Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хий нь ариллаа, Хүй мандлын дэнж, Халхын хавтгайд Намхай аваргыг дийлэх хүн одоо гарахгүй ээ"Уншсан6,177

Иймд залгаа хошуу нутгийн эв зүйг бодож эх зах хүмүүсийн сурган хэлснээр Сандаг˗Очир хүү Заяын бөхөд бууж өгсөн гэдэг. Энэ бол Бадаргуултын 13˗р он буюу 1887 оны улаагчин гахай жил бөгөөд бөхчүүлийн хэлж байснаар «хөдөөгөөс олсон олз» Сандаг˗Очир хүү бол хожим халх Монгол даяар нэр нь дуурьсах Намхай аварга тийнхүү 17 насандаа анх удаа наадмын дэвжээнд гарч байгаа нь тэр ажээ

Өтгөс хөгшдийн ярилцдаг тэр нэгэн зун Түшээт хан аймгийн Дайчин чин вангийн хошуунаас хэсэг эрчүүл алсын замд ачаа хөсөгтэй явцгааж байжээ. Ярьж хэлэлцэх үгийг нь сонсвоос арай жирийн биш бөгөөд дуу хоолой нь эрдүү хүчтэй байр байдлыг нь ажваас хүн хүнээс онцгой хүдэр бадир энэ хэдэн хүнийг хэн ч гэсэн алс нутгийн бөхчүүл нэгэн том наадамд зорьж явна гэж андахгүй мэдэхээр ажээ. Яг энэхэн үед тэдэнтэй нэгэн бага шиг хөвүүн дайралджээ. Хөдөө нутагт хаа ч тохиолддог тааруу муухан хувцастай, юм үзэж, нүд тайлаагүй байрын энэ хүү хонгор зүсмийн шүдлэн үрээ унаж хонь хариулж явсан юм санж.

- За хүү минь юуг нь их сонирхоо вэ гэж бөхчүүлийн нэг нь асуусанд хөвүүн,

- Ах нарыг наадамд явж байгаа бөх улс бол уу гэж бодоод сонирхон харж байна аа гэж хэнэггүй үнэнээ хэлжээ.

- Тийм нь ч тийм л дээ. Харин чи өөрөө бас наадамд очиж барилдах санаатай яваа хүн биш биз дээ гэж нэг нь тэр хүүгээр тоглоом хийж өгүүлсэнд,

- Очиж үзэх юм сан гэж тэр хүү царай нь улайсхийн хариулжээ. Гэвч энэ үгийг хэн ч анзаарсангүй, хуучин даавуу тэрлэгтэй, хоньчин хөвгүүний номой бүрэгхэн байдал, өөртөө зохиогүй үг асууж байгаа зэргийг шоолон инээлдэж буй тэдгээр хүчтэн эрсийн инээдэм дунд хөвүүний хэлсэн үг зам дээр унан үлджээ. Гэвч хүү тэднээс үлдэж хоцорсонгүй хариулж явсан хонио орхичхоод барааны газар өнгөртөл даган явсан тул тэдгээр бөхчүүдийн ахмад нэг "За хүү, үг олдож үхэр холдох гэж байдаг юм. Цаад хонь чинь хэцүүдлээ, буцна байгаа даа" гэсэнд, бас нэг нь "Эсвэл бидэнтэй хамт Сайн ноёны аймаг орж Заяын гэгээний их наадамд хүчээ үзэж барилдах гээ юү" гэв. Хөвүүн нүд нь сэргэж цуг явъя! гэж аяархан хэлжээ. Мөн дөө хөөрхий! гэж хэдэн бөх нижигнэтэл хөхрөлдөөд,

- Арай сэрүүдэх байгаа, хүү минь. Хонин дээрээ байж байвал чинь хот айлын багачуулаас ам угтуул таарах юм давхиад ирж юу магад... За буцаж үз! гэж хөөжээ. Хөвүүн дуртай дургүй үлдэн хоцорсонд бөхчүүл ч өөр юм ярьсаар ажиг ч үгүй цааш явжээ. Гэтэл нэг мэдэхэд нөгөө хөвүүн ард нь дагаад явж байв.

