Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Халхын голын дайн уу, байлдаан уу? Штернд баатар цол олгоё!Уншсан2,851

Зөвлөлт-Монголын цэргийн 8 дугаар сарын 20-нд хийсэн ерөнхий давшилтын төлөвлөгөөг боловсруулахад Штерн идэвхтэй оролцсон бөгөөд давшилтын төлөвлөгөөг тэрээр баталсан байна.

 

Халхын голын байлдааны учир шалтгаан, үр дагаврыг сонирхон судлах явдал ОХУ төдийгүй өрнөдийн түүхчдийн анхаарлыг татсаар буй хандлага нь энэхүү хэрэг явдал нь олон асуултыг дагуулсаар байгаагийн дээр үзүүлсэн нөлөө, үр дагавар нь дэлхийн хоёрдугаар дайны сүүдэрт дарагдан үлдсэнтэй холбоотой ажээ. Иймд салангид мэт санагдаж болох боловч Халхын голын хэрэг явдалд холбогдох харилцан уялдаатай хэд хэдэн сэдвийг хөндье.

Танакагийн айлтгалыг Японы Засгийн газар эзэн хаандаа 1927 оны 7 дугаар сарын 25-нд өргөн барьсан гэх бөгөөд Зөвлөлтийн гадаад тагнуулын албад 1927 онд Харбин, Сөүлээс олборлон ирүүлснийг эдүгээ ч энэхүү операцыг зөвлөлтийн тусгай албаны амжилттай хэрэгжүүлсэн нэг арга хэмжээ хэмээн тэмдэглэсээр байна. Танакагийн меморандум анхлан 1929 оны 12 дугаар сард Хятадын нийслэл Нанкинд хятад хэлээр хэвлэгдэхэд олон нийтийн анхаарал татаагүй бөгөөд харин 1931 оны 9 дүгээр сарын 24-нд дахин Хятадын сэтгүүлд англи хэлээр хэвлэгдэхэд Японы түрэмгийлэл Манжуурт эхэлсэн байсан тул олны анхаарлыг татжээ. 

Мөн оны сүүлчээр “Коммунист интернационал” сэтгүүлд айлтгалыг хэвлэснийг 1932 онд БНМАУ-д “Нийгэм журам” сэтгүүлд хэвлэжээ. Танакагийн айлтгалыг “Коммунист интернационал”-ын санхүүжилтээр Японыг шүүмжлэх үүднээс 1930-40-өөд онд АНУ-д хамгийн ихээр хэвлэн тараасан байна. Токиод болсон Алс дорнодын олон улсын цэргийн шүүхийн хуралдаанд АНУ-ын яллагч нар Танакагийн меморандумыг яллах баримт бичиг болгон хүлээн зөвшөөрүүлж байв. Сталины үед ч Танакагийн санамж бичгийг хуурамч гэж үзэж байсны жишээ нь дээрх хурлын Зөвлөлтийн ерөнхий яллагч С.Голунский ЗХУ-ын гадаад хэргийн сайд А.Я.Вышинскийд 1946 оны 11 дүгээр сарын 20-нд хандан БНМАУ-ын эсрэг 1939 онд Япончууд довтолсныг нотлох зорилгоор бидний хүсэлтээр маршал Чойбалсангаас ирүүлсэн өргөдөлд жинхэнэ эсэх нь одоогоор эргэлзээтэй гэж үзэж буй Танакагаийн айлтгалаас иш татсан зүйлс орсон байна. АНУ-ын яллагчийн үзэж буйгаар уг айлтгалыг хэлэлцэх үед Японы өмгөөлөгч нараас уг баримт бичгийг хуурамч гэдгийг нотолж болзошгүй байгаа гэнэ. Иймд бидний нотлох баримтыг хүлээн авахгүй байхаас зайлсхийхийн тулд түүнээс иш татахгүй байх хэрэгтэй байна.

