Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Цогт тайж” киноны Дулмаа буюу Ардын жүжигчин Л.ЦогзолмааУншсан4,897

1924 оны 6 сарын 15-нд Төв аймгийн Угтаал цайдам сумын Улаан хад хэмээх газар мэндэлжээ. Төрөөд удалгүй ээж нь хорвоод удаан амьдрахгүйгээ мэдээд зэргэлдээх сумын танил айлдаа охиноо өргүүлсэн гэдэг.

Г.Жаргал


1944 оны сүүлчээр дэлгэцнээ гарсан “Цогт тайж” кинонд Дулмаагийн дүрээр залуу насаа мөнхөлсөн Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаагийн тухай онцолж байна.

1924 оны 6 сарын 15-нд Төв аймгийн Угтаал цайдам сумын Улаан хад хэмээх газар  мэндэлжээ. Төрөөд удалгүй ээж нь хорвоод удаан амьдрахгүйгээ мэдээд зэргэлдээх сумын танил айлдаа охиноо өргүүлсэн гэдэг. Л.Цогзолмаа гуай нэгэн ярилцлагадаа “Би төрсөн ээжийгээ мэдэхгүй. Нутгийнхаа Сэргэлэн сумын Лувсанжамц гэдэг танил айлдаа өргүүлсэн байдаг. Намайг зургаан нас хүрдэг жил аав өөд болсон. Өргөсөн ээжийг Долгоржав гэдэг. Ааваас хойш удалгүй өөд болсон. Надаас өмнө Маамаа гэдэг охин хүүхэд өргөж авсан айл байсан. Маамаа эгч ээж ааваас хойш намайг дагуулан нийслэлд орж ирсэн. Би багадаа хөгжим дуу бүжигт дуртай хүүхэд байсан болохоор эгч намайг “Залуучуудын соёлын ордон”-ы хөгжмийн ангид оруулсан. Гайхалтай сайн эгч, ижий байлаа. Ижийн хайрыг бүрэн дүүрэн үзээгүй хүн дээ, би. Харин өөрөө ижий болж эх хүний жаргалыг мэдэрсэн” хэмээжээ.

1938-1940 онд Залуучуудын соёлын ордонд шанз мандолин хөгжим тоглож байсан 16 настай Л.Цогзолмаа 1940 онд Улсын цирк үүсгэн байгуулагдаж авьяастай хүүхэд сонгон шалгаруулж авахад  жааз хөгжмийн бүлэгт хуваарилагджээ. Тэнд саксофон хөгжим тоглож сурснаар жинхэнэ хөгжимчин болох үүд нь нээгдсэн гэдэг.  Ингээд 1944 он хүртэл Улсын циркт жааз хөгжимчнөөр ажиллаж байгаад 1944-1957 онд театрт хөгжимчин, дуучнаар тус тус ажиллажээ. Л.Цогзолмаа гуай Монголын дээд боловсролтой анхны найруулагчдын нэг юм. Тэрээр 1957-1961 онд МУИС-ийн найруулагчийн ангийг А.Д.Никитиний удирдлага дор суралцаж төгссөн аж. Сургуулиа төгсөөд 1961-1967 онд ҮДБЭЧ-д уран сайхны удирдагч, 1967-1983 онд Соёлын яаманд мэргэжилтэн, 1989 оноос одоог хүртэл “Эртний сайхан” ахмад уран бүтээлчдийн чуулгад уран сайхны удирдагчаар ажиллаж байна.

Амьдрал гэдэг тэр чигээрээ туулсан замналын туршлага. Бага байхын дуунд дурлаж, дуутай нөхөрлөсөн энэ алдартан хэд хэдэн дуулалт жүжигт дүр бүтээсэн. Түүний бүтээсэн гайхалтай  дүрүүдийн нэг нь “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа. Мөн 1953 онд амилуулсан “Жаргалын зам” жүжгийн Халиуны дүр. Дуунд дурласан хүн дуугаа мөнхөлнө гэдэг сайхан. Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн “Манлай явсныг чинь мартахгүй” дуу Л.Цогзолмаа гуайн мөнхөлсөн дуунуудын нэг гэлцдэг.

