Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Х.Чойбалсан: Эр хүн долоо дордож найм дээрдэж явдаг юм...Уншсан1,756

“Амарбаясгалант гэдэг сонин хийд байдаг гэнэ. Түүнийг гурвуул явж үзэж ирье”

Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН “БҮРЭН ЗОХИОЛ” дэд боть 1998 онд хэвлэгдсэн ба энэхүү номд орсон “Маршал Х.Чойбалсангийн бага нас” хэмээх бүлгийг уншигчдадаа хүргэж байна. Маршал Х.Чойбалсангийн бага насны тухай дурдатгалыг Ц.Дамдинсүрэн гуай дөчөөд онд бичсэн бололтой.

Нэгдүгээр хэсэг: "Жимээ, Шарав нар хэцүү чанга хүмүүс тул Чойбалсан баахан ширвээтэн эмээнэ"

Хоёрдугаар хэсэг: “Огодогийн чоно явж байна, яагаад энд ирэв?“


ТАВ

Маргааш өглөө нь босоод манай хоёр хүү хөлийн модчиноор гарч явтал замд багана модыг хооронд нь нэгэн жигд зайтайгаар суулгаж дээр үзүүрт цагаан лонх хадаад мөн лонхыг хооронд нь урт утсаар холбосныг анх үзэж, энэ нь хүмүүсийн ярьдаг төмөр утас мөн гэж танив. Тэгш шугамаар зэллэн босгосон эдгээр төмөр утасны модыг Чойбалсан маш сонирхон ажигласан боловч дэргэд нь очсонгүй. Харин шивнэлдэн ярьж холуур явав. Учир нь энэ утасны модны дэргэд хүн яривал аль ч газар сонсдог гэдэг тул түүний дэргэд ойр очиж үг чанга ярилцвал бидний дуу манай нутагт сонсдож биднийг мэдэх болуузай гэж битүү сэжиглэж нэлээд холхон зогсож үзэх ба холуур явдаг байжээ. Удалгүй Баянзүрх уулын ар ёроолоор урссан Туул голыг хүрч гүүрээр гарав.

Эндээс Их хүрээний зах харагдав. Хүрээний өмнө этгээдэд өчигдрийн харсан Богд хан уул сүндэрлэж, тэртээ баруун зүгт Сонгино гэдэг хар уул харагдана. Хойд этгээдэд уужим энгэр ба Чингэлт, Сэлбийн нуруу зэрэг өндөр уулс нөмөрлөжээ.

Энэ олон уулаар хүрээлэгдсэн өртөө орчим хэмжээний уужим хөндийд олон юм барганан, их хот харагдаж хоёр бяцхан хүүг даллах мэт уриална. Удалгүй Их хүрээний зүүн захад хүрч хятад маягийн байшин барилгатай гудамжаар оров. Энэ нь Маймаа хот бөгөөд одоогийн Амгаланбаатар ажээ. Тэр хоёр мөн хотын дундуур явж байшин барилга, пүүс худалдаа зэргийг дэс дараалан ажиглан явсаар нэгэн гуанзанд тохиолдон орж, хар цай ууж суутал хятад тогооч хэдэн үг шулганан хэлээд мантуу, бууз зэргийг авчран өгөв. Чойбалсан нар баахан өлссөн тул хоолыг ажиггүй идээд гарах гэтэл гуанзны хятад мөнгө нэхвэл Чойбалсан өвөртөө гараа оруулж сахиус мэт гэрлэж зүүсэн өнөө тавтын цаасаа барилан үзвэл эх Хорлоогийн царай нүдний өмнө харагдах мэт болж хайрт эхийн өгсөн энэ мөнгийг хэрхэвч зарахгүй үүрд хадгална гэж сэтгэлдээ тогтоон гараа өврөөс сугалав.Үүнээс өөр мөнгөгүй тул гуйж олсон самбай хадаг хэдээр хоолны үнийг төлжээ. Тэндээс гарч баруун зүг чиглэсэн дардан замаар яваад орос консулын хоёр давхарлаг байшинг үзэж, ийм уран сайхан байшин байдаг ажээ гэж магтан хэлэлцсээр явтал удалгүй Их хүрээний төвд орж ирэв.

Хотын дотор өвс мэт олон хүн шоргоолж мэт бужигналдан явна. Гудамжинд эхнэр ба чавганц нар сууж бяцхан хайрцаг дэлгэж зүү, утас товч зэрэг аар саар юмыг худалдаална. Дулдуй барьсан лам нар ном уншиж мөнгө бадарлана. Элдвийн сохор доголон хүмүүс алга тосож хүн бүрээс ганц хоёр мөнгө гуйна. Бас гудамжинд хуур барьсан үлгэрч хүмүүс сууж үлгэр буюу шүлэг аялан өгүүлнэ. Мөнгө өгсөн хүнийг элдвээр магтана. Мөнгө өгөөгүй хүмүүсийг хараана. Мөнгө өгөхгүй бол лам ноён гэж айхгүй элдэв уран үгээр хараахыг Чойбалсан сонирхон чагнаж “Ийм уран үгтэй цэцэн ухаантай хүн яагаад гуйлгачин болж гудамжинд суудаг билээ” гэж гайхав. Тэр цагт Монголын хамгийн тэнэг хүмүүс олны толгой дээр гарч хамаг сэргэлэн хүмүүс уланд гишгэгдэн орхигдсоныг залуу Чойбалсан энэ хэр гүйцэд мэдээгүй боловч их л гайхаж боддог байжээ. Зээлийн газар элдэв хачин нарийн бараа дэлгэсэн их их дэлгүүр байх бөгөөд түүнд цөм хятад хүмүүс бараа худалдаалж байна. Толгойгоо орхимжоор ороосон тарган лам нар хөдөлж ядах мэт аажмаар ийш тийш алхана. Эднийг хармагц Чойбалсангийн сэтгэлд Сан бэйсийн хүрээний багш Самдан ба харгис лам гэвхүй нар санагдаж, толгойн үс өрвийх мэт болно. Шувууны далавч мэт том үстэй эхнэрүүд ба шинс отго зүүсэн ноёд бас нэлээд үзэгдэнэ.

Энэ газар таних хүнгүй, буух газаргүй дэмий л элдвийг гөлрөн харж сонирхож явтал ашгүй нэгэн нутгийн банди Тарви гэгчтэй зээлийн газар учирчээ. Банди Тарвиас: “Та нар сая ирээд буух газаргүй яваа бол манай гэрт оч” гэвэл хөдөөний хоёр хүү дуртай зөвшөөрч түүнийг дагалдан Гандангийн баруун өмнө этгээд дэх хэдэн гэрийн дунд байгаа  нэгэн гэрт очив. Банди Тарви нэгэн дүлий ядуу ламтай хамт суудаг ажээ. Тэр айл хоол өгсөнгүй, хар цай ууж хатуу ааруул идээд унтав. Маргааш өглөө Чойбалсан нар явж өчигдрийн үзсэн зах зээлийн газар ирж мөн элдвийг сонирхон үзсээр ямар ч ажилгүй наран шингэх шахмагц өнөөх Тарвийнд очиж хонох гэтэл тэр Тарвийн зан өчигдрөөс ондоо болж хувирсан байв. Түүний хэлсэн нь:

“Манай энд дөрвөлжин мод дөрвөн шар цай, гурвалжин мод гурван шар цай байдаг юм. Та нар ямар ч ажилгүй ингэж тэнэж явах болбол хэрхэн хоолоо олж иднэ. Манай гэр бага, зайгүй, хоол унд өөрсдөдөө ч үл хүрэлцэнэ. Та нарыг удтал гэртээ байлгаж чадахгүй. Бид хурал хуйд хуран гадагш явдаг хүмүүс тул хаалга цоожтой байдаг. Бидний эзгүйд ирвэл та нар яах вэ? Үүрч ирсэн шуудайгаа зайлуул”гэж хөөх байдал гаргахад тэднийд аргагүй нэг шөнө элдэв ярвигтай үг сонсож хоноод өглөө болмогц эрт босож шуудайгаа үүрч өнөөх мэддэг болсон худалдааны зах дээр ирж элдэв дэлгүүр пүүс ба олон хүнийг сонирхон харж явтал гэдэс өлсөхөд самбай хадгаар бага сага боов, мантуу худалдан авч идээд явж байтал үдэш болов. Одоо хаа очиж хонох вэ? гэдэг асуулт гарч хоёул зөвлөсөн, үүнд Чойбалсан хэлж гэнэ: “Бид хоёр нэг таних хүн олсон, гэтэл биднийг хөөв. Өөр таних хүн хаанаас олно? Хэрэв оловч бас л биднийг хөөх биз. Зарим хүн биднийг хөөвч энэ Монгол нутаг биднийг хөөхгүй. Биднийг Тарвийнд хоноход тэдний гэрээс баруун тийш ойрхон эвдэрхий дөрвөлжин том шавар хэрэм үзэгдсэн биш үү. Түүний нөмөрт очиж хоноё” гэвэл нөгөө нөхөр нь “зөв” гэж хоёул яваад тэр шавар хэрмийн ёроолд очоод ганц шуудайгаа хумхин дэрлэж, дэвсгэргүй зэрэгцэн унтав.

Хотын зүгээс олон нохойн дуу үргэлжлэн сонсдоход эргэн тойрон нохойноос өөр амьд амьтангүй мэт санагдана. Шөнийн салхи исгэрэн үлээж хог ба өвсийг хийсгэн хэрмийн нөмөрт хэвтэж байгаа тэр хоёрын нүүр дээр хаяна. Уужим огторгуй дахь залуу саран нэг хар үүлнээс мултран гаравч нөгөө хар үүлний цаана далдран халхлагдана.

Гэвч үүл нь салхинд хөөгдсөөр хэзээ ч арилаад хиргүй саран тунгалаг огторгуйд үлдэхийг тэд лавтай мэднэ. Тэр хоёрыг нутгаас гарахад сая намар болж дулаан байсан боловч одоо нэгэнт сэрүүн болсон тул шөнө хучлагагүй даарах болов. Чойбалсан эхийн хийж өгсөн улаан хүрэн өнгийн балчуу гэдэг гадартай тэрлэгийг өмсөж явсаар хуучирч урагдах шахжээ. Хоёул тийнхүү шөнийн сэрүүнд даарч элдвийг бодохын дээр чулуу шаврын ирмэг доороос нухах тул даруй унтаж чадахгүй эргэлдэн хэвтэхэд Гэндэн-Яринпил хэлэв: “Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ” гэдэг үнэн байна. Бид хоёр өөрийн нутгаас гарч энэ газар юу эрж ингэж яваа билээ? Орох гэргүй, оочих аягагүй ингэж явах үнэхээр хэцүү байна. Харья, буцъя” гэж гашуудан хэлбэл, Чойбалсан: “Эр хүн долоо дордож найм дээрдэж явдаг юм” гэж огт ажиггүй унтана.

Маргааш өглөө босоод харвал мөн хэрмийн дотор хоёр хар гэр байна. Тэр хоёр мөн хэрмийн дээгүүр явж үзээд “Энэ ямар сонин хэрэм вэ? Хэдийд ямар хүн барьж хэн оршиж байгаад ингэж орхисон бол? Анх шинэ байхдаа ямар жигтэй сонин хэрэм байсан бол?” гэж харилцан хэлэцсээр үд болоход өнөөх захын элдэв юм санагдаж хүрч ирээд баахан хэсүүчилж явсаар орой болоход эвдэрхий хэрэмдээ очиж хонов.

Энэ эвдэрхий хэрэм болбол тэр үеэс жараад жилийн урьд баруун зүгт цагаан малгайтны самуун дэгдэхэд Их хүрээг хамгаалахын тул Хятадын хув хүүгийн цэргүүд ирж энэ хэрмийг байгуулан сууж байгаад, уг самууныг дарагдмагц Хятад нутагт буцсан бөгөөд тэдний барьсан хэрмийн эвдэрхий үлдэгдэл нь энэ байжээ.

Хэрмийн ёроолд хэд хоноод нэг өглөө босоход хэрмийн доторх хар гэрээс нэгэн ядуулаг янзын лам хүн гарч хоёр хүүг дуудаж уулзан нутаг усыг асуугаад: “Та нар хол газраас ирсэн хүүхэд байна. Энэ газар таних хүнгүй. Шавар хэрмийн ёроолд унтаж байх нь үнэхээр бэрх хэрэг. Манай гэрт очиж цай уу?” гэвэл хоёул тэр ламыг дагаж гэрт нь очиж халуун цай ууж танилцав. Тэр ламын нэр шаамий гэдэг Пунцаг бөгөөд туйлын ядуу айл байв. Шаамий Пунцаг тэр хоёртой их л харилцаж гэртээ байлгахад татгалзахгүй мэт тул тэднийд хэд хонов.

Чойбалсан нар нутгаас гарсаар гуч гаруй хоног болох завсар хоолоор дутагдавч эхийн өгсөн тавтын цаасыг ер зарсангүй. Хүзүүндээ хайрлан зүүж хааяа эхээ санахад цаасаа задлан үзэж сэтгэлээ тайтгаруулна.

Нэг өдөр тэр хоёрт шаамий Пунцаг хэлэв:”Та нар ингэж ажилгүй дэмий тэнэж явбал гэдсээ яахин тэжээнэ? Удахгүй хүйтэн болж үстэй дээл хэрэгтэй болно. Би та нарт хоол ундыг харамнахгүй өгч байя гэвч, ганц биеийн хоол олж чадахгүй ядуу хүн. Гагцхүү хурлын цав манзын шавхрууг горьдож амьдарна. Иймд та хоёрт хоол олж идэх нэг ажлыг хэлж өгье. Манай энд мах хүргэж түүнээс мөнгө олж амиа тэжээдэг ядуу хүн ба хүүхэд олон бий. Хотын хүн захаас мах худалдаж аваад өөрөө барьж явдаггүй. Хүнийг хөлслөн гэртээ аваачуулаад, газрын хол ойрыг харгалзан тав гурав мөнгөний хөлсийг өгнө. Хонины бүхэл махыг холын хороонд хүргэвэл, арав шахам мөнгөний хөлс олох бөгөөд зөвхөн өрөөл махыг хүргэвэл таван мөнгөний хөлс олно. Нэг өдөр хэд дахин мах хүргэх нь магадлашгүй боловч бараглавал өдрийн гуч дөчин мөнгө олж болох тул энэ ажлаар гэдсээ тэжээж чадахаар үл барам, өмсөх хувцсаа ч олж болно” гэх зэрэг тайлбарлан хэлсэнд, Чойбалсан нарт мөн ч зүгээр ажил мэт санагдаж хийхээр шийдэв.

Түүний маргааш шаамий Пунцаг, Чойбалсан нарыг дагуулан махны зах дээр авчирч яргачин хүмүүстэй танилцуулан мах хүргэгч болгов. Тэр үеийн махны зах бол одоогийн хотын захиргааны халуун ус байгуулсан товгор газар дээр байсан бөгөөд яргачин хүмүүс нядалсан хонь, үхрийн махыг тэргэн дээр ачиж авчраад ил тавин өөрсдөө худалдаалдаг байжээ. Чойбалсан энэ үед арван долоон нас хүрч хонины бүхэл махыг үүрэх чадалтай болсон боловч дадлагыг олоогүй учраас өрөөл махыг хүргэж гурав дөрвөн мөнгөний хөлс олно. Нэг өдөр чармайж олон дахин явбал хорь гучин мөнгийг олж чадна. Тэгэж олсон мөнгөөр хоол унд авч идээд үлдсэнийг хадгалах ба хэдэн мөнгө илүүчлэн гаргаж хонины гэдэс буюу толгой шийрийг худалдан аван шаамий Пунцагийнд аваачиж чанаад хамт идэлцэнэ. Үүнд шаамий Пунцаг урамшуулан сайшааж улам дотночлон харилцах болов.

Чойбалсан мах хүргэж үргэлж гүйж явах тул гутал нь элэгдэж оймс нь цоорч урт замд шалбарсан хөлийн өсгий ба хуруунууд нь дахин улайж шалбарав. Сайн амьдралыг хүсэж ирсэн Чойбалсанд энэ удаа сайн амьдрал олдсонгүй. Харин шавар хэрмийн нөмөрт хоргодох буюу бусдын авсан махыг үүрч дөнгөж гэдсээ тэжээж байна. Гэвч энэ амьдрал нь лам болж бэлэн хоол идэж хийдэд сууснаас дээр санагдана. Урьд хийдэд албадагдан сууж лам нарт дарлагдаж үзсэн бөгөөд одоо хөлсний зарц хүү болж ядуу ардын зүдүүрийг биеэр үзэж улам хатамжтай болж явна. Ядуу ардын хүү сайн амьдралыг хэдий эрэвч олдохгүй ямагт дарлагдаж явахаас өөр замгүй байдлыг саянаас ухаарч байна.

Чойбалсан нэгэн өдөр баруун хорооны нэг айлд мах хүргэж гэрт нь орвол эзэн нь нэгэн өндөр том биетэй хар хөх царайтай, хурц сэргэлэн байдалтай хүн, бор царайтай залуувтар эхнэрийн хамт сууж байна. Тэд Чойбалсангийн нутгийг асууж, цай ба идэх юм өгсний дараа тэр хар хүн хэлэв: “Эцэг эхээс хол амьдрахын эрхээр мах хүргэж яваа хөөрхийлөлтэй хүү байна. Үүний гутлыг тайлж оймсы нь үз. Цоорч муудсан байлгүй дээ” гэхэд эхнэр нь Чойбалсангийн гутлыг тайлж оймсы нь цоолдож өгөөд, эелдэг сайхан үгийг хэлж явуулав. Үүнд залуу Чойбалсан ихэд баярлажээ. Ардын дотор дарлагдал зовлон их учраас хүн бүхэн амиа харж өнөө маргаашийг мэнд өнгөрүүлэхийг боддог боловч ард түмэн харилцан дайсан болоогүй, ардын дотор халамжтай сайн хүмүүс олон бөгөөд бие биеэ дэмжих туслах хүсэл байгааг таньж мэдэв. Тэрхүү Чойбалсангийн оймсыг цоолдож өгсөн гэрийн эзэн нь автономийн үед цэргийн гавъяа байгуулж баатар цол олсон Ярин баатар мөн бололтой.

Чойбалсан мөн хэвээр мах үүрсээр хоёр сар шахам олон зүйлээс хоолны зардлыг гаргаж үлдсэн олз нь арав шахам цөлкөв цаас байжээ. Нэг өдөр амбан хааны хороо (одоогийн 4-р хороо)-нд мах хүргэж явтал өнөөх “отоггүй “Батмөнх тохиолдож: “Аа чоно, чи ингэж яваа юу? Эх ах хоёроосоо салж энд ирээд ийм бохир ажил хийж явдаг юм уу? Мах хүргэж хэдэн мөнгө оловч өмсөх хувцас гутал чинь яаж тэсэх вэ? Мах хүргэсээр хувцсаа урж орхивол хэн чамд хувцас өгөх вэ? Намайг дагаж яв. Манай тэнд оч. Амархан мөнгө олох ажил байна. Нэг шөнө хөлсний манаа манавал хорин мөнгө олно. Мөнгө олоход гагцхүү чиний чадал мэдэх хэрэг” гэж аргадах загнах хоёр зүйлийг хослон хэлээд шууд дагуу-лан явав. Чойбалсан дуртай дургүй “отоггүй” Батмөнхийг дагалдаж амбан хааны хорооны хойд бие, Сэлбийн голын баруун захад байгаа олон гэр майханд хүрч очвол энэ нь Сэцэн хан аймгийн олон хошуудын цэргийн байр байжээ. Тэнд очоод Чойбалсан бусад хүмүүсийн төлөө хэдэн мөнгөний хөлсөөр манаа манах болжээ.

Тэр үеийн цэргийн хүмүүс цэргийн сургууль хийхгүй.

Бас хэрэв мөнгөтэй бөгөөс өөрөө манахгүй. Ядуу хүнийг 10-20 мөнгөөр хөлслөн авч төлөөнөө мануулна. Мөнгөгүй ядуу хүнд хоол ба хувцас олдохгүй тул айлын түлээ хөрөөдөх зэргээр мөнгө олохыг оролдоно. Цэрэгт баялаг этгээд, язгууртан тайж нар, лам нар, хамжлагын эрс мордохгүй. Гагцхүү сумын эрс цэрэгт явна. Гэтэл сумын эрчүүдийн дотроос баялаг этгээд нь ядуу хүнийг хөлслөн төлөөнөө цэрэгт мордуулна. Иймийн тул цэргийн хүмүүс их төлөв ядуу ард байна. Хэдэн мөнгө олохын төлөө хөлсөөр ирсэн цэргүүд сахилга журмыг хичээхгүй, харин оргож зайлахыг оролдоно. Тэр үеийн бүх цэргийг хоёр анги хуваарилна. Монголыг хятадаас салах үед анх татсан цэргийг “хүрээ цэрэг” гэж нэрлэж улсын сангаас сар тутам есөн янчааны цалин олгоно. Хойно дахин дайчилсан цэргийг “хөдөөгийн цэрэг” гэж нэрлэж тус, тусын аймаг, хошуунаас хүнсийг бэлтгүүлэх ба байлдаан болбол тэднийг урьдал болгон мордуулна.

Цэргийг дайчлахдаа манжийн үед зохиогдсон эмх цэгцгүй сум гэдгийг баримтална. Нэг сум нь анх нэг зуун тавин эрээр зохиогддог байжээ. Хэдийгээр цэрэг нь сахилга ба боловсролгүй боловч байгуулалтын талаар Чингисийн морин цэргийн байгуулалтыг дууриасан байжээ. Арван цэргийн дотроос нэгийг дарга болгож үлдэх есийг хуягласан цэрэг гэнэ. Эр бүрд хоёр морь өгнө. Тавин цэргийг нэг анги болгож нэг зуугаас хоёр зуу хүртэлх тооны цэргийг нэгэн хороо гэнэ. Хэрэглэх зэвсэг нь манжийн үед нум сум, цахиур буу байсан ба мяндсан бамбай дээл, товь малгай өмсөнө.

Автономийн үед соёмбо үсэгтэй шар туг, бярдаан буу, сэлэм хийгээд хааяа тэр үеийн оросын зээлдүүлсэн винтов бууг хэрэглэнэ. Хүнсэнд ямаа өгнө. Цэрэгт татагдах эрсийн насны хэмжээгүй, арван найман настай залуучуудаас дөч тавь хүрсэн хүмүүс хүртэл байна. Цэргийн хувцас ба хоолны зардалд сар тутам есөн цаасны цалингаас гадна, ямар ч орон сууц, хоол хувцасны тусламжгүй байжээ. Монголын цэрэг ийнхүү барих сайн зэвсэггүй, байлдааны мэргэжилгүй боловч Монголыг тусгаар тогтнуулах хэрэгт гавъяатай зүтгэж хил хязгаарт ямар дайсантай тулалдавч тухай бүр дийлж ирдэг байжээ. Энэ нь Монгол ардын эх орондоо хайртай ба байлдаанч авъяасыг гэрчилнэ.

Чойбалсан овойсон товь малгай ба хөвөнтэй бамбай дээл өмсөж бярдаан буу үүрч нэгэн цэргийн төлөө хойд хүрээнд байгаа Богдын шар ордныг манахаар анх удаа гарав. Шар ордон гэгч хуучин их хүрээний төвд байх бөгөөд шөнө бүр арав шахам цэрэг манана. Манааны цэргийг хамт зэрэгцүүлэн явуулахгүй цувуулан явуулах ба ямагт тогшуур тогшиж чимээ гаргаж явах үүрэгтэй байна. Унтаж амарч ер болохгүй. Хэрэв тогшуурын дууныг тасалдуулбал хаалгач лам ирж бургасаар занчина. Үүнээс хойш мөн шар ордон ба Цэцэн ханы хашааг хөлсөөр манаж явах болов. Цэцэн ханы хашааг манахад шөнийн уртад тэсэхгүй болж, түр сууж амарвал хөх цагаан шил жинстэй годгор отготой хиа ирж хулсан ташуураар занчина. Энэ мэт зүдэрч олсон хэдэн мөнгөөр хоол авч аль таних айлд аваачиж чанаж иднэ.

Заримдаа гуанзанд орж хоол иднэ. Чойбалсан анх ирэхдээ энэ газар ямар ч танилгүй байсан атал энэ завсар мах хүргэх, манаа манах зэрэг ажил хийж яваад нэлээд хүмүүстэй танилцжээ. Тус хотод ирсээр анх танилцсан шаамий Пунцаг хэлэв: “Чи энэ өвлийн хүйтэнд манаа манаж явснаас нэг айлын тогоо барьж үстэй дээл олж өмсөн бие амар өвөлжвөл дээр биш үү” гэвэл Чойбалсангийн санаанд зөв санагдаж “Тийм тогоо бариулах айл байна уу?” гэж асуувал шаамий хэлэв: “Зүүн хүрээнд нэг чавганц ганцаар суудаг юм. Өглөө босох ба цай хоол хийх хүн эрж байгаа гэнэ. Тэнд очиж дулаан хувцас олж өмсөн өвөлжинө үү? Сар тутам хэдэн янчаан өгөх гэнэ билээ” гэвэл Чойбалсан даруй зөвшөөрч манааны ажлаас гарч тэр чавганцынд очиж суув. Түүний гэрт өглөө босож цайг чанах ба түлээ хагалж хоолыг хийх зэргээр зарцлагдан байжээ. Тэр чавганц Чойбалсанг ажилд сайн, биед асрамжтайг мэдэж, шар даалимбан гадартай үстэй дээл, хуучин гутал, малгай ба хэдэн төгрөг өгөв. Чойбалсан энэ чавганцын ажлыг хийж өвөлжөөд 1913 оны хавар болж байтал ондоо нэгэн айлын тогооны хүн болж зарцлагдан яваа хамт ирсэн банди Гэндэн-Яринпил, Балдан-Осор гэдэг нэгэн үл таних хүнтэй хамт ирж: “Амарбаясгалант гэдэг сонин хийд байдаг гэнэ. Түүнийг гурвуул явж үзэж ирье” гэвэл Чойбалсангийн юм үзэх мэдэхийг хичээдэг төрөлхийн авъяастай яг тохирсны дээр Амарбаясгалантыг Монгол дахинд алдаршсан сонин орон гэдгийг урьд сонссон тул дуртайяа зөвшөөрч гурвуул явахаар шийдэж өдөр болзож тарав.

Дөрөвдүгээр бүлэг: “Ай хөөрхий Чойбалсан гэгч чи юу, эх чинь манайд бууж уйлж гунихарсаар буцав"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]