын нутагт төржээ. БНМАУ-ын Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, Ерөнхий сайдын 1-р орлогч, Өрлөг жанжин (маршал) гээд өндөр албан тушаалыг хашиж явсан нэгэн. Хамгийн сүүлд Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин гэсэн албан тушаалтай ажиллаж байжээ.

БНМАУ-ын анхны маршал Г.Дэмидийн үхэл одоо ч нууц хэвээр. Түүний үхэлд тухайн үеийн Зөвлөлтийн тусгай албадын гар хөл оролцсон нь хөдөлшгүй үнэн. Түүний хэргийн талаархи материалууд өнөө үе хүртэл маш нууц бүрхэг, далд байна.

Дэмидийг яагаад хөнөөх болов. Г.Дэмид 1929 онд ЗХУ-д цэргийн сургуульд сурч байхад нь баруунтантай тэмцэх зорилгоор түүнийг зүүнтний талынхан Монголд дуудан авчирч төрийн өндөр албан тушаалд томилсон байна. Гэвч тэрээр анхнаас нь Монголын төрийг самарч буй баруунтан, зүүнтний бодлогыг хурцаар шүүмжлэн хэт зүүнтний бодлого нь олны дунд намын нэр хүндийг бууруулж болзошгүй талаар 1930 онд “Намын жанжин шугамыг хамгаалъя” гэсэн өгүүлэл нийтлүүлж байжээ. Энэ өгүүлэл түүнийг томилсон зүүнтний талынханд таалагдаагүй нь мэдээж хэрэг. Түүнийг зүүнтэн эсвэл баруунтан байсан гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй.

Г.Дэмид бол Зөвлөлтийн нэрт маршал М.Н.Тухачевскийн цэргийн номлолыг тууштай баримтлагч нэгэн бөгөөд жанжин Д.Сүхбаатараас хойш МАХЦ-ийн дунд ихээхэн нөлөөтэй болж чадсан хоёр дахь хүн юм. Түүний дор бүхэл бүтэн улсын цэргийн хүч түүний төлөө босоход ч бэлэн байсан гэж төсөөлөгддөг.

Г.Дэмид Зөвлөлтийн цэргийг Монголд ямар нэгэн шалтгаангүйгээр байрлуулахын эсрэг бодолтой байжээ. Түүнийгээ ч ил тод, шууд хэлчихдэг байж. Зөвлөлтийн цэрэг оруулах нэг үндсэн нөхцөл нь харилцан үл довтлолцох гэрээ гэж хэлж байжээ. Гэхдээ тэрээр тухайн үеийн Зүүн хойд Азийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж Японы талаас ямар нэгэн дайрч довтлох зүйл байхгүй гэж үзэн Зөвлөлтийн цэргийг оруулахын эсрэг байсан юм. Байлдахдаа хүрвэл Зөвлөлт-Япон нь хоорондоо байлдана биз гэсэн яриа зөвхөн Г.Дэмидийн хүрээнээс гарсан ч гэж үздэг.

Тиймээс үгэнд ордоггүй, дуулгаваргүй түүнийг ямар нэгэн аргаар зайлуулах нь тодорхой, гагцхүү цаг хугацааны л асуудал байжээ. 1930-аад он гараад МАХЦ-т их цэвэрлэгээ эхлүүлж, Г.Дэмид цэргүүд дунд ихэд нэр хүндтэй тул Монголд устгах нь аюултай, цэргүүд бослого ч гаргаж мэдэхээр байжээ. Г.Дэмид МАХЦ-ийн бүх эрх мэдлийг гартаа атгаж байсан хүчирхэг хүн байсан. Түүнээс эмээхээс ч өөр аргагүй юм. Тиймээс түүнийг ямар нэгэн аргаар ЗХУ-д авчирч устгах төлөвлөгөө зохиожээ.

