Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

С.Зориг: Миний дүү англи хэлээ сайн сураарай, ах нь бас сурахыг оролдож, дүүгээ гүйцэхийг бодноУншсан2,595

Сайн байна уу, миний хайрт дүү минь! Ах нь сая чиний захидлыг аваад их баярлалаа. Би чинь бараг захиа авдаггүй юм байна. Бараг ганцхан чамаас л авдаг гэж болно.

Ардчиллын алтан хараацай, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. С.Зориг агсны дүүдээ бичсэн захидал болон 1990 онд "Уулзах цаг" нэвтрүүлэгт оролцон өгч байсан ярилцлагыг хүргэж байна.


Монголын Ардчилсан Хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг нь боловсролын салбарын томоохон зүтгэлтэн Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болон 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд төржээ. Эцэг Санжаасүрэн нь МУИС-ын декан, Боловсролын Яамны орлогч сайд байсан бол эх Доржпалам нь хүний их эмч байжээ. Доржпаламыг “Сэрэлт” киноны эмчийн дүрээр нь Монголын ард түмэн андахгүй мэдэх бөгөөд монголчуудын дунд “шар Дамдинсүрэн” гэж алдаршсан А.Симуковын охин юм. А.Симуков Монголын анхны газрын зургийг үйлдсэн монгол судлаач эрдэмтэн хүн байжээ. С.Зориг нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсөж, Москвагийн Улсын Их Сургуулийн философийн ангийг дүүргэжээ. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн нийслэлийн хороонд зааварлагч, МУИС-д багш, 1990 онд Парламентийн бүлгийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажиллаж, 1992-1998 онд УИХ-ын гишүүн, “Оюунтүлхүүр” сангийн хүндэт Ерөнхийлөгч, Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч, Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

Сүхбаатарын талбай дээр өрнөсөн ардчиллын төлөөх бүх л цуглаануудыг удирдан зохион байгуулж, иргэдийг ардчилсан хөдөлгөөнд уриалан дуудсан юм. С.Зоригийн удирдсан ардчилсан жагсаал цуглааны үр дүнд 1990 оны 3 дугаар сард эрх барьж байсан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч шинэ түүх эхэлсэн билээ. 1990 оны 6 дугаар сард Улсын Бага Хуралд сонгогдож Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг батлах ажилд оролцжээ.

1998 онд Ардчилсан Холбоо Эвслээс Ерөнхий сайдыг томилуулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийг Ерөнхийлөгч Н.Багабанди янз бүрийн шалтгаанаар буцааж байсан тэр үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр дөрвөн сар ажиллажээ. Эл хугацаанд буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч Монголын ард түмнийг цочроосон юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цуглаж эмгэнэл гашуудлаа илэрхийлж, энэ бол “улс төрийн зорилготой аллага байсан” хэмээн тодорхойлсон бөгөөд тухайн үед С.Зоригийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох гэж байсан хэмээх яриа нэлээд гарсан юм. Түүний аллагад олон хүнийг сэжиглэн мөрдсөн ч одоог хүртэл нотолж чадаагүй билээ. С.Зоригийн хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”, “Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай” гэсэн үгс өнөөг хүртэл монголчуудын зүрх сэтгэлд хоногшин үлджээ.


Миний дүү англи хэлээ сайн сураарай, ах нь бас сурахыг оролдож, дүүгээ гүйцэхийг бодно

 

Сэтгүүлч Б.Оюунчимэгийн хувийн архивт хадгалагдсан нэгэн захидал бий. Энэ бол С.Зоригийн агсны дүү С.Оюундаа бичсэн захидал юм. С.Зориг агсан 1984 оны дөрөвдүгээр сарын 7-нд Москвагаас Чехословакт сурч байсан дүү С.Оюундаа бичжээ.  

