Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зента орчмын тулалдаан буюу туркуудын маанийг уншсан ньУншсан11,374

Цэргүүдийнхээ тэргүүн эгнээнд явж байсан Султан Мустафа II нь Тис голын гармаар гараад дөнгөж буудаллаж эхэлж байх үед Евгенийн цэргүүд араас нь нэхэж гүйцэж иржээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Өөрсдийнхөнтэйгөө халз үзэлцсэн нь нийтлэлдээ Австрийн арми Туркийн армийг нэхэж яваад ямар гээч шившигтэй байдлаар өөрсдийгөө гутаан доромжилсон тухай бичиж байсан билээ. Тэгвэл энэ удаа өмнөхөөс дутахгүй шуугиан тарьж түүхэнд үлдсэн нэгэн будлиантай тулалдааны тухай өгүүлэх бөгөөд оролцогч тал нь мөн л Австри тэргүүтэй Европын арми, Туркийн (Османы эзэнт гүрэн) удирдлага доорхи лалын арми юм. Үйл явдал нь алдарт “Карансебешийн тулалдаан”-аас бараг 100 жилийн өмнө буюу Европын нутагт болсон ба түүхэнд Зента орчимд болсон тулалдаан хэмээн алдаршсан билээ.

Османчууд Европ гэдэг сайхан нутагт эзэн суухаар санаархаж янз бүрийн үйл ажиллагаа, дайн дажин хийж байх үедээ Вена хотыг маш их сонирхож байлаа. Европын төвд байрладаг, худалдааны олон замын уулзвар цэг болсон энэ хотыг сонирхохгүй байхын ч аргагүй. Харин эзэд нь болох хотын оршин суугчид, Австрийн арми Османы хаадуудад ийм боломж олгосонгүй.

1683 онд Туркууд Венаг эзлэн авахаар сүүлийн удаа цэрэг хөдөлгөж  хотыг бүслэн хаасан ч хариу цохилтыг тэсэж чадалгүй ухарчээ.

Тухайн үед османууд Европчуудыг бодвол цэргийн тооны хувьд ихээхэн давуу боловч болохгүй бүтэхгүй олон зүйл энэ армийг нэрвэж байв. Энэ нь сахилга бат гэдэг зүйл ерөөсөө байхгүй шахам болсон, дарга цэргийн тушаал, тэр тусмаа амь өрссөн тушаалыг биелүүлдэг хүн байхгүй зэрэг зүйлүүд байв. Энд тэндээс цуглуулсан буюу үнэндээ эзлэн түрэмгийлсэн газар нутгаасаа татсан цэргүүд, лалын шашинтан нэртэй ашиг хайсан хөлсний цэргүүд “Османы эзэнт гүрний их үйлийн төлөө амиа өргөх" байтугай жаахан шалбархай олох ч дургүй болсон тэр үе байлаа.

Европчуудын хувьд ч ялгаагүй шахам буюу цэргийн тоогоор ихээхэн дутуу, сахилга бат гэдэг зүйл бас л тааруухан, хангамж болон цэргийн цалин мөнгө гэдэг зүйл авалгүй олон сар болж урам зориг нь хугарсан тийм нөхдүүдийн бөөгнөрөл болсон цаг.

Энэ армийг Унгарын нутагт байх үед  Савойн Евгенийг тус армийн ерөнхий командлагч болгосон тухай мэдээ тарж, шинэ жанжин ч ирсэн даруйдаа олон өөрчлөлт хийж эхэллээ (гер. Prinz Eugen von Savoyen ).  Энэ хүн нь герман, австри, унгар болон бусад Европын бусад нутгаас ирсэн “үл бүтэх” нөхдүүдийг эмх журамд оруулахын тулд хамгийн түрүүнд цэргүүдийн урам зориг, байлдах хүсэл зоригийг сэргээх ёстой цалин мөнгийг нь тавьж өгөхөд онцгой анхаарч эхэлжээ. Нэлээдгүй хөөцөлдсөний дүнд еврейн банкнаас зээл авч чадсан байна.  Энэ зээлээрээ цэргүүдийн цалин мөнгийг нь өгч чадсан ч зэвсэг хэрэгслээр хангах гэж бас нэг том ажил байлаа. Тухайн үед энэ хүний мэдэлд 50000 гаруй цэрэг байснаас тал нь л бүрэн хэмжээний хуяг дуулга, сэлэм жадтай буюу байлдааны ажиллагаанд оролцох боломжтой байсан юм байх.

Савойн Евгений

Ийм үед унгарчууд дахин 20000 орчим бүрэн зэвсэглэсэн цэрэг явуулснаар Евгенийн арми ихээхэн өөр болж, Туркийн армитай халз үзэх чадалтай болсон байна. Гэхдээ л 70000 гаруй цэргийнх нь өөдөөс Османы 80000 (бүр 100-125 000, үүнээс байлдах чадвартай нь 70 000 орчим гэсэн тоо ч байдаг юм байна) давсан цэрэг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

Османы арми Белградыг эзлэн авсан тухай мэдээ авсан Евгений өөрийн армийн боломжит бүх л цэргийг Унгарын нутаг, Трансильвании (нөгөө Дракулаг санаж байгаа биз) орчим буюу Петервардейн хэмээх газар цуглууллаа. Цуглуулсан цэргийн тоо 55 мянга орчим. Шинэхэн жанжин ирсэн цэргүүдээ бүрэн үзлэгт оруулж,  дайтахад бэлэн болсон байна гэж үзээд Туркуудыг энэ хавьдаа халз үзье гэж "урилаа". 1697 оны 8-р сарын турш Евгений ийм “хүсэлт шаардлага"-ыг олон удаа хүргүүлсэн ч туркууд тоолгүй ийш тийш маневрлан, дайны хувьд онцгой чухал ач холбогдолгүй хот цайзыг эзлэн, хувхайртал нь дээрэмдчихээд орхих байдлаар тэнүүчилсээр байв. Угаасаа ч намар болж байсан учир тэдний хувьд өвлийн бэлтгэлээ базаах, найдвартай өвөлжиж болох газар олох хэрэгтэй байлаа. Султаны армийн командлагч ийм газрыг урьд нь хэд хэд өвөлжсөн Тимишоарын ойролцоох эдлэн гэж үзээд цэргээ аван тийшээ зүглэсэн буюу Мустафа II султаны хувьд Евгенийтэй үзэлцэх биш өвлийг өнтэй давах нь чухал байв.