- Үгүй энэ чинь яасан айхтар хүн таарав аа та минь! Буцна уу, үгүй юү чи? Яв! гэж ам амандаа хөөж явуулжээ. Хэсэг яваад эргэж харахад ашгүй юм алга байсанд нэг нь,

- Одоо ч үлдээ шив! Зайлуул энэ хүү ухаан муутай юм байлгүй! гэсэнд ахмад бөх нь,

- Ухаан нь ч муугүй байх аа... гээд өөр юм хэлэлгүй дуугүй болжээ.

 Орой болсон хойно сая анзаарвал нөгөө хүү, нөгөө л хонгор шүдлэнгээ унаастай өдрийн хэвээр ард нь явж байж гэнэ. Түүнийг хармагцаа энэ чинь арай нүдэнд хий үзэгддэг хэрэг биш байгаа даа? гэж бодоцгоогоод айх гайхах зэрэгцжээ. Гэвч өдрийн хөвүүн биеэрээ мөн тул аргагүй тайвширч дор дороо зэмлэж, загнан, одоохон буц! гэж элдвээр үзсэн боловч тэр хөвүүн буцсангүй. Үдэш тэднийг буудаллахад хамт буугаад хонгор шүдлэнгээ чөдөрлөж тавьчхаад ажилд нь туслалцан суужээ.

- Ийм айхтар салдаггүй хүнтэйгээ учрах гэж бас байдаг аа та минь гэж нэг нь хэлэхэд нэг бөх,

- За одоо яах вэ? Наадам л үзэх гэсэн эр хүн юм биз! Уг нь ч залуу эр хүний хүсдэг л юмны нэг мөн дөө! Хүү минь ингэхэд хэний хүү гэгч байна даа чи чинь гэсэнд хөвүүн,

- Би Шагдарын бага хүү... гэжээ.

- Нэр хэн бэ хө?

- Сандаг˗Очир

- Уухай, нас хэдтэй вэ?

- Арван долоотой...

- Мөн дөө, морин жилтэй хүн юм. Чи тэгээд барилдах дуртай хүн юм биз дээ?

- Дуртай!

- Зөв дөө хө! гэх зэргээр жаахан тоглоом шоглоомын үгс ярилцаж байгаад унтацгаажээ. Өглөө нь тогоо шанага барьж яваа нэгэн энгийн хар хүнд,

- За чи энэ хүүг нэг сайн хаяад өг! Цаадах чинь хашраад буцаг, бид ч гэсэн ичээж хөөе! гэжээ. Хүүг хонгор шүдлэнгээ усалчхаад ирэхэд нь тэд хөтөчтэйгөө барилдуулжээ. Гэтэл хөвүүн хөтөч хар хүнийг амархан унагааж орхисонд дахин барилдуулав. Хөтөч дахиад унажээ.

- Үгүй хараач хөөе! гэсээр тэдний нэгэн сагсуухан залуу бөх нь давхиж очоод барилдсан нь дорхноо тэр хүүд шидүүлжээ.

- За та минь биш боллоо шүү! Би ч ер юу л бол гэж өчигдрийнх бодсон юм гэж ахмад бөх өгүүлэн "Бүгдээрээ дэс дараагаараа барилд" гэжээ.

Тийнхүү нөгөө шоолж инээж явсан хөвүүнтэйгээ бүгдээрээ дэс дараалан барилдаад, дэс дараалан унацгааж, хамгийн сүүлд ахмад бөх өөрөө тэр жаал хүүтэй барилджээ. Гэтэл ахмад бөхийг ч гэсэн тэр хүү дор нь унагааж орхив.

"Яах вэ хөөрхий! Хөдөөгөөс олдсон олз! Заяын наадамд аваачиж өргө? өө", гэж ахмад бөх аяархан хэлж байсан гэдэг.