МАХЦ-ийн дээд удирдлагын офицерууд

Мөн Г.Дэмид Дотоод яамны үйл ажиллагаанд хөндлөнгөөс шүүмжлэлтэй ханддаг, түүний хууль бусаар хүмүүсийг хилс хэрэгт хэлмэгдүүлж буй үйл ажиллагааг ямагт шүүмжилж байсан нь До яамны удирдлага Х.Чойбалсанд таалагдаагүй юм. Ялангуяа МАХЦ-ийн удирдлага болоод албан хаагчдыг хэлмэгдүүлж байгаа нь улс орны батлан хамгаалах чадварт муугаар нөлөөлөөд зогсохгүй гадны тэр дундаа Зөвлөлтийн цэргийн хүчээр улс орноо хамгаалуулах дээр тулаад байна гэдгийг зоригтой шүүмжилж байжээ. До яам нь ард иргэдээ айлгаж хэлмэгдүүлдэг газар бус харин ард түмнээ хамгаалдаг байгууллага байх ёстой гэж Г.Дэмид үзэж байжээ.

ЗХУ-ын Ардын Батлан ​​хамгаалахын комиссар К.Е.Ворошиловын урилгаар маршал Г.Дэмид ЗХУ-д цэргийн сургуулилтад ажиглагчаар оролцохоор болжээ. Энэ бол чекистүүдийн урьдчилан бэлтгэсэн урхи гэдэг нь маргаангүй юм. Уг урилгын дагуу маршил Г.Дэмид гэр бүл бусад нөхдийн хамт анх 1937 оны 7 дугаар сарын 23 эсвэл 25-ны хавьцаа Улаанбаатараас гарч хилийн Алтанбулаг боомтод очоод байх үед араас нь яагаад ч юм гэнэт нэгэн шалтгаанаар дуудсан байна. Ингээд маршал гэр бүл болон хамт явсан бусад хүмүүсээ цааш явуулаад өөрөө буцаж ирсэн байдаг. Чухам ямар шалтгаанаар дуудсан нь өнөө хүртэл оньсого хэвээр. Эсвэл Зөвлөлтийн талаас маршалыг хороох тодорхой шийд төлөвлөгөө гартал Москвад очихыг нь хойшлуулсан байх талтай. К.Е.Ворошиловтой уулзах уулзалтыг аятайхан далим болгосон ч байж магадгүй юм.

ЗХУ-ын АТУА-ийн тагнуулын газрын дарга, армийн хоёрдугаар зэргийн комиссар Я.К.Берзинээс 1937 оны 8 сарын 1-нд К.Е.Ворошиловт явуулсан илтгэл дээрх зангилааг тайлахад бага ч атугай дэм болж болох юм. Уг илтгэлд “Нэг. МАХЦ-ийн Бүх цэргийн жанжин нарыг тушаал ёсоор онцгой шийд гартал Москвад ирэхийг хойшлуулав, Я.К.Берзин" гэсэн байдаг. Тэгвэл үүнд дурдагдсан онцгой шийд нь маршал Г.Дэмидийг хороох асуудал байсан уу?

Улаанбаатарт буцаж ирсэн хэсэг хугацаандаа яг ямар үйл ажиллагаа явуулж, хэнтэй уулзсан нь тун бүрхэг. Ингээд 1937 оны 08 дугаар сарын 17-нд Улаанбаатараас машинаар гарч 18, 19-ний аль нэгэнд нь Улан-Үд хотод очиж, 20-нд галт тэргэнд суусан байна. Түүнтэй хамт Бүх цэргийн их бууны газрын дарга, дивиз командлан захирагч Г.Жанцанхорлоо, ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Гомбосүрэн, Цэргийн яамны орчуулагч Ц.Доржиев, түүний эхнэр ЗХУ-ын Омск хотын Анагаах ухааны дээд сургуулийн оюутан Л.Дагзмаа нар хамт явжээ.

