Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Дамдинсүрэн гуайг матсан хорон санаатнууд толь бичгийн эхийг хулгайлсан байх"Уншсан12,145

Овог гэдэг зүйл бидний үед тасарчихсан болохоор нэг их уламжилсан юм байхгүй л дээ. Маний үеэс хойш дуудагдаад явж байг гэх үүднээс нэг ийм үг зохиож тавьсан юм.


Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэнтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Оросын зохиолч В.Астафьевийн “Хаан загас”, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”, И.Ильф, Е.Петров нарын “12 сандал”, “Алтан тугал”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Солиот”, “Хөвүүн заяа” зэрэг хорь гаруй сонгодог бүтээлийг эх хэлнээ хөрвүүлжээ. Мөн Лалын шашны хөлгөн судар “Коран”-ыг анх Монголчилж, сонгодог утга зохиолын орчуулгыг шинэ шатанд гаргасан хэмээн үнэлэгддэг билиг төгөлдөр бичгийн хүмүүн билээ.

-Та овгоо Орхунт гэж бичдэг. Орхон гол гэхэд “о” үсэгтэй бичигддэг. Монгол бичигт үгийн хоёрдугаар үеэс хойших “о”-г “у”-гаар бичдэг байж болох юм. Зөвхөн овогт чинь гэхэд ямар нэгэн утга учир байна уу, үгүй юу?

-Овог гэдэг зүйл бидний үед тасарчихсан болохоор нэг их уламжилсан юм байхгүй л дээ. Маний үеэс хойш дуудагдаад явж байг гэх үүднээс нэг ийм үг зохиож тавьсан юм. Би Орхон голын хүү. Орхон мөрөн чинь Монголын хамгийн урт мөрөн шүү дээ. Орхон мөрнийг тойроод өчнөөн уул хангай байгаа. Би Орхоны Уньт гэдэг газар төрсөн юм. Орхунт гэж зөөлний тэмдэггүй байгаа нь бас учиртай. Уньт гэж сайхан хоолойн хойд талд олон хүүхэд тойруулчихсан шаазан Энх-Амгалан хаан сууж байгаа юм шиг Сант гэж сайхан хайрхан байдаг. Орхон гол, Уньтын хөндий, Сант хайрханы минь л үсгүүдийн нийлбэр байгаа юм. Сүүлд бодох нь ээ оновчгүй ч юм шиг санагдаад байгаа.

-Овог чинь зохиомол юм байна. Гэхдээ та язгуурын Монгол хүний хувьд яг ямар овог аймгийн хүн бол?

-(инээв) Тэрийг ёстой мэдэхгүй байна. Газрын зураг дээр овог энэ тэр гээд тэмдэглээ л байна. Манай нутагт тэр нь алдартай овог гэж ярьж байхыг би л лав сонсоогүй юм байна. Би мэдэхгүй гэдэг нь өвөг дээдсийн уламжлалыг цаанаасаа тасалсантай л холбоотой. Социализм гээч юм чинь, мэдэхгүй, хаашаа ч янзын нийгэм байсан юм. Манай аав гэхэд л мянга есөн зуугаад оны эхээр төрсөн, бурханы ном үзсэн хүн байсан. Бурхан шүтсээр байгаад бурхан болсон. Ардын цэргийн албыг таван жил хаасан. Бодвоос хуучин Монгол үсэг сурсан хүн байх ёстой. Тэрийгээ хэрэглэлгүй байсаар байгаад, нөгөө үсгийг нь үгүй хийсэн байх. Хажууд нь, шашин шүтлэгийн хувьд бүр зүрхэнд нь цус хуруулчихсан. Маньд “Манай хамаатан тэдэн онд явчихсан шүү дээ” ч гэж хэлж чадахгүй.

-Зүрхэнд нь ёстой шар ус хуруулчихсан үе байж дээ?

-Хуруулчихсан. Тээр хойно манай ээж л “Сайн лам нар байсан байлгүй яахав дээ. Том оо лам нар байж байгаад туугдаад явсан” гэж байсан.

-Та эцэг эхээс хэдүүл юм?

-Бид нар долуулаа. Би айлын ууган хүү ухаантай юм. Дээрээ хоёр эгчтэй. Хүү гэдэг утгаараа том нь.

-Аав чинь үлгэр домог аль хэр мэддэг хүн байв?

-Өө тийм юм байхгүй. Манайх үхэр, хоньтой л айл байсан. Мал л маллана. Би гэдэг “сайн” хүү байна л даа. Аавынхаа талаар архив ухах гээд ерөөсөө чадахгүй юм. Аав цэргийн албыг 1925-1930 онд хаагаа болов уу. Зүүн хилээр элдэв туухай юм хараахан үүсээгүй байсан үе. Гучин хоёр оноос өмнө л гэж би тааж байгаа хэрэг. Манай аав их сайхан шүдтэй хүн байсан юм. Тиймээс Цэргийн үлээвэр хөгжим гээчид таван жил ямар нэг хөгжмийн зэмсэг үлээсэн шиг байгаа юм. Манай том эгчийн үгээр бол аавыг цэрэгт улираах гэсэн чинь бид буурай гэж дууддаг аавын ээж Хүрээ орж, өргөдөл чирэгдэл болсоор хувийн аж ахуйтан болгосон байгаа юм. Хөдөөний ард чинь сүүлд цагийн эрхшээлээр нэгдэлд орж хоньчин болсон. Аав, ээж хоёр үнэхээр сүсэгтэй. Тэр үеийн засгийн бодлогоос айж бурхан тахилаа хад чулуу, агуйд хийсэн үү, би мэдэхгүй. Гэхдээ манай тэндхийнхэн чинь Эрдэнэ-Зууд аваачаад өгчихдөг байсан юм. Эрдэнэ-Зууд аваачиж өгсөн юм гэдэг хадгалагдана гэж байхгүй. Сэтгэлд нь л байхаас шороон дээр хаясантай утга нэг. Ээж маань яах вэ дээ, авдрандаа бурхан тахилаа нууж шүтнэ. Сүүлдээ жаахан гаргасан л даа.

-Ээж чинь их сүсэгтэй хүн байжээ?

-Манай ээж “Дөрвөн уулын сан” тавина. Манийгаа ариулна, утна. Тийм хүн байсан. Аав бол дүнгэнэтэл маани уншаад байна. Гадны хүний дэргэд ганц маани ч унагахгүй. Цаг үе нь тийм байлаа даа, зайлуул.

-Та сургууль соёлын мөр яаж хөөв?

-Намайг хүн болж ухаан орсноос хойш манайх Архангай аймгийн Өндөрсант сумын айл байсан. Өндөрсант сумын бага сургуулийг 1951-1955 онд төгссөн хүн. 1956 онд манайх Өвөрхангайн Хужиртын айл болсон. Өвөлжөө, хаваржаа, зуслангийн буурь хэвээр ч Архангай, Өвөрхангай хоёр аймгийн хилийг өөрчилчихгүй юү. Орхоны хөвөөгөөр явж байгаа хилийг Орхоны хяраар болгочихоор Хужиртын айл болчихсон. Зургаагаасаа Хужиртын арван жилийн сургуульд ирж аравдугаар ангиа төгсөхгүй юу.

-Алдар нэртэй хүмүүсийг булаалддаг. Архангайнхан таныг Өвөрхангайтай булаацалдах уу?

-Аймгууд “Нэвтэрхий толь” гээд нэг юм гаргаад байна шүү дээ. Архангайнх дээр миний намтар байж л байдаг гэж байгаа.

-Ардын уран зохиолч Тангадын Галсан багштайгаа хамт уржнан жил нутаг явж байхад Сангийн далай нуурын зүг аян замын даллага, сэржим өргөхдөө “Халхын их Өндөр богд, суут хөгжмийн зохиолч Жанцанноров, билгүүн эрдэмтэн Чой. Лувсанжав, их гүүш Гомбосүрэнгийн минь нутаг даа” гэж түүхийн хичээл заах шахуу шивнэн шившиж байсан. Тэгж явахад Га багш таныг нисдэг тэрэг хөлслөн Чой багшийн шарилыг нутагт нь аваачиж байсан талаар ярьж билээ?

-Тийм. Шарилыг нь аваачиж нутаглуулсан юм. Өөрөө ч зайлуул, бие нь тааруу байхад “Ханхын цагаан овоонд нутаглуулаарай” гэж захидаг байсан юм. Сангийн далайгаас чинь баруун урагшдуу газар. Зуны эхэн сард бурхан болсон. Зам харгуй ч сайхан биш байсан болохоор нисдэг тэрэг гуйж, тэнд оршуулсан юм.

-Чой.Лувсанжав хэмээх хэлний эрхшээл эзэмшсэн, мэдлэгийн цар хүрээгээрээ Монголын гайхамшигтай эрдэмтэнтэй та хэдийд дотносч нөхөрлөв?

-Би 1967-1974 онд Улсын хэвлэлийн комбинатад ерөнхий технологич, үйлдвэрийн хэлтсийн даргаар найман жил ажилласан хүн. Чой багш “Монгол дээл, хэт хутгатай ирж оюутнууддаа хичээл заадаг” гэж тэр үеийн сэхээтнүүдийн дунд яригддаг байлаа. Бид хоёр, нэг намар айлд айраган дээр танилцсан юм. Мань хүн надтай танилцсанаа маш их олзуурхаж байна. “Англи хэлний өөрөө сурах бичиг” буюу алдарт хар номоо хэвлүүлэх гэтэл манай улсад хэвлэж чаддаггүй. Англи хэлний галиг тэмдэглэдэг зургаан тэмдэгт огт байхгүй учраас тэр л дээ. Мань хүн надтай танилцаад энэ учраа хэллээ. Тэр үеийн технологиор үсгийн тэмдэгт хийнэ л дээ. Эхлээд маш хатуу ган сийлдэг юм. Тэрэн дээрээ бүүр хатуу гангаар сийлж, тугалгаар цутгаж үсгийн тэмдэгт хийдэг. Ингэж ном-соёлын хамаатан садан шахуу юм болохгүй юу. Нарийн эдлэлийн сийлбэрчинтэйгээ Лу багшаа танилцуулж, галигийн зургаан тэмдэгтийг нь хийж, алдарт хар номыг нь хэвлэсэн байгаа юм. Хожим манай дүү тэдний хүргэн болчихдог гэж байгаа. Гэх мэтээр л ойр дотно явсан хэрэг.

-Та хэвлэлийн комбинатад хариуцлагатай, бас осолтой алба хашиж байж. Манай зарим зохиолч, сэтгүүлчид “Цэдэнбал даргын нэрийн “б” үсгийг хасаж гаргаснаас болж баларсан” гэдэг шиг ноцтой алдаа гаргаж байв уу?

-Бид үйлдвэрлэлийн инженерүүд гэдэг утгаараа тодорхой асуудал дээр л ёс суртахууны ч юм уу, аливаа хариуцлага хүлээх болохоос үг, үсгийн алдаа зэргийг хариуцсан хүмүүс нь л хүлээнэ. Бид эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн “Орос-Монгол толь”-ийн “1000 жилийн хүснэгт”-ийн хэрэгт л ороолдож байсан.

-Чухам юу болов?

-Тэр их сонин. Тэр үед Хэвлэл хянах газрыг главлит гэдэг байсан юм. Хэвлэл хянах газар номын эх болгоны хуудас бүхэн дээр тэмдэг дарна. Хэвлэхийг зөвшөөрлөө гэж байгаа юм уу, үзсэн гэж байгаа ч юм уу, тийм агуулгатай. Бид тийм тэмдэгтэй зүйлийг хүлээж аваад үйлдвэрлэлд оруулдаг. Нөгөө номыг хэвлээд, түрүүчийг нь дэвтэрлэж гаргаад явж байтал бөөн яриа үүсдэг юм. Ингээд бөөн юм болоод, главлитаас хэвлэхийг зөвшөөрсөн тэмдэгтэй эхээ хайтал олдож өгдөггүй. Бид алдсан хэрэгт холбогдож загнуулаад байдаг. Дамдинсүрэн гуайг дээш матсан Хэвлэл хянахын хорон санаатай улс л тэр эхийг хулгайлсан байх гэж би боддог юм.

-Улсын хэвлэлийн комбинатын хашаанд тэр Мянган жилийн литийг тасдаад шатааж байсан гэдэг бил үү?

-Би бол шатаалгагч, эрхэлсэн ажлынхаа дагуу хариуцна л даа. Тэр толийг гучин таван мянган хувь хэвлэсэн санагдаад байх юм. Зүгээр, цээжээр ярихад, тав зургаан мянга нь номын худалдаанд гарчихсан байсан. Тийм бүтэн хүснэгт бүхий номтой хүн өчнөөн бий.

-Би харин түүнийг л асуух гээд байсан юм. Ноднин яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын хамт явж байгаад хуучин номын худалдаанаас хүснэгт бүхий бүрэн толь худалдаж авч байсан юм л даа?

-Толийн хоёрдугаар боть нь шүү дээ. Миний бодох тоо бол тав зургаан мянга нь хэрэглэгчдийн гар дээр тарсан. Наана нь үлдсэн хавтасласан арван мянгаас урж хаяж буцааж нааж байлаа. Тэр арван мянган толь бол дээл нь томдсон хүүхэд шиг юм байгаа. Дэвтэрлэгээнд оруулаагүй хэсэг нь харин таарсан хавтастай толиуд болсон. Урж тасдсан хэсгээ Хэвлэлийн комбинатын хашаанд шатаасан. Дамдинсүрэн гуайн үг хүртэл байдаг биз дээ. “Берлин, Бээжин хоёрт ном шатааж байсан. Одоо Улаанбаатарт шатаадаг боллоо” гэсэн гашуун мөртлөө үнэн үг тэр үед л гарсан.

МИНИЙ ОРЧУУЛГУУД АРД ТҮМНИЙ ХОДООДНЫ ТАЛХ БИШ БӨНДГӨРИЙНХ НЬ ТАЛХ БОЛООСОЙ

-Инженер, техникийн мэргэжилтэн маань яаж яваад гадаад харилцааны ажилтан болчихов?

-Хэвлэлийн комбинатад найман жил ажиллаад инженер, техникийн ажилтнуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх болж ЗХУ-ын Намын дээд сургуульд гурван инженер явуулсан. Улс төрийн сургууль гээчийг хийгээд ирсэн чинь л намайг Гадаад яаманд томилчихсон. Ингэж уугуул мэргэжлээсээ сох хөндийрөөд явчихаж байгаа юм. Хориод жил энэ салбартаа ажилласан.

-Та Оросын их зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Солиот” зэрэг сонгодог бүтээлүүдийг эх хэлэндээ хөрвүүлсэн соён гэгээрүүлэгч хүн. Достоевский зохиолоо бичиж байхдаа гэнэт унаж татдаг, амьдрал нь зөрчил ихтэй, сэтгэцийн гажигтай ч гэмээр хүн байсан гэдэг. Ер нь түүний эх зохиолыг ойлгоход бэрх гэлцэх нь бий. Таны хувьд бол инженерээс эхлээд Гадаад яамны орлогч сайд, сайд гээд харьцангуй жаргалтай аж төрлөөр амьдарсан хүн. Их сэтгэгчийн бүтээлүүдийг орчуулахад тэр их шаналанг бие сэтгэлээрээ мэдэрч байв уу?

-Би бол дүрд хувирдаг хүн биш. Чинийхээр бол орчуулга хийж байхдаа зохиолын баатрынхаа шаналан зовлонг яс махаараа туулах нь ээ дээ. Тийм юм надад огт байхгүй. Орчуулна гэдэг маань тэр хүний бичсэнийг орос хэлнийх нь утгаар л мэдрэх юм даа. Хүнийх нь талаас ойлгох нэг хэрэг. Тэр хүний цаасан дээр буулгасныг амттай шүлттэй нь мэдрэх л чухал юм. Түүнээс биеэрээ халуурч, хөлөрч шаналаад байхгүй л дээ. Зарим уншигч “Тэр романыг уншаад халуураад эмнэлэгт хэвтсэн” гэх ухааны юм ярьж л байдаг юм. Би чиний хэлдэг шиг жаргалтай аж төрлөөр амьдарсан уу гэвэл амьдарсан. Ерэн зургаан онд сонгуульд бут ялагдсаныг эс тооцвол зовлон үзээгүй амьтан шүү дээ. Энийг би зовлон гэж үзэхгүй л дээ. Зүгээр, энэ хүний зохиолыг ойлгох хэмжээний хүн мөн үү, биш үү гэдгээ би мэдэх хэмжээний хүн л дээ.

-Та хэдхэн хоногийн өмнө Юрий Трифоновын “Үйлтэй байшин”, Достоевскийн “Хөвүүн заяа” хэмээх хоёр ланжгар романы номын хуримаа хийж, Ерөнхий сайд асан С.Баяр, “Голомт” банкны захирал Баясгалан нарын нэр хүнд бүхий зочид хүрэлцэн ирсэн байсан. Энэ талаар яриач?

-Энэ хоёр номын нээлтийг зэрэг хийсэн учир нь Юрий Трифонов хэмээх Зөвлөлтийн зохиолчийг “Хорьдугаар зууны Достоевский” гэж утга зохиол судлаачид нэрлэдэг байсан. Достоевский, Юрий Трифонов хоёрыг нэгтгэж байгаа зүйл нь сэтгэл зүй, ёс суртахууны сэдвээр амьдралын нарийн нандин зүйлийг философийн хэмжээнд хүртэл зохиолдоо тусгасан байдал нь юм. Ф.М.Достоевскийн зохиолын үйл явдал нь жигтэйхэн бужигнаад дуусдаг. Харин цаад нарийн зүйл нь хүний ёс жудаг, нарийн нандин харилцаа байдаг. Достоевский 1840-өөд оны сүүлээр социалист үзэл санааг дэмжиж байсан. Тэгээд нууц бүлгэмд явж байгаад баригдан, алах ял заагдаад, сүүлдээ цөлөгдөж байсан хүн. Хамгийн сүүлд бурханы сургаалгүйгээр явахгүй юм байна гэдгийг ойлгосон. С.Баяр бол маш өндөр боловсролтой залуу. Энэ хүн надад Трифоновыг Монгол хэлнээ буулгаач гэж хандаж байсан хэрэг. “Үйлтэй байшин”-г Баяр редакторлосон. Д.Баясгалан хүү болохоор “Хөвүүн заяа”-г редакторлосон юм. Тиймээс тэд миний орчуулсан номын баярын хүндэт зочид болсон.

-Та Достоевскийн агуу таван романы дөрөв дэхийг сая Монголчууддаа эх хэлээрээ өргөн барилаа. “Хөвүүн заяа” романд ер нь юуны тухай гардаг бол?

-За яахав, номын нэрийн тухайд эхлээд ярья л даа. Романы гол баатар Аркадий Долгорукий насны цээнд хүрч хорь гармагц, энэ хорвоод туулсан амьдралаа 19-тэй үеийнхээ хэдхэн сарын явдлаас ургуулан тэмдэглэн үлдээж байгаа хэдий ч энэ залууг “өсвөр хөвгүүн” гэхэд болохгүй гэхийн газаргүй. Энэ насан дээр залуу хүн бие бялдрын хувьд төдийгүй үзэл санаа, зан суртахууны хувьд бойжин төлөвших явц нь үргэлжлэх учиртай гэж үзээд, романыхаа нэрийг “Подросток” хэмээсэн гэж их зохиолч тайлбарласан байдаг. Уул нь подросток буюу өсвөр настан гэж арван наймаас дооших арван хэдтэнг хэлдэг нас судлалын түгээмэл ойлголт байдаг юм байна. Би романы нэрийг Монголоор юу гэхийг элдвээр үзэж, учир мэдэх зарим нэг хүнтэй санал солилцсоны эцэст “Хөвүүн заяа” гэж нэрлэсэн. Энэ нэр бол “подросток” гэдэг орос үгийн орчуулга биш гэдэг нь мэдээж. Гэхдээ романы гол баатрын заяа төөрөг хийгээд зохиолчийн өгүүлэх гэсэн гол санаанд гайгүй дүйцэх мэт санагдсан. Энэ роман Достоевскийн “Великое пятикнижие” буюу “Агуу таван ном” гэгдсэн таван романы сүүлээсээ хоёр дахь нь юм. Би бол дээрх таван номыг “Таван тансаг судар” гээд хөрвүүлчмээр санагдаад байгаа юм. Энэ романы дараа зохиогч “Карамазовын хөвүүд”-ээ туурвиад тэнгэрт хальсан байгаа юм. Энэ романд ариун гэр бүл, тохиолдлын гэр бүл гэдэг хоёр ойлголтыг Аркадийн хувь тавилантай сүлжин, Оросын тэр үеийн язгууртны ёс суртахууны ялзралтай холбон, нийгмийн ямархан ноцтой асуудал болсныг томьёолсон. Бараг бүтэн хагас зууны тэртээх Оросын нийгмийн энэ үзэгдэл өнөөгийн манай нийгэмд яггүй тулгамдсан асуудал болоод байгааг юу гэлтэй ч билээ дээ.

-Энэ романтай “Голомт”-ын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан холбогддог нь ямар учиртай билээ?

-Монгол хүн эртнээс нааш бурхан, ном бүтээх, сүм дуган барих зэрэгт хөрөнгө чинээ, хөлс хүчээ өргөж, оюуны соёлын нандин өвийг цогцлоож ирсэн байдаг. Баясгалан энэ романыг редакторлохоос гадна ивээн тэтгэсэн. Ийм номын цагаан буяны үйлстэнүүд дэлхий дахинд ч их түгсэн бөгөөд соёл-шинжлэх ухааны үйлсийг ивээн тэтгэгчдийг мисенасчууд, оросоор меценат гэж тусгайлан нэрлэдэг. Манай тооллын өмнөх нэгдүгээр зуунд аж төрж асан Ромын эзэнт гүрний улс төрийн зүтгэлтэн, дипломатч Мисенасын алдраар ингэж нэрийдсэн юм билээ. Энэ эрхэмтэн Хораций, Вергилий зэрэг тухайн үеийн сэцэн билигтнүүдийн бүтээл туурвилуудыг ивээн тэтгэдэг байж. Хоёр жилийн өмнө, миний тэргүүлдэг “Дэндэвийн Пүрэвдорж сан” санаачлан их найрагчийн сэрэг хөшөөг төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болдын урласнаар төрөлх Өвөрхангай аймгийн төвд нь залсан юм. Чамгүй өртөгтэй энэхүү төслийн зардлын ноён нурууг бизнесч Да.Баясгалан даасан. Ийм л гэгээн сэтгэлтэй хүү номын барилдлагаар Монголынхоо уншигчдад ивээлээ хайрласан хэрэг.

-Та анх ямар номоор орчуулгын ажлаа эхэлж байв?

-1972 онд “Гайхамшигт эгшин” хэмээх уулынхны номыг анх орчуулж байлаа. Манай “Тунгалаг Тамир”-архуу хувьсгалын тухай роман юм. Тавиад жил ном орчуулж байгаа гэхэд болно. 1980 онд Виктор Астафаевын “Хаан загас” хэмээх бэрх номыг орчуулсан. Энэ романыг одоо орхигдсон гурван бүлгийг нь оруулж, хуу нөхөн орчуулж уншигчдын гарт хүргэе гэж зүтгэж байна. Миний орчуулгууд яахав, ард түмний ходоодны талханд нь нэмэргүй юм аа гэхэд бөндгөрийн талх нь болоосой гэж бодох юм. Михаил Булгаковын “Мастер, Маргарита”-г Монгол хэлнээ буулгасан. Энэ бүхэн надад жаахан туршлага болсон юм уу даа. Түүнээс хойш манай Хужиртын Баасанжав гэдэг нөхөр “Достоевскийг орчуул, тэр дундаа “Гэм зэм”-ээс эхэл” гэсэн юм. Би бол орчуулахдаа нэг их зүдрээд байдаггүй, зөөлөн хөрстэй газрыг хурц хүрзээр гишгэж байгаа юм шиг л шударчихдаг нөхөр байгаа юм. Чулуу мулуу таарвал хар хурхийлгээд л явчихна. (инээв)

-Романуудын ариутган шүүгчид чинь найман сар гаруй хугацаанд ноцолдсон гэж байсан. Та хэдүй хугацаанд орчуулав?

-Цаадуул чинь худлаа хэлж байгаа юм. Редакторлоход юу боллоо гэж долоо, найман сар хараад суугаад байхав. Би орчуулахдаа л зургаан сарын дотор шударчихаж байгаа юм чинь. Календарийн хугацаагаар долоо, найман сар суугаа байлгүй, юу боллоо гээд ганц номтой зууралдаад суугаад байх вэ дээ. Цаадуул чинь “Энэ Гомбосүрэн юу гэж худлаа шааж вэ” гээд нарийн тулгаад хараад суугаад байхгүй шүү дээ. Найруулга гайгүй шиг юм чинь аяндаа уншигдаад явчихна. С.Баяр бол бичиг цаасанд жигтэйхэн зүгширчихсэн хүн шүү дээ. Баясааг түг таг газар нь будаж тэмдэглээрэй гэсэн. Тэдний хэлсэн зөвлөгөө маш их хэрэг болсон.

-Тэр хоёр тэгээд аль хэр зурж тэмдэглэсэн байх юм?

-Би бол өөрийгөө шүүмжлэх дургүй хүн учраас “Гайгүй дээ” л гэж хэлнэ. (инээв) Баяр миний орчуулгыг тоож байгаа зураг зурдаг хүн л дээ. Тиймээс Трифоновыг буулгахыг санал болгож байлаа.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]