Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сансарт бут үсэрсэн Коламбиа хөлгийн сүйрлийн шалтгаан юу байв?Уншсан10,715

...NASA-гийн мэргэжилтнүүд дахин нэг аймшигт явдал болсныг шууд л ойлголоо.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Америкийн сансрын олон дахин ашиглах Шаттл хөлгүүд “Мир” станц болон “Олон улсын сансрын станц”-тай (ОУСС) залгагдахын өмнө доош харсан байрлалтай ойртож байгаа олон зураг бий. Станцтай залгагдахын өмнө хийх энэ маневр ямар нэг маяг, сайхан зураг авахуулах гэсэн үйлдэл огт биш харин аюулгүй байдлыг хангах, шалгах маш чухал үйлдэл байжээ. Аюулгүй байдлын дүрмийг цусаар, амиар төлж байж бичдэг гэдэг. Тэгвэл долоон хүний амь алдсаны дараагаас хийх болсон ийм үйлдэл нь Шаттл хөлгийн халуунд тэсвэртэй хавтангууд бүрэн бүтэн байна уу гэдгийг сансрын станцаас харж, шалгах зорилготой юм. Колумбиа (Коламбиа) хөлгийн сүйрлээс хойш сансрын станцтай залгагдах Шаттл хөлгүүд ийм маневр хийдэг болсон билээ.

2003 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр NASA сансраас эргэн ирэх Колумбиа хөлгийг газардуулахад бэлдэн бужигнасаар. Хөлөг тойрог замаас гарах явцад ямар нэг бэрхшээлгүй, бүх зүйл хэвийн явсаар 08 цаг 44 минутын үед агаар мандалд орлоо.

Яг энэ үед зүүн далавчны дор байрлах буух ангийн дөрвөн мэдрэгч ажиллахгүй байгааг илрүүлж, удалгүй энэ хавийн бүх мэдрэгч таг болсон тухай Хьюстон Колумбид мэдээлж байх үед холбоо тасарчээ. Агаар мандалд орох үед холбоо тасрах учир хэн ч, юунд ч зовсонгүй. Гэвч холбоо эргэн сэргэх хугацаа болчихоод байхад таг чиг хэвээр байсан учир нислэгийг удирдах төвийнхөн сандралдаж, чухам яг юу болоод байгааг мэдэх гэж янз бүрийн оролдлого хийж эхлэх үед хэн нэг нь “Зурагтаар манай хөлгийн хэлтэрхий унаж байгааг харуулж байна” гэж хашгирчээ. Үнэхээр телевизээр тэнгэрээс унах олон зуун жижиг солир мэт зүйлийг харуулж байв.

NASA-гийн мэргэжилтнүүд дахин нэг аймшигт явдал болсныг шууд л ойлголоо. Сансар судлалын явцад амь үрэгдсэн Зөвлөлтийн Союз-1, Союз-11 хөлөгтэй холбоотой дөрвөн хүн, Челленжерийн долоо дээр нэмэгдээд бас дахин долоон хүн амь үрэгджээ. Харин яагаад ийм явдал болов?

Хөлөг сүйрснийг мэдэнгүүт тэр даруй мөрдөн шалгах ажил эхэлж сүйрлийн шалтгаан байж болох олон нөхцөл байдлыг шалгаж эхэлсэн бөгөөд эхлээд террорист халдлага байж болох тухайд ихээхэн анхаарч байсан гэдэг. Учир нь уг долоон астронавтын нэг нь Израилийн иргэн Илан Рамон байлаа. Гэхдээ ийм халдлага хийхийн тулд хөлөгт ямар нэг тэсрэх дэлбэрэх төхөөрөмж оруулах ямар ч боломж үгүй гэдэг нь тодорхой. Эсвэл сансрын хөлгийг бууж явах үед нь пуужин харваж унагасан хэрэг үү?

