Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Германчуудад эзлэгдсэн тохиолдолд хэрэгжих Москва хотыг минажүүлэх, шатаах нууц төлөвлөгөөний тухайУншсан43,705

Фашистын Германы хүчирхэг машин Зөвлөлтийн Улаан армийн эсэргүүцлийг нугчин дарсаар ЗХУ-ын зүрх болсон Москва хотод 50 гаруй км-ийн зайтай тулж ирээд байсан 1941 оны 10 дугаар сар бол хамгийн хүнд, эгзэгтэй цаг үе байлаа.

Нийтлэлч, хурандаа Р.Энхболд бичиж байна. 

Фашистын Германы хүчирхэг машин Зөвлөлтийн Улаан армийн эсэргүүцлийг нухчин дарсаар ЗХУ-ын зүрх болсон Москва хотод 50 гаруй км-ийн зайтай тулж ирээд байсан 1941 оны 10 дугаар сар бол хамгийн хүнд, эгзэгтэй цаг үе байлаа. Ямар сайндаа И.Сталин, Г.Жуковоос “Бид Москваг тогтоож чадах уу?” гэж асуухад генерал “Чадна” хэмээн итгэлтэй хариулж байж. Гэхдээ И.Сталин зөвхөн цэргийнхэнд найдаад суусангүй, нөхцөл байдал “эвгүйтсэн” үед хэрхэн ажиллах төлөвлөгөө түүнд байжээ. 1941 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗХУ-ын Батлан хамгаалах хорооноос Москва хотыг Куйбышев, Саратов болон бусад хотуудад нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасны маргааш ЗХЖШ, цэргийн академи, ардын комиссириатын газруудыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлжээ. Үүний улмаас Москва хотын олон иргэд сандралд орж, үймж шуугисан явдал гарсан юм.

Харин И.Сталин бүр дайны эхний сард Дотоод хэргийн ардын комиссиар Л.Берияд “Хэрвээ Москва хот германчуудад эзлэгдсэн тохиолдолд хэрхэн ажиллах төлөвлөгөө"-г боловсруулах тушаал өгчихсөн байжээ. Л.Берия ч өөрийн шууд удирдлага дор, Москва хотод нууц байдалд орж ажиллах тагнуулын сүлжээг байгуулах ажилд оржээ. Дотоод хэргийн Ардын комиссариатын газар (Народный комиссариат внутренних дел-НКВД) бол ЗХУ-ын нууц цагдаагийн газар юм. Энд замын цагдаа, дотоод гадаад тагнуул, гал команд, хилийн цэрэг, архив зэрэг олон байгууллага харьяалагдан үүрэг гүйцэтгэж байсан ба хамгийн гол үүрэг нь дотоодыг аюулаас хамгаалах явдал байлаа. 

ОХУ-д Аугаа Эх орны дайнтай холбоотой, нууцын зэрэглэлтэй олон материал 2010 оноос хойш олон нийтэд ил болсон. Тийм учраас 70 гаруй жилийн өмнө хийсэн нууц төлөвлөгөөг та бүхэнд танилцуулах боломжтой болсон гэдгийг ойлгох байх гэж бодож байна.

1941 оны 10 дугаар сарын 16-ны өдөр юу болов?

Энэ өдрийн өглөө нийслэл дэх төр засгийн зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн тул үүнийг мэдсэн хотын оршин суугчид сандарч эхэлжээ. Ингээд хүмүүсийн дунд үдээс хойш эсвэл өнөө шөнөдөө багтаад германчууд хотод орж ирээд айшигтай яргалал үйлдэж, хотыг сүйтгэх байх гэсэн сэтгэгдэл бий болсон байна. Ер нь ихэнх хүмүүс Москвагийн хориглолт сэтрээд хотыг алдчихсан юм байна гэдэгт эргэлзэхгүй байсан гэнэ. Маш олон тооны хүмүүс гудамжинд цүнх саваа барин гарч ирэв. Хүмүүс германчууд хаана байна, дуулав уу гэж хоорондоо ярилцана. Зарим хүмүүс германчууд хотын захад ороод иржээ. Тэнд манайхантай буудалцаж байгаа дууг нь сонссон гэх хүмүүс гарч ирж, янз бүрийн цуу яриа салхи мэт тархаж байв.

Энэ өдөр Москва хотын түүхэнд метро анх удаа ажилласангүй, трамвай зогсож, талхны газар хаалгаа барьжээ. (Метрог зогсоосон шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Германы бөмбөгдөлтөөс айсан хүмүүс үй олноороо метронд ороод нуудчихана гэж болгоомжилсон гэх хүмүүс бий) Нөгөө үймж сандарсан олон мянган хүмүүсийн урсгал зүүн болон өмнө зүгийг чиглэн явах замдаа гудамж, замын уулзвар бүрт босгосон хяналтын пост, хаалт, шалган нэвтрүүлэх цэгээр бичиг баримтаа шалгуулан өнгөрч байсан юм. Олон хүмүүс өөрийн хүсэлтээр ардын сайн дурын отрядад элсэн орж төрөл бүрийн үүрэг гүйцэтгэж байсан хэдий ч зарим хүмүүсийг хотын зах дахь хориглолтын инженерийн байгууламжийн ажилд шууд дайчлан ажиллуулж байлаа. 

Ийм нөхцөл байдалд зөвхөн энгийн хүмүүс бус зарим цэргийн хүмүүс ч гэсэн сандарч байжээ. 10 дугаар сарын 16-нд Тэнгисийн флотын Ардын комиссариатын газрын Томилин, Вешняка дахь радио холбоо гэнэт ажиллагаагүй болсон байна. Тэнд байсан радио, телефоны станцыг зориуд устгасан байсан тул Тэнгисийн цэргийн флотын удирдлага өөрийн Ленинград, Мурманск, Архангельск, Астрахань, Махачкал дахь салбартайгаа холбоо тасарчээ. Энэ хэргийг шуурхай шалгаж үзтэл флотын өндөр албан тушаалын нэг дарга дайсны гарт радио холбооны хэрэгсэл оруулахгүй байх зорилгоор өөрөө тушаал өгч устгуулсан болж таарчээ.

Нууц байдалд ажиллах тагнуулын сүлжээг байгуулсан нь

Дотоод хэргийн Ардын комиссиар Л.Берия дайны эхний сард тухайн үед тус газрын тусгай группын даргаар ажиллаж байсан П.А.Судоплатовыг дуудан тусгай бүлэг бүрдүүлж, нууц төлөвлөгөө боловсруулах тушаал өгчээ. Төлөвлөгөөг боловсруулахад тагнуулын 20 шилдэг ажилтан оролцож байсны дотор нэртэй тагнуулч И.Н.Каминского, П.Я.Зубова нар багтаж байв. Энэ бүлгийн үндсэн үүрэг нь улсын нийслэл дайсанд эзлэгдсэн тохиолдолд нууц байдалд ажиллах тагнуулын сүлжээг байгуулах явдал байсан юм. Зөвхөн энэ зорилгоор эхний ээлжинд Москва хот дотор тагнуулын 12 үүрийг (Нэг дарга 2-4 тагнуулчидтай, тэд нь цаашаа хэдэн мэдээлэгчтэй холбоотой ажилладаг жижиг бүлгийг тагнуулын үүр гэж ойлгож болно), хотын захад таван үүрийг байрлуулах ажлыг зохион байгуулжээ. Тагнуулын нууц сүлжээг бүхэлд нь удирдахаар Москвагийн Дотоод хэргийн Ардын комиссариатын газрын сөрөг тагнуулын дарга Сергей Федосеев томилогдов. Энэ сүлжээнд Дотоод хэргийн Ардын комиссариатаас 46, тус газрын Москва хотын салбараас 28 ажилтнуудыг сонгон авч оруулжээ. Ингээд удалгүй тагнуулын 11 удирдах ажилтан, 85 тагнуулчид, 269 тагнуулчин-мэдээлэгч бүхий тагнуулын шаталсан сүлжээг байгуулж дуусан, Москва хотод үүрэг гүйцэтгэхэд бэлэн боллоо. Харин Москва орчмын районд нийтдээ 334 тагнуулын ажилтан болон мэдээлэгч нар ажиллахаар төлөвлөжээ. Цаг бага байсан хэдий ч эдгээр тагнуулын ажилтнууд, мэдээлэгч нарыг нарийвчан шалгаж байж сонгож авсан гэнэ.

