Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Тавхан төгрөгийн үнэтэй алтан амь"Уншсан4,454

Улс орны болоод хүмүүний намтар түүх өгүүлсэн, өөрөө тухайн цаг үеийнхээ нийгмийн гэрч болж үлдсэн хуучны хөрөг ярилцлага, нийтлэлүүдийг манай сайт сэргээн уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа 90-ээд онд манай нэгэн өдөр тутмын сонинд хэвлэгдэж, тэр үедээ нийгэмд чамгүй шуугиан дэгдээж, олны анхаарлыг татаж асан нэгэн сургамжит нийтлэлийг хүргэе. "Тавхан төгрөгийн үнэтэй алтан амь" хэмээх энэ нийтлэлийг шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич С.Нарангэрэл гуай Монголын Өмгөөлөгчдийн холбооны Төв зөвлөлийн гишүүний хувиар бичиж нийтлүүлж байв. Аль ч улс оронд, хүний нийгмийн ямар ч цаг үед энэ нийтлэлд өгүүлсэн шиг уурын мунхгаар эмгэнэлтэй хэрэг явдал өдүүлсэн тохиолдол гарсаар байдаг нь харамсалтай.

 

"Тавхан төгрөгийн үнэтэй алтан амь"

 

Сэтгэл шимшрүүлсэн зар

Хотын хөл хөдөлгөөн, чимээ шуугиан татарч, шугамын автобус, троллейбус зогсчээ. Гэр хол учир унаа олоод харьчихсан гэж бодогдоно. Таксинд гар өргөвч зогсох янзгүй. Хувийн тэргэнд бас гар өргөе гэж бодов. Гэтэл “Нийслэлийн сонин бичигт” нийтлэгдсэн хүн амины нэгэн хэргийн зар гэнэт санаанд орж айдас төрүүлэв.

"1990 оны дөрөвдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө иргэн Б, УБДС-ийн орчмоос Москвич машинаар ХIII хороололд хүргүүлээд замын хөлсөнд таван төгрөг өгсөнд жолооч "бага байна" гэснээс маргаж 00.40-01 цагийн орчимд зодолдож, жолооч нь түүнийг хутгалж амь насыг хохироосон жигшүүрт хэрэг үйлджээ. Гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилсан байна. Зарим гэрчийн мэдүүлж байгаагаар хэрэгтэн этгээд 170 см орчим өндөр, хүдэрдүү биетэй, бараан царайтай, цоровгордуу уруултай, шулуун хамартай, 30 орчим насны хүн байсан ба хажуудаа өөрөөсөө арай багавтар туранхай залуугийн хамт явжээ.

Гэмт этгээд машиндаа өнгө засал, хувиргалт хийж амжсан буюу хийж болзошгүй юм.

Улаанбаатар хотын Сэргийлэх газар

Гэмт этгээд түүнтэй хамт явсан залуу одоо юу бодож хаана яваа бол. Хүний амь тавхан төгрөгтэй тэнцдэг болсон гэж үү дээ.

 

Хохирогч өмгөөлөгч авсны учир

Царай цонхийж харуусал гунигийн ул мөр нүдэнд нь хурсан хижээл насны нэгэн хүн намайг өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргасан юм. Энэ хүн эрийн цээнд хүрсэн ууган хүүгээ бусдын гарт эмгэнэлтэйгээр алджээ. Тэрбээр болсон хэрэг явдлыг надад ярив. Тэр яриа элэг эмтэлж, зүрх шимшрүүлсэн юм. Үүнээс ч тэр үү завгүй, боломжгүй гэж хэлж зүрхэлсэнгүй. Хохирогч өмгөөлөгч авах явдал манайд бараг гардаггүй. Хуульзүйн ухамсар өндөр хөгжсөн улс орны хувьд харин ердийн зүйл л дээ.

