Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ж.Мөнхбат аварга: "За Цэрэн минь энэ жилийн наадам чинийх шүү"Уншсан36,544

1970 онд дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн яг манай наадамтай давхцаад хоёр Мөнх барилдаж чадаагүй уг тэмцээнд явсан гэнэ лээ.

Спортын ахмад сэтгүүлч С.Түвдэнням гуайн 1992 онд бичсэн Ж.Мөнхбат аваргын тухай ярилцлага, тодруулга тайлбар бүхий "Хаях би яараагүй байхад" номын хэсгээс түүх сонирхогч, үндэсний бөхийн хорхойтон уншигчдадаа хүргэж байна.


- Таныг багадаа бөх болох хүсэл, мөрөөдөлтэй явсан гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз ээ.

- Би бага хүүхэд байлаа. Бөх болно гэдгээ ч бүр мэдэхгүй байсан цаг л даа. Миний том ах Ч.Хаянхярваа Буянт-Ухаад улсын их баяр наадам үзээд очив оо. Энэ бол 1951 он юм. Миний ах одоо 76 настай хүн бий. Намайг төрүүлсэн эцэг Чанцал одоо 90 гаруй настай, ануухнаараа. Том ах маань тэнхээ тамирын хувьд аавыг гүйцэхгүй, хөл гар нь их муудсаан.

Тэгээд ахаас би “Улсын наадамд барилддаг бөхчүүд хэр зэрэг том хүмүүс байх юм бэ?” гэвэл “Мундаг аа, мундаг” гэчихээд өөр юм хэлэх шинжгүй. Яагаад гэвэл бид тарвага агнах санаатай, би ахын морийг хөтөлчихөөд тэмээ туугаад, ах тарвага хараад явж байсан л даа. Ахаас би “Тэр бөхчүүдийн чинь гуя энэ тэмээнүүдийн гуянаас том уу?” гэж асуувал “энэнээс хамаагүй том” гэв. Тэмээний гуянаас том гуятай бөхчүүд байхаар бараг ахын биенээс том гуятай юм байх нь ээ гэж бодож билээ. Ингээд бодохоор бөх болох зөн билэг багад минь байсан юм шиг байгаа юм. Хожим бодоход ахын үзсэн наадамд Түвдэндорж, Чимид-Очир, Цэвээнравдан, Батсуурь нарын аварга, бусад лут лут арслан, заанууд барилдсан юм билээ.

- Бөх хүн удам дагаж төрдөг гэсэн. Та аль аль талын удамтай вэ?

-  Би хоёр талын (аав, ээжийн) бөхийн удамтай юм билээ. Гэхдээ бөх хүн удам дагадаггүй гээд хэлчихсэн явдал бий. Энэ бол бөхөд дуртай хүүхдүүдийг ноцолдуулж тэднээс бөх гаргах гэсэн санаа юм. Одооноос л удам судар, ургийн бичгийн тухай ярих болж л дээ. Хэзээ урьд нь удам судар байтугай ач зээгээ ч ялгадаггүй байлаа шүү дээ.

Миний удам гэвэл, Намайг төрүүлсэн аавыг Доржийн Чанцал, ээжийг Дэмбэрэлийн Хажид гэдэг хүмүүс байв. Бид эцэг эхээс арван нэгүүлээ төрсөн бөгөөд би арав дахь нь буюу хамгийн отгон хүү нь юм. Намайг дөнгөж гаргаад ээжийн бие өвдөөд доройхон байжээ. Бас олон хүүхэдтэйг ч хэлэх үү, хэцүү байсан байх л даа. Яг энэ үед миний нагац ах Дэмбэрэлийн Жигжид манайд ирж таарсан юм гэнэ лээ. Тэрээр манайхны ахуй байдлыг харж мэдээд “Та нар энэ нялзрай амьтныг тэжээж чаддаггүй юм бол би тэжээчихье” гэж хэлээд намайг өвөртлөөд давхичихсан юм гэсэн. Ингээд би “үрчлэгдсэн” юм билээ. Тэгээд л Жигжид аавын хүү болж Мөнхбат гэдэг нэрийг авчээ. Жигжид аав амьдралын хар ухаан ихтэй, юм юмны захтай хүн явлаа. Намайг төрүүлсэн аав Чанцал ах дүү гурвуулаа хүн. Аав маань тухайн цагтаа овоо тахилга, сумын наадамд барилдаж, үзүүр түрүүнд хүрэх юм уу, голдуу дөрөвт үлддэг байсан юм гэсэн. Аавын барилддаг байсан тухай манай нутгийн улсын заан мойл хэмээх Зундуй, цэргийн заан Тангад гуай нар ярьдаг байсан. Ер нь манай нутаг хошуу сайн сайн бөх олонтой байсан юм гэдэг. Намайг бага байхад хөгшчүүл нутгийн сайн бөхчүүдийн тухай их ярьцгаадаг сан.