 “Сайн байна уу, миний хайрт дүү минь! Ах нь сая чиний захидлыг аваад их баярлалаа. Би чинь бараг захиа авдаггүй юм байна. Бараг ганцхан чамаас л авдаг гэж болно. Гэхдээ би өөрөө бичдэггүйн улмаас гэдгийг бүрэн дүүрэн ойлгож байна. Москвад цаг агаар дулаарч байна гэх үү дээ. Сая цахилгаан шатанд явж байсан чинь нэг болгар шал тэнэг выражение(зүйрлэл) хэлсэн. Гэхдээ Москвагийн цаг агаарт тохирч байж ч мэдэх юм. Тэр хэлэхдээ: “Погода В Москве мелкобуржуазная”- гэсэн. Жаахан маразм маягийн(маразм гэж үгийг мэдэхгүй бол орос-чех тольноос хараарай) үг боловч үнэхээр энд нэг дулаараад л, нэг хүйтрээд л байна.

Ах нь дипломынхоо ажлыг хойшлуулсан. Бичих гэсэн юм маань бүгд л мэддэг, олон удаа бичигдчихсэн, шал хэрэггүй юм шиг санагдах юм. Номнуудыг зүгээр нэг хуулах сонирхолтой биш. Болохгүй бол тэгж таарна л даа. Зүгээр нэг хуулах байсан бол ч нэг диплом бичих чинь 3 өдрийн л ажил болно шүү дээ. Одоохондоо энэ өгөр толгой мэдэж байгаа юм ч гэж байхгүй, хоосон хэдэн лозунгаар л дүүрсэн байх шив. Чиний захиаг уншаад бодсон чинь, “биоритм” энэ тэр гээд их хоосон утгатай, өөрийгөө цагаатгах гэсэн юм бичжээ гэж өөрийгөө бодлоо. Бодоод үзэхэд, үнэхээр биоритм гэж байдаг бол, зарим хүмүүс биоритмээ хамгийн доод цэгт очсон үед ч бидний хийж бүтээдгээс ихийг хийдэг юм байна. Харин дээд цэгтээ бол “оюун ухааны гайхамшигтай үр дүн”-д хүрдэг болж таарах нь ээ? Би андуураагүй бол, бид ч бас оюуны хөдөлмөрийн хүмүүс.

Мэргэжил болгон өөрийн онцлогтой. Би байгалийн шинжлэх ухааны хүн байсан бол ямар байх байсан бол гэдгээ нэг л төсөөлөхгүй байна. Гэхдээ физик, тооны төрлийн юм байсан бол хичээлээ илүү сайн хийх байсан байж болох юм. Яагаад гэвэл, тэнд миний хийсэн ажлын үр дүн шууд, тэр дороо гарч ирнэ. Тэгэхэд гүн ухаан гэдэг чинь, үр дүн нь шууд гардаггүй, ер нь их нарийн төвөгтэй зүйл юм. Байгалийн шинжлэх ухаан дунд Чи бөгөөд Байгал орчин, Чи бөгөөд чиний судалж буй Объект байгаа юм. Тэгээд ч байгалын ухааны судлаачид өөрийн хисэн ажил, нээлтийнхээ нийгмийн ач холбогдол, үзүүлэх нөлөөг ер нь муухан төсөөлдөг юм. Ямар нэгэн юм хийснийхээ дараа л тэрнийгээ эргэн боддог. Харин бид бол бүх юмаа эртнээс төсөөлөн, хэтийн төлөв гарган бодож байх ёстой юм. Бидний харьцаа бол Би бөгөөд Объект. Гэхдээ Объект нь Хүн юм.

