Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Төмөр хааны бунханг нээсэн ньУншсан274

Авсны дээр үнэхээр бичиг байсан ба нэг биш бүр хоёр бичиг байж. Эхнийх нь Төмөрийн гарал үүслийн тухай бол хоёр дахь бичиг нь уг булшийг Улугбек гурган барьж дуусгасан тухай байж.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1941 оны 6-р сарын 21-нд Зөвлөлтийн эрдэмтэд Төмөр эмирийн булшийг ухаж гаргаснаас болж ЗХУ-ын хувьд Аугаа их Эх орны дайн эхэлсэн хэмээх яриа бий. Эртний Египетийн фараонуудын оршуулгатай нэгэн адил энэхүү булш бунхан өөрийн гэсэн хамгаалалт болсон аюулт хараал агуулж байсан, тэр хараал ерөөл хүрч дайн эхэлсэн, дараа нь тэрхүү булшийг дахин булснаар Улаан арми Сталинградад Паулюсын армийг бутцохин дуусгасан гэх хүмүүс олон. Энэ үнэн үү?

Үнэхээр Төмөр эмирийн булшийг яг тэр дайны өмнөхөн ухаж гаргаж ирсэн нь яах аргагүй үнэн. Уг булшийг олж илрүүлэн судлах ажил аль эрт эхэлсэн ба Зөвлөлтийн эрдэмтэд Киев дэх мэргэн Ярославын булшийг ухаж, судлахдаа хуримтлуулсан туршлагаа энд бас хэрэглэхээр шийдсэн байна.

1941 оны 6-р сард Зөвлөлтийн археологичдын баг Гур-Эмир дэх булшийг ухаж эхлэхдээ энэ булшинд чухам Төмөрийн ач болох Мухамад султан байна уу, Догшин хааны өөр бусад олон удам судар нь байгаа болов уу, эсвэл бүр... гэж догдолж байсан гэдэг. Эртний бичиг судраар бол энд олон хүний шарил байж магадгүй төдийгүй бүр Төмөр хааны шарил ч байж болох магадлал их байжээ. Энэ булшийг анх Төмөр нас барсан ачдаа зориулан бариулж байгаад өөрөө таалал төгссөн ба түүний бас нэг ач Улугбек дуусгасан гэдгийг ч эрдэмтэд сайн мэдэж байлаа.

 Эхлээд Төмөр хааны хүүхдүүдийн шарилыг гаргаж авсан бол 18-нд Төмөрийн ач Улугбекийн шарилыг гаргаад 19-ний өдрөөс яг гол булштай ажиллаж эхэлжээ. Шарилыг ухаж байх үед борооны ус их хэмжээгээр орж ирж ажилд саад болж байсан, дараа нь хүнд чулуу өргөх өргөгч механизмууд ээлж дараалан эвдэрсэн, цахилгаан гэрэл байнга унтарч байсан, агаар дутаж хүн ухаан алдах дөхөж байсан гэх олон явдлууд болж байсныг заавал хэлэх хэрэгтэй байх. Эхлээд их хэмжээний шавар бүтэцтэй шороог зайлуулсны дараа таван давхар чулуун хавтан байсныг цэвэр хүний гарын хүчээр зайлуулсан ба үүний дор байсан гантиг чулуун авсыг гаргаж иржээ.

Авсыг нээхэд 172 см хэрийн өндөртэй хүний араг байснаас гавал нь ихээхэн гэмтсэн (авсанд ус орсноос гэмтэж муудсан байв), хоёр хөл нь урт богино (нэг хөл нь гэмтлийн улмаас богино болж бороолсон) байжээ. Төмөр өөрөө байлаа.

Археологийн багийн удирдлагуудын нэг Михиал Михайлович Герасимов Төмөр хааны болон түүний ачийн гавлаас нүүр царайны дүрийг нь баримал байдлаар гаргахаар шийдсэн гэдэг. Судалгаагаар урт богино хөлтэй хүн нь яах аргагүй Төмөр, нөгөө ач болох Улугбек нь засгийн эрхийн төлөөх тэмцэлд ялагдаж хөнөөгдсөн болохыг тогтоосон байна.

Энэ булшийг ухах үед нутгийн гурван хөгшин ирж эртний нууц ном үзүүлэн, Төмөрийн булшийг хөндвөл их дайн гарна гэж анхааруулсан, дараа нь энэ хүмүүсийг хайгаад олоогүй, булш байгаа байрны ханан дээр (зарим нь авсны таган дээр гэдэг) “Булш ухвал их дайн гарна”, “Ухсан хүн их гай зовлонтой учирна” гэсэн анхааруулсан үг байсан ч атеист эрдэмтэд үүнийг үл тоон ухсан гэсэн яриаг уншигч олон сонссон, уншсан л байж таараа. Үнэндээ тийм юм байгаагүй гэнэ лээ.

Авсны дээр үнэхээр бичиг байсан ба нэг биш бүр хоёр бичиг байж. Эхнийх нь Төмөрийн гарал үүслийн тухай бол хоёр дахь бичиг нь уг булшийг Улугбек гурган барьж дуусгасан тухай байж.  Ямар ч онцгой сонин гэмээр үг яриа, хэллэг байсангүй. Яахав Төмөрийн дээд удам сударт чоноос жирэмсэлсэн эмэгтэй байсан тухай дээрх бичигт дурдсан байдаг ч энэ бол Монголчууд бидний хувьд ёстой гайхах, будлих юм огт биш нь ойлгомжтой. Төмөр нь ямар нэг хэмжээгээр Монгол цустай болохоор чоныг өвөг дээдсээ гэж үздэг байсан нь гайхах юмгүй.

Судалж шинжилж дуусаад, бас дайны хүнд цаг үе болохоор энэ зэргийн ажлыг аль болох эрт дуусгаж зогсоох гэж хичээж байсан нь ойлгомжтой бөгөөд шарилыг 1942 оны 11-р сард дахин оршуулсан гэдэг.

Төмөрийн булшийг ухсанаас болж дайн эхэлсэн тухайд бол юу ч гэмээр юм бүү мэд. Дэлхийн 2-р дайн 1939 онд эхэлсэн, Гитлер ЗХУ руу довтлохоор шийдэн Барабаросса төлөвлөгөөг баталсан үе бол 1940 он гэхэд л хангалттай болов уу. Мөн тэрхүү булшийг ухахад оролцсон олон эрдэмтэд үрэгдсэн, тэр нь хараалтай холбоотой гэх яриа ч утга учир багатай. ЗХУ тэр их дайнд 27 сая хүнээ алдсан гэдгийг л юуны түрүүнд санах хэрэгтэй байх. Тэгээд ч тэр булш ухахад оролцсон цөөнгүй эрдэмтэд дайны дараа эсэн мэнд үлдэж, ажиллаж байсан билээ. Булшны хараалын тухайд нэг ийм бол эртний Египетийн фараоны булш, муми,  хараал ерөөлийн тухай дараа өгүүлэх болно.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]