Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Яагаад дайн эхлэхэд Зөвлөлтийн армиуд хамгаалах бус довтлох байрлалд байв?Уншсан15,287

Эндээс л түүхийн томоохон асуултын тэмдэг гарч ирнэ. Оросууд яагаад намгийн урдуур хамаг хүчээ бөөгнөрүүлэв, дайн эхлэхэд хамгаалах бус довтлох байрлалд бүх армиуд нь байв?

ИХ НАМГИЙН ХОЙГУУР ЭСВЭЛ УРДУУР

Балтийн тэнгэс, Хар тэнгисийн хоорондох газар нутагт туулж баршгүй их намаг байдгийг Полесья /ойт/ гэж нэрлэдэг болой. Энэ намаг дайтаж буй газар нутгийг хоёр урсгал, хоёр стратегийн чиглэл болгон хувааж байлаа.

Орос руу дайрч буй тал нь цохилтын гол чиглэлээ уг намгаас хойгуур юмуу, эсвэл урдуур сонгох хэрэгтэй байв. Эрт цагийн дайснууд нь Орос руу баруунаас давшихдаа ямагт хойгуурх чиглэлийг буюу, Варшава- Брест, Минск-Смоленскийг дайран шууд Москваг чиглэдэг байж. Гитлерийн стратегчид ч гэсэн цохилтын гол чиглэлээ намгийн хойгуур сонгосон ба туслах цохилтоо урдуур өгөхөөр шийджээ. 1941 онд Гитлерт танкийн дөрвөн бүлэглэл байсан. Эдгээрээс гурав нь хойгуур, нэг нь урдуур дайрчээ.

Зөвлөлтийн тагнуулууд Германы цэргүүдийн төвлөрөл, чиглэлүүдийг тухайлбал Балти орчим, Беларусс чиглэлд танкийн гурван бүлэглэл, харин Украйнаар танкийн ганц бүлэглэл байрлах газраа зэхэж буйг урьдчилан мэдэж байлаа.

Зөвлөлтийн командлал юу хийх ёсгой байв?

Нэгэнт Германы цохилтын гол чиглэл хойгуур төлөвлөгдсөн тул Улаан арми гол хүчээ мөн тэнд буюу баруун чиглэлд төвлөрүүлэх хэрэгтэй байлаа. Зөвлөлтийн тагнуул Германы төлөвлөгөөний талаар гадарлаж байсан тул гол хүчээ баруун хойд чиглэлд барьж байх ёстой байв.

Ухаан мөхөс бага даргад ч Белорусс-Смоленскоор дамжин довтолбол Москвагийн чиглэлд шууд гарах нь зөв гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Цэргийг бүлэглэнэ гэдэг нь зүйрлэж хэлвэл шатрын хөлөг дээр хүү, бодоо зөв байрлуулахтай төстэй. Жанжин штаб бол армийн уураг тархи нь гэдэг. Жанжин штабын дарга бол тухайн армийнхаа хамгийн ухаалаг, өргөн сэтгэлгээтэй генерал байх ёстой. 1941 оны 2 дугаар сараас Г.К.Жуков Зөвлөлтийн Жанжин штабын даргаар ажиллав. Жуков энэ мэтийг мэдэхтэйгээ. Гэтэл Вермахт 1941 оны 6 дугаар сарын 22-нд намгаас хойгуур умард Оросоор гол цохилтоо өгч Улаан армийн Баруун фронтыг Белостокийн хошуунд бут цохив. Москва хүрэх зам ингээд нээгдлээ.

Гэтэл Жуковын гол хүч хаана байв? Намгаас урдуур төвлөрсөн байв. Олон зууны түүхийн турш баруунаас Орост халдсан байлдан дагуулагчид намгаас хойгуур ирж байсан тул хамгийн хүчтэй давшилт үеийн үед намгаас хойгуур байжээ.

Герман довтолсны дараа Москвад ирэх цохилтыг няцаахын тулд баруун өмнөдөөс байнгын бөмбөгдөлтийн дор дивиз, корпус, армиудыг яаран сандран галт тэрэгний  цуваанд ачин баруун чиглэлд татах хэрэг гарлаа.