Бид ч гэсэн байр сууриа илэрхийлэхдээ Танакагийн айлтгалын талаар нэг ч удаа дурдаагүй. Иймд БНМАУ-д суугаа Элчин сайдаар дамжуулан маршал Чойбалсанд өргөдлөөсөө Танакагийн айлтгалтай холбогдох хэсгийг хасан дахин боловсруулахаар буцаахыг зөвшөөрнө үү гэж байжээ.Дайны дараа ч Зөвлөлтийн удирдагчид Танакагийн айлтгалыг ер дурдаж байгаагүйг тэмдэглэх хэрэгтэй. Ийм байтал Японы эзэн хаанд танилцуулсан энэхүү “чухал” гэх баримт бичгийн хувь тун удалгүй Харбин, Сөүл гэсэн ач холбогдолгүй газарт 1927 онд “хүргэгдсэн" байх нь тухайн нөхцөлд эргэлзээтэй, иймд Зөвлөлтийн тагнуулчдын олборлосон гэх баримт бичиг нь нөгөө л хуурамч баримтын хувь байсан байх магадлалтай юм. Токиогийн шүүх хурлаас Танакагийн санамж бичиг байсан эсэхийг нотолж чадаагүй бөгөөд энэхүү асуудал эдүгээ ч түүхчдийн анхаарлыг татсан нээлттэй хэвээр төдийгүй Хятадын түүхчдийн дунд ч энэ нь хуурамч зохиомол байсан гэж үзэх хандлага бий болжээ.

ДАЙН УУ, БАЙЛДААН УУ

Зөвлөлтийн удирдагчид болох Молотов, Ворошилов нараас 1937 онд Улаан Армийн 57 дугаар онцгой корпусыг Монголд оруулах шалтгааныг Ерөнхий сайд Амарт тайлбарлахдаа “Японы цэрэг юу юугүй Монголд цөмрөх гэж байна” хэмээн шахсаар байгаад цэрэг оруулах хүсэлтийг гаргуулсан байдаг. Гэтэл Японы арми хилээс 400 км-ийн алсад Датунд л ирсэн, Хөх хот уруу давших төлөвлөгөөтэй байв. Доктор Д.Гомбосүрэн гуайн дүгнэснээр Улаан Армийг Монголд оруулсны үндсэн шалтгаан нь манай “Японыг баримтлагч” нарыг устгах Зөвлөлтийн дотоодыг хамгаалахын үйл ажиллагааг хангахад оршиж байжээ.

Улаан Армийн удирдах бүрэлдэхүүн Финляндын эсрэг явуулсан байлдааны ажиллагааны дүнг хэлэлцсэн зөвлөгөөн 1940 оны 4 дүгээр сард болж, түүнд Сталин үг хэлэхдээ “...Зөвлөлт засаг оршин тогтносон өнгөрсөн хугацаанд бид орчин үеийн жинхэнэ дайныг ер явуулаагүй байна, Хасанд эсвэл Монголд тохиосон жижиг хэрэг явдлууд бол чепуха энэ бол дайн биш зүгээр л том талбар дээр тохиосон хязгаарлагдмал жижиг үзэгдлүүд. Япон дайн өдөөхөөс эмээсэн, бид ч бас хүсээгүй, тэгсэн ч энэхүү талбар дээр хүч үзсэнээр Япон бүр ч балран унав. Монголд тэд 2-3 дивиз, бид ч бас 2-3 дивизтэй л байсан...Жинхэнэ ноцтой дайныг манай арми үзээгүй байна.

Иргэний дайн ч гэсэн жинхэнэ биш энэ бол онцгой орчин үеийн бус дайн байв...” гэж дүгнэжээ. Сталины хэлснээс үзвэл тэрээр Япон нь Халхын голд том дайн өдөөх улс төрийн зорилгогүй, өөрөөр хэлбэл Монголын нутагт гүн цөмрөх бодолгүй байсан гэдгийг мэдэж байжээ. Дээрх зөвлөгөөний дараахан болсон Улаан Армийн нам улс төрийн ажилтнуудын зөвлөгөөнд тавьсан илтгэлдээ Улаан Армийн Улс төрийн Ерөнхий газрын дарга Л.З.Мехлис Халхын голын байлдааны эхэнд Улаан Армийн дайчдын дунд нам улс төрийн ажлын ухуулгыг “БНМАУ-тай тогтоосон харилцан туслалцах гэрээний дагуу Монголын ард түмэнд туслахаар ирсэн, иймд гэрээний дагуу үүргээ биелүүлж байлдах ёстой” гэсэн зарчмаар явуулахад хүлээн авахгүй хандлагатай байсан гэж тэмдэглэжээ. Харин “Монголыг хамгаалж буй нь Зөвлөлтийн Өвөр байгалийг хамгаалж буйтай адил’’ гэсэн зарчмыг ухуулгад хэрэглэх болсноор байдал дээрдсэн гэсэн байна. Хятадын эсрэг Японоос 1937 онд эхлүүлсэн дайн нь хамрах хүрээ, сунжирсан хугацаа, хохирол, үр дагаврын хувьд Халхын голын байлдаантай зүйрлэх аргагүй том үйл явдал байв. Энэхүү дайнд татагдан орсон Япон ЗХУ-ын эсрэг дайн хийх чадавхигүй гэдгийг Сталин сайн мэдэж, тооцож байв. Халхын голын байлдаан явуулахын нэг зорилго нь Японы эсрэг Хятадын тэмцлийг дэмжих, зоригжуулах явдал байсныг Г.К.Жуков тэмдэглэсэн байдаг.