Харин Евгений султаныг хаашаа явсныг мэдээд араас нь мөшгиж эхэлжээ.

Цэргүүдийнхээ тэргүүн эгнээнд явж байсан Султан Мустафа II нь Тис голын гармаар гараад дөнгөж  буудаллаж эхэлж байх үед Евгенийн цэргүүд араас нь нэхэж гүйцэж иржээ. Гэхдээ Евгенийн цэргүүд идэвхтэй ажиллагаа хийхгүй байсан учир туркууд гол гатлахаа эрчимжүүлж хамаг их буугаа гармаар гарахад зориулж баглаж, боож бэлдэж эхэлсэн байна.

Туркийн цэргүүдийн бараг тал нь гол гарч байх үед буюу чухам үүнийг хүлээж байсан Евгенийн цэргүүд их буугаар буудаж эхэллээ. Энэ үед туркуудын мэдэлд 80 гаруй их буу байсан боловч ихэнхийг нь гол гаргахаар бэлдсэн учир Европынхны 60 их бууны өөдөөс хариу өгөх юм гэж бараг байсангүй.

Голын ганцхан гарам дээр хориглолт маягийн юм байгуулсан туркуудын гол дунд их бууны сум тэсэрч эхлэх үед султаны цэргүүдийн дунд үймээн самуун дэгдэж эхэллээ. Жанжнууд нь ч ийм байдлаар цэргүүд бүгд амь хоохойлон зугтвал аймшигтай төгсгөл угтана гэж ойлгож байсан учир гүүрийг Крымийн татар болон Турк янычар нараар хамгаалуулж, зохион байгуулалттайгаар гол гарах, энэ хооронд бусад цэргүүд нь европчуудын дайралтыг тэсэн барьж байх гэсэн төлөвлөгөө гаргаж. Харин Евгенийн хувьд их бууны буудалтаа дуусангуут морин цэргүүдээ дайсны хоёр жигүүр рүү дайрч, туркууд хамаг цэргээ энэ хэсгүүдэд татах үед нь урдаас нь халз дайрна гэж тооцоолж байв.  Гэтэл хоёр жигүүрээр дайрсан морин цэргүүд хамгаалалтыг нь сэтлээд Османы цэргийн лагер дотор ороод явчихлаа. Ганцхан гарам дээр хашигдан байсан турк цэргүүд бүгд сандарч бачимдан гол гарах гэж тэмүүлж эхлэхэд замбараа цадиг гэдэг юм бүр мөсөн үгүй болсон нь ойлгомжтой. Гүүрээр гарч чадаж байгаа хүн байхгүй, хий овооролдон нэгнийгээ дарж байх энэ үед Европын морин цэргүүд тэрхүү буруу номтнуудыг ядах юмгүй нөгөө ертөнцөд нь илгээж байлаа. Голын нөгөө талд гараад байсан султан халаг хоохой болохоос өөр яаж ч чадсангүй. Түрүүлж гол гаргаж амжсан хэдэн их бууныхаа галаар дэмжих гэсэн ч Туркийн лагерь дотор европчууд ороод ирсэн учир нэгэнт хоцорсон хэрэг.

Гүүрээр гарч чадахгүй болж түгжирлээ гэдгийг ойлгосон Туркийн цэргүүд Евгенийн харгис сэлмэнд өртөхгүйн тулд гол руу үсэрч эхэлсэн ба нэг хүн л үсэрсэн бол сүргийн инстинктээр бусад нь бөөн бөөнөөрөө дагадаг жамаар олон мянган цэрэг гол руу үсэрч, унаж эхэлсэн байна.  Тэдэн дотор сэлж чаддаг, чаддаггүй хүн олон л байсан байх.

Маш богинохон хугацаанд болсон энэ тулалдааны талбарт Османы тал бүрэн ялагдал хүлээж, бараг 15 мянгаас 20 мянган цэргээ алдсан гэдэг. Үүн дээр голд үйсэн 15 мянга орчим хүний тоог нэмэхээр ямар аймшигтай хохирол амссан нь ойлгомжтой. Дээр нь цэргийн хангамжийн асар их эд хэрэглэл, хоол хүнс, 87 их буу, бүр Султаны тамгаа алдсан гэдгийг заавал нэмэх хэрэгтэй. Харин европчууд ямар хохирол хүлээв ээ?

Тэд 500 орчим хүнээ алдаж, 1500 орчим хүн хүнд хөнгөн байдлаар шархдаж гэмтсэн байна. Ердөө л энэ.

Энэ ялалтын дараа тухайн бүсэд Туркийн нөлөө гэдэг юм үгүй болсон ба Европ дотор Австрийн нэр хүнд ихээхэн өсөж, тухайн бүс орчмын тэргүүлэх гүрэн болсон билээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 28. 8:52
Зочин

Europe tuuhendee gants udaa yalalt baiguulj dee hoorhii bainga mongol-tureguudeer arisaa huuluulj baisan humuus...

2020, 12 сар 22. 21:10
Зочин

сургамжтай сайхан түүх байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]