Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Катягаар урхидсан халимагийн мэргэн буудагчУншсан29,133

Мэргэн буудагч Сусаев Германы цэргийн олзонд 1945 оны нэгдүгээр сар хүртэл хоригдож байгаад Биркнаугийн хорих лагерийг чөлөөлөхөд суллагджээ.

1950-54 оны хооронд Төв аймгийн нутаг дахь Хан Хэнтийн нурууны салбар уулсаар бүгж байгаад алуулсан 505-ын орос оргодол эрийн талаар олон домог байдаг билээ. Түүнийг Төв аймгийн Угтаалцайдам Жаргалантын заагт амьдардаг Борхужир багийнхан бол бараг домог болгож тууль болтол нь хачирласан яриагаараа өнөөдөр ч хүртэл гайхан шагширч ярьсаар байдаг юм.

Учир нь оргодол орос офицер Борхужир багийн нутагт орших Хүүлээ хан хэмээх эрт дээр үеэс шилийн хулгайч нар шивээлэн бүгж байсан ууланд сүүлчийнхээ өдрийг хүртэл орогнож байсан юмсанжээ. Нэг захаас нь өглөө хашгирсан дуу нөгөө захад нь оройдоо л цуурайтаж хүрдэг хэмээн нутгийн хүмүүс магтаж биширдэг Хүүлээ хаан хэмээх уул нь гурван ч сумын нутаг дамнан оршдог хөглөгөр хангай бөгөөд тархсан дэвсгэрийн хэмжээгээрээ Богд уулнаас ч том гэхээр тэнд нэг л бүгсэн хүнийг олж авахад бэрхтэй хайрхан гэдэг нь анзаарагдаж буй биз ээ.

Нэг сонирхолтой нь Хүүлээ хаан уулыг эрт цагаас хойш шилийн хулгайч хийгээд цуутай оргодолуудын даллагатай уул гэдэг бөгөөд 2000 онд Авдрантын гяндангаас хянагч нараа алаад оргосон Дорнодын “онгорхой” Чука тэргүүтэй ялтанууд хүртэл Хүүлээ хааны хөвч рүү зугтаж гараад тусгайгийнханы отолтонд орж буудуулан амь насаа алдаж байсан билээ. Тэгвэл Авдрантын оргодолуудаас тавин жилийн өмнө 1950 оны орчим Хүүлээ хаан ууланд орос оргодолын буу дуу тачигнаж байсан бол 1900 оны орчим Шөргөөн Дамдин хэмээх шилийн хулгайч гурван хятад худалдаачныг цааш нь харуулж араас нь нэхсэн арван тавны цагдаа нараас хоёрыг нь хүндээр шархдуулан Хүүлээ хаан уул руу гарч байсан юмсанж.

Түүнийг мөн л Манж амбаны зүгээс тохоон томилсон тусгай морьт отряд бүтэн жил эрж хайн самнаж байж анчин Жадамбаа хэмээх мэргэн бууддаг нөхөр отож байгаад буудаж алсанаар хэрэг шувтарч байжээ. Эндээс үзэхэд Хүүлээ хаан ууланд тавь тавин жилийн зайтай заавал ямар нэгэн зэвсэгт мөргөлдөөн гарч хүний цус урсдаг гэсэн мухар сүсэг хүртэл бий болоод байгаа юмсанж. Ингээд 1950 оны орчим Хүүлээ хааны хүрэн сахалт нэртэй болтолоо алдаршсан ЗХУ-ын баатар Халимагийн мэргэн буудагч ахлах дэслэгч Сусаевийн тухай яриандаа эргэж оръё.

Түүний тухай хэтийдсэн заримдаа үнэн байдлаас гажсан янз бүрийн домог яриа байдаг ч тэр бүхнээс зайлсхийж аль болох үнэн бодит баримтыг нь өгүүлэхийг зорьсон билээ. Халимагийн офицер Сусаев нь 1942 оны хавар Смоленскийн дэргэдэх тулалдаанд гарамгай гавъяа байгуулсан учир ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан гвардийн 12-р хорооны урдаа барьдаг мэргэн буудагч байжээ. Харин Москвагийн дэргэдээс Сталинград руу яаралтай татагдсан мэргэн буудагч Сусаев 1943 оны нэгдүгээр сард Германы тусгай албаныханы хараанд өртөн бүслэгдэж амьдаараа олзлогджээ. Түүнийг Сталинградын алдартай мэргэн буудагч Зайцевтэй андуурч барьсан гэдэг таамаглал ч бий.