Ээжийн талаас гэвэл өвөг эцэг (буурал аав) цүл хэмээх хочтой Дэмбэрэл их том биетэй, бяр тэнхээтэй, найрч, наргианч, цайлган цагаан хүн байсан юм гэдэг. Өвөө аав маань айраг их уудаг, уухаараа хоёр сүвээ нь хоёр ташаагаа даваад ирдэг байсан юм гэнэ лээ. Бодвол ингээд цүлхийгээд ирдэг болохоор нь “Цүл” гэж хоч өгөө ч юм билүү. Ээжийн дүү өндөр хэмээх Гүнд хэд хэдэн сумын наадамд түрүүлсэн, их ч бяр тэнхээтэй хүн байсан гэлцдэг. Манай нутгийнхан хуучин Өндөрширээт сумын Наранбэлэхийн худгийг «Өндөр» Гүндийн худаг гэдэг юм. Худгийн хашлага чулуунуудыг миний нагац ах Гүнд өргөж, өрж тавьсан гэнэ лээ. Би залуудаа тэр чулуунаас өргөх нь байтугай хөдөлгөж чадаагүй юм. Миний мэдэх, миний хоёр талын бөх, хүч бяртай хүмүүс гэвэл энэ бөгөөд тэрнээс цаашихыг нь би мэдэхгүй юм. Тэд ч надад хэлж өгсөнгүй.

-Та бараг хөлд орсон цагаасаа л «барилдаж» ноцолдож өссөн байлгүй.

-Ёстой л тэгсэн дээ. Манай аав хүүхдүүдийг дандаа барилдуулдаг их сонин хүн байсан. Манай нутаг усны миний үеийн хэдэн хүүхдүүд хоорондоо дандаа ноцолдохоос гадна хээр бэлчээрт идээшилж яваа бух юм уу, буурыг хоёр талаас тууж нийлүүлээд бухын мөргөлдөөн, буурын ноцолдооныг харж бах таваа хангадагсан. Ер нь эцэг мал гэдэг ч үнэхээр сүр хүчтэй, хийморьтой амьтан юм билээ. Хоёр хүчтэй бух мөргөлдөж, хоёр хүчтэй буур ноцолдох үнэхээр бахтай боловч хамгийн гол нь аль нь дийлэхийг л хардаг байлаа. Мөн ч хөгийн байжээ. Хожим өөрөө ноцолдож, хүмүүс харахтай л ижил юм уу даа. Би сургуульд суулаа. Том бага ангийнхан гэж ялгахгүй бараг л өдөржин ноцолдоно. Барилдаж байгаа нь тэр л дээ. Би голдуу ойчно оо. Надаас гурван ангиар ах байсан, хожим нь аймгийн заан болсон X.Довдон, «Мөнхбатын толгой эрэг мөргөсөн юм шиг дандаа шороотой явдагсан» гэж хэлж билээ. Бодвол бие бялдар, тэнхээ чадлаар сулхан мөртлөө барилдах дур ихтэй байсны л шинж юм уу даа.

-Та чинь сургуульд сурч байхдаа «халзан бухандай» гэдэг хочтой байсан юм аа даа.

-Саяхан Бавуугийн Лхагвасүрэн надтай тааралдаад чамайг аваргаа, аваргаа л гэх юм. Үүнээс илүү том цол бол халзан бухандаа юм шүү гэдэг байгаа. Бавуу гуайн садга бид хоёр нэг сургуульд сурч байсан. Шүлэг мүлэг бичиж, зураг мураг зурж юм мэдэгддэггүй л байсан даг. Их авьяастай золиг шүү.

- Таныг бөх болоход хэн их тус болсон бэ?