Эндээс хамаг хэрэг эхэлсэн билээ. Улан-Үд хотод цааш явах галт тэрэг байгаагүй учир маргааш орой нь ирэх хурдан галт тэрэг хүлээн тэндээ хоножээ. Маргааш өглөө нь 41-р хурдан галт тэрэгний араас маршалын вагоныг залган цааш явсан бөгөөд уг галт тэрэг Тайга өртөөн дээр ирэхэд маршал, Г.Жанцанхорлоо нар нас барсан байжээ.

Маршалыг Улан-Үд хотод хаана хоносон, хэнтэй уулзсан, тэндээ хордож замдаа хүндэрсэн үү гэдэг нь хүртэл оньсого хэвээр үлджээ. Урьд нь Дэмидийг тусгай вагонд суулгаж, харуул манаатай явуулдаг байсан бөгөөд энэ удаад ингээгүй нь сэжиг, хардлага төрүүлж байгаа юм.

Тайга өртөөнд үү, өртөөнд ирэхээс өмнө үү гэдэг нь эргэлзээтэй байна. Үнэмшилтэй хордлого болгохын тулд хамт явсан хүмүүсийг нь ч хамт хордуулжээ. Хамт явагсдын зарим нь амьд гарсан байна. Амьд үлдэгсэд болоод албаны хүмүүс Г.Дэмид нарын нөхөд лаазалсан хүнсний бүтээгдэхүүн буюу консервоос хордсон гэж мэдээлжээ. Шарилыг Новосибирскт задлан шинжилгээ хийгээд “Нууц үедээ байгаа хоёрдугаар үеийн тэмбүү, архаг хумхаа, гол ба титэм судасны хатуурал, төрөлхийн жижиг дусал хэлбэртэй зүрхтэй байсан нь нас барахад нь голлон нөлөөлжээ” гэсэн учир битүүлэг акт тавьсан байдаг. Актыг цааш нь бүрмөсөн нууцалжээ.

Тухайн үед Монголд томилогдохоор явсан М.П.Фриновский, С.Н.Миронов нар Эрхүүд замдаа буудаллан Г.Дэмидтэй уулзсан нь сэжиг төрүүлдэг. Энэ уулзалтаас бүх зүйл эхэлсэн. Г.Дэмидийг хөнөөх ажиллагааг тэд зохион байгуулсан байж магадгүй гэж судлаачид сэжиглэдэг. Үйл явдлыг цааш нь ухвал Г.Дэмидийг Улаан-Үдээс Эрхүүд галт тэргээр ирэхэд нь Фриновский, Миронов нар галт тэрэгний буудал дээр 8 сарын 20-нд биечлэн угтаж авчээ. Уулзалтаар юу ярьсан юу болсон тухай мэдээ байдаггүй. Уулзалт хагас цаг хэртэй үргэлжилсэн байна. Тэгээд Тайга өртөөнд ирэхэд маршал Г.Дэмид, Бүх цэргийн их бууны газрын дарга Г.Жанцанхорлоо нар учир битүүлгээр нас барсан байв.

Г.Дэмид гэргий Богдановын Навчаагийн хамт. 1928 он

Үнэхээр хоолны хордлого уу, эсвэл зодож тарчилган хөнөөсөн үү? Г.Дэмид, Г.Жанцанхорлоо нарыг нас барсан даруйд шарилыг нь үзсэн хүн бол маршалын эхнэр Б.Навчаа юм. Тэрээр “Дэмид нүүрэн тус газраа шарх олсон байв. Ямар нэг юман дээр унасан, эсвэл юмаар цохиулсан байх. Ер нь царай нь ихэд шаналж зовсон шинжтэй байсан” гэжээ. Үүнээс дүгнэвэл яах аргагүй зодуурын шарх байжээ гэдэг нь тодорхой юм.

Цааш нь үргэлжлүүлье.  Ингээд амь насаа алдсан маршал Г.Дэмид нарын шарилыг 8 дугаар сарын 27-нд Москвад авчрахад галт тэрэгний буудалд Зөвлөлт, Монголын далбааг бөхийлгөн угтжээ. Шарилыг буцааж Монгол руу аваачих хүсэлтийг эхнэр Б.Навчаа нь шаргуу шаардсан боловч Зөвлөлтийн тал яаран сандран чандарлаад чулуун савтай үнс л хүлээлгэн өгчээ. Гэмт хэргээ нуун далдлах гэсэн бас нэг арга.