Тийм өндөрт байгаа хөлгийг ямар нэг террористууд байтугай нь унагаж чадахгүй төдийгүй Америкийн нутагт шүү. Иймэрхүү дайралтыг Америкийн пуужингаас хамгаалах систем анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй гэдгийг тогтоосноор хөлгийн сүйрэл нь Колумбиа хөлгийн техникийн гэмтлээс болсон байж болзошгүй гэдэг чиглэл дээр хамаг хүч анхаарлаа дайчилжээ.

Хөлөг бууж эхлэх үед зүүн далавчны дор байрлах дугуйнуудын дөрвөн мэдрэгч гэмтсэн, дараа нь бүх мэдрэгч ажиллахгүй болсон нь тухайн үедээ айхтар санаа зовоох зүйл биш байж. Техникийн найдвартай ажиллагааны хувьд ихээхэн асуудалтай Спейс Шаттл системийн хөлгүүд сансарт нисэх үед иймэрхүү жижиг сажиг гэмтэл хэдэн арваараа гарч байдаг учир дээрх мэдрэгчтэй холбоотой зүйлүүд бусад шалтгаантай адил ердөө л нэг анхаарах ёстой жижиг гэмтэл зүйл төдий байж. Гэвч олон жилийн судалгаа, олон зуу, мянган туршилт шинжилгээний явцад чухам энэ мэдрэгчүүд сүйрлийн шалтгаан байж болох шинж тэмдгүүд илэрч байсан байна. Яагаад мэдрэгч ажилгүй болсон бэ гэвэл гаднаас орж ирсэн маш халуун агаарын урсгал тэдгээр мэдрэгчийг зүгээр л шатаасан учраас. Яагаад халуун урсгал орж ирсэн бэ гэвэл хөлөг буух үед үүсэх халуунаас хамгаалах тусгай хавтан тэр хавьд байхгүй болсон учраас. Харин яагаад тэр халуунд тэсвэртэй тусгай хавтан үгүй болов оо? Өмнө нь тиймэрхүү ганц нэг хавтан унаж л байсан Америкийн Спейс Шатлл, Зөвлөлтийн Буран хөлөгт иймэрхүү хавтан 40 000 орчим ширхэг байдаг ба хөлөг зүгээр л буугаад ирдэг байсан учир гайгүй л баймаар...

Урьд өмнө болж байсан хавтан гэмтэх, унаж алга болох явдлыг судалж шинжилж байсан NASA-гийн мэргэжилтнүүд ганц нэг хавтан үгүй болох нь хөлгийн аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтэд хүрч байсан билээ. Гэтэл бүх шинжилгээ, телеметрийн мэдээгээр халуунд тэсвэртэй хавтан үгүй болсон учраас халуун агаарын урсгал зүүн далавчны дотор орж удалгүй энэ далавч бут үсрэн хөлөг тогтворгүй болж агаарын эсэргүүцэл, өөрийн хурднаас болж бут үсэрсэн гэдэг нь ойлгомжтой болсон байна. Яагаад энэ хавтан алга болсныг судлан байх үед хөлөг хөөрөх үеийн нэг видео бичлэг анхаарал татжээ. Колумбиа хөөрөх үед түлшний савын “тусгаарлагч хөөс” (алив сансрын зөөгч пуужин хөөрөх үед мөс мэт зүйл пуужингийн их биеэс салан, бөөн бөөнөөрөө унаж байгаа нь олон харагддаг, тэр зүйл) унахдаа зүүн далавчийг онож жижиг хэмжээний нүх гаргасан (15-20 см) бололтой. Уг нь хөлөг хөөрсний дараа энэ бичлэгийг дахин нэг шалгаж үзсэн боловч дээр дурдсан шалтгаанаар аюулгүй гэж үзэн тэгсгээд орхисон байдаг. Орхихгүй гээд ямарваа нэг арга хэмжээ авах ч боломжгүй байжээ.