Хохирогчид эрх ашгаа хамгаалуулахыг хүсэх болов. Заримдаа тэд хуулийн байгууллагад итгэл алдах ч тохилдол цөөнгүй байна. Хүн амины гэмт хэрэгт л гэхэд хэрэгтнүүдийн өөрсдийгөө хаацайлсан өчиг мэдүүлгээр асуудал шийддэг гэж үзэж байна. Хүний эрх, энэрэнгүй ёс гэсэн нэрээр гэмт хэрэг өдүүлэгчдийн эрх ашгийг түлхүү анхаарч бөөцийлөн, хохирогчийн эрх ашиг, тэдний цаана буй олон хүмүүсийн эрх ашиг хамгаалалтгүй хоцрох явдал гарч байгаа бололтой. Ийм л учраас сүүлийн үед хохирогчид арга буюу хуульзүйн нарийн мэргэжлийн туслалцаа авахыг эрмэлздэг болжээ.

Хохирогч өнөө үеийн эгэл жирийн залуусын нэг байв. 28 нас хүрэх байсан. Арван жилийн сургуулийг сурлага сайтай дүүргэж, харь газар дээд сургуульд суралцах боломж байсан боловч эх орондоо политехникийн дээд сургууль төгсчээ. Инженер-эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн. Эхлээд төрийн нэг яаманд мэргэжилтэн, дараа нь ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож, савхин эдлэлийн үйлдвэрийн ажилчин залуучуудтай ажилласан. Энэ нь хүнтэй, тэр тусмаа залуу хүмүүстэй ажиллах дадлага болжээ. Улмаар хамт олныхоо итгэл, хүндлэлийг хүлээж үйлдвэрийнхээ ахуй, хангамж хариуцсан албан тушаалтнаар томилогдсон. Хэргийн хавтаст хохирогчийн ажил, зан байдлын тодорхойлолт байна. Зарим хэсгээс нь дурдья.

Батаа (нэрийг өөрчлөв) нь ажиллах хугацаандаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарч нэг ээлжээр 120 хүнд үйлчлэх хүч чадалтай ажилчны сувилал бариулж ашиглалтад оруулах, туслах аж ахуй байгуулж ажилчдын гуанзны хэрэгцээг нэмэгдүүлэх, хүнсний мухлаг, хийжүүлсэн ундааны цэг нээж ажиллуулахад идэвх зүтгэл гарган ажилласан юм. Батаа нь хамт олондоо нэр хүндтэй, даруу төлөв зантай, бусадтай нөхөрсөг харилцаатай байсан.

Энэ бол түүнд өгсөн албан ёсны сүүлчийн тодорхойлолт. Хохирогч зан суртахууны төлөвшил сайтай байжээ. Эх нялхсын төлөө, үр хүүхэд, хань ижил, гэр орондоо зориулах цагаа хугаслаж ирсэн ээж, зарчимч шударга аавынх нь зан чанар нөлөөлжээ. Хүнтэй нийцэрхэг, тусархуу зантай. Англи, герман хэл бие дааж оролдоно. Гар, сагсан бөмбөг зэгсэн тоглоно. Дөнгөж ой өнгөрч дэгж дэрвэж, аав, аав гээд шулганаж яваа хүүтэй.

- Миний аав яасан юм бэ? гэж тэр хүү удахгүй асуух болно. Юу гэж хэлэх вэ? Цэл залуугаараа ханиа алдсан залуу бүсгүй. Амьдын хагацал үзэж, ууган хүүгээ харамсалтай алдаж санан дурсах тусам гол нь харлаж, сэтгэл нь шаналж яваа эх, эцэг... Ийм л хохирогчийн хууль ёсны эрх ашгийг өмгөөлж хамгаалж, шүүх хуралд оролцох болов.

 