Мөн Дэмидтэй хамт явсан Доржиевийн эхнэр Дагзмаагийн дурсамжаар бол түүнийг нөхрийнх нь хамт Москвад авчран Дотоод яамны эмнэлэгт хэвтүүлсэн боловч ямар нэгэн хордлого тайлах эмчилгээ хийлгүй гаргасан. Хамт явсан Гомбосүрэн хаашаа ч юм гэнэт алга болсон зэргээс үзвэл эргэлзээ төрүүлэх олон зүйл байна.

Б.Навчаа ... “Г.Дэмидтэй хамт явсан Гомбосүрэн, орчуулагч Доржиев, түүний эхнэр одоо хаа байгаа нь мэдэгдэхгүй байна. Хэрэв тэд амьд байсан бол чухам яаж, ямар байдлаар үхсэнийг мэдэж болох байсан, Доржиев Москвад очоогүй гэнэ. Бодвол тэд шоронд байгаа биз. Улан-Үдэд ирэхэд Архинчиев (Улан Үд дэх цэргийн төлөөлөгч) алга болсон байлаа бодвол баригдаа биз” ... гэх зэргээр өгүүлжээ.

Элчин сайд Дэндэвийн захидалд мөн дараах утгатай зүйлийг өгүүлжээ. “Ер эдгээр нөхдийн амь бие нь хэрхэн ямар зүйлд хорлогдсон, ийм болсны тухайгаар одоо хүртэл тодорхой зүйлийг сонсоогүй. Мөн хамт явж амь үлдэв хэмээсэн хүмүүс одоо болтол Москвад ирээгүй бөгөөд хэрхэн хаа байгаа нь бас мэдээ чимээгүй. Эднхийн зохих нөхдөөс асуувал нэгэн адил мэдэхгүй байна” гэж өгүүлжээ.

Б.Навчаа... “Улан Үд дэх цэргийн төлөөлөгч Архинчиев Манжуураас ирэх хурдан галт тэргийг хүлээгээд яах вэ, замд дөхөж яваад хурдан галт тэрэг гүйцэж очмогц түүнд сууж яв гэж хэлсэн ёсоор маршал 41-р галт тэргээр явсан” гэж өгүүлжээ. Гэрч үлдээхгүй гэж Г.Дэмидийг галт тэргэнд суулгасан Архинчиевийг устгасан бололтой.

Г.Дэмидтэй хамт явсан Гомбосүрэн, Доржиев нар хожим баривчлагдсан. Г.Дэмидийн эхнэр Б.Навчаа ч бас баригдсан зэргээс үзвэл энэ хэрэгт хамаатай хүн бүрийг баривчлан хорьж устгах замаар гэрч үлдээхгүй байх бодлого явуулжээ гэж үзэж болох юм.

Өөр нэг баримт. Гэрчүүд болоод албаны хүмүүсийн баримт хоорондоо их зөрдөг. МАН-ын архивын баримтаас үзвэл Дэмид Тайга өртөөнд ирээд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Эсвэл Тайга өртөөнд ирээд эмнэлэг хүрэх замдаа нас барсан гэх зэргээр зөрүүтэй мэдээлдэг.

Эхнэр Б.Навчаа нэгэнтээ ...”Дэмидийг хорлон алах гэж эртнээс хүсдэг байсан ба түүнийг маневраар явахад нь алах бэлтгэж байсан гэнэ билээ хэмээн надад нэгэн орос эмэгтэй ярив”.... гэх зэргээр өгүүлж байжээ. Маршал өөрөө хувийн орос тогооч эмэгтэйтэй байсан бөгөөд тэр эмэгтэйг Зөвлөлтийн чекистүүд зориуд маршалыг тагнах гэж бэлтгэсэн байх боломжтой. Нөгөө талаар тэр орос эмэгтэй мэдээлэлд ойрхон байсан хийгээд хожим баригдан Орос руу гарсан зэрэг нь сэжиг бүхий байгаа юм.