Саяхан францын нэг хүүхэлдэйн кино үзсэн-“Властелин времени”(Цаг хугацааны эзэн”) гэж. Их зүгээр. Эйнштейний онолоос гардаг(Гэхдээ би одоо болтол, E=mc2 томъёог эс тооцох юм бол Эйнштейний харьцангуйн онолыг гүйцэд ойлгоогүй л байгаа) цаг хугацаанд буцаж явах боломж одоо хүртэл миний толгойнд багтдаггүй юм. “Цаг хугацаагаар аялах”- гэдэг нь утгагүй зүйл мэт надад санагдавч, онолын хувьд бол боломжтой байж болно. Яагаад гэвэл өнөөг хүртэл хэн ч үүнийг няцаагаагүй байна. Мөн энэ ертөнц эхлэл , бас төгсгөл ч үгүй нь цаг хугацааны зэрэгцээ ертөнц байгааг илэрхийлж байна гэж үзэх юм бол энэ бүхэн боломжтой ч байж мэдэх юм. За за, би гэж хөгшин… тодруулбал залуу маразматик болж… Ер нь бол манай хүмүүс ихийг үзэж, харж, мэдэж байгаа учир тэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх нь зүй ёсны асуудал юм. Яагаад гэвэл, манай нийгэм халуунтай байна. Зарчим ёсоор бол хамгийн тэргүүний нийгэм байх ёстой. Би Унгарын туршлагыг их сонин гэж үзэж байна. Тэд ард түмнийхээ амьдралын түвшинг нилээн дээр гаргасан, тэгээд одоо өрөө төлөх ажилтай ч тэр түвшингээ барьж байна. Гэтэл манай ард түмний амьдралын түвшин тун дорой байна. Зөвхөн амьдралынхаа наад захын хэрэгцээг л хангаж байна. Хүмүүсээ хувь хүний(личность) түвшинд хргэж чадахгүй байна. Тиймээс ч бодож санаж байгаа зүйл нь дорой, эрин цагаасаа хоцорсон явдал тун тод харагдаж байна. Хотод мах олдохгүй, ер нь юм их ховор байгаа сурагтай. Энэ нь жилийн жилд. Улсын эдийн засгийн бодлогыг үндсээр нь солих хэрэгтэй юм.

Та нар юу тухай кино хийх гэж байгаа чинь их сонин байна. Чи тодорхой бичсэнгүй энэ захидалдаа.

Миний дүү англи хэлээ сайн сураарай. Ах нь бас сурахыг оролдож, дүүгээ гүйцэхийг бодно. Ер нь цагаа зөв зохицуулж байх хэрэгтэй юм. Хичнээн их юм мэддэг болно, тэр чинээгээр чиний боломж их болно. Тэр чинь олон юм үзэж, нүд тайлна гэсэн үг. Бид улсаа өндөр хөгжилтэй орон болгох хэрэгтэй (Японы түвшин бол мөрөөдөл л дөө). Тэгэхдээ би монгол хүний саруул ухаанд итгэдэг юм.

Наташа эгчийнд нэг очсон. Өвөөгийн тухай бичсэн нөгөө хоёр өгүүллийг аваачиж өгсөн. Мөн Занабазарын уран бүтээлийн тухай ном өгөв. Их баярлаж байна лээ.

Гэр рүү хоёр удаа ярьсан. Бүгд сайн гэсэн. Хоёр пацан (ахын) гэр нь засварт орсон учир манайд байгаа юм шиг байна. Ёстой буулгаж өгч байх шиг байна лээ. Гэхдээ хөгжилтэй биз.

Одоохондоо ийм шив. Ахынх нь толгойд ямар “бантан” байгааг захианаас минь чи харж байгаа байх.”


Энэ улс төрөөр оролдож байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн их байх ёсгүй

 

С.Зориг агсны 1990 онд "Уулзах цаг" нэвтрүүлэгт оролцож байсан ярилцлагын хэсгээс хүргэж байна.

-Тантай уулзаж, танилцах, ярилцах хүмүүсийн тоо их өссөн байж таарна. Цагт харам болчихсон энэ үед чухам юунаас цагаа ихээр харамлаж байна вэ?