Бусад бөхчүүд нь цөм гайхсан ичсэн хоёртоо болоод дув дуугүй болж, түүнээс цааш Заяын гэгээний наадам болохоор товлосон газар хүртлээ хоол цайгаа хувааж идэн, үеийн юм шиг явцгаажээ. Заяын наадамд хол ойрын нэртэй нэртэй бөхчүүл цугларсан тул их л өргөн том наадам болжээ. Мань Сандаг˗Очир хүүг ч тэнд амд гаргуулан барилдуулжээ.

Сандаг˗Очир хүү гурвын даваа хүртэл хоёр том бөхийн аманд очиж түүнээ төвөггүй орхисон ба гурвын даваанаас эхлэн харин түүний сүрхийг мэдсэн бөхчүүд авахгүй учраас хамт явж ирсэн нөхөдтэй нь хар хүчээр тулган барилдуулсан тул тэдгээрээ хаялсаар яваад үзүүр түрүүнд үлджээ. Энд Заяын гэгээний нэгэн бөх үлдсэн тул цуг явж ирсэн бөхчүүл нь Сандаг˗Очир хүүг лам ноёдын эвийг бодон заавал бууж өгөөрэй гэж ятгажээ.

Үүний учир гэвэл, тэр үед хөдөөгийн энэ мэтийн нэгэн лам, ноёны наадамд хэрэв тэдний өөрийн нь нэг бөх үзүүрт үлдвэл гаднаас очсон бөх хэчнээн дээгүүр цолтой буюу хүч чадалтай боловч эрхбиш бууж өгдөг тийм нэгэн заншил байсан ажээ. 

Иймд залгаа хошуу нутгийн эв зүйг бодож ах зах хүмүүсийн сурган хэлснээр Сандаг˗Очир хүү Заяын бөхөд бууж өгсөн гэдэг. Энэ бол Бадаргуултын 13˗р он буюу 1887 оны улаагчин гахай жил бөгөөд бөхчүүлийн хэлж байснаар «хөдөөгөөс олсон олз» Сандаг˗Очир хүү бол хожим халх Монгол даяар нэр нь дуурсах Намхай аварга бөгөөд тийнхүү 17 насандаа анх удаа наадмын дэвжээнд гарч байгаа нь тэр ажээ.

Хэдэн жилийн хойно буюу 1892 оны уул тайлгын наадамд Намхай барилдаж Богдын шавийн бөх Гонгоржав заан (хожмын арслан)-д буулгуулж үзүүрлэн заан цол хүртжээ. 1895 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн бөгөөд улмаар 1896 оны их даншигт 11-ийн даваанд Дугар аваргыг хаяж түрүүлэн даян аварга цол, 1897 оны их даншигт 11-ийн даваанд Дугар аваргыг дахин хаяж түрүүлэн дархан аварга цол хүртсэн байна.

1893 оны Их Даншигт олон наадамчин гадаа том тогоо зоож, үхрийн мах мөч мөчөөр нь эвдэж хийгээд чанаж байжээ. Гэтэл чанасан махаа гаргаад идэцгээх үеэр нэгэн залуухан эр хүрэлцэн иржээ. Байдлыг үзвээс энэ наадамд барилдах гэж ирсэн нь ил болохоор, бөх хүнд булчин голдуу мах өгдөг ёсоор үхрийн нэгэн шаант авч өгчээ. Нөгөө хүн уул шаантыг шүдээрээ мөлжин идэж дуусаад, дотоод хормой, алчуур хоёроороо хоёр үзүүрийг нь жийрэглэсхийж баримагц ясыг нь амархан хуга мушгиад чөмгийг нь сорж, нэгэн үзүүрийн чөмгийг дэргэдээ байсан хүнд өгчээ.

Хүмүүс түүнийг гайхан бахархаж нэрийг асуувал Намхай аварга байсан ажээ. Энэ наадмын 11-ийн даваанд Богдын шавь Ламзав арсланд Намхай буулгуулж үзүүрлэн арслан цол хүртжээ.

