Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Дайнаас болж эмэгтэйчүүд хөлийн үсээ хусах болсон түүхУншсан9,823

Хаанаас ашиг олж болохыг капиталистууд мэдэх хойно удалгүй үйлдвэрийн тусгай багаж гарч ирсэн бөгөөд нэг жишээ нь энэхүү оёо бүхий шилэн триког зурах багаж.

Хэдэн жилийн өмнө Формула 1-ийн дэлхийн хоёр удаагийн аварга Фернандо Алонсо хөлийн үсээ хусаад  шорттой явсан нь өрсөлдөгч нар төдийгүй энэ уралдааны олон зуун сая фэнүүдийнхээ тоглоом тохууны бай болж, хэвлэл мэдээлэл, зурагчдын ярих бас нэг том сэдэв болж билээ. Эрэгтэй хүн хөлийн үсээ хусаж болдоггүй учир нь зөвхөн эмэгтэй хүн л ийм “эрхтэйгээс”  тэр гэдгийг бид бүгд мэднэ. Гэтэл саяхан болтол ийм байгаагүй юм гэнэ лээ.

Моод гэдэг аймшигтай зүйл. Нэгэн цагт эмэгтэй хүмүүс ханцуйгүй цамц өмсөх моодтой болсон бөгөөд энэ үеэс эхлэн суганы үс гэдэг зүйл эмэгтэйчүүдийн хувьд илүүдэж эхэлжээ. Иймэрхүү жишээ олон арав л бий байх. Харин хөлийн үс хусах тухайд бол арай өвөрмөц сонин түүхтэй юм байна.

 

Дэлхийн хоёрдугаар  дайн. Америкийн Нэгдсэн улс дайнд албан ёсоор орж хамаг зүйлээ фронтод, ялалтад зориулах кампанит ажил өрнөх нь тэр. Байгаа мөнгө төгрөг, эд зүйлсээ харамгүй зориулж байсан олон сая хүмүүсийн дотор бүсгүйчүүд нэгэн зүйлээр ялгарч байсан нь өөрсдийн хуучин, шинэ “шилэн трико”-г фронтын хэрэгцээнд авчирч өгч байгаа явдал байв. Та үүнийг Японд насанд хүрээгүй охидын хуучин дотуур хувцас худалддаг шиг зүйл, тийм нэг хачин явдал гэж бүү ойлгоорой. Америк бүсгүйчүүдийн энэ үйлдэл нь илүү эх оронч, прагматик үйл ажиллагаа байсан юм. Дайн эхлээд бүх л нейлон болон нимгэн торгоны үйлдвэрлэгч нар шүхэр үйлдвэрлэх ажилд дайчлагдаж эхэлж. Тэглээ гээд ч нейлон хүрэлцээгүй байсан бөгөөд эмэгтэйчүүд тэрхүү "шилэн трикогоо" ялалтын төлөө, шүхэр үйлдвэрлэхэд зориулж өгч байсан нь тэр. Энэ бол үнэхээр сайхан хэрэг байсан бөгөөд тухайн үед эмэгтэй хүн шилэн трикогүй гудамжинд гарна гэдэг байж боломгүй гэх үү, тун бүдүүлэг, өөрийгөө бусдыг үл хүндэлсэн хэрэг байлаа. Гэтэл дэлгүүрт шинэ “шилэн трико” зарах битгий хэл хуучин “шилэн трико” авч фронтод зориулах тийм хэсэг, тасаг бий болсон үе байдаг. Хамаг юмаа эх оронч сэтгэлээсээ болж үгүй болгосон эмэгтэйчүүд гудамжинд өвдөг нүцгэн гарах хэрэг үү? Эмэгтэй хүн энэ зэргийн юмны учрыг олохгүй бол эмэгтэй хүн биш байхсан.

Шингэн шилэн трико гэдэг юм гарч ирэн “моод”-нд орлоо. Энэ нь эмэгтэй хүний хөлийг тусгай өнгө, найрлага бүхий шингэнээр будаж яг л шилэн трикотой мэт харагдуулах ид шидтэй зүйл байв. Зарим нэг нь энэ будгаа бодит шилэн трико мэт харагдуулахын тулд бүр ард нь оёотой болгож зурж байсан байна. Үсчин, гоо сайхны газарт иймэрхүү үйлчилгээ олноор байгуулагдаж хамгийн их ашиг орлого олж байсан гэдэг. Зарим эмэгтэйчүүд хиймэл шилэн трико дээрээ оёо төдийгүй ганц нэг цоорсон сэмэрсэн, нөхсөн мэт болгож зуруулж байснаас харахад энэ шилэн трико гээч нь  ихээхэн чухал эд байжээ.

Хаанаас ашиг олж болохыг капиталистууд мэдэх хойно удалгүй үйлдвэрийн тусгай багаж гарч ирсэн бөгөөд нэг жишээ нь энэхүү оёо бүхий шилэн триког зурах багаж. Ийм байдлаар нүцгэн хөлөө трикотой мэт харагдуулахад амархан байлгүй яахав. Гэхдээ энэ бүх багаж хэрэгсэл ашиглах, зурах үед нэг л зүйлийг заавал хийх шаардлагатай  байсан нь хөлийн үс хусах явдал. Хэдий олон трико зуруулна төдий чинээ л үсээ хуссан байх ёстой. Ингэж байж л жинхэнэ шилэн трикотой мэт харагдана. Дайн дуусаж нейлоны үйлдвэрлэл аажуухан сэргэж, энхийн цагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн тул шилэн трико ч янз бүрийн загвараар гарч эхэллээ. Гэхдээ хөлийн үсгүй байж сурсан эмэгтэйчүүдийн хувьд энэ нь эмэгтэй хүнд байх ёстой нэг шинж болон үлджээ. Нэг бодлын сонин, инээдтэй ч гэмээр түүх юм даа.

P.S.

Хөлбөмбөгчин эрчүүд бүгд шахам хөлийн үсээ хуссан байдгийг та мэдэх үү? Яагаад ?

Хөлийн үс нь агаарын эсэргүүцлийг их болгох учир хусаж аван аэродинамик чанарыг сайжруулж, хөлөө хөнгөлж, хурдтай болж байгаа  хэрэг.  Хошигнох яахав. Үнэндээ бол хөлийн иллэг хийх, гэмтэл авсан үед яаралтай анхны тусламж үзүүлэх үед хөлийн үс их саад болдог учраас тэр юм гэнэ лээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]