Тагнуулчдад тулгарч болох хамгийн энгийн юм шиг мөртлөө ноцтой асуулт бол “Та яагаад Москвад үлдсэн бэ?” гэдэг асуулт байв. Энэ асуултад ямар нэгэн сэжиггүй хариулахын тулд Москва хотын иргэний албан ёсны паспорт, бичиг баримт бүрдүүлж, бүхнийг ном журмын дагуу урьдчилан бэлтгэжээ. Мөн сонгож авсан ажилтнуудад зориулан тусгай сургалт, дадлагыг бүлэг тус бүрт нь зохион байгууллаа. Энэ нь нууцлал хадгалах зорилготой ба нэг тагнуулын бүлэг бусад бүлгийн гишүүдийг танихгүй гэсэн үг. Сургалтад нууц байдалд холбоо барих арга, техник, нууц үг, пароль ашиглах, төрөл бүрийн жижиг хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, террорист болон залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулах, германчуудад баригдсан тохиолдолд хэрхэн байцаалт өгөх, эрүүдэн шүүсэн үед биеэ хэрхэн авч явах талаар зааж байжээ. 

Зарим тагнуулын дарга нарт биелэхэд хэцүү ч хэрэгжүүлж болохоор санаанууд байсан байна. Тухайлбал Лубянка дахь бие даасан тагнуулын бүлэгт олонд алдарсан “Полюшко-поле” дууны хөгжмийн зохиолч Лев Константинович Книппер багтдаг байв. Тэр Германд төрсөн Зөвлөлтийн иргэн бөгөөд эхнэрийн хамт Гоголевийн өргөн чөлөөнд амьдарч байлаа. Харин түүний төрсөн эгч Книппер Ольга Чехов нь Германд олон жил болсноос гадна гуравдугаар Рейхийн өндөр албан тушаалын хүмүүсийн дунд нэр нөлөөтэй хатагтай байжээ. Тийм учраас хэрвээ Москва эзлэгдвэл түүнийг төрсөн эгчээр нь дамжуулан Л.Книпперийг Германы засаг захиргаанд өндөр албан тушаалд оруулах, улмаар түүгээр дамжуулан Германы эрх баригчдын эсрэг арга хэмжээ зохион байгуулах, бүр А.Хитлерийн аминд халдах хүртэл арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан гэнэ.

Төрөл бүрийн даалгавар бүхий тусгай бүлгүүд

Дотоод хэргийн Ардын комиссариатын газарт боловсруулсан төлөвлөгөөнд заагдсан ёсоор бол эзлэгдсэн Москва хотын нутаг дэвсгэрт төрөл бүрийн хорлон сүйтгэх, террорист болон залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулах зориулалттай бүлгүүдийг тусгайлан бэлдсэн байсан юм. Ийм бүлгийн гишүүд нууц нэр, дуудлагатай байжээ. Дотоод хэргийн Ардын комиссариатын газарт тагнуулын хэлтсийн ажилтан бага дэслэгч А.Камаевой-Филоненко гэдэг эмэгтэй “Тиски” гэдэг нууц нэрээр ажилладаг байв. Энэ эмэгтэй тариачны гэр бүлээс гаралтай ч инженер мэргэжил эзэмшсэн, тэсрэх дэлбэрэх хэрэгслийн мэргэжилтэн байлаа. “Тиски”-ийн даалгавар бол Баптист шашнаар халхавчлан Германы удирдагчид болон цэргийн дарга нар байрлаж буй газарт төрөл бүрийн тэсэрч дэлбэрэх бодис, бөмбөгийг нууцаар тавих ажлыг хариуцах ёстой байсан гэнэ.