-Их ярих дуртай хүмүүстэй уулзахад. Тэр хүний үзэл бодлоо илэрхийлэх нь зүйн хэрэг. Гэхдээ түүнийгээ товчхон, голыг нь илэрхийлж чадахгүй, нуршаад хоёр цаг яриад суухад тэндээс нь авах юм 10-20 минутын л яриа байдаг. Тийм үед их цаг алддаг.

-Өөр?

-Өөр, замд их цаг алдаж байна. Явсаар байтал, нэг тийшээ юм хөөцөлдөж яваад, нөгөө тийшээ яваад, замдаа 30-40 минут, өдөрт аваад үзэхэд 2-3 цаг зөвхөн замд алдчихдаг. Нөгөө талаас техник, холбоо их муу хөгжсөн. Энэ бүх зүйлээс болоод асар их хэмжээний цаг алддаг.

-Машинтай болъё гэж бодож байна уу?

-Машинтай байх ёстой гэж бодоод л машинтай болчихдог юм биш. Амьдралын хэв маяг, хурдац нь тийм юманд сургадаг. Гэхдээ ямар машин барих вэ гэж бодох хэрэгтэй л дээ. Албаных ч байж болно, хувийнх ч байж болно. Түүний тулд манайд хүнд эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй, хүнд өмчийг нь өгөх хэрэгтэй. Тэр хүн ажлаа бүтээхэд машин хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэрийг авахын тулд яах хэрэгтэй юм? Наад зах нь 40 мянган төгрөг, үгүй бол сүүлийн үеийн машин чинь 50 мянган төгрөг. Москвич гарсан гэж байгаа. 50 мянган төгрөг одоогийн нөхцөлд хүн олж чадах уу? Үгүй шүү дээ. Одоо миний сарын цалин гэхэд аспирантурынх 650 төгрөг гэж байгаа. Жилд би найман мянган төгрөг авч байна гэж бодъё. Хэдэн жил цуглуулах вэ? Таван жил юу ч идэхгүй, хувцаслахгүй, байранд амьдрахгүй, агаарт жингүйдэж байгаад 40 мянган төгрөг цуглуулаад, тэгээд энэ хангамжийн баазад машин байвал очер захиад, арын хаалгаар яваад бүтвэл би машинтай болно.

-Та өдөрт хэдэн цаг ажилладаг бэ?

-Тэрийг ялгахад хэцүү л дээ. Аль нь ажил юм, аль нь амралт юм. Ерөөсөө ялгаа байхгүй. Амралт нь ажил, ажил нь амралт. Ер нь тийм юм байна лээ. Хүний хийж байгаа ажил өөрийнх нь санаанд нийцэж байвал түүний зааг алга болдог. Харин хүн дургүй, тэр хүний сэтгэхүй, биеийг нь боолчилсон ажил хийж байгаа бол яг тодорхой найман цаг хийдэг. Найман цаг бол ажил нь, дараа нь илүү цагаар ажиллавал тэр нь бас ажил, бусад үе нь яг амралт. Харин ажил, амралт нь нийцсэн, нэг хэв маяг болчихсон хүн тийм зааг ялгаагүй болдог. Тэр хүн ядарна гэвэл зөвхөн бие махбод талаасаа л ядарна. Тэгэхээр биеийнх нь нөөц шавхагдаад ядарч болно, бусад зүйлээс бол ядрахгүй.

-Таны хувьд тэгэхээр хамгийн дуртай, өөрийнхөө сэтгэлд нийцсэн ажлаа хийж байгаа гэж хэлж болох нь, тийм үү?

-Үгүй ээ, хамгийн дуртай гэх нь ч юу юм. Би бол улс төр судлаач. Тийм учраас тэр бол мэргэжлийн ажлынхаа нэгийг нь л хийж байна гэсэн үг. Нэг ийм түүх байдаг юм л даа. Америкт нэг фирм байдаг юм байна, пүүс. Тэр нь Зөвлөлтийн дүрвэж гарсан хүмүүсийг ажилд оруулдаг. Нэг удаа том аж үйлдвэрийн нэгдлийн дарга нь очоод шалгасан байгаа юм, тэр хүний оюуны чадавхыг нь тестээр шалгаад үзсэн чинь их өндөр гарч байж.