- Намайг бөх болоход нэгд, манай нутгийн бөх Ч.Тангад гуай. Энэ хүн бас лам явсан бөгөөд бөхийг танихдаа тун гарамгай сан. Хоёрт, манай аав Жигжид. Гэхдээ аав амьдралын хар ухаан их зааж өгсөн. Тангад гуай надтай хаана ч тааралдсан бөх хүний бие галбир, хараа, хүч тамир, мэх, барилдааны арга, зориг тэвчээрийн тухай дандаа ярина. Тэгээд дээр үеийн олон сайн бөхийн тухай, тэдний барилдааны тухай олон сайхан зүйл ярина. Хээр тааралдвал үгийг нь чагнаж явсаар хариулж явсан хониноосоо холдож, эргэж хайхад хүрдэг байлаа. Бодвол Тангад гуай намайг бөх болох хүүхэд гэж бодсон уу, эсхүл бөхийн тухай сонсох дуртай хүүхэд гэж ойлгодог байсан уу, би мэдэхгүй л дээ.

С. Т: Тангад гуай өөрөө хэр барилддаг байсан юм бол...

Ж.М: Тангад гуай тойн хүний хүүхэд юм гэнэ лээ. Миний ярьдаг мойл Зундуй заан ядуу айлын хүү юм. Эцгийг нь хазгар Эрдэнэ гэдэг. Тангад гуай Тэсэнбулгийн хүрээний наадамд Зундуйтай үзүүр түрүүнд үлдээд барилдах болж. Хоёр эцэг нь зэрэгцээд сууж байж гэнэ. Тэгэхлээр нь Тангад гуай тэдний өмнө очоод “Даалимба гэвэл хазгар Эрдэнийн дэлдэн хөх, шир гэвэл Чүлтэм тойны цагаан” гээд гуяа алгадсан чинь хоёр эцэг нь хөгөө чирэхгүй юү.

Хазгар Эрдэнэ гуай “Чиний хүү миний муу хүүд баярхаж би шир заавал түрүүлнэ гэлээ” гээд омогдов гэнэ. Ингээд Тангад гуай Зундуйг өвдгөн дээрээ гараа тулаад өрөөд зогсож байхад гары нь гуятай нь давхар атгаад суйлчихсан юм гэнэ лээ. Нэг үгээр хэлбэл Зундуй гуай өрөөсөн хөлөө богочлуулчихсан гэсэн үг л дээ. Тэгэхээр Тангад гуай том ч биетэй бяртай ч байсан бололтой.

-Та анх том цолтой бөхчүүдээс хэнийг хаяж би бөх болох нь дээ гэж бодсон бэ?

-1958 оны майн баяраар юмдаг. Би долдугаар анги төгсөх гэж байлаа. Барилдаан болов оо. Улсын начин, Хөвсгөл аймгийн Бат-Эрдэнэ, аймгийн арслан Сэрээнэн, аймгийн заан Дагва нараас гадна сумандаа нэр алдартай олон бөхтэй тойргоор барилддаг юм байна. Би Бат-Эрдэнэ начинтай хоёр цаг гаруй ноцолдоод хэн нь ч хаяж чадсангүй. Тэгээд Бат-Эрдэнэ гуай “Хүүхэд унагаж дийлсэнгүй гэж ичсэн юм уу”, барилдаан дуусгалгүй хаяад явчихаж билээ.

-Хэн түрүүлсэн бэ?

- Аймгийн заан Дагва түрүүлж, би үзүүрлэсэн.

- Та чинь багаасаа л хоёр цаг гаруй барилддаг бөх байсан юмаа даа.

- Юу л даа. Нэг удаа Баянаа бид хоёр 2 цаг 18 минут барилдаж би арай гэж давсан. Бас хоёулаа хасагдсан. Дарга нарыг чилээлээ, мэх хийж барилдсангүй гээд бид хоёрыг захиргаадчихсан л даа. Удлаа л гэхэд 2 цаг гаруй л барилддаг байсан Түвдэн аваргын дэргэд бид хоёрын удаан барилдах юу ч биш юм л даа. Түвдэн аварга муухай Норовтой өдөржин барилдаж үдэш бүрий болгоод тавилцаж хоночихоод маргааш өглөө нь үргэлжлүүлээд үдийн хэрд салж байсан юм гэхчүүлээ.

ТОДРУУЛГА: 1942 оны наадмаар тавын даваанд Түвдэндорж аварга «мундаг» хэмээх Норов начныг аваад өдрийн 16.00 цагаас оройн 21.30 цаг хүртэл барилдаад хаялгүй тавилцаад маргааш 09.00-11.00 хүртэл барилдаад Түвдэн аварга давсан байна. Дараа нь Түвдэн аваргатай барилдсан «нахиу» хэмээх Санжсүрэн арслан «Түвдэнгийн хоёр гар огт мэдээгүй юм шиг хүчгүй болсон тул надад унасан» гэж ярьж байжээ. Энэ наадамд «хужаа» хэмээх Чүлтэмсүрэн түрүүлж нахиу Санжсүрэн үзүүрлэжээ. (Ахмад бөх Ц.Шагдаргочоогийн ярианаас. 1989 он. С.Т)

- Ч. Тангад гуай өөрөө бөх ч хүн, лам ч хүн юм аа даа. Бөхийг сайн таньдаг хүн байжээ.