Болсон явдлын мөрөөр

Мөрдөн байцаагчийн бүрдүүлсэн хоёр хавтас хэрэг миний урд байна. Энд багагүй хөдөлмөр, оюуны зарцуулалт шингэжээ. Мөрдөн байцаагч бол угтаа эрэлхийлэгч, хайгуулч хүн. Гэмт хэргийн халуун мөрөөр орж, хэргийн зангилаа, ээдрээг тайлж, гэмт этгээдийг олж тогтооно. Гэмт этгээдийг олсноор тайвширч огт болдоггүй. Түүний ярьсан хэлсэн зүйлд туйлширч хөтлөгдөхгүйгээр хамгийн гол нь хэргийг зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт цуглуулж, баримтаар хөдөлбөргүй нотлоход л оршино. Эл хэргийн гэрчүүд хохирогчтой хамт дээд сургуулийн нэг анги дүүргэсэн. Тэднийг Барбаатар, Цэцгээ гэдэг (нэрсийг өөрчлөв). Орон нутагт ажиллаж амьдарч байгаад саяхан хот орж ирсэн. Хохирогч тэднийхээр очсон. Хохирогч "Манайх саяхан шинэ байранд орсон. Та нар манайд очиж хоноод ажилдаа шууд явчих" гэжээ.

Тэд ч зөвшөөрсөн. Ийнхүү Батаа, Барбаатар, Цэцгээ гурвуул замдаа хамт нэг ангид сурч байсан найзынхаараа оржээ. Тэд оюутны хөгжөөнт үеэ, ангийн хамт олноо дурсан ярьж, гэрийн эзний задалсан архийг хувааж уусан байна. Тэднийхээс харихаар гарч УБДС хүрчээ. Тэндээс хувийн тэргэнд гар өргөж суусан байна. Тэр машины жолооч, түүний дэргэд сууж явсан залуу хоёрыг Цэцгээ сүүлд олон хүний гэрэл зураг дотроос шууд таньсан юм.

Шүүх хурлын шинэчилсэн байцаалтын үед Цэцгээгээс ийнхүү асуужээ. "Автомашинтай явсан залуус болох М, Б хоёрыг яагаад ингэж сайн нүдлэв. Урьд нь зүс таних уу?" гэхэд "Тэр орой анх удаа харсан. Бид машинд суусны дараа Батаа 10 төгрөг задлах уу" гэсэн юм. Жолооч, нөгөө залуу хоёр огт дуугараагүй. Харин нөхөр минь задалж өгсөн. Яг энэ үед жолооч залуу "Хэдэн төгрөг өгөх гээд байгаа юм бэ гэж огцом уурлаж асуусан. Тэгэхэд л түүний царай зүс тод үлдсэн" гэж тэр хариулсан юм. Цэцгээ тэднийг үнэхээр сайн нүдэлж авсан аж. УБДС-ийн үүд хавиас ХIII хороолол хүртэл ганцхан автобусны буудал, хэдхэн хором явах газар гэдгийг та бодоод үз л дээ.

Хувийн машины жолоочийг М гэдэг ажээ. Тэр эрхэлсэн тодорхой ажилгүй, ах эгч, хамаатан садангаасаа мөнгө зээлэн хувийн машин авчээ. Машин техник жолоодох эрхээ ч хасуулсан байжээ. М тэр орой бензин авахаар явах замдаа тэдэнтэй тааралдсан гэж ярьдаг. Замын зохицуулагчид ажлаасаа бууж хяналт шалгалтгүй болсон үед сая уяа нь алдарсан юм шиг явж мөнгө орлогын хойноос хөөцөлддөг байсан бололтой. Хэнээс ахиухан мөнгө авахаа ч андахгүй болжээ. Хоёул явдаг ч их учиртай.

М-ийн удаа дараагийн мэдүүлгүүд өөр хоорондоо эрс зөрүүтэй. Зөрүүг мөрдөн байцаагч нарийн гаргаж үнэндээ чадсангүй. Тэр илэрснээ ойлгож хаашаа ч бултахын аргагүй болсон үед сэргийлэх дээр өөрөө очжээ.