За, энэ бол нэг том пүүсийн менежер болох ёстой хүн байна. Тэгээд л 4-5 үйлдвэрээр орсон чинь ажилд авдаггүй. Тэгээд нөгөө хэд нь сандраад, юу болсон юм бол гээд тестийг нь хараад шалтгааныг нь аваад үзсэн чинь нэг л асуултад буруу хариулсан байж. "Та Зөвлөлтөд байхдаа хэдэн хүн удирддаг байсан бэ?" гэж. Түүний нэгдэл 5,000 хүнтэй байсан. "Би 5,000 хүн удирддаг" гэж хариулснаас нь хойш авахаа больчихдог.

Яагаад гэвэл Америкийн удирдлагын системийн үүднээс энэ бол утгагүй зүйл. 5,000 хүнийг хэзээ ч нэг хүн удирдаж чадахгүй. Гэтэл Зөвлөлт үнэхээр удирддаг байсан. Тийм учраас 5,000 хүн удирддаг, хамгийн дээд хүн нь бүх асуудлаа шийддэг тогтолцоонд тийм замбараагүй байдал бий болж, тэр эдийн засаг уналтад ордог. Америкчууд яагаад ойлгоогүй вэ гэхээр тэнд бол нэг том үйлдвэрийн дарга дөрвөн хүнийг л удирддаг, дөрвөн орлогч. Бүгдээрээ яг үүргээ мэддэг, байраа мэддэг. Тэгэхэд хүнд амар. Нэг хүн дөрвөн хүнийг л сайн удирдаж чадна. Би өөрийнхөө хэдийг болж өгвөл ийм юманд сургах гээд байгаа юм л даа. Хараахан бас бүтэхгүй байна. Хүн болгон үүргээ ойлгоод, түүн дээрээ ажиллаж чадахгүй учраас дөрөв биш, арван хэд ч юм уу, 20- 30 болчих гээд байна л даа.

-Хувь хүний өөр өөрийгөө олох, өөрийгөө удирдах чадвар тэр тохиолдолд их нэмэгдэх ёстой юм байна шүү дээ, тийм ээ?

-Өөрийгөө зохион байгуулах чадвараас гадна тэр хүний мэдлэг хэрэгтэй. Яг тэр үүргээ биелүүлэх сахилга байх хэрэгтэй. Тэгээд ер нь зохион байгуулалт байх ёстой. Түүнийг нь хангасан санхүүгийн материалын нөхцөлүүд нь байх хэрэгтэй. Нөгөө талаас нь тэр хүний сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Сүүлийн үед сонгодог хөгжим, агуу их хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, сонгодог дууны урлагт нэлээд сонирхолтой болж. Дуурийг би өмнө нь нэг их ойлгодоггүй байсан. Гэхдээ сүүлийн үед сонсоод байгаа. Тэр бол агуу урлаг гэдэг нь тодорхой. Сонгодог бүжиг үзэх их дуртай. Ер нь бүх сонгодог зүйлсийг хүн төрөлхтний авьяас, аливаа нэг үеийнх нь туйлын дээд хэмжээг харуулсан үе гэж болж байна. Түүнтэй харьцсан өөр урлаг байдаг бол түүнд тэмүүлдэг. Хүн төрөлхтний хамгийн сайн сайхантай харьцсан хүн чинь хэзээ ч муу үйлдэл хийхгүй. Ер нь бол яг тохирсон нөхцөлд хүн сонслоо гэхэд хэзээ ч тэр урлагийг муу гэж хэлэхгүй. Гэхдээ энэ бол бичиг үсэгтэй адилхан, тэрийг ойлгодог аргыг нь мэдэх хэрэгтэй.