- Манай нутгийн Чүлтэм тойны хүү Тангад гэдэг бол үнэхээр бэрх хүн. Би хотын барилдаанд 1960 оноос эхэлж гарсан. 1961 оны МБАТ-ий анхдугаар спартакиадын барилдаанд түрүүлэхдээ Дамдин аваргыг өвдөг шороодуулсан юм.

Тэр жил наадмын дараахан юмсан. Тангад гуай хэсэг хүмүүстэй айраг уугаад, хамрынхаа тамхийг үнэрлэнгээ бөхчүүдийн тухай ярилцаад сууж байна. Тангад гуай “Ардын хувьсгалын 40 жилээр Цэрэн гэдэг бөх түрүүлээд УЛСЫН АВАРГА цол хүртэв ээ” гэдэг юм байна. Би түүнээс Дамдин аварга хэр зэрэг бөх вэ? гэж асуусанд “Дамдинг холоос харахад бүдүүн жижигхэн юм шиг мөртлөө дэргэд нь очиход их цул, биенд нь өчүүхэн ч хонхор байхгүй юм. Мөн ч олон жил сайн барилдана даа” гэсэн юм. Үнэхээр л таньсан байгаа юм шүү. Улсын засуул Ш.Лүгдэв гуай “Маамын Лхагва арслангийн зооны мах нь товойгоод өгзөг нь томбойгоод, хэвтэж байхад нь гар орчих зайтай мөн ч сайхан бөх байж билээ” гэж ярьдаг байсан. Тэгэхээр бөх хүний бие галбир ондоо байдаг бололтой. Бөхийн шинж, морины шинжийн тухай ярилцдаг, тусгай судар номтой байдгийг бодоход монголчууд бөх, морио шинжихдээ гарамгай байж ээ.

Тангад гуай нэг удаа надад ингэж хэлэв ээ. “Миний хүүгийн шээс барилдахын өмнө олон олон хүрээд байвал барилдахаа больчихоорой гэв. 1975 оны МБАТ-ий спартакиадын барилдааны өмнө миний шээс их хүрдэг юм байна. Би барилдахаа больчихдог юм билүү гэж бодлоо. Нэлээд бодож сууж байгаад сугалаа татлаа. 14 нойморыг сугалав. Сэтгэл амарсан ч юм уу, шээс хүрэхээ больчихдог юм байна.

Эхлээд Хайдав, Мөнгөн, Баянмөнх, Лхамаа, Дорноговийн Цэгмэд (Увсын хүн л дээ) нартай сугалаа таарав аа, Хайдавт ойчлоо. Мөнгөнийг дарж уналаа. Баянаад заларчихваа, Лхамааг давлаа. Энэ бол их сонин юм билээ. Хүний бие махбод цаагуураа ямар нэгэн юмтай холбоотой байдаг, тэр нь биед ямар нэгэн шинж тэмдгээр илэрдэг бололтой юм.

С.Т: -Тангад гуай Цэрэн аварга, Сосорбарам арслан нарын тухай бас хэлсэн үг байдаг гэл үү.

Ж. М: -Тийм ээ. Би улсад барилдаж байхдаа Сосорбарам, Эрдэнэ-Очир хоёроос их айна. Намайг ч их хаясан л даа. 1962 онд Сооёо намайг дувт унагав. Тангад багш надад хэллээ. “Цэрэн аварга гэдэг чинь яах ч аргагүй Түшээт хан аймгийн Ханд чин вангийн хошууны бөхийн толгой доо. Түүний цээжинд ойртох хүн байхгүй ээ. Эхээс төрөхдөө өвдөг нь муу төрсөн юм билээ. Аав ээж нь орондоо шээж магадгүй гээд ташаан толгойг нь хавчиг болгочихсон юм байна. Дөч хүрснээс нь хойш агуу их цээжийг нь бөгс нь дийлэхгүй байхаа даа” гэв.