Колумбиа хөлөг нь Спейс Шаттл програмын дагуу хийгдсэн анхных нь бөгөөд сүүлд хийгдсэн бусад хөлгөөс нэлээд хүнд, “Мир” болон “ОУСС”-тай залгагдах модуль байхгүй, зөвхөн бие даасан нислэг үйлддэг байж. Мөн задгай сансарт гарах тусгай скафандр байхгүй, хэрэгтэй сэлбэг төхөөрөмж  ч үгүй учир засаж сэлбэх тухай ямар нэг яриа огт үгүй байж. Өөрөөр хэлбэл энэ хөлөг сансарт гарахдаа, гараад, буухдаа ямар нэг механик болон бусад гэмтэл авбал бурханд залбирахаас өөр ямар ч аврал байсангүй. Ер нь Спейс Шаттлын анхны нислэг хийх үед хөлгийг удирдах автомат систем байхгүй учраас хоёр астронавтыг хөөргөж цэвэр хүний амиар туршилт хийж байсан гэхэд буруудлаа гээд их хол буруутахгүй байх. (ЗХУ Бураныг хөөргөхдөө автомат систем ашиглаж, хүнгүй нислэг хийсэн байдаг) NASA-гийн ажил төрөл нэг иймэрхүү л байж.

Хөлгийн зүүн далавчийг эрчилсэн халуун агаарын урсгал зад татахад тэнцвэргүй болсон Колумбиа эргэлдэн шидэгдэж улмаар бут үсэрсэн бөгөөд энэ аймшигт явдал 41 секундын турш үргэлжилсэн байна. Хэдийгээр NASA энэ үед астронавтууд үхээгүй байлаа ч аль хэзээний ухаан алдсан байсан байж таарна гэж тайвшруулах боловч бодит байдал дээр тэрхүү хүмүүс ямар байдалд байсныг бид мэдэхгүй билээ. Ямар ч байсан шалгалтын явцад илэрсэн дүнгээр бол хөлөг буух үед багийн гишүүд бүгд скафандраа бүрэн өмссөн байх ёстой боловч хэн нь ч дуулгаа бүрэн хаагаагүй байж. Бүр гурав нь скафандартай цуг өмсөх ёстой бээлийгүй байсан гэдэг. Астронавтууд дүрэм журам баримтлаагүй, аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж ойлгож болох мэт боловч үнэндээ скафандартай, бээлийтэй нөхцөлд хөлөг буух үед гүйцэтгэх ёстой ажлыг хийх ямар ч боломжгүй байсан байна. Бээлийтэй гараар элдэв товч, механизмыг дарах, тохируулах боломжгүй гэсэн үг. Үүнийг зохион бүтээлтийн алдаа, бүр бүдүүлэг алдаа гэж дараа нь тодорхойлсон бөгөөд иймэрхүү жижиг сажиг гэмээр зохион бүтээлтийн алдаанууд хэдэн зуугаараа байжээ. Челленжер хөлгийн сүйрлийн дараа олон чухал арга хэмжээ авч, нисгэгчдийн аюулгүй байдлыг ямар нэг хэмжээгээр хангасан гэх боловч Колумбиа хөлгийн астронавтуудад шүхрээс өөр аврах хэрэгсэл гэж байсангүй. Энэ шүхрийг тэр өндөрт, тийм хурдтай үед хэрэглэх ямар ч боломжгүй, шууд л үхэлд хүргэх байсан гэхээр хэзээ нэгэн цагт болох ёстой аймшигт осол болдгоороо л болсон байна хэмээн мөрдөн шалгах комиссын олон дүгнэлтэд бичиж байсан нь үнэн бололтой.  