Дараа жил нь Намхай аварга нутгаас гараад их наадамд барилдахаар явах замдаа хээр хоножээ. Намхай аварга, том хар богцтой явсан тул түүнээ дэрлээд зүүрмэглэн хэвтэж байжээ. Гэтэл нэг хүн ирээд шөнийн харанхуйд, зүс үл мэдэгдэн, Намхайн дэрлэж хэвтсэн богцыг толгой доороос нь сэм сугалан авахыг оролджээ. Үүнд Намхай аварга нэг гараараа богцныхоо ёроолоос барьж чангааж байсан тул цаад хүн нь аяархан татаад дийлэхгүйг мэдээд чанга татаж булигаар богцыг тас татчихжээ.

Үүнийг үзмэгц цаад хүн нь,

-  Өө чи Намхай юу? гэхэд Намхай нь,

- Аа чи, муу Хулгар нохой юу? гэж бие биесээ таниад инээлдэж байсан гэдэг.

- Цаад хүн нь Намхайн сайн танил, Дайчин вангийн «Хулгар Нацаг» буюу Баянмөнх арслан мөн ажээ.

Бас нэгэн удаа Дайчин ван өөрөө өвлийн ид хүйтэнд хүрээ рүү ирж явахдаа, тэмээн хөсгөөр хэдэн хүний хамт явсан гэдэг. Тэдгээр хүмүүсийн дотор Намхай аварга, Хулгар Нацаг нар байжээ. Гэтэл нэгэн шөнө хүчтэй шуурганаар буудаллаж том майхнаа босготол цасан шуурга хаяагаар нь ороод майхныг авч хаях гээд майхны хаяа манах юм олдохгүй байжээ. Ингээд цөмөөрөө гайхан байтал хулгар Нацаг, Намхайг дуудаж цасан шуурганд, босохгүйгээр хэвтсэн хомтой тэмээдийг хэвтээ чигээр нь дамжлан өргөж майхныхаа хаяаг даруулан тавилъя! гэжээ. Тэгээд энэ ёсоор хоёул хэвтээ тэмээнүүдийг дамжлан өргөсөөр, том майхны хаяаг тойруулан тавилж даруулсан тул дулаан хоносон гэдэг яриа бий билээ.

 Вангийн хүрээний наадамд (Булган) Намхай аварга, хулгар Нацаг хоёр очжээ. Барилдааны завсар хэдэн бөхчүүд хууч хөөрч суухад урдуур нь нэг сайхан зээрд морь хөтөлсөн хүн өнгөрөв. Нацаг тэр морийг сонирхоход бусад нь наадамд барилдаад түрүүлсэн хүнд өгөх юм гэв. Нацаг Аа, тэгвэл энэ морийг би авдаг хэрэг ээ гэжээ. Үнэхээр ч тэр наадамд Намхай, Нацаг хоёр үзүүрт үлджээ. Тэр хоёр урьд өмнө олон барилдсан бөгөөд Нацаг нь Намхайгаа бараг дийлдэггүй байв. Гэтэл Нацаг нь Намхайг нохой мордож түрж хөөгөөд давчихжээ. Нацаг тэр зээрд морийг авч баярлахдаа: Намхай аваргыг хавиргандаа гурван хуруу хийтэй гэж бөх андахгүй хөгшчүүл ярьдаг юм билээ. Одоо тэр нь арилах шиг боллоо. Хүй мандлын дэнж, Халхын хавтгайд Намхай аваргыг дийлэх хүн одоо гарахгүй ээ гэсэн байдаг.

Үнэхээр ч хулгар Нацагт унаснаас хойш Намхай аварга босоо байжээ. 1895 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн бөгөөд улмаар 1896 оны их даншигт 11-ийн даваанд Дугар аваргыг хаяж түрүүлэн даян аварга цол, 1897 оны их даншигт 11-ийн даваанд Дугар аваргыг дахин хаяж түрүүлэн дархан аварга цол хүртсэн байна. Даншиг наадамд 10, Арван засгийн наадамд 9 түрүүлж (төрийн наадамд 19 түрүүлсэн гэсэн үг) энэ цагаас хойш хүчтэний өлгий Монгол бөхийн дэвжээнд түүний үзүүлсэн амжилтыг давсан бөх өнөөг хэр гараагүй хэвээр байгаа юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]