Доржиевын эхнэр Дагзмаа 1961 онд БНМАУ-ын Цагаатгах ажлын комиссын дарга Т.Гэндэнд дараах зүйлсийг хэлж байжээ. ....Г.Дэмидийг СССР-ийн Дотоод яамны хэсэг ажилтнууд аваад явсан ба Дэмидтэй уулзах гэхэд уулзуулсангүй, Жанцанхорлоо нас барсан байхыг харлаа гэж миний нөхөр Доржиев надад хэлж байсан..... гэж өгүүлжээ.  Доржиев нь М.Фриновский, Миронов нар Дэмидтэй уулзсан уулзалтыг баривчилгаа гэж ойлгосон байлаа ч Жанцанхорлоог үхсний дараа Дэмидийг барьжээ гэж ойлгохоор.

Удалгүй Маршалыг санаатайгаар хороосон гэх яриа МАХЦ-ийн дунд ид тархаж эхэлжээ. Мэдээж хэрэг хайртай жанжнаа алдсан цэргүүдийн дотроос юу эс гарах вэ. До яамнаас аливаа цуу яриаг тас цохин “Гэндэн-Дэмидийн” эсэргүү бүлэг гэгч үлгэр зохион нэг шуугианыг нөгөө шуугианаар нам даржээ.

Г.Дэмидийн аллага хэнд ашигтай байсан бэ? Зөвлөлтөд ч тэр Монголд ч тэр аль алинд нь ашигтай байжээ.  

Нэгдүгээрт, Г.Дэмид бол Монголд Зөвлөлтийн цэргийг оруулахын эсрэг этгээд бөгөөд Зөвлөлтийн аливаа асуудалд саад тээг болж болзошгүй гэж үзсэн байна. Дэмидийг үгүй болсны дараа Монголд Зөвлөлтийн 57-р корпус орж ирэн Халхын голын дайн эхэлж БНМАУ татагдан орж улмаар газар нутгаасаа алдсан, бас хамгаалсан түүхтэй.

Хоёрдугаарт, Г.Дэмид Монголын До яамны хууль бус олон үйл ажиллагаа тэр дундаа улс төрийн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэж байсан нь уг яамны удирдлага болоод бусад хүчний дургүйг хүргэсэн. До яам нь МАХЦ-ийн боловсон хүчнийг голчлон баривчлан шийтгэж байсан нь Батлан хамгаалах хүчин чадлыг бууруулсан маш хортой үйл явдал болсон юм.

Гуравдугаарт: Г.Дэмид БНМАУ-ын маршал, бүх цэргийн жанжин, ерөнхий сайдын орлогч, цэргийн зөвлөлийн дарга гээд бүхий л том албан тушаалд ажиллаж цэргийн бүхий л удирдлагыг гартаа авч улс төрийн талаар үлэмж том нөлөөтэй болжээ. Тиймээс Дэмид төрийн эрхийг гартаа авч Зөвлөлт Орос улсыг хаяж Япон луугаа нийлэх нь гэсэн яриа засгийн дээд хэсэгт шивэр авир яригдах болжээ.

Дөрөвдүгээрт, Г.Дэмид Зөвлөлтийн цэргийн нэрт жанжин маршал Тухачевскийн цэргийн номлолыг хэлбэрэлтгүй тууштай даган хэрэгжүүлэгч нэгэн байсан ба Тухачевский Зөвлөлтөд мөн адил цэргийн шинэчлэл хийх гээд хавчигдан гадуурхагдаж улмаар 1937 оны 6 сарын 12-нд цаазаар авуулсан. Тиймээс Дэмидийг бараг Тухачевскийн заавраар хөдөлдөг холбоотон гэж хардах үндэслэл байжээ. Зөвлөлтийн тал Тухачевскийн эхнэр, ээж, ах, дүү нарыг цаазлах, цөлөх зэргээр шийтгэсэн нь Дэмидийн гэр бүлд оноосон шийтгэлтэй адилхан байна.