Өмнө болсон Челленжерийн осол, Колумбиа хөлгийн ослын дараа “Спейс Шаттл” хөтөлбөр нь ямар ч ирээдүй үгүй, аюултай, цаашид ч олон хүний аминд хүрэх осолтой гэж үзэн нислэгийн тоог, нэг дор нисэх астронавтуудын тоог  бууруулсаар 2011 онд энэ хөтөлбөр нэг мөсөн хаагдсан байдаг. Сансар судлалд хамгийн их туршлагатай, хамгийн их амжилттай их гүрэн энэ явдлаас хойш бараг 10 жилийн турш хүн сансарт гаргах чадваргүй, Орос улсаас Союз хөлөгт суудал худалдаж аван ОУСС-д очиж байгаа нь санаанд багтамгүй мэт боловч бодит үнэн билээ. Харин NASA-гийн шинэ хөтөлбөрийн дагуу хувийн компанийн хөлгөөр хүн сансарт гаргах ажиллагаа нь одоо л бодит ажил хэрэг болоход ойртож байгаа боловч Элон Маскын "Crew Dragon"-ы аврах системийг турших явцад дэлбэрсэн, саяхан хөөргөсөн Boeing-ийн Starliner ОУСС-д хүрч чадалгүй эргэн буусан гээд бэрхшээлүүд байсаар байна. Энэ оны хоёрдугаар сарын төгсгөл хэсэгт хөөрөх ёстой астронавт бүхий "Crew Dragon" нь ямар нэг онцгой явдалгүйгээр үүргээ гүйцэтгэж америкчуудын сансарт өөрсдөө хүн гаргах гэсэн зүтгэл нь есөн жилийн дараа биелэх нь үү гэдгийг харах цаг дөхжээ.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 3. 19:31
Зочин

Сансар огторгуй хязгаартай юу хязгааргүй юу үүнийг мэдэхэд хүний тархи хязгаартай үгүйг судалахаар л мэдэгдэнэ өөрөөр хэлбэл хүн бол бичил сансар эцэг эх үр гурвын хуулиар амьтан ургамал нар сансар гариг гурав үрждэг аз жаргалыг дотроосоо хай

2 сар 7. 12:13
Зочин

Туйлширал. Сансар огторгүйг мэдэхийн тулд хүн гэдэг амьтаны гавал доторх тархийг судлаад яах юм болдоо. Хүн бол бичил сансар гэнэ үү. Юу юу гэнээ. Амьтан, ургамал тэгээд нар юм уу. Тэгээд ямар гаригийг юутай яаж үржүүлэхийн. Тэгэхээр аз жаргалтай болчихдог юм уу.

2 сар 4. 17:42
Зочин

балайраад байгаач. Сансар огторгуйг мэдмээр байхад юун тархи нтр болоод явчихав

4 сар 7. 17:25
Зочин

Sansar ogtorguig hyazgaartai ugui esehiig sudlahaas umnu hamgiin oirhon baigaa Delhiin daguul Sar-g hiimel uu bish uu gej sudlah ni chuhal bolood baina shuu dee.

2 сар 7. 13:50
Зочин

Толгойлогч яагаад муудаад байна уг нь түүхийн сэдэв далай да сүүлийн үед унших олигтой юм гаргасангүй

3 сар 24. 14:12
Зочин

тэгэхээр ийм байна.... ганцхан нийтлэл оруулахын тулд ард нь хичнээн цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл ордог вэ??? зүгээр гадны мэдээллийг орчуулаад л тавьчихаж байгаа гэж үү? магадгүй ээ тийм байх. гэхдээ дахиад л өчнөөн цаг хугацаа хөдөлмөр ордог. тэгээд ямар цалин хөлстэйгөөр??? ийм сайтад хэн хөрөнгө оруулах юм??? төлбөртэй мэдээ бичиж тархи угаадаг сэтгүүл зүй биш, газраа ухаад зарчихдаг алт, нүүрсний экспорт ч биш, сүүг нь саагаад махыг нь зараад байх мал аж ахуй ч биш. тэгэхээр ийм салбарт хэн хөрөнгө оруулах вэ? хэнд ашигтай вэ? шулуухан хэлэхэд эдийн засгийн ашиг 0. тийм байхад төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн энэ сайтынханд баярлалаа. шүүмжилэхээсээ өмнө мянган төгрөгний хандив өргөчих. мөнгө нь бага ч сэтгэлийн дэм, урам нь түүнтэй харьцуулашгүй юм. тийм сэтгэл гаргаж чадахгүй байж шүүмжилэхээ л урьдал болгохоо боль.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]