Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ард түмнээр хамгаалуулсан хулгайчУншсан16,658

XX зууны эхэн үеийн Герман улсад цэрэг армийн төлөөлөгчдийг хүндэтгэдэг, хайрладаг, бахархдаг тийм цаг үе байлаа. Дээр нь Герман улс хатуу эмх журам, яг таг байдлаараа угаасаа алдартай орон.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Оргодлуудад халтай оргодол ахмад” хэмээх нийтлэлдээ Германы нэгэн залуу Люфтваффе-гийн ахмадын хувцас олж аван баахан будлиан тарьсан тухай бичиж байсан бол энэ удаа тэр нөхрийн удам судрын байж мэдэхээр бас нэг луйварчин эрийн тухай сонирхуулъя.

XX зууны эхэн үеийн Герман улсад цэрэг армийн төлөөлөгчдийг хүндэтгэдэг, хайрладаг, бахархдаг тийм цаг үе байлаа. Дээр нь Герман улс хатуу эмх журам, яг таг байдлаараа угаасаа алдартай орон.

Тийм цаг үед Фридрих Вильгельм Фойгт хэмээх нэгэн хүү гуталчны гэрт мэндэлж, өсөн томрох явцдаа аавынхаа ажил мэргэжилд тусалдаг болсон байна. Аав нь ч хүүгээ сайн гуталчин болно гэж боддог, болгох гэж зүтгэдэг байсан боловч харин хүүгийн хувьд ийм амьдрал дэндүү уйтгартай, утгагүй, ядуу санагддаг байж.

Хүүгийн хувьд энэ бүхнээс нэг мөсөн салах арга нь их мөнгөтэй болох явдал гэж харж байсан ба их мөнгөтэй болохын тулд худал хэлж, хулгай хийх л хамгийн зөв зам мэт санагдаж байв. Фридрих хулгай хийж эхлээд яваандаа элдэв бичиг баримт хуурамчаар хийхтэй хослуулсаар залуу насаа өнгөрөөжээ. Энэ хугацаанд тэрээр бас ч багагүй “амжилтад” хүрсэн боловч хэд хэдэн удаа баригдсаны дараа 15 жилийн ял авчээ. 1906 онд шоронгоос гарсан эр 57 нас хүрч байв.

Шоронгоос гараад аавынхаа зааж байсан гуталчны мэргэжлээр ажиллахаар шийдэн Берлин дэх эгчийндээ амьдран, гутлын фабрикт оржээ. Даанч цагдаа нар “шоронгийн хадаасыг” Берлинд байх бүртгэлгүй гээд шууд хөөв. Өөр хүн бол ийм байдалд орсондоо гутарч, гудамжны гуйлгачин болохоор байсан бол Фогт ухаантай хүн тул тэгсэнгүй. Өстөн болсон нийгмээ нэг сайн тохуурхах, бас дээр нь мөнгө төгрөг ихтэй баян тарган болох гэсэн бодлоосоо салаагүй мань нөхөр том ажилд бэлдэж эхэллээ.

Тэрээр Германы цэрэг офицерын нэр хүндтэйг, цэрэг байлдагчид нь төдийгүй энгийн ард иргэд нь ч офицерын үгийг яг таг биелүүлдэг өндөр сахилга баттайг ашиглахаар шийдсэн байна.

Эхлээд ахмад цолтой цэргийн хувцасны хэсгийг энд тэндээс олж цуглуулж, олдохгүй байгааг нь өөрөө хийж байгаад ахмадын дүрэмт хувцастай боллоо. Адилхан болсон ч гэж жигтэйхэн. Ажилдаа орох цаг болжээ.

Берлин хотод нас тогтсон ахмад орж ирсэн нь өнөөх Фойгт байлаа. Орж ирэнгүүтээ л хотын хамгаалалтын хэдэн цэргүүдийг зад загнаж хариуцлагагүй байдал, цалгар назгайг нь шүүмжилж, загнаж сүйд хийсэн төдийгүй нэлээд хэдэн янз бүрийн тушаал өгөхөд айж сандарсан цэргүүд тэр даруй гүйцэтгээд, өмнө нь ирж годойтол номхон зогсон илтгэж байв. Даварсан Фойгт бүр нэг түрүүчийг цэргээс халсан гээд боддоо. Гэтэл энэ нь үнэндээ эртнээс бэлдсэн төлөвлөгөө байжээ.

Түрүүчийг халж хаячхаад дөрвөн цэргийг нь аван галт тэргэнд сууж Кёпенка хотын засаг захиргааг чиглэн явах үед тэдгээр цэргүүд хажууд нь яг л бие хамгаалагч шиг байж, босож хөдлөх болгонд нь л тас хийтэл өсгий хавсран ёсолж, модойтол номхон зогссоор.

Хотод орж ирсэн хэд шууд л захиргаа руу явж ороод, Фойгт ч галзуурч өглөө. Хотын байдал, эмх журам, хүн ардын эрүүл мэнд, боловсрол... өөр юу байдаг юм тэр болгоныг шүүмжлэн уурласаар тэвчээр алдсан бололтой хотын дарга болон санхүү хариуцсан нөхрийг баривчлах боллоо. Эдгээр нөхөд асар их мөнгө идсэн бололтой сэжигтэй харагдсан болохоор тэр юм гэнэ. Хотын санхүүд байсан бүх л мөнгийг нэг хайрцагт хийлгэж лацдаж битүүмжилсэн нь одоо хийх санхүүгийн шалгалтад зориулсан зүйл гээд “Ардын мөнгийг аюул осолд орохоос хамгаалахын тулд өөрөө авч явах болно” гээд гарын үсэг хийж өгчээ. Ийм насны цэргийн хүндэт офицер худлаа хэлж болно гэж тэнд байсан хүмүүст бодогдоогүй тул үүнд нь хэн ч гайхсангүй. Шийдэмгий, баатар хөгшин байна даа л гэж бодоцгоосон бололтой. Фойгт мөнгөө авахдаа гарын үсгээ өөрийнхөө хоригдож байсан шоронгийн даргын нэрээр үлдээжээ. Харин цэргүүддээ “Ард иргэдийн эрх ашгийг уландаа гишгэсэн муусайн луйварчин хулгайч нарыг маш чанд сахин хорих, хаашаа ч холдохгүй байхыг хатуу анхааруулсан” байна.  Өнөө хэд нь ч “Яволь“ гээд л өсгий хавсран ёслоод байсан байлгүй.

Фойгтын гэмт хэрэг хийсэн газарт байх хөшөө

Кёпенка хотын захиргааны хамаг бузар булайг Берлинд очиж дэлгэхээр явж байгаа Фойгтын араас хотын олон хүн үнэн санаанаасаа амжилт хүсч байлаа.

Ахмад маань вокзал дээр очоод аяга кофе уучихаад бие засах газар ороод эргэж гарч ирсэнгүй. Харин оронд нь энгийн хувцастай, ажил хэргийн хүн л гарч ирсэн ба ганц том цүнхтэй энэ хүн дараа нь хаашаа явсныг хэн ч мэдсэнгүй буюу усанд хаясан чулуу шиг л таг болж.

Энэ хэргийг мөрдсөн цагдаа нар Фойгтыг олж авах байтугай хэн бэ гэдгийг нь мэдэж чадаагүй учир хамгийн сүүлийн арга болгож олон нийтэд болсон бүх л үйл явдлыг мэдээлж, сэжиглэж байгаа хүний гадаад дүр төрхийг зарласан байна. Энэ мэдээлэл шоронд хүрэхэд Фойгтой цуг хоригдож байсан нөхөр бүхнийг ойлгож өндөр шан харамж авахын тулд мэдэх бүхнээ ярьж өглөө. Цагдаа нар ч хэргийн учгийг барьж авсан хойно зогсолтгүй ажилласаар хоёр долоо хоногийн дараа Фойгтыг олж, баривчилсан байна.

Одоо Фойгт насаараа шоронд орох нь тодорхой мэт байсан боловч олон нийт түүнийг хамгаалж эхэллээ. Ер бусын зориг, сэргэг ухаан гаргасан эрийг магтаж, тэнэг цэргүүдийг, Кёпенка хотын засаг захиргааг муулж байсан гэдэг. Энэ бүх явдал олон нийтийн анхаарлын төвд орж, Германы нийгмийн амьдралд нөлөөлж эхэлсэн тул (энд тэндгүй хувьсгалч үзэл бодол Европ даяар тарж байсан цаг үе) Германы хаан Вильгельм II Фойгтыг өршөөсөн тухай зарлиг гаргасан аж.

Энэ явдлаас хойш Фойгт луйвар хийгээгүй ба хийх ч шаардлага байсангүй. Өөрийнхөө хулгайн тухай сэтгүүлч нарт төлбөртэй ярилцлага өгч, номоо хэвлүүлж баяжсан энэ эрийн дуу хоолойг граммофонд бичих, лааны тосон баримлыг нь хийх санал энд тэндээс ирж байсан гэхээр яаж амьдарч байсан нь тодорхой биз ээ. Ямар ч байсан 73 насандаа бие барах үедээ өөрийн гэсэн сайхан байртай, машинтай байсан юм гэсэн.

P.S.

Хаа байсан Германы, аль өмнийн нэг хулгайчийг ярилаа гэж зарим нэг нь загнаж магадгүй л юм. Гэхдээ бидний өнөөгийн амьдралд энэ Фойгт, бас өмнө ярьсан Герольд нар арай өөр хэлбэрээр байсаар байгаа төдийгүй улам бүр олон болж байгаа гэж санагдахгүй байна уу?

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]