Тавдугаарт, Г.Дэмид Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй таарахгүй, тэдэнд хатуу шударгаар хандаж байсан юм. Тухайлбал, 1934 онд МАХЦ-ийн Жанжин штабын даргаар ажиллаж байсан орос хүн Шеког ажлаа муу хийсэн гэж үзэн анх удаа Монгол хүнийг даргаар тавьсан нь Ж.Малж юм.

Зургадугаарт, Г.Дэмид, Х.Чойбалсан нарын хоорондын харилцаа их түвэгтэй байжээ. Х.Чойбалсан 1936 оны 10 сард К.Е.Ворошиловт бичсэн нэгэн захидалдаа “Г.Дэмид бол бүгдэд хүндлүүлсэн том хүн болохыг оролдож байдгаас гадна хувьсгалын соргог манаа болсон ДЯЯ-ны аппаратыг хувийнхаа дуулгавартай зэвсэг болгохыг чармайж, энэ чиглэлээр ажиллаж байна” гэж бичээд энэ захидлаа монголчуудаас нуухыг хичээнгүйлэн гуйж байжээ. Хэзээний Зөвлөлтийн үнэнч ажилтан Х.Чойбалсан Г.Дэмидийг хороох ажилд гар бие оролцсон нь лавтай.

Г.Дэмидийн баз цэргийн клубын захирал, К.Баторун хэлэхдээ....“Маршал Чойбалсан бол жанжин Дэмидийг их хялайж үздэг байсан. Жанжин Дэмидийг хорлох явдлыг манай дотроос хийсэн байх. Жанжин Дэмидийг эндээс хэдийд гарав хэмээн тэр хорлосон этгээдэд утас очсон байх” гэж байжээ.

Долдугаарт, Г.Дэмидийг нас барсны дараагаар Зөвлөлтийн тал 1937 оны 9 сарын 2-нд Х.Чойбалсанг Цэргийн яамны сайд Бүх цэргийн жанжны албан тушаалд томилж, мөн сарын 10-ны өдрөөс Японы тагнуулын байгууллагын даалгавраар тагнуул үйлдэх, бослого, гаргах, алан хядах, ЗХУ-тай тогтоосон харилцааг таслах үйл ажиллагаа явуулсан хэмээх хилс хэргээр нам, төрийн удирдах ажилтан, цэргийн зүтгэлтэн нарыг юуны өмнө хоморголон баривчилж хэлмэгдүүлж эхэлсэн юм. И.Сталины шууд заавраар ийм үйл ажиллагаа явуулахад ихээхэн саад болж байсан хүн бол Г.Дэмид байв.  Тиймээс түүнийг зайлуулах шалтгаан болжээ.

Маршал Г.Дэмидийн үхэл одоо ч нууц хэвээр байна. Үүний нууцыг мэдье гэвэл Оросын КГБ-ын архиваас авч үзэж болно. Тэнд баримт заавал л байж таараа. Хэрэв хүсвэл шүү дээ.

Г.Дэмидийн амь насыг хороох ажил Зөвлөлтийн чекистүүд, түүний үнэнч дуулгавартай зарц Монголын До яам тэдгээрийн гар хөл оролцсон гэдэг нь цор ганц үнэн юм. Энэ хэргийн материал ил болох нь гагцхүү цаг хугацааны асуудал билээ.

Маршал Г.Дэмид, "барон" хэмээх Төмөрийн Дашзэвэг.

Зүүн гараас партизан н.Содномдаржаа, Ерөнхий сайдын 1-р орлогч Х.Чойбалсан, Бүх цэргийн жанжин, маршал Г.Дэмид, Сумьяа бэйсийн төрсөн дүү Лаврын Дэндэв нар. 1936 он

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 29. 8:49
Зочин

cv

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]