Тухайн үед Иосиф Сталины 270-р харгис тогтоол гарч байлдааны галын шугамнаас ухарсан хийгээд олзлогдсон бол урвасанд тооцно хэмээн уг тушаалд заасан байлаа. Мэргэн буудагч Сусаев Германы цэргийн олзонд 1945 оны нэгдүгээр сар хүртэл хоригдож байгаад Биркнаугийн хорих лагерийг чөлөөлөхөд суллагджээ. Суллагдсан даруйдаа тэрбээр мотобуудлагын 248-р дивизд мэргэн буудагчаар алба хааж Прагийг чөлөөлөх дайнд оролцсон байна. Гэвч түүнийг дайн дуусаад эх нутагтаа ирсэний дараа Сталины байгуулсан цэргийн онцгой комиссынхон олзлогдож урвасан хэмээн 270-р тогтоолын дагуу баривчилж урвагч Власовын армийн бие бүрэлдэхүүнд оруулан Сибирьт 25 жилийн хүнд хүчир яланд зүтгэх шийтгэл оногдуулан цөлж орхисон юмсанжээ. 1948 оны сүүлээр Цэнхэрмандалын нууц уурхайгаас уран олборлуулж зөөлгөхөөр 12000 олзны орос ялтан орж ирсэний тоонд Сусаев  багтсан байж.     

Уг газрыг оросууд “Модотын там” гэдэг байсан нь хожим баруунд яг энэ нэрээрээ зохиол болон хэвлэгдсэн түүхтэй. Уг уурхайд 12000 орос хоригдол, 45 газар ухагч бульдозер, 25 шороо ачигч эксковатор, 15 км усан хоолой, 58 ус татагч насос, 5 том 20 жижиг дизель цахилгаан үүсгүүр болон хамгаалалтын 8000 цэрэгтэй том бааз байрлаж, 1948 оны хавраас эхлэн 1953 оны зун гэхэд нэг ээлжиндээ 1000 гаруй автомашинаар өдөр шөнөгүй зөөсөөр бүх баялагийг нь цөлмөж дуусгасан гэдэг. Алт юм уу хүдэр гэсэн таамаг байсан ч хожим нь 1990 оны эхээр Цэнхэр мандалын уурхайгаас уран олборлон зөөж байсан нь тодорхой болсон билээ. Харин 1950 оны намар уг уурхайгаас долоон хүн оргосоны нэг нь Халимагийн мэргэн буу, ЗХУ-ын баатар ахлах дэслэгч Сусаев байжээ.

Оросын цэрэг цагдаагийн их хүч оргодолуудын араас сар гаруй хөөцөлдсөний эцэст зургааг нь алж устган  нутгийнханы хэлдэгээр “хүрэн сахалт”-ыг Хүүлээ хаан уул руу алдаж орхижээ. Угаасаа Хүүлээ хаан ууланд эрт дээр үеийн шилийн эрсийн орогнож байсан хэд хэдэн агуй нуувч бэлээхэн байсан нь мань эрд нуугдах боломж олгосон байна. 1951 оны хавар Хүүлээ хаан ууланд Сусаев бүгж байгаа нь нутгийн олонд илэрхий болсон учир 500 орчим орос цэрэг ирж Борхужирын улаан буланд байрлан үе үе чанга яригчаар уул руу хандан “Чамайг өөрөө ирж бууж өгвөл амийг чинь өршөөнө” хэмээн хэдэн өдөр зарлаж байгаад  араас нь  хөдөлсөн боловч долоо хоногийн дараа 10-аад хүнээ Сусаевийн суманд алдаад  хоол хүнс  нь дууссан учир юу ч үгүй бууж ирсэн байна.
       Үүний дараа 1952 оны зун ЗХУ-аас татаж авчирсан 30 орчим чекист эр “местный” оросуудаар газарчлуулан Хүүлээ хаан руу орж уулан дээгүүр нь байлдааны онгоц хүртэл эргэлдээд бөөн сүр дуулиантай нэгжлэг явсан гэдэг. Гэвч 14 хоног хөөцөлдсөний эцэст чекист оросууд тал хувь болох 15 хүнээ “Хүрэн сахалт”-ын мэргэн суманд алдаад мөн л ганзага хоосон буцжээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа Монголчуудыг хүртэл оролцуулан отолт занга хийж үзсэн боловч Сусаев өөрөө цэв цэвэрхэн харин ч мэдэгдэхүйц хүн хүчний хохирол учруулаад зайлан гарч чаджээ. Гэхдээ тэрбээр Монголчуудыг амин газраар нь бус шархдуулж бууддаг байсан бол харин оросуудыг цохонд нь юм уу зүрхээр нь нэвт буудаж алдаг байсан гэдэг. Үүний дараа 1953 оны мөн л Оросын 300 орчим зэвсэгтэй цэргүүд ирж Хүүлээ хаан уулыг нэгжин хүрэн сахалтын араас мөшгөсөн боловч хорь орчим хүнээ хядуулаад ямар ч урамгүй буцсан байна.
       Энэ явдлын дараа жил хэртэй Сусаевыг мөрдөн хөөх үйл ажиллагааг зогсоожээ. Ингээд 1954 оны зун Москвагаас Катерина хэмээх чекист хүүхнийг авчирч нутгийн ногоочин орос Климовынд суулгахын зэрэгцээ уул усанд дасгаж хэд хоног бэлтгэл хийлгээд хэдэн өдөр цор ганцааранг нь ойд жимс түүлгэхээр морин тэрэгтэй явуулжээ. Катерина хэмээх тэрхүү царайлаг чекист хүүхэн яг л алтан гургалдай шиг уянгалаг хоолойгоор дуулдаг нэгэн байсан гэдэг. Тийнхүү жимс түүж яваад санамсаргүй байдлаар хүрэн сахалттай тааралдаж цаадах нь ганцаардсан эр хүн юм болохоор хүүхэнд шууд л сэтгэл татагджээ.

Ийнхүү хэд хэдэн удаа сэжиггүй болзож дотноссоны дараа нэг удаагийн уулзаж болзох газарт нь шилдэг 12 мэргэн буудагч аваачин отоонд суулгажээ. Сусаевыг амьдаар нь барих маш осолтой байсан учир газар дээр нь буудан алах тушаал өгсөн гэдэг юм. Ингээд мань эрийг Катятай болзсон газраа уулзахаар ирэхэд нь мэргэн буудагчид газар дээр нь шууд нам буудан унагасан бөгөөд хожим нь мөн эсэхийг нь үзэж гэрчлэхээр очсон Монголчууд биед нь зургаа, толгойд нь гурван сумны нүх онгойж байсан хэмээн ярьдаг ажээ. Оросын шалгарсан 48 шилдэг чекистийг Монголын нутагт буудан устгасан Халимаг оргодлын үнэн бодит түүх ийнхүү эмгэнэлтэйгээр өндөрлөсөн бөгөөд харин түүний тухай үлгэр туульс шиг өчнөөн яриаг өнөөдөр ч нутгийн ардууд үргэлжлүүлэн зохиосоор байгаа билээ.

Энэ тайгад олон жил нуугдаж амьдарсан домог шиг түүхтэй оргодол эрс олон бий гэнэ. Тэдгээрийн нэг нь
мөн л ЗХУ-ын баатар хошууч Газель. Тэрээр Цэнхэрмандалаас оргожээ. Түүнийг барих гэж оросууд хоёр ч удаа оролдоод чадаагүй, олон хүнээ хядуулаад мөрдлөгөө зогсоосон байдаг. Тэрээр нутгийн иргэдтэй тун дотно байсан бөгөөд сүүлдээ Минжийн тайгад сураг тасарчээ.

“Шар сахалт” хэмээх Утомцев байна. Мөн л ЗХУ-ын баатар. Тэрбээр Беларусийн I фронтод Г.К.Жуковын команд дор тулалдаж явсан нэгэн. 1944 онд тагнуулд явж байгаад дөрвөн нөхрийн хамт германчуудтай тулгаран, улмаар шархдан ухаан алдаж, олзлогдсон байна. Ялалтын дараа Германы хорих лагериас суллагдсан ч Зөвлөлтийнхөө хуулиар шийтгэгдэн 25 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Тэрбээр “505”-д хуваарилагдан Зүүнхараа хавьцаа ажиллаж байж.