Хойд зүгт очмогц бас л тасралтгүй бөмбегдөлтийн дор ачаагаа буулган шууд байлдааны шугам руу хаяж байлаа. Эндээс дараах үл ойлгогдох самуун байдал үүсч байлаа. Тухайлбал, 16-р армийн штаб Шепетовка орчимоос Смоленскт зэвсэг техникээ буулгаад байхад холбооны суман хаана байгаа нь тодорхойгүй байв. Холбоогүйгээр цэргийг удирдана гэж юу байх вэ, ингэж бүхэл бүтэн арми удирдлагагүй болж байлаа.

Энэ бол зөвхөн ганц жишээ. Ийм жишээ үй түмээрээ байв. Черкасс орчмоос Смоленск орчимд ирсэн 19-р арми их буунуудаа буулгаж байхад, сум нь тэр цуваанд ирээгүй л байсан. Танкчид ирчихээд байхад засварчид замд явж л байсан. Дивизийн штаб ирчихээд байхад хороо нь алс хол хоцорсон л байсан.

Дайны өмнөхөн уламжлалт хамгийн аюултай чиглэлд байсан Баруун цэргийн тойрог Зөвлөлтийн хамгийн хүчирхэг цэргийн тойрог байж чадсангүй, эсрэгээрээ Румыний ойролцоо Киевийн цэргийн тойрог хамгийн хүчирхэг нь байв аа!!!

Цэргийн ажиллагааг ердөөс олон янзаар нэрлэж, тоочиж болох авч тэр бүгд давшилт эсвэл хамгаалалтын гэсэн хувилбар байдаг. Германы дайралтын өмнө, Зөвлөлтийн командлал  нэгэн ажиллагааг тун нухацтай  болвсруулсан байдаг.

Жуков, Ватутин, Васильевский болон Жанжин штабын бүх генерал офицерүүд дайны өмнөхөн бямба, ням гаригаар ч барахгүй баяр ёслолын өдрүүдэд ч амрахгүйгээр хоногт 16-17 цаг ажиллаж байсныг батлах гэрчүүд олон бий. Тэд юу ч юм төлөвлөж л байсан. Энэ “юу ч юм” нь армийн генерал Гареевын мэдэгдэж байгаагаар лав хамгаалалтын тухай биш байжээ. Жуков хамгаалалтын ажиллагааг урьдчилан хараа ч үгүй, төлөвлөө ч үгүй ээ. Та нэг эргэцүүлээд үз дээ. Тэр юу ч юм төлөвлөөд байсан нь нэг бол давшилт, эс бөгөөс хамгаалалт байх ёстой. Хамгаалалт лав биш байв. Юу үлдэв дээ?

Хэрэв Улаан арми Герман болон тэдний холбоотон руу гэнэтийн уулгалсан цохилт өгөхөөр шийдвэл цохилтын гол чиглэлээ намгаас хойгуур сонгох уу, урдуур сонгох уу гэдэг асуудалтай тулгарна.

Хэрэв хойгуур цохилт өгвөл дорнод Прусст орох бөгөөд тэнд хүчтэй бэхлэлттэйгээс гадна немцүүдийн цэрэг, аж үйлдвэрийн гол төв байгаа тул хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Энэ чиглэлээр явбал Балтмйн тэнгисийн эрэг дагүу урагшлах бөгөөд, тэндхийн бүх гол мөрний доод урсгалаар буюу бараг цутгалаар гатлах хэрэг гарна. Висла, Одер хэмээх хоёр том их уст мөрнийг гатална. Эдгээр мөрөн дунд_ доод хэсгээрээ өргөн тул гатлахад маш бэрхтэй.

Хэрэв намгаас доогуур цохилтоо чиглүүлбэл байдал өөрөөр эргэнэ. Шууд Краковын орчмоор гарч хоёр жилиин турш Германы эзэмшилд байгаа польшууд дор хаяж цэцэг барин угтахаас гадна тэнд Польшийн тэгш тал газар орчин үеийн хүчирхэг хамгаалах байгууламж байхгүй байв.

Эндээс л түүхийн томоохон асуултын тэмдэг гарч ирнэ. Оросууд яагаад намгийн урдуур хамаг хүчээ бөөгнөрүүлэв, дайн эхлэхэд хамгаалах бус довтлох байрлалд бүх армиуд нь байв?

Л.Мөнх-Од

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]