Жишээ нь, хүүхдэд ном өглөө гэхэд бичиг үсэг мэддэггүй юм чинь үзээд зургийг нь харна, үсгийг нь ойлгохгүй шүү дээ. Ямар агуу юм байгааг нь мэдэхгүй. Харин бичиг үсэг зааж өгөөд, уншаад сурчихвал саяны тэр сонгодог хамгийн сайн бичсэн бүтээлүүдийг нь өгөхөд тэр хүүхэд ерөөсөө салахгүй уншина шүү дээ. Багадаа бид яадаг байлаа даа.

-Тэгэхээр та өөрийгөө ойлгох тэр аргыг зохих хэмжээгээр олчихсон гэж бодож байна уу?

-Тэрийг 100 хувь хэзээ ч олж чадахгүй л дээ. Гэхдээ энэ мэт олох, танин мэдэх үйл явц үргэлжилж байгаа, тэр нь улам тэлж байна. Тийм юм мэддэг хүмүүстэй уулзаад, тэдгээр хүмүүс надад үүнийг ойлгох аргуудыг зааж өгч байна, ийм маягаар хандвал гэж. Тэгэхээр тэнд юуг яаж илэрхийлж байгаа бүх дотоод зүй тогтлууд нь гарч ирж байна. Яг л бичиг үсэг тайлахтай адил.

-Ухаан, авьяас хоёрын хооронд ялгаа гэж байх уу?

-Ухаан бол өөрөө авьяас л даа.

-Сэтгэл их хөдлөх үед яруу найрагч хүн бол үзгээ шүүрч аваад, шүлгээ бичдэг. Танд шүлэг ч юм уу, сайхан юм бичих юмсан гэж бодогддог уу?

-Залуудаа янз бүрийн юм хийж байсан байх. Одоо бол цаг зай алга л даа. Тэгээд энэ улс төрөөр оролдож байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн их байх ёсгүй. Шүлэг бичдэг хүн бол асар их сэтгэлийн хөдлөлийн өндөр түвшинд, дээр нь гарч ирээд оргилж байх үед юмаа бичдэг. Бид бол сэтгэлээ барих ёстой хүмүүс юм. Сэтгэлээ бариад, оюундаа сэтгэлээ захируулах ёстой.

-Гэхдээ хүн юм чинь сэтгэл хөдлөл нь түүгээрээ баярлаж, хөөрч байгаагаа илэрхийлэгдэж болно. Үргэлж сэтгэлээ барьж байх хэцүү юу?

-Хэцүү гэх нь ч, амархан гэх нь ч юу юм бэ. Тэгэх ёстой, өөр аргагүй юм.

-Өнөөдөр, одоо энэ их хэцүү ажил шүү гээд халширмаар тийм ажил байдаг уу?

-Халшрах ажил ч юу байх вэ, улс орны байдал маань л их хэцүү байна даа.  Одоо энэ шилжилтийг давах бол хамгийн хэцүү үе нь. Тэрийг яаж давах вэ гэдэг хамгийн хүнд асуудал болж байна. Гэхдээ Засгийн газар зохих байр суурь, ажлын хөтөлбөр гаргаад явах байх. Би Засгийн газрын гадна байгаа учраас гаднаас нь ажиглаад юу болж байна, зөв алхам хийж байна уу, буруу алхам хийж байна уу, яах ёстой байсан юм, тэр талаар алдаа хийвэл зөвлөж өгөх ч юм уу, ер нь болох чиглэлээрээ түүнд нь тус дөхөм болохыг оролдоно. Гэхдээ хүн болгон яг өөрийн байрандаа байгаа учраас тэр байрных нь эрх хэмжээ нь түүндээ зохицсон байна. Түүнээс илүү хийж чадахгүй. Гүйцэтгэх байгууллагын ажлыг би шүүрээд хийж чадахгүй шүү дээ. Миний хийх ажил бол жишээ нь Ардчилсан холбоондоо зохион байгуулалтын ажил хийх ч юм уу. Үгүй бол парламент, үгүй  бол гадаад харилцаа, НҮБ-ын зарчмуудыг парламентын гишүүдээр дамжуулж хэрэгжүүлэх, ийм зорилтыг шийдвэрлэх.

