Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын Курск шумбагч онгоцны аймшигт ослын үнэн түүхУншсан17,762

Энэ жил ЗХУ-ын үеийн цөмийн осол болох Чернобылийн цөмийн эрчим хүчний станцын дэлбэрэлтийг харуулсан кино бүх цаг үеийн баримтат цувралын жагсаалтад дээгүүр байр эзэлсэн юм.

Энэ жил ЗХУ-ын үеийн цөмийн осол болох Чернобылийн цөмийн эрчим хүчний станцын дэлбэрэлтийг харуулсан кино бүх цаг үеийн баримтат цувралын жагсаалтад дээгүүр байр эзэлсэн юм. Монголын үзэгчид ч сонирхон үзсэн энэ цувралын араас тун удахгүй Курск хэмээх цөмийн шумбагч онгоцны ослын тухай шинэ кино дэлгэцнээ гарах гэж буй бөгөөд Их Британийн алдарт жүжигчин Колин Фирт гол дүрийг нь бүтээжээ. Сүйрсэн шумбагчийн жинхэнэ түүхийг өгүүлье.

Курск шумбагч онгоцны түүх нь жирийн нэг тэнгисийн цэргийн сургуулилтаас далайн гүнд үхэл амьдралын зааг дахь цөхрөлтгүй тэмцэлдээн болж хувирсан түүх билээ.

2000 онд энх цагийн хамгийн аймшигт шумбагч хөлгийн осол Оросын эргээс холгүйхэн тохиолдсон юм. Цөмийн бөмбөг тээвэрлэж явсан шумбагч онгоц гэнэт дэлбэрч, багийн гишүүдийн олонхийн аминд хүрч, улмаар хэдэн зуун бээрийн гүн амьд үлдсэн арав гаруйхан хүнийг усан дороос аврах хүнд ажилтай нүүрэлдүүлсэн. Далайчдыг аврахын тулд олон улсын аврах багийнхан ирсэн хэдий ч тэднийг цаг алдалгүй аврах боломжийг ашиглаж чадсангүй.

Хүйтэн дайны үеэр Зөвлөлтийнхний хамгийн их эмээж байсан зүйлсийн нэг нь Америкийн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцнууд байсан бөгөөд энэ хөлгүүдийн тусламжтайгаар Оросын эх газрыг хүрээлсэн тэнгис далайн мандлаас цөмийн цохилт үзүүлэхийн сацуу ЗСБНХУ-ын өөрийн баллистик пуужингийн ангиудыг сүйрүүлэх чадамжтай гэж болгоомжилж байв.

Тиймээс хүйтэн дайны үеэр Америкийн тээвэрлэгч хөлөг онгоцнуудын аюулыг дарж авахын тулд ЗСБНХУ асар их хэмжээний мөнгийг зэвсэглэлдээ зарцуулж байлаа. “Антей” ангиллын шумбагч онгоц ийм шийдлийн нэг байв. НАТО-гоос “Оскар II” хэмээн нэрлэсэн шумбагч хөлгийг цөмийн цэнэгт хошуу бүхий пуужингаар бүрэн тоноглож, мөнөөх янкуудын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцнуудыг тусгайлан далайн гүнээс сөнөөхөөр бүтээсэн байдаг.

Оскар II нь 154,8 метрийн урт, 18,3 метрийн өргөнтэй, 19,400 тонн усан түрцтэй нүсэр хөлөг байв. АНУ-ын цөмийн зэвсэг тээвэрлэгч хөлгүүдтэй эн зэрэгцэхийн тулд Зөвлөлтийнхөн шумбагч нэг бүрээ 190 мегаваттын цахилгаан гаргах хүчин чадал бүхий усан хөргүүртэй ОКБ650 гэх цөмийн реактороор тоноглож байв. Хөвж байх үедээ 28 км/цаг, шумбасан үедээ 59 км/цагийн хурдтай. Цэнэглэсэн тохиолдолд дахин цэнэглэлгүйгээр 120 хоног буюу 4 сар үүргээ гүйцэтгэх хүчин чадалтай.

Оскар II АНУ-ын бүхэл бүтэн флотыг устгахаар хэмжээний торпед, пуужингууд тээвэрлэдэг байв. Шумбагч тус бүр 33 фут (10м) урт, 15,400 фунт (6985 кг) жинтэй, жижиг онгоцтой дүйх хэмжээтэй нийт 24 ширхэг Р-700 гранит пуужин тээвэрлэдэг байв.

Уг пуужин нь 20 км хүртэлх өндөрт 1,5-2,5 mach буюу 1800-2800 км цагийн хурдтай нисэх чадалтай бөгөөд 750 кг хүртэлх тэсэрдэг цэнэгт хошуу аль эсвэл 500 килотоннын цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж, 625 км зайнаас цохилт өгөх чадалтай байв. Легенда хиймэл дагуулын чиглүүлэгч системийг ашиглан байгаа онилно. Нийт 13 Оскар I болон Оскар II шумбагчийг Зөвлөлтийн үед бүтээсний нэг нь К-141 буюу Курск байсан юм. Курскийн бас нэгэн гайхамшиг нь болох "Шквал" торпедийн тухай тодотгол хийвэл, энэ торпед нь 500 км/цаг хурдтай усан дотор "буудан нисэх" торпед бөгөөд 1980-аад оноос зэвсэглэлд орсон утгаараа хорвоод хосгүй зэвсэг байж. Энэ үед АНУ, Франц, Их Британи, Хятадын шумбагчийн торпедууд дээд тал нь 80 км/цаг хурдалж байжээ.

Амжилтгүй болсон сургуулилт

Курскийг 1994 онд бүрэн дуусгаж, Оросын Умард флотод шилжүүлсэн. 2000 оны 8-р сарын 15-нд Курскийг "Адмирал Кузнецов" болон байлдааны "Пётр Великий" хөлгүүдийн хамт Баренцийн тэнгисийн томоохон сургуулилтад гаргасан байдаг. Сургуулилтыг ажиглахаар БНХАУ-ын тэнгисийн цэргийн мэргэжилтнүд, батлан хамгаалахынхан ирсэн байжээ. Учир нь энэ үеэр цөмийн шумбагч "Курск" нь "Шквал" торпед ба "Гранит" пуужингийн ажиллагааг БНХАУ-ын төлөөлөгчдөд сонирхуулж, яваандаа олон улсын зэвсгийн зах зээлд өндөр үнээр зарах төлөвлөгөөтэй байжээ. Ингээд Курскийг өвч зэвсэглэсэн бөгөөд "Шквал" торпед ба "Гранит" пуужингаар "Кузнецов" руу хуурамч цохилт үйлдэх ёстой байв.

Орон нутгийн цагаар өглөөний 11:20 цаг болоход усан доорхи дэлбэрэлт сургуулилтын бүсийг ниргэж, хоёрхон минутын дараа бүр ч илүү том дэлбэрэлт дахин гарав. Норвегийн газар хөдлөлтийн хяналтын станц дэлбэрэлтийг хоёуланг нь бүртгэжээ. Эхний дэлбэрэлтийн улмаас 28,000 тонн жинтэй байлдааны хөлөг "Пётр Великий" чичирч онгоцны тавцан дээрх бүх усан цэргүүд тэнцвэрээ алдан унаж байсан гэж Оросын нэгэн бүртгэлд бичсэн байдаг.

Дэлбэрэлтэд хэмхчүүлсэн Курск усан дор 108 метрийн гүнд, 20 хэмийн хөндлөн өнцгөөр живэв.

Албан ёсны мэдэгдэлд багийн гишүүд өндөр идэвхит түлш бүхий торпед дээр ажиллах туршлагагүй байснаас дэлбэрэлт үүсч сүйрсэн гэдэг байна. Дэлбэрэлтийн хүч 2-3 тонн тэсрэх бодис тэсэрсэнтэй тэнцэж байсан бөгөөд тэсрэлтийн үр дүнд 2700 градусын халуун үүсч дахин 5-7 торпед халууны нөлөөгөөр дэлбэрсэн ажээ. Европын газарзүйн хүрээлэн Рейхтерийн шаталбараар 4,2 түвшний хүчтэй доргилтыг тэмдэглэж авсан бөгөөд тэсрэлтийн долгион Аляаскийн эрэгт хүртэл мэдрэгдсэн байдаг.

Хачирхалтай нь ийм хэмжээний дэлбэрэлт болсон ч гэлээ онгоцны эх бие бүрэн дэлбэрээгүй байсан нь уг онгоцны хэр бат бөх болохыг харуулах бас нэг үзүүлэлт юм.

Эхний дэлбэрэлтийн улмаас тээвэрлэгч хөлгийн торпед ачсан хошуу хэсэгт томоохон ангал үүссэн. Оросын Тэнгисийн цэргийн хяналтын албанаас сүүлд шумбагч онгоцонд байсан 65-76A төрлийн хэт хүнд жинтэй торпед дэлбэрч, ангал үүсэх шалтгаан болжээ хэмээн тайлбарлаж байв. Дэлбэрэлтийн шалтгаан нь устөрөгчийн хэт ислийг түлшний савтай холбох дамжуулагчийн алдагдалтай холбоотой байж болзошгүй хэмээн тооцоолов. Модон тавиур дээр 35 хувийн устөрөгчийн хэт исэл гоожсоноор хөдөлгөөн хийх үед гал гарсан ба шаталт хэдийгээр агаарт тархмал бус байсан хэдий ч маш ширүүн төдийгүй унтраахад их хугацаа зарцуулагдах байв. 50 хувийн хэт исэл политен бүрээсийн дор байрлах тулгуур тавцан руу нэвчсэнээр аяндаа гал авалцаж, дэлбэрэлтэд хүргэсэн” хэмээн шинжээчид илтгэсэн байна.

Учир нь бусад олон торпедуудын адилаар 65-76А төрлийн торпед нь устөрөгчийн хэт ислийг усан доорхи түлш болгон ашиглаж байв. Хамгийн том аюул бол хэрэв уг химийн нэгдэл органик нэгдэлтэй юм уу галтай хүрэлцвэл шууд дэлбэрэх байв.

АНУ-ын Анагаах Ухааны Үндэсний номын сангийн (АУҮНС) мэдээлснээр “Устөрөгчийн хэт исэл нь өөрөө шатамхай шинж чанартай биш боловч хэрэв шатамхай бодистой нэгдвэл аяндаа шаталт үүсгэх юм уу өөрөө задарч хүчилтөрөгчийг чөлөөлснөөр шаталтыг дэмжих үйлдэлтэй” гэжээ.

 

Аюултай /шийдвэрлэх/ мөчүүд

Тэгэхээр Курскийн тавцан дээр юу болсон бэ? Хоёр удаагийн дэлбэрэлт! Тухайн үед болсон байж болзошгүй үйл явдлын товчооныг дурдвал: Устөрөгчийн хэт исэл асгарснаар гал авалцаж эхэлсэн, энэ нь эргээд 65-76A төрлийн торпедны цэнэглэгч хошуу дэлбэрэхэд хүргэсэн. Улмаар торпедын хэсгийн дээд талын их биед ангал үүсжээ. Дараагийн дэлбэрэлт нь шумбагч онгоцны үлдсэн торпедуудын дэлбэрэлтээс үүссэн байна.

Курск шумбагч живснээр багийн 118 гишүүд бүгд амь үрэгдээгүй юм. Хөлгийн офицеруудын нэг болох Дмитрий Косельников тэргүүтэй нийт 23 хүн ослоос амьд гарсан ч бүгд шархаа даалгүй таалал төгссөн билээ.

Англи, норвегичуудын багаас бүрдсэн яаруу сандруу зохион байгуулагдсан аврах үйл ажиллагааг эс тооцвол Оросын засгийн газрынхан нэг ч амьд үлдэгсдийг цаг алдалгүй аврах боломжгүй байлаа. Хэмхэрсэн шумбагчийг 2001 онд дахин сэргээж Оросын тэнгисийн цэргийн Росляково дахь шумбагч онгоцны үйлдвэрт буцаасан байна.

Ослын шалтгааны өөр нэг хувилбар

ОХУ-ын флот Баренцийн тэнгист байлдааны үзүүлэх сургуулилт явуулж байхад энэ районд АНУ-ын "Мемфис", "Толедо", "Лос-Анжелес" шумбагчууд, тагнуулын усан онгоцууд, Норвеги, Шведийн байлдааны усан онгоцууд жижүүрлэж байсан бөгөөд ялангуяа "Толедо" шумбагч "Курск-ийн эргэн тойронд ойртож очсон бол "Мемфис" шумбагч дундын зайнаас сургуулилтыг ажиглаж байв. Тиймээс Курскийг Америкийн "шинэ Виржиния" ангилалын эдгээр шумбагчийн нэгтэй мөргөлдсөн, шинэ үеийн торпедод оногдсон гэх мэтээр ярьдаг.

Тиймээс ч сүүлд гарсан батлагдаагүй олон мэдээллийн хувилбараар бол сургуулилтын үеэр америкийн шумбагчууд сэмхэн цохилт өгч Курскийг сөнөөсөн гэх ойлголт. Боломжгүй хувилбар мэт боловч "Курск"-ийн дэлбэрэлтийн улмаас гэмтсэн Мемфис шумбагчийн аврах дохиоллын хөвөгч автоматаар усан мандалд гарсныг оросууд дараа нь олсон байна. Бага ба том тэсрэлт болсныг сейсмографууд тэмдэглэснийг эхнийх нь америк шумбагчийн торпедын тэсрэлт ба хэдэн минутын дараа том дэлбэрэлт болсон нь "Курск" шумбагчийн торпедын дэлбэрэлт гэж энэ хувилбараар үздэг байна.

Сүйрлийн дараахан Мемфис шумбагч Норвегийн Берген цэргийн баазад засвар үйлчилгээ хийлгэсэн бол, Толедо шумбагч Британийн боомтод засварт оржээ. Британийн эргээс Атлантын далайг гатлан АНУ-ын зүүн эрэг хүртэл усанд шумбалгүй хөвсөөр бүтэн 5 жил үргэлжилсэн их засварт оржээ.

Мөн ОХУ-ын нисэх хүчин Мемфис шумбагчийг хайн мөшгиж Норвегийн агаарын орон зайд ороход Норвегийн флотын командлагч Эйнар Скорген ОХУ-ын Балтийн тэнгисийн флотын командлагч Поповтой холбогдон тодруулахад "Америкийн гэмтэлтэй шумбагчийг хайж байгаа" гэсэн хариулт өгсөн тухайгаа хэвлэлд хожим ярьсан байдаг аж.

Сүйрэл болсноос 3 хоногийн дараа ТТГ-ын дарга ОХУ-д ирж В.Путинтай уулзсан ба удалгүй ОХУ-ын өрийн 50 хувь цуцлагдаж 15 миллиард долларын нэмэлт зээл Кремльд өгсөн тухай хэвлэлүүд бичсэн байх юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]