ТАЙЛБАР ТОДРУУЛГА: Цэрэн аварга үнэхээр гүндүүгүй сайхан монгол эр. Хэн ч харсан хэнэггүй. Бидний хайрлаж явдаг бөхчүүдийн нэгэн гэвээс Булган аймгийн Сайхан сумын харъяат Сэрээтэрийн Цэрэн даян аварга мөнөөс мөн юм. Цэрэн аваргын ташаан толгойг нь л жаахан хавчиг гэдэг юм. Тиймээс ч Тангад гуай бөх хүний тэр “дутагдлыг” ажиглаад тийнхүү хэлсэн юм болов уу. Түүнээс биш монгол бөхийн шинж төгс бүрдсэн бөх юм гэнэ лээ.

Монгол хүн бөх таньдаг тухай дэгээ хэмээх Гончиг засуулчийн Цэрэн аваргыг хараад хэлсэн үгийг Мөөеө аварга «Түмний минь түшиг» номондоо ийн өгүүлжээ. Тэр жил улсын даян аварга Цэрэн цол аваагүй шинэ цэрэг байхдаа зааланд барилдаж байлаа. Гончиг гуай түүнийг харж нэлээд сууснаа “Үгүй хө. Булган аймгийнх гэл үү. Энэ өндөр бор цэрэг алсдаа юм сонсгоно доо. Яагаа ч үгүй байхдаа бөхийн хэрэглэл юмаа бэлдсэний нь бодсон ч, бөх хүний төрх намба, хөдөлгөөнийг нь харсан ч сайн бөх болно доо” гэж билээ. Нээрэн ч Цэрэн начин 1961 онд улсад түрүүлж улсын аварга цол хүртсэнийг бодоход ч үнэхээр Ханд чин вангийн хошууны бөхийн толгой байжээ.

1991 оны өвлийн адаг сарсан. Цэрэн аварга манай спортын хэвлэлийн нэгдсэн редакцаар сайхан ногоон цэмбэн тэрлэг хэдэрсэн, бүрх малгай шилэн дээрээ тавьчихсан, дүүрэн юмтай болов уу гэмээр цэнхэр цүнх тохойндоо «өлгөчихсөн» орж ирлээ. Бас нэг хүн хамт явж байна. Зохиолч, яруу найрагч Жан.Шагдар «Монгол бөх» сэтгүүлд даян аваргын тухай нэгэн зүйл бичих байсан бөгөөд урд өмнө тохиролцсоны дагуу ийн ирж байгаа нь тэр юм байж. Аварга том хөөрөг гарган өрөөнд байсан бүх хүнтэй тамхилав. Шагдар гуай ч асуух юмаа асууж лавлаж тодруулж эхэллээ.

Аварга ний нуугүй ярьж байна. Би тэднин яриаг таслаад аваргаас,

- Би танаас дам дуулж сонссон нэг хачин юм асууя гэвэл,

- За гээд юу хэлэх нь үү гэсэн аятай сониучирхан над руу харлаа. Тэрбээр би,

- 1970 онд дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн яг манай наадамтай давхцаад хоёр Мөнх барилдаж чадаагүй уг тэмцээнд явсан гэнэ лээ. Тэгээд явахдаа Мөнхбат аварга Танд, «За Цэрэн минь энэ жилийн наадам чинийх шүү гэж хэлээд тэр тэр тэдэд үлдэнэ, төдийн даваанд тэрийг аваарай» гээд даваа бүрд таны авах амыг бичиж өгсөн юм гэнэ лээ. Тэгсэн чинь Та өмсдөг Дамдиндорж гуайг тавын даваанд авч барилдаж ойччихоод тахимаа өгөөд буцаж явахдаа Мөөеө аваргын нөгөө бичгийг гаргаад үзсэн чинь Дамдиндорж зааны нэр байгаагүй юм гэнэ лээ гэлцдэг. Тэр жил Дамдиндорж гуайг шоронгоос гарсан ч гэдэг билүү. Тэр үнэн юм уу, аварга аа? гэсэн чинь нэг лут инээснээ,

- Тэгсэн юм, энэ үнэн үнэн гэж билээ. Би, дахиад аваргаас,

- Танд хэдийн даваа хэцүү байдаг вэ? гэж асуувал,

- Надад тавын даваа л хэцүү. Тав давчихвал ч дээшээ явчихна даа. Би Лхагвасүрэн генералаас болоод олон жил сайн барилдах байснаа чадаагүй юм гэв.

- Яагаад гэсэнд,

- Намайг давчихаад ам авах болгонд над дээр Лхагвасүрэн гуай ирнэ. Манай Булганы хүн л дээ. Тэгээд надад “Цэрээн чи, энэ муусайн хөгшчүүлийг аваад яах юм бэ. Үеэ өнгөрөөж байгаа улс. Чи сайн залуучуудаас ав л даа” гэж хэлнэ. Лхагвасүрэн гуайн хэлснээр ам аваад заримдаа заларчихна даа. Би хүний үгэнд их оромтгой хүн юм гэдгээ хожим ойлгосон гээд өмнөх жилүүдийнхээ явдлыг тэрхэн агшинд нэхэн дурсах мэт санаа алдсанаа баруун гарынхаа том алгаар нүүрээ шудраад,

- Шагдар аа, нэг юм олдохгүй биз гэв. Шагдар гуай,

- Аварга аа, одоо юу ч олдохгүй гэвэл,

- Би дараа та нар дээрээ нэг юмтай ирнээ гэж нэмж хэлэв.

Би дахиж аваргыг шалгаасангүй. Бидний энэ уулзалтаас хойш гурав хоног өнгөрч байлаа. Меөеө аварга биднийг өглөө ажилд ирмэгц «Цэрэн аварга өнөө өглөө нас барчихжээ» гэж хачин дуу хоолойгоор утасдав. Даян аваргатай ярилцсан миний сүүлчийн уулзалт энэ байсан юм.

Монгол бөхийн 33 шинж төгс бүрдсэн даян аварга С.Цэрэн, дархан аварга Х.Баянмөнхийн хамт

Дараа нь даян аваргын тухай Жан.Шагдар гуай «Эрийн заяа, насан төөрөг» гэсэн ярилцлага-тэмдэглэл бичиж нийтлүүлсэн юм. Түүндээ “Даян аварга маань бага ахуйдаа нутгийнхаа улаа бутарсан сайхан бүсгүйтэй ханилан суужээ. Түүний нэр Хандаа. Үйлэнд уран, үг цөөтэй, хөдөө хангайн эгэл даруу бүсгүй байлаа. Аав ээж хоёрын хайрын цэцэрлэг дундаас дөрвөн хүү, зургаан охин төрж өсөж, арваад өрх нэмжээ. Ойрмогхон уулзахуйд аварга маань гэрийнхээ хоймор ханхайн суугаад, “Хэдэн хүүхэд маань амьдралын учиг сэжим атгаж эхэллээ. Хоёр охин минь Сайхан сумандаа гэрлэж нэгдэл маань ч хувь, хишиг өгсөн. За даа, амьдрал гэдэг чинь агуу их далай юм аа. Баргийн эр туулахгүй юм байна. Одоо л нэг амсхийх шиг байна. Хэдэн хүүхдээ гарын дүйтэйд нь баярлаж сууна. Одоо чинь ам биш гар хөдөлдөг цаг боллоо” хэмээн ярьж билээ.

Аварга маань өөрөө зодог шуудаг хийж бөхчүүддээ буян хийсэн. Хувийн үйлдвэр эрхэлж байна гэдгээр хэлмэгдэж шийтгэгдэн нутаг заагдан шаналж мэгдэж явсан өдөр Цэрэнд бий. Тэр цаг мөч нуруун дээр тавьсан ачааг ёстой л эрийн сайнд үүрч гарч чадсандаа, хөөрхий минь гэж бичсэн нь бий.

ШИГТГЭЭ: Ардын хувьсгалын 70 жилийн ойн наадмын барилдааны тухай Мөөеө аварга ингэж ярив,

  - Цэрэн бид хоёр олон жил үерхсэн дээ. Гаднаас нь харахад бүдүүн тоймын бөх хүн гэхэд юм юм оёхдоо мөн ч уран шүү. Миний зодог шуудгийг Цэрэн аварга оёсон юм. Бас дээл эсгэнэ, оёно.

  Гурвын даваа гэхэд Булганыхан бараг нурав аа. Цэрэн аварга над дээр ирээд, «Мөөеө, чи намайг дөрвийн даваанд авчих. Би чамд өртэй хүн. Элдэв шалдав залуучууд дагаад» гэдэг юм байна. Би ч тэгье гээд л авчихлаа. Тэгсэн чинь наадамд дахиж би барилдаж чадахгүй гэсэн тэр хүний зөн совин байж л дээ, хөөрхий.

Үргэлжлэл, хоёрдугаар хэсэг: "Төв аймгийн гурван чононы амнаас гарлаа, одоо л начин болно оо"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]