Германы удирдлагуудтай тооцоо бодох өөр нэг бүлгийн удирдагч нь “Свистун” гэдэг нууц дуудлагатай Николай Хохлов байлаа. Тэр циркийн акробатчин жүжигчидтэй хамтран ажиллаж байв. Германы удирдлагад зориулсан циркийн тоглолтын үед жонглёрчид дайсны дарга нар руу жонглёр хэлбэртэй гар гранат шидэх ёстой байжээ. Бас нэг чухал асуудал бол Москва хот болон хот орчимд төрөл бүрийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулах явдал байв. Энэ үүргийг биелүүлэх зорилгоор “Гурван Р” гэдэг тусгай бүлэг байгуулагдсан байна. Уг бүлгийн үүрэг нь хотын дулааны шугам, төмөр зам, агуулах, склад, дайсны штаб байрлаж буй байшин, холбооны төв зангилгаанд бөмбөг суурилуулж дэлбэлж устгах ёстой байжээ.

Түүнээс гадна Германы офицеруудын эсрэг террорист ажиллагаа зохион байгуулах зорилготой “Лихие” гэдэг нууц нэртэй бүлэг байжээ. Энэ бүлэгт хуучин гэмт хэрэгт холбогдож байсан боловч дараа нь чекистүүдтэй хамтран ажиллаж байсан хүмүүсийг шалгаж оруулсан байжээ. Бүлгийг өмнө шоронд хоригдож байсан “Марков” гэх нууц нэртэй тагнуулч толгойлж байсан байдаг. Мөн дайсны эзлэгдсэн нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх, террорист ажиллагаа явуулах зорилгоор хуучин тагнуул, аюулгүй алба, Улаан армид ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Загасчид”, “Белорусы”, “Алс Дорнодчууд”, “Ахмадууд”, “Урвагчид” зэрэг бүлгүүд байсан гэнэ. Тухайлбал “Алс Дорнодчууд” бүлгийн удирдагчаар ажиллаж байсан хүн өмнө нь япончуудын ар талд ажиллаж байсан туршлагатай хүн байжээ. Тэр өөрийн эхнэр, 17 настай хүүтэйгээ хамтран ажиллахаар бэлтгэж байсан ба тэдний үндсэн үүрэг бол аж үйлдвэрийн газрууд болон төмөр замын тээвэрт хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулах явдал байлаа. Эдгээр нууц бүлгүүд үүргээ гүйцтгэсний дараа тэдний нуугдах газар, мөн хоол хүнсээр хангах асуудал бүгд төлөвлөгөөнд нарийвчлан тусгагдсан байсан гэнэ.

1941 оны 10 дугаар сарын 20-нд нийслэл хотын хамгийн чухал объектуудыг дайсны гарт оруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор минажүүлэх тушаал иржээ. Дотоод хэргийн Ардын комиссариатын газраас гаргасан жагсаалтад 1190 байшин багтаж байсны 404 объектыг дэлбэлэх харин бусдыг нь шатаах, эсвэл тэсэрч дэлбэрэх төхөөрөмжөөр занга тавих заалттай байв. Энд Засгийн газрын байрууд, “Большой театр”, том зочид буудлууд, зарим орны Элчин сайдын яамдын байр, зарим алдартай сүм хийд багтаж байжээ.

1941 оны 12 дугаар сарын 05-нд эхэлсэн Улаан армийн сөрөг давшилт улам өргөжиж, улмаар сарын сүүлч гэхэд фашистын германы цэргийг Москвагаас хаяанаас үлдэн хөөж чадсан нь улсын нийслэл дайсан эзлэгдэх аюулыг арилгаж, тагнуулчдын бэлдсэн нууц төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагагүй болсон билээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 12. 13:24
Зочин

киев , харьковоос ухрахдаа маш их байшингуудыг минажүүлэн яюцгаасан ба хотод орж ирсэн германууд төвхнөсөний дараа 1941/9/14 нөөс киевийн байруудаа дэлбэлж эхэлсэнээр 900 гаруй байшинг доторхи германчуудын хамтаар устгасан . харьков хотыг хамарсан 3 хоногийн дэлбэрэлтээр бүтэн дивиз цэргийг цстгасан

5 сар 22. 2:32
Зочин Унгараас

Асар их үнээр олдсон аугаа ЯЛАЛТ. Хэн ч мартах ёсгүй...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]