Энэ чиглэлээр гол юмаа хийж чадна шүү дээ. Нөгөө талаас Засгийн газрыг хараад зөв юм хийж байна уу, буруу юм хийж байна уу, бага хурал ч юм уу, түүнд зарим үед нь нөлөө үзүүлэх бололцоо байвал нөлөө үзүүлэх замаар ингэж л оролцоно.

-Улс төр судлаач болоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бэ?

-За ёстой бүү мэд ээ, физикч болох байсан байх.

-Та өнөөдөр ээжтэйгээ, дүүтэйгээ гурвуулаа амьдарч байна, тийм үү?

-Бас ахынх, хоёр тийшээ явдаг л даа. Ахын хүүхдүүд нь гэр бүлээрээ. Би өөрийн байргүй учраас хоёр тийшээ нүүж явдаг, нүүдэлчин аймаг болчихсон. /Инээв/

-Тэгвэл энэ гэр бүлийн амьдралд таны үүрэг гэвэл юу байх вэ?

-Миний юу? Өглөө гардаг, орой ирдэг л үүрэгтэй байна.

-Ирж хонодог уу?

-Тийм ээ, ирж хонодог. Гэхдээ бас хааяа юм ярьж өгдөг, санал бодлоо хуваалцдаг. Хүний сэтгэлийн хамгийн сайхан мэдрэмж, сайхан хэсэг нь юу вэ? Сэтгэлийн хөдлөлүүд нь гэх юм уу даа. Хүнд итгэх явдал хамгийн чухал. Анх харангуутаа л “Өө энэ чинь одоо яасан нүдэнд хүйтэн нөхөр вэ" гээд л зарим хүмүүс тэгдэг шүү дээ. Анхнаасаа тэр сэтгэгдэл нь өөр болчихдог. Үгүй бол ингээд л манай хүмүүс гэж ёстой авах юм байхгүй, ерөөсөө хүмүүжилгүй, бүдүүлэг, соёлгүй ч гэдэг юм уу, энэ ингэсэн, тэгсэн гэдэг. Ер нь хүнд итгэж сурах хэрэгтэй. Ялангуяа, монголчууд цөөхөн. Тийм учраас байгаа 2 сая хүн дотроо бие биедээ итгэж байж бие биенээ татаж байж хөгжинө шүү дээ. Итгэл ерөөсөө байхгүй.

Эх сурвалж: Ikon.mn, Ub.info, mn.wikipedia.org

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 27. 7:26
Зочин

симуkов зөвлөлтийн нууц далгавартай тагнуул байсан гэж тагнуулын ерөнхий газрын сайт дах өгүүллээс уншсан санагдана

5 сар 12. 18:56
монгол

Зориг хувьсгалыг эхлүүлсэн боловч дараа нь юу хийх вэ гэдгийг мэдэхгүй гацаанд орсон хүн. Жирийн ард иргэдийн амьдрал, улс орны эдийн засгийн бодит байдлыг мэдэхгүй байсан учраас өөрийн багийг бүрдүүлэн ажиллаж чадаагүй. Зөвхөн онолоор /гэхдээ коммунизмын онол/ цэнэглэгдсэн хүн учраас юу ч хийж чадаагүй. Архи уугаад л. Бусад хүмүүс өөр шиг нь сайн хүмүүс байх ёстой гэж үзсэн нь түүний гол алдаа. Муу хүмүүст сайн тал бий, түүнийг ашиглаж баг болон ажиллах ёстой байсан. Гэтэл чадаагүй.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]