Хэдийгээр хожмоо шүүмжлүүлэх болсон хэдий ч Сталин, Молотов нар Герман, Японыг ойртуулалгүй тэднийг хагалан бутаргах дипломат бодлогыг Халхын голын хэрэг явдлын үед чадварлаг явуулсан билээ. Зөвлөлт-Британи-Францын эсрэг Герман-Итали-Японы гурвалсан яриа хэлэлцээ явагдаж байсан, Британи нь Японыг дэмжин хэлэлцээр байгуулсан бол АНУ Японтой байгуулсан худалдааны гэрээгээ цуцалсан, есдүгээр сарын 3-нд Польшид дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн зэрэг дипломат талбар дээр Халхын голын байлдаан өрнөсөн тул эдгээрийн харилцан нөлөөлөл, уялдаа холбоог эдүгээ түүхчид хайн судалж томоохон бүтээлүүд гаргах болжээ.

Токиогийн шүүх хуралд Японы цэргийн гэмт хэрэгтнүүд, тэдгээрийн өмгөөлөгчид Халхын голын байлдааныг хилийн мөргөлдөөн төдийгөөс хэтрээгүй үйл явдал, мөргөлдөөний шалтгаан нь хилийн шугам тодорхойгүйгээс үүдэлтэй гэж үзэж байв. Гэхдээ Токиогийн шүүх хилийн шугам хаагуур байсныг тогтоох нь шүүхийн зорилго биш харин болж өнгөрсөн байлдаанд дүгнэлт өгөх нь чухал гэж үзээд Халхын голын байлдаан нь удаан хугацаанд үргэлжилсэн, цэргийн өргөн хэмжээний операци байсны хувьд зөвхөн хилийн тулгаралт байсан гэж үзэх үндэслэлгүй харин япончуудын урьдаас бэлтгэн БНМАУ, ЗСБНХУ-ын эсрэг явуулсан түрэмгий дайн байсан гэж 1948 онд дүгнэжээ. Халхын голын дайныг өдөөсөн гэдэг ялыг шүүхээс Японы цэрэг улстөрийн 14 зүтгэлтэнд оноож цаазаар авсан билээ. Хэдий тийм боловч Токиогийн шүүх Японы Засгийн газраас Халхын голын байлдаанаар БНМАУ-ыг булаан эзлэх зорилго тавьсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзжээ.

ХОХИРОЛ

Халхын голын байлдаанд оролцогч талуудын хохирлын асуудал эдүгээ хүртэл хамгийн их “хэлмэгдсэн” хэвээр түүхчид үндэслэлгүй олон тоо баримтыг хэрэглэсээр байгаа юм. Халхын голын байлдаан нь маш их цус урсгасан тулаан байснаараа онцлогтой. Улаан Армийн нийт хохирлын 40 хувь нь л гэхэд 1939 оны 8 дугаар сарын 20-30-ны хооронд явагдсан ерөнхий давшилтын явцад ноогдоно. Японы “Домей Цусин” агентлаг 1940 онд Номонханы мөргөлдөөний үеэр Квантуны арми зөвлөлтийн 1340 онгоцыг агаарт, 30 онгоцыг газарт тус тус устгаж харин өөрсдөө 138 онгоцоор хохирсон гэж мэдээлжээ. Үүний хариуд 1940 оны 7 дугаар сарын 10-ны ТАСС-аас Япон-Манжийн тал 660 онгоцоо алдсан харин Зөвлөлт-Монголын тал 143 онгоцоор хохирсон гэж байжээ. Эдүгээ үзэхэд тухайн үед хоёр талын хүлээн зөвшөөрсөн хохирол нь үнэнд дөхсөн байжээ. Байлдааны явцад Улаан Арми 800 гаруй, Квантуны арми 500 гаруй онгоцыг тус тус фронтод илгээсэн байтал тэдгээрийн хохирол эдгээрээс давж гарсан нь байж боломгүй. Талууд эсрэг талын хохирлыг хэтрүүлэн өсгөж байсан гэдгийг эдүгээ түүхчид хүлээн зөвшөөрөх болжээ. 