М ямар хүн бэ гэдгийг би сайн мэдэхгүй. Түүнд сайн чанар байгааг үгүйсгэхгүй. Тэгэхдээ хавтаст хэрэгт цугларсан баримтууд түүнд итгэх итгэлийг алдагдуулж байгаа юм. Хохирогчтой нас чацуу энэ залуу сурагчийн хувийн хэргээ хуурамчаар үйлдсэн. 1981 онд хамгийн энэрэнгүй мэргэжил эзэмшихээр АУДэС-д орсон. 1985 онд жижгээр танхайрч шүүгчийн тогтоолоор 10 хоног баривчлагдах арга хэмжээ авагдсан. Олон цагийн хичээл тасалсан учир хоёр жилийн хугацаагаар үйлдвэрлэлд шилжсэн. Тэр жилээ танхайрах гэмт хэрэг үйлдэж, торгох ялаар шийтгүүлсэн. 1987 онд эргэж суралцсан боловч бас л олон цагийн хичээл тасалжээ. Үүний улмаас деканатын зөвлөлгөөнөөр орох болсон байна. Гэтэл согтуу ирж зүй бусаар авирлаж агсагнажээ. Ингээд эмч болоход ганцхан жил дутуу байхад сургуулиас хөөгдсөн. Хүний анатоми, амин чухал эрхтэн хаана байдгийг тэр заалгасан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд М-ийн халаасанд байсан хутга балиус  хэлбэртэй, 21-24 см-ийн урт, 1,5-2,5 см өргөн, нимгэн төмөртэй, хоёр талдаа иртэй, хурц шөвгөр үзүүртэй байлаа. М тэр хутгыг хэргийн газар дээр хаясан гэдэг боловч тэндээс олдоогүй. Хутга гүн нэвтрэн орж хохирогч ганц ч үг хэлж чадсангүй нам унажээ. Хүний амь гэгч шүүдрийн дусалд цахилгаан гялбалзах адил эгшин зуурт үгүй болох юм даа.

 

Дээд шүүх алдах учиргүй

Шүүх хурлын шинэчилсэн байцаалт удтал үргэлжлэв. Шүүх хурлын бүрэлдэхүүний даргалагч нь дунд эргэм насны эмэгтэй. Олон янзын хэрэг учралыг шүүн тунгааж, туршлага суусан нь илт. Хоёр ардын төлөөлөгч нь идэр насны эрэгтэй, эмэгтэй залуус. Үнэнийг тогтоохын төлөө «далд тэмцэл» үргэлжилсээр.

Цаасан дээр бичсэн хуулиас гадна түүнийг хэрэгжүүлдэг амьд хууль бий. Энэ нь хуульчид, тодруулж хэлбэл төрийн нэрийн өмнөөс таслан шийдвэрлэх тогтоол гаргах онцгой эрхтэй шүүгчид юм. Өнөөдөр энэ хуулиас их зүйл шалтгаалж байна. Хуульдаа нийцсэн, хөдөлмөрчдийн олонхийн санаа бодолд тохирсон шударга шийдийг манай хүмүүс шүүхээс хүсэн хүлээж байна. ...Удаан хүлээлгэсэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанаас гарч ирэв. Таслан шийдвэрлэх тогтоолоо уншив. М нь танхай балмадаар хүний амь насыг хохироосон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. Энэ гэмт хэргийн талаар Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн «б»-д 15 жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял тогтоосон байна. Харин шүүх М-д цаазаар авах ял оногдуулав.

Удалгүй Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллеги энэ хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хянан хэлэлцсэн юм. Энэ хурал 1990 оны 11-р сард болов. Анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөгджээ. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн 1990 оны магадлалд "М ялимгүй шалтгаанаар танхай балмад сэдэлтээр бусдыг алсан гэх хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Харин согтуу хүмүусийн таарамжгүй харьцаа, өдсөн үг ярианаас үүссэн маргаан, машинаас цаг авч буусан зэргээс шалтаглан харилцан зодолдох гэж машинаас бууж барилцан авсан үедээ карманд байсан хутгаар Б-гийн амин чухал газар нь хутгалж амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна" гэж заажээ. Ингээд Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйл болгосон. Эл зүйл нь хүндрүүлэх хөнгөрүүлэх шалтгаангүйгээр санаатай алах гэсэн агуулгатай. 15 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.

 

Хохирогчийн гомдол тасарсангүй

Эл хэргийн талаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн шүүх коллегийн гаргасан магадлал хуулийн үндэслэлтэй эсэхийг хянах, эсэргүүцэл бичих хоёрхон албан тушаалтан бий. Энэ бол Улсын Дээд шүүхийн дарга, Улсын Ерөнхий прокурор юм. Тэдэнд хандаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийм өргөдөл бичжээ.

"Хууль гажуудуулж гарсан шийдвэрийг хянаж, хэрэв шүүх алдаа гаргасан байвал засаж залруулах хариуцлагатай үүргээ та нөхдийг хэрэгжүүлэх байх хэмээн итгэн найдаж, горьдсоор өдий хүрэв. Багагүй ч хугацаа өнгөрлөө. Гэтэл таг чиг. Арга буюу иргэний хувьд, хохирогчийн хувьд та нөхдөд хандаж байна. Хүү минь гэмт этгээдийн хүний мөсгүй, нинжин сэтгэлгүй зан араншин, зориуд бэлтгэн авч явсан аймшигт мэсэнд орь залуу амь насаа харамсалтай алдаж эх, эцэг, төрөл төрөгсөд, хань ижил, үр хүүхэд хамт олныхоо сэтгэлийг шимшрүүлж, юугаар ч нөхөшгүй хохирол учирсан. Гэтэл Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллеги хэргийг хянаад гаргасан шийд бидний гайхлыг төрүүллээ. Амь нас нь хохирсон талийгаач хүүг минь буруутай гэж үзэв. Алуурч этгээд ямар нэгэн хүндрүүлэх шалтгаангүйгээр хүн алсан болж зөвдөв. Анхан шатны шүүх дээд хэмжээ өгөх өгөх ёсгүй байсан хэрэгт цаазаар авах ял оноосон алдаатай шийдвэр гаргасан болов. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн магадлалын агуулга угтаа алуурч амьд явах эрхтэй, хохирсны хохь гэсэн утга санаа бидэнд төрүүлэв. Амийг амиар сольж цусан өшөө авах бодол санаа хохирогч бидэнд огт байхгүй. Харин манайд байгаа хууль яагаад хэрэгжихгүй байна. Хүний амьд мэнд аж төрөх эрхэнд баталгаа байна уу? Хохирогчдын эрх ашиг гаргуундаа гарсаар байх уу. Төр маань, хууль маань бидний эрх ашгийг хамгаалж чадахгүй юм гэж үү дээ. Эдгээр асуулт хохирогч бидний сэтгэлийг үнэхээр зовоож байна. Төрийн хуулийн жолоог атгасан та нөхдөд итгэн найдаж, шат алгасан Төрийн эзэн Ерөнхийлөгчөө чилээлгүй хуулийн заалтыг хүндэтгэснийг минь болгооно уу?

Хохирогчид өргөдлийнхөө хариуг хүлээсээр л... Гэмт хэргийн өсөлт бүхний сэтгэлийг түгшээсээр...

Хатуу засаг, төр тогтоохыг хүмүүс шаардаж байна. Үүнийг ардчилал эрх чөлөөг боогдуулах гэсэн санаа гэж үзвэл ихээхэн учир дутагдалтай болох юм. Хуулиа дээдлэн биелүүлж, хуулийн хүрээнд хүн бүхэн ажиллаж амьдрах нь чухал байна. Хүн төрөлхтөн нийгмийн амьдралыг зохицуулагч олон хэрэгсэл бий болгосон боловч одоо хүртэл хууль шиг үр нөлөө, далайцтай хэрэглүүр алга байна. Энэ учраас хаа хаанаа хуулиа дээдлэн хэрэгжүүлэхгүй бол Монгол орноо сэргээн мандуулах санаа хоосон мөрөөдөл болж болзошгүй.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 24. 17:39
Зочин

odoonii huuli gej naimaa bolson uu huuli bolson uu esvel guuli ni ch bolsiimuu meedqu. hun aminii hereg baitugai ulsiin esreg tagnuul hiisen urvasan mungu hulgailsan l geh yum. Eniig meddeg hun baidag ch yum uu baidaggui ch yum uu heden setguulch ohiduud ni l heruul hiigeed yavah yum he he. amandaa heden haltar tugrug chihuulcheed jargav uu tegeed? bayajij targalvuu? terniihee buyand yamar ch baisan turj uhsengui yu? ineeh ch hetsuu uilah ch hetsuu yum daa. Mongol uls mini.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]