Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Барулас угсааны ноёны хүү Төмөр монголчуудын түүхэнд алдартай байлдан дагууллуудыг үргэлжлүүлж алдар нэрээ цууриатуулсан юм. Түүнийг Төмөр хаан, “Доголон” Төмөр, “Бурхны ташуур”, Тимур, Исламын илд, Тамерлан, хэмээдэг байлаа.

Үнэнхүү гайхамшигт одон оронч ҮлүгбэхУншсан7,229

XV зууны үеийн дэлхийн цуутай одон оронч, математикч, геометрч Үлүгбэх хүн төрөлхтний шинжлэх ухаанд хийсэн бүтээснээрээ мөнхөрсөн, түүхнээ алтан үсгээр бичигдсэн суут хүмүүсийн нэгэн бөлгөө.

XV зууны үеийн дэлхийн цуутай одон оронч, математикч, геометрч Үлүгбэх хүн төрөлхтний шинжлэх ухаанд хийсэн бүтээснээрээ мөнхөрсөн, түүхнээ алтан үсгээр бичигдсэн суут хүмүүсийн нэгэн бөлгөө. Түүхнээ Үлүгбэхээр алдаршсан эл эрхмийн жинхэнэ нэр нь дундад Ази гаралтай Мирза Мохаммад Тарагай юм.

Түүний түүх Монголчуудынхтай салшгүй холбоотой нь маргашгүй билээ. Тэр цагт дэлхийг донсолгож асан түүхэн хүн, их хаан Доголон Төмөрийн ач гэдгээрээ ч дэлхийн их түүхийн алтан хуудаснаа мөнхөрсөн алдартан.

Энэхүү эрэлхэг, сүр жавхлант хаан Евроазийг хурааж, эмхэлж явсныг уншигчид маань мэдэх биз. Нарийндаа бол Үлүгбэх нь их хааны отгон хөвүүн Шахрухын ууган хүү ажээ. Эх нь Персийн язгууртан гаралтай эмэгтэй болох Гуаршадбэхи бүлгээ.

Түүнийг өсөж хүмүүжихэд эхийн нөлөө байсан нь гарцаагүй. Персүүд үлгэр домог, түүх шашдир, яруу найраг, утга зохиолоор арвин бас алдартайг хүн төрөлхтөн мэднэ. Тийм улс үндэстний үр сад болох дээрх хатан тухайн үедээ хартьцангуй өндөр боловсролтой нэгэн явсан нь ч дамжиггүй ээ. Үлүгбэх Төмөрийн эзэнт гүрний Персийн нутаг дахь султаны эдлэнд 1394 онд хаврын сайхан улирал хийгээд цаг дор төржээ. Өвөг эцэг нь 1405 онд тэнгэрт халихад эзэнт гүрэн нь хоёр хуваагдаж, нэг хэсгийг ач хүү Халил Султан, нөгөө хэсэг болох Төмөрийн эзэнт гүрний ихэнх хэсгийг эцэг Шахрух нь захиран суух болжээ.

Тэр цагт нийслэл Самаркандыг Шахрух орхин өөр газар буйраа сэлгэн засгийн хэргийг явуулж байжээ. Тодруулбал, эцэг нь буюу Шахрух хаан улсынхаа нийслэлийг одоогийн Афганистан улсын нутагт залсан байна. Ингээд 15 нас хүрч асан Үлүгбэх хүү эртний түүхт, гоо үзэмжээрээ алдартай Самаркандыг захиран суух болсон нь чухамдаа их хувь заяа гэлтэй. Одоогийн өнцгөөс үзэхүл чухам л нүдээ олсон хэрэг билээ. Яван явсаар 1411 онд Мавренахрын эзэн хаан болжээ.

Түүний авьяас билиг хар нялхад нь илэрсэн гэдэг. Хүүхэд ахуйдаа одот тэнгэрийг ажиглаж, одон орны шинжлэх ухааныг шимтэн сонирхож иржээ. Ялангуяа математикийн шинжлэх ухаанд машид авьяастайн дээр ихэнх цагаа эцгийнхээ өвлүүлсэн баялаг номын санд өнгөрүүлдэг байж. Бага залуу насандаа эрх мэдлийг өөртөө хураасан язгууртан жаал хүү өөрийн мэдлийн улсыг эрдэм оюуны гэрэлт төв болгохыг зорьж, тэр л мөрөөдлөө биелүүлэх гэж махран зүтгэсэн түүхтэй. Үнэндээ түүний хичээл зүтгэл итгэл үнэмшлийг ухамсарт оюун ухаан бус бараг бурхан удирдаж байсан юм уу гэмээр.

Монголын түүхэнд эрх мэдэл бүхий хүмүүсээс хамгийн оюунлаг удирдагч тэр байсан гэхэд хилсдэхгүй байх. Түүн шиг ихийг сэдэж, бүтээсэн нь ч үгүй. Харин нурааж, шатааж, түйвээж явсныг дурсвал барагдашгүй ажгуу. 1417-1420 онд Самаркандад “Үлүгбэхийн медрес” хэмээх их сургууль, хүрээлэн байж болох газар байгуулж, исламын хамгийн алдартай далаад одон орончийг урьж авчиран, шинжлэх ухааны цоо шинэ үйлсийг хааны сан хөмрөгөөс сахүүжүүлж байсан нь ч түүний гэрч гэхэд болно.

Хожим энэ нь улам өргөжсөөр Төв Ази дахь одон орны шинжлэх ухааны маш том, тэргүүлэх хүрээлэн болжээ. Шилдэг судлаачид суун, одон гарагийн нууцад нэвтэрч асан гэхээр одоо бол бараг итгэшгүй бүлгээ. Тэрбээр өөр хоёр ч судалгааны хүрээлэнг Гиждуван, Бухар хотноо байгуулсан гавьяатай нэгэн бүлгээ. Мань нөхрийн хамгийн алдартай шавь нь нэрт одон оронч Али Кушчи байлаа. Тэд шинжлэх ухааны төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үл мартагдах, асар гайхамшигт үйлсийг амжуулж чадсан юм.

Үлүгбэхийн удирдсан багийн хүчээр, дайн дажны голомт байсан Самарканд хот дундад зууны үеийн дэлхийн шинжлэх ухааны ариун ордон болж хувирсан байдаг. Үлэмжийн сайхан, үлгэр домгийн гайхамшигт Самарканд түүний үед ийнхүү дахин сэргэсэн гэмой. Үлэгбэх одон орон судлалд бүхий л анхаарлаа хандуулж, 1424-1429 онд Үлүгбэхээр овоглосон дэлхийн одон орон судлалын анхдагч төв хэмээгдэх асар том цогцолборыг мянга мянган боолын хүчээр барьж дуусгажээ.

Самаркандыг тэр чигт нь бүр бүхэлд нь харж болох хотын ойролцоох толгой дээр уг одон орон судлалын төвийн оргил нь сүндэрлэжээ. Түүнийг өөрийн нүдээр үзсэн Бабур хааны бичсэнээр бол гоёмсог бөмбөгөр оройтой, 30 метр өндөртэй, маш гоёмсгоор хуарлан хээлж, пааландсан гурван давхар барилга байжээ. Оргилын гол танхимд нар, сар, бусад од гарагсыг ажиглах асар том дуран авайг суурилуулсан урьд хожид байгаагүй эртний уран барилгын хосгүй нандин дурсгал байсан гэнэ билээ. Барилгын хавтан ханан дээр уур амьсгалын янз бүрийн бүс дэлхийн бөмбөрцөг, од гарагийн хөдөлгөөнийг тэмдэглэсэн хүснэгт, зураг сэлт өлгөөстэйн дээр тэр бүгд одот тэнгэрийн заадсыг ажиглахад хамгийн тохиромжтой байж.

Судалгааны багийн эрдэмтэд сансрын од эрхсийн хөдөлгөөн, шилжилтийг ямарч алдаагүй тооцоолж, байсан нь орчин цагийн эрдэмтдийн гайхал, бишрэлийг ч бардаг ажээ. Одоогийн дуран авайгаар дурандаж байж л олох тэрхүү бяцхан цэгүүдийг оюуны хүчээр нээж байсан нь бараг зөн билигтнүүдийн хийх ажил байсан гэмээр.

Нэг талаас бараг боломжгүй зүйл байсныг мань Үлүгбэх болгосон л байгаа юм даа. Чухамхүү энэ л оргилоос астраномын суурь дэвсгэр болсон 1018 одны байршил зүй, гарагс хоорондын хөдөлгөөн, шилжилтийг тооцоолсон “Одон орны шинэ хүснэгт” зохиогджээ.

Мэргэдийн 30 гаруй жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд буй болсон эл “Одон орны дэлгэмэл зураг” 1444 онд бүтээгдсэн нь өмнөх цаг үед бүтээсэн арабын хүснэгтийн алдааг бүрэн засаж, шинээр 27 ондны хөдөлгөөнийг ч тооцоолон баяжуулсан нь шинжлэхүй ухааны зүгээс үнэлж баршгүй зүйл хэмээхэд хилсдэхгүй. Дундад зууны одон орны шинжлэх ухааны үнэт өв, үндэс суурь нь дээрх дэлгэмэл зураг байсан гэхэд хэн ч маргашгүй, хэтрүүлэх ч болохгүй юм. Орчин цагийн эрдэмтэд, тэрхүү 15 дугаар зуунд, телескоп бүтээгдээгүй байх үед оддын хөдөлгөөний хүснэгтийг тийнхүү ямарч алдаа мадаггүй нарийн тооцож гаргасан нь үнэхээр тайлагдашгүй гайхамшигт оньсого хэмээн нэгэн зэрэг хүлээн зөвшөөрчээ.

Дашрамд сонирхуулахад эл оддын хавтгай зургийн нэг хувь Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байдаг гэнэ билээ. Бид гаргаж таьдаггүй, судалж дэлгэдэггүй болохоос биш билигт өвөг дээдэс байгаагүй бус байсны гэр нь ч эл Үлүгбэх гэхэд хилсдэхгүй. Хамгийн харамсалтай юм нь Дундад Ази дахь мөнөөх одон орон судлалын хүрээлэнгийн хосгүй нандин цогцолбор сүндэрлэн боссоноосоо хойш яг 20 жилийнхээ ойн босгон дээр, өөрөөр хэлбэл, 1449 онд дайн дажны хөлд сүйдсэн түүхтэй.

Үндсэндээ бараг орвонгоороо эргэсэн ажээ. Шинжлэх ухааны эл гайхамшигт төв устаж үгүй болоход дэргэд нь байсан эртний судруудаар нэн баялаг үнэт, ховор номын сан ч газрын хөрстэй тэгширчээ. Хүн төрөлхтний түүхэнд онцгой харамсалтай юм хэрэвзээ байдаг бол түүний нэг нь Самаркандын цаг зуурын мөхөл ч бус эл гайхамшигт хүрээлэнгийн сүйрэл гэхэд хилсдэхгүй биз ээ.

Бид сайныг ч, саарыг ч хийж явсаныг дэлхийн түүх ийнхүү нотлох ажаамуу. Архиологич В.Вяткин тэргүүтэй Оросын эрдэмтэд 1908 онд тус оргилын байрлалыг заасан балархай тэмдэглэлийг олж, сэргээхээр оролдсон баримт буй. Харамсалтай нь барилгын үндсэн хана балгас ба газар доорх суурийн хэсгүүд хадгалагдан үлдсэн байсан ч оргилыг сэргээхэд боломжгүй болжээ. Тэр цагийн техникийн асуудал ч нөлөөлсөн биз ээ. Эрдэмтэд, архиологич нар олдсон тэмдэглэл бичгээр уг барилгын нарийвчилсан загварыг ч гаргаж уг нь чаджээ. Үлүгбэх цуутай одон оронч төдийгүй агуу тооч байв.

Мөн эрх мэдлийг хураасны хувьд тухайн үеийн шинжлэх ухаан, урлаг соёлыг бүх талаар дэмжин хөхиүлж, ордны яруу найраг хийгээд түүхийн зохиол туурвиж байсныг бодоход бүхий л талаараа төгс боловсорсон суутан байсан нь харагддаг юм байна. Энэ бол эрдэмтдийн дүгнэлт гэдгийг хэлэх хэрэгтэй. Дундад зууны үеийн бичгийн нэгэн нандин өв “Дөрвөн улсын түүх” түүнийх гээд бодохоор энэ талд ярих юм байхгүй л дээ.

Үнэнийг хэлэхэд Үлүгбэх 1427-1447 онд төр улсын хүнд бэрх ажлыг цалгардуулан, бүхий л оюун тархиа шинжлэх ухааны сайн сайхны тусын тулд зориулан шавхаж байжээ. Түүнээс Үлүгбэхийн эрдмийн төлөө төрсөн заяамал хүн болох нь харагддаг бөлгөө. Хаан хүний хувьд түүний хийсэн нэгэн том зүйл бол 1428 онд улсын эдийн засагт сайнаар нөлөөлсөн мөнгөний шинэчлэлийн ажил амжилттай хэрэгжсэн явдал юм. Тэрбээр тухайн үеийн жаягаар нэг биш эхнэр, нэлээд олон хүүхэдтэй байжээ. Яг гал сахих хүүхэд нь нуган үр Абдул Латиф, Абдул Азиз хоёр байсан бүлгээ. Охин Робибэх нь тэр үеийн Узбекийн эзэнт гүрний захирагч Абул Хайратай гэрлэсэн түүхтэй. Тэрбээр 1449 онд төрсөн хүү Абдул Латифдаа цаазлуулан нас барсан эмгэнэлт түүхтэй гэдгээр төгсгөлийн орон хийе.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]