Эдүгээ хоёр талын хүлээн зөвшөөрснөөр Халхын голын байлдаанд Улаан Арми байлдаанд 207 онгоцоор хохирч, ослын улмаас 43 онгоцоо алдсан бол Квантуны арми байлдаанд 162 онгоцоор хохирчээ. Мөн Халхын голын байлдаанд Квантуны арми 60 мянга хүртэл хүнээр хохирсон гэдэг нь үндэслэлгүй бөгөөд ОХУ-ын цэргийн архивт ч үүнийг нотлох баримт байхгүй юм. Квантуны армийн хохирол нь Японы хүлээн зөвшөөрснөөр 18 мянга болсон аж.

ШТЕРН

Алс Дорнодод байрласан Улаан Армийг удирдах цэргийн удирдлагыг дайны нөхцөлд шилжүүлэх зорилго бүхий маршал К.Ворошиловын тушаал 1939 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гарч Алс Дорнодын фронтын бүлгийн командлагчаар Г.М.Штернийг томилж, Алс дорнодод буй Улаан Армийг бүхэлд нь тэдгээрийн дотор өвөр Байгалийн цэргийн тойрог, Монголд байрласан 57 оК-ын ажиллагааг нэгтгэн чиглүүлэх үүргийг оногдуулж, штабыг нь Читад байрлуулжээ. 57 оК-ыг 7 дугаар сарын 19-нд Армийн нэгдүгээр бүлэг болгон зохион байгуулж, цэргийн удирдлагын хувьд шууд Москвад захирагдах, харин хангалт, ар талын хувьд Алс Дорнодын фронтын бүлэгт захирагдахаар Зөвлөлтийн Засгийн газар зохион байгуулсан байна. Энэ үеэс Штерн-Халхын голд байлдааны ажиллагаа дуустал ажиллажээ. Үүнээс гадна Штернд Халхын голын байлдааны үед Улаан Арми, МАХЦ-ийн хоорондын ажиллагааг уялдуулан зохицуулах, МАХЦ-ийн командлагч Х.Чойбалсантай шууд холбоо тогтоон харилцах үүргийг оногдуулсан байна.

 Зөвлөлт-Монголын цэргийн 8 дугаар сарын 20-нд хийсэн ерөнхий давшилтын төлөвлөгөөг боловсруулахад Штерн идэвхтэй оролцсон бөгөөд давшилтын төлөвлөгөөг тэрээр баталсан байна. Штерн Сталинд 1939 оны 9 дүгээр сард анх удаа Халхын голын байлдааны дүнгийн талаар танилцуулсан юм. Штернийг 1941 онд хэлмэгдүүлсэн тул Халхын голд түүний гүйцэтгэсэн үүрэг дарагдан үлджээ. Штерний ач хүү бэлтгэл хурандаа Геннадий Штерн эдүгээ Украйнд амьдарч, Халхын голын үйл явдлыг мөнхжүүлэх, Монгол-Украйны жирийн иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна. Армийн нэгдүгээр бүлгийн командлагч Г.К.Жуков, 24 дүгээр моторжуулсан хорооны захирагч И.И Федюнинский нарт БНМАУ-ын баатар цол олгосон нь зүй ёсны хэрэг байв. Хожим маршал болж, эх орны аугаа их дайнд нэрт жанжнаар тодорсон И.С.Конев 57 оК-ын командлагчаар 9 дүгээр сарын 4-нд томилогдон жил гаруй ажиллахдаа Монголд явагдсан хэлмэгдүүлэлтийн ар талыг хангах үүргийг гүйцэтгэсэн юм.

 Халхын голын байлдаанд оролцоогүй түүнд БНМАУ-ын баатар цолыг 1971 онд олгосон юм.

Тэгвэл Г.К.Жуков; И.И.Федюнинский нарыг Халхын голд захирч байсан, Халхын голын байлдааны ажиллагаанд оролцож, Улаан Арми, МАХЦ-ийн харилцан ажиллагааг биечлэн хангаж, МАХЦ-ийг бэхжүүлэх олон арга хэмжээг авч байсан Штернд яагаад баатар цол олгож болохгүй гэж? Иймд Г.М.Штернд Монгол Улсын баатар цол нэхэн олгох саналтай байна.

Түүхийн ухааны доктор Р.Болд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]