Нансалмаагийн дүрийг түүнээс өмнө олон сайхан чадалтай жүжигчид тоглож олон янзын арга барилаар бүтээсэн байдаг. Энэ талаар тэрээр “Ардын жүжигчин Т.Хандсүрэн, Д.Ичинхорлоо, Ө.Рэнцэнноров нарын тоглолт надад сургууль болж үлдсэн. Эдгээр сайхан жүжигчдийн амилуулсан Нансалмаагийн дүрийг нэгтгэж аваад өөрийн бодлыг нэмж бүтээхийг оролдсон. Нансалмаагийн Монгол бүсгүйн сайхан чанар бүгдийг шингээсэн эгэл жирийн даруу байдлыг гаргахын хамт түүний шударга, санасандаа заавал хүрдэг гүдэс шулуун занг гаргах гэж оролдсон” хэмээжээ.

“Цогт тайж” бол Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл. Монголын киноны хөгжлийн оргил үе гэж үздэг. Цогт тайж киноны Түвдийн гүнж Дулмаагийн дүрийг Л.Цогзолмаа бүтээсэн байдаг. Тэрээр “1944 оны сүүлчээр “Цогт тайж” киноны Дулмаагийн дүрд тоглох аз тохиосон. Тоглох жүжигчин шалтгаантай болоод би сонгогдсон юм. Энэ киног ЗХУ-ын хуучнаар нэрт найруулагчдын нэг Тарич гуай, Монголын анхны найруулагчдын нэг М.Лувсанжамц нар найруулсан юм” гэжээ.

Бүтээсэн дүрээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн тэрээр 1945 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол, 1951 онд Төрийн шагнал, 1997 онд Ардын жүжигчин, 2007 онд Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртжээ.

Аав, ээж, охин гурвуулаа Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн гэр бүл Монголд ганцхан. Түмнээрээ хүрээлүүлж, төрөөр соёрхуулсан дахин давтагдашгүй гайхамшигтай энэ гэр бүлийн эзэд бол Төрийн шагналт, жүжигчин Л.Цогзолмаа, түүний хань Ц.Намсрай, охин Н.Сувд нар билээ.

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрай агсан, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуай нар 1944 оны шинэ жилээр танилцаж 1946 онд нэг гэрт орсон.

Энэ тухай Л.Цогзолмаа гуай “Манай хүн 1942-1943 онд тухайн үеийн Төв хорооны хэвлэл, үзэл суртлын хэлтэс, урлаг соёлын байгууллагын ажлыг давхар хянадаг байсан юм. Үе үе болдог тэр хяналт шалгалтаар нүдний шилтэй, нэг их боловсон, дэгжин нөхөр манай театр дээр байнга ирж, ажил шалгаж хянаад явдаг байсан. Тэгж яваад бид хоёр 1944 оны төгсгөлөөр нэг үдэшлэг дээр илүү дотно болсон” гэжээ. Тэд зүрхнээс салаалсан сайхан хүү, дөрвөн охинтой. Энэ гэр бүлийн ууган охин өнөөдрийн Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд 1948 онд мэндэлжээ. Ардын жүжигчин Н.Сувдыг Монголын ард түмэн “Мандухай хатан” зэрэг олон сайхан дэлгэцийн дүрээр нь бишрэн хүндэтгэдэг.

Нэр алдар, авьяас билэг, гоо үзэсгэлэн, ухаан билгээрээ гайхагдсан түүнийг Монгол түмэн зууны сайхан эмэгтэйгээр тодруулан өргөмжилснийг нийтлэлийн төгсгөлд дурдах нь хүндэтгэл тээснийх билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]