Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

КГБ-ын мөрөөдөөд ч хийж чадаагүйг хийсэн "урвагч"Уншсан19,958

1961 оны 12-р сарын нэгэн өдөр Хельсинк дэх АНУ-ын элчин сайдын яамны байранд нэгэн хүн орж ирэн өөрийгөