Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эрүүл мэндийн старт апаар тэрбумтан болсон бүсгүйн луйвар ийнхүү илэрчээУншсан75,162

Аав ээж нь ч гэсэн охиноо зорьсон зүйлдээ хүрэхийн тулд ямар ч арга чарга хэрэглэж болно гэж хүмүүжүүлж байсан бөгөөд “Үхтлээ зүтгэ” биш харин “Үхсэн ч бүтээ, зорьсондоо хүр” гэдэг зарчмыг яс маханд нь шингээж өгчээ.

2003 онд Theranos хэмээх спарт ап хорвоо дэлхийд мэндэлж түүнийг бий болгосон хүн нь удалгүй дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон Элизабет Холмс хэмээх 19-хөн настай бүсгүй байжээ.

19 настайдаа старт ап эхлүүлж, 20 насандаа тэрбумтан болсон энэ бүсгүй маань өөрийгөө  ”Банзалтай Стив Жобс” хэмээн итгүүлж, ойлгуулж, олон тэрбумаар тоологдох хөрөнгийг бусдаас татаж өөрийн гэсэн эзэнт гүрнийг үүсгэсэн гэхэд итгэхэд бэрх. Саяхан л хүүхэд байсан, их, дээд сургууль төгсөөгүй Элизабетын тэр бий болгосон бизнест  яагаад хөрөнгөтнүүд асар их хөрөнгө оруулж байсан юм бол? Шалтгааныг нь бид мэдэхгүй ч харин түүхийг нь одоо мэдэх болжээ.

Төрийн байгууллагад ажилладаг аав ээжтэй Элизабет охин хар багаасаа л адтай чөтгөр байсан гэдэг. Долоон настайдаа цаг хугацааны машин хийх зарчмыг олж, техникийн шугам зургийг нь зурсан гэж мэдэгдэж байсан энэ охин хожигдож ялагдаж чаддаггүй, том зорилго тавьдаг, түүндээ хүрэх гэж насандаа баймааргүй улайрдаг хүн байсан гэх ба хар багаасаа л өөрийгөө тэрбумтан болох нь тодорхой хүн гэж хэлдэг, тэрбумтан болж тоглож өссөн байна. Аав ээж нь ч гэсэн охиноо зорьсон зүйлдээ хүрэхийн тулд ямар ч арга чарга хэрэглэж болно гэж хүмүүжүүлж байсан бөгөөд “Үхтлээ зүтгэ” биш харин “Үхсэн ч бүтээ, зорьсондоо хүр” гэдэг зарчмыг яс маханд нь шингээж өгчээ.

Охин сурлага боловсролоор тааруу байсан боловч аав ээж нь Стэнфордын их сургуульд оруулж чадлаа. Гэвч 2001 оны айхтар хямрал эхэлж Enron корпораци дампуурчээ. Яг энэ үед аав нь уг корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлд ороод удаагүй, түүний төлөө маш их хүч хөдөлмөр, хөрөнгө зарсан байсан учир гэр бүл нь хоосорч юу ч үгүй болжээ.

Сүүлд гарч байсан мэдээгээр бол маш сайн сурлагатай бүсгүй маань (шинэхэн тэрбумтны анкет муу байж болохгүй учир сурлагадаа сайн болж хувирсан бололтой) эхний жилдээ л судалгааны ажил хийх 3000 долларын баталгаа авч зуны амралтаараа Сингапур дахь нэгэн институтийн SARS вирусийг зайнаас таних чип бүтээх ажилд оролцож эхэллээ. Энд л бүсгүй маань өөрийнхөө ирээдүйг, тэрбумтан болох замаа олж харжээ.

19 настай Элизабет нь сургуулиа орхиж нэгэн шинэ старт ап дээр ажиллаж эхэлсэн он бол 2004 он бөгөөд  therapy болон diagnosis (эмчилгээ, оношилгоо) гэсэн үгний нийлбэр болох Theranos хэмээх нэр бий болгож старт ап-аа нэрлэлээ.

Удсан ч үгүй Элизабет хүний цусны шинжилгээг богино хугацаанд хийх зөөврийн жижиг аппарат бүтээж патентыг нь авлаа. Яваандаа уг хэрэгсэл улам бүр боловсронгуй болсоор цаашдаа ямар нэг зүү хэрэглэхгүйгээр цусны шинжилгээ авдаг, шинжилгээгээр оношилж чадах өвчин  улам бүр их болж байгаа тухайг саяхан старт ап байгаад одоо шинэхэн компани болсон газрын залуухан захирал бүсгүй янз бүрийн сувгаар олон түмэнд зарласаар. Өөрөө зүүнээс их айдаг учир ийм бүтээгдэхүүн хийж байгаа гэж анх ярьж байсан бол яваандаа өвөө нь, хайртай хамаатан ах нь хорт хавдраар нас барсан учир ийм зүйл хийж хүн төрөлхтнийг аврах гэсэн хэмээн яриа хөөрөө нь бага зэрэг өөрчлөгдөнө. Хэн, хэзээ, юу сонсох дуртай байгааг сайн л мэдэрч байсан бололтой.

Элизабетын бүтээсэн тэр аппарат нь хүний маш багахан цусыг аваад нанотейнер-т хийж (нано болон контейнер гэсэн үгийг эвцэлдүүлж) шинжлүүлээд уг хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлох зорилготой байв. Онолоор бол чихрийн шижин, зүрхний өвчин, хорт хавдар зэргийг илрүүлэх чадвартай байсан бол яваандаа дусал цусаар 200 гаруй нарийн шинжилгээг хийх чадвартай болж. Мэдээж олон хүн ийм боломж үгүй гэж үзэж байхад “Энэ дэлхийн бас нэг агуу генийн үед амьдарч байгаа” тухайгаа хашхиран чарлах шүтэн бишрэгчид ч бий боллоо.

Элизабет энэ “шидэт” төхөөрөмжөө цаашид илүү жижиг болгох, хамгийн гол нь шинжилгээний үнийг 5-10-хан доллар болгож бууруулах зорилго тавьж санасандаа хүрчээ. Урьд өмнө ганц нэгхэн нарийн шинжилгээ зуу зуугаар тоологдох долларын үнэтэй байсан бол одоо ганцхан дусал цусаар хэдэн зуун төрлийн шинжилгээг хэдхэн доллараар, гэрийн нөхцөлд хийх боломжтой боллоо. Энэ бол гайхамшиг, биелж боломгүй гайхамшиг байв.

Apple-ийн үүсгэн байгуулагчтай адил дан хар өнгийн хувцас өмсөж, ажлын өрөө, гэрээ  ч Стивийн хэрэглэх дуртай тавилга хэрэгслээр дүүргэнэ. Ажил дээрээ бас л Стив Жобс адил хэрцгий дарангуйлагч. Сэтгүүлчид түүний энэ байдлыг анзаарч бичиж эхлэх үед бүсгүй дээр нь тос нэмсээр "банзалтай Стив Жобс" болж хувирчээ.  Одоо бүсгүйн нэр Билл Клинтон, Жек Ма... нартай л зэрэгцэнэ.

Анх түүний бизнест Oracle-ыг үүсгэн байгуулагч Эллисон, Дрейпер нар хөрөнгө оруулсан бол яваандаа Руперт Мердок, Карлос Слим гэсэн дэлхийн санхүүгийн мангасууд нэмэгдсэн байна. Theranos-ын удирдах зөвлөлд Генри Киссенжер, Жорж Шульц, Жеймс Мэттис  (эдгээр хүмүүсийг хэн болох тухай таниулах огтын шаардлага үгүй нь ойлгомжтой) зэргийн хүмүүс орж байсан нь олон хүний итгэлийг олоход ихээхэн түлхэц болсон нь маргаангүй. Гэхдээ түүний компанид дандаа ийм алдартай хүмүүс байсан гэвэл эндүүрэл болох бөгөөд бүр үл бүтэх этгээдүүд ч олноор бий болж байсны нэг жишээ нь түүний дүү байв. Энэ залуу шинжлэх ухаан, эрүүл мэнд гэдэг зүйлээс дэндүү хол хүн боловч компанийн нэг удирдагч болсон төдийгүй, өөрийн найз нөхөд гэсэн таарсан нөхдүүдийг ч ажилд олноор авч байсан байна.

2009 онд Элизабетын оронд компанийг нь удирдахаар Рамеш «Sunny» Балвани хэмээх энэтхэг нөхөр ирсэн ба бүсгүйн эртний танил энэ эр “банзалтай Жобс”-оос 16 (бүр 20 насаар гэх нь бас бий) насаар ах боловч энэ насны тоо нь тэднийг хамтдаа, нууцаар ор дэрээ хуваахад нь огт саад болоогүй гэдэг.

Компанийн хувьд маш хатуу дүрэм журам, хаалттай нууцлаг байдал нь ТТГ-тай л адил болж эхэлсэн гэх ба компанийн байр сав нь сум үл нэвтрэх шил, хяналтын камераар дүүрч, хэлтэс, хэсэг хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо гэж юм бүр огт үгүй болжээ. Хэн хаана юу хийж байгааг цөөхөн хэдхэн удирдагч нараас өөр хүн үл мэднэ. Хөрөнгө оруулагч нарт ч өөрсдийн хийж буй ажлын ерөнхий загвар, зарчим зэргээ хэлэхээс нууцалж байсан гэдэг бөгөөд сонирхолтой нь тэдгээр хөрөнгө оруулагч нар ч ийм зүйлийг зөвшөөрч байсан явдал юм. Энэ бүхэн нь алив нэг агуу ажил хийж байгаа тухай хоосон дүр эсгэж байгаагаа нуухад л хэрэгтэй байжээ.

Гэсэн ч бага багаар зарим нэг зүйл ил болсоор удалгүй бүсгүйн шидэт аппарат дотор байх зүйлсэд мань бүсгүйн бүтээсэн, хийсэн зүйл гэж бараг үгүй нь ил боллоо. Бүр өнөө олон шинжилгээ хийдэг нь ч худал мэдээлэл байна гэж яриа ихээр гарах үед бүсгүй тайвнаар “Дэлхийн 15 том эмийн компанийн 10 нь манай бүтээгдэхүүнийг ашиглаж болох сайн зүйл гээд баталчихсан, Америкийн болон бусад холбоотон улсын арми бүтээгдэхүүнийг нь хэрэглэж байгаа, ямар нэг асуудал огт үгүй” тухай ярьж байсан бөгөөд “Хүний сайн сайхны төлөө юм хийх гэсэн хүнийг эхлээд магтаж хөөргөөд дараа нь шороотой хутгаад, дараа нь үнэн ялж , хорвоо дэлхий өөрчлөгддөг жамаараа явж байгаа” тухай томорно.

Удалгүй Theranos-д ажиллаж байгаа, ажиллаж байсан хүмүүс өөрсдийн мэдэх юмаа дэлгэж 4,5 тэрбумаар тоологдох хөрөнгөтэй бүсгүйн хамаг хэрэг ил болж эхэллээ. Нанотейнер дотор хэрэглэж байгаа зүйлсэд Theranos-ын хийсэн бүтээсэн зүйл үгүй, олон зуун шинжилгээ хийдэг зэрэг нь худал, олонд үзүүлж харуулж байсан тэр гайхамшигт үр дүн нь ердөө л хуурамч мэдээ, луйвар байсан нь тодорхой болжээ. 2016 онд компанийг хааж, шалгалт явуулахад бүх л үйл ажиллагаа нь худал хуурмаг, хууль зөрчсөн болох зүйлүүд илэрсэн ба өчнөөн олон саяын торгууль төлөх, хувьцааг буцааж өгөх, Элизабетыг алив нэг компанид албан тушаал хаших эрхийг нь 10 жилээр хасах болсон байна.

2020 онд шүүх хурал хуралдах төлөвтэй, Холмс болон Балвани нар багадаа 20 жилийн ял авах нь бараг л тодорхой гэж байгаа ч энэ түүх дуусгавар болтол хол, бид дахиад олон жилийн турш, олон янзын шинэ сонин хачин, Элизабетыг хамгаалсан, хараасан түмэн юм сонсох нь гарцаагүй, бас олон ч баримтат болон уран сайхны кино хийгдэх биз ээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]