Түүнийг Германы талд ажиллаж байсан гэх худал цуу ярианаас үүдээд хоригдлууд гадуурхан, хэд хэдэн удаа хороох оролдлого хийсэн тул 1950 онд гурван нөхрийн хамт оргон, Сэлэнгийн Хөх сэрх хэмээх ууланд нуугджээ. Яваандаа нэг нөхөр нь мөрдөгчдөд алагдаж, нөгөөх нь баавгайд бариулсан аж. Өөрөө ч нэгэнтээ баавгайтай таарч зүрхэнд нь хутгаа зоогоод ухаан алдсан гэдэг. Сэргээд ойгоос бууж нэгэн буриад эмэгтэйнд ирэхэд түүнийг “местный” орос анчин гэж үзсэн бүсгүй эмчилж тусалжээ. Эдгээд тайгадаа гарсан боловч буцаж ирэн буриад басгантай гэр бүл болж, насан өндөр болтлоо амьдарсан төдийгүй ч Аюушжав хэмээх хүү нь байдаг тухай яриа бий.

“Хар сахалт” Машууз гэх оргодлын тухай одоо ч хойд нутгийнхан ярьдаг. Тэрбээр Финийн дайн, эх орны дайнд оролцсон нэгэн. Дайн юу юугүй дуусах гэж байхад тусгай ангийнхаа нэгэн өөдгүй офицерийг шанаадаж унагаснаар хилс хэрэгт хэлмэгдэж, алдарт “505”-ийн хоригдол болсон түүхтэй. Машууз 1947 онд Монголд ирж, 1950 онд оргожээ. Хараа, Ерөө, Шаамар хавьцаа олон жил нуугдан Монголчууд түүнийг хамгаалдаг, нэг үе Монголын шоронд ч орж байсан гэх.

Максим өвөө. Мөн л Хэнтийн Цэнхэрмандалаас оргоод Минжийн хангайд олон жил нуугдсан мэргэн бууч, халимаг эр. Нутгийн иргэд ихээхэн хүндэлдэг, нуудаг байсан гэнэ. Түүний жинхэнэ нэр нь Максим Улькейн гэдэг. Хожим мөн л энэ тайгад сураггүй болсон бөгөөд араатанд бариулсан байх гэж үздэг юм билээ.

Ашигласан материал:

http://rozigoo.blogspot.com/2009/10/48.html

http://www.choibalsan.mn/index.php?newsid=6970

http://unuudur.mn/article/95529

https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D1%8D_%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD%D1%8B_%D1%85%D2%AF%D1%80%D1%8D%D0%BD_%D1%81%D0%B0%D1%85%D0%B0%D0%BB%D1%82_%D0%A1%D1%83%D1%81%D0%B0%D0%B5%D0%B2

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 1 сар 5. 23:16
чин

2010 аад онд ЦЭНХЭРМАНДАЛААС ХОЙШОО 20ИОД КМ УУланд хайгуулын ажлаар явж байхад нэлээн өндөрлөг ууланд нэгэн хадан дээо нэгэн орос цэргийн товчилсон нэр он сар сийлсэн байж билээ тэгэхээр хөөрхий тэр цэргүүд их л оргодог байж дээ

2017, 12 сар 27. 22:41
Зочиншонх

цэнхэрмандалд ямар юмных нь УРАН БАИДИЙН харин полиметалл ЦАГААН ТУГАЛГАНЫ ОРД Ш ДЭЭ хар тугалга ураны илэрц дагалдах эрдэс баисан болуу. тэр ХАЛИМАГ ЭР ОВОО ЭР БАИСАН ГЭНЭЛЭЭ саихан түүх бичиж МОНГОЛЧУУДАД ЁСТОО ГЭМ ХОРГҮИ БАИСАН МАНАИХАНААС БАРЬЖ ӨГӨХ-д тусалах гэсэн тал баисан гэнэлээ ДОРНОДОД нэг БУРИАД ЦЭРЭГ АРГАГҮИДЭН ОРГОХ-д манаихан л бариад заагаад өгчихсөн гэдэг ЗӨВ Ч БИЗ БУРУУ Ч БИЗ

2018, 6 сар 27. 10:29
Зочин

өөдгүй пида байж барьж өгдөг

2018, 3 сар 15. 14:30
Зочин

Ерөөс оросууд бага ястнуудыг тэр дундаа Чингэсийн удам болох халимагуудыг их гадуурхдаг байсан. Бүр аймаг хошуугаар нь цөлж байсан ч удаатай. Тэр оргодол цэрэг тэр бүхэнд нь давхар өширхөө биз дээ. Зөв дөө.

3 сар 7. 11:15
Зочин

тиймээ бидний ахан дүүсийг сталин 150 мянга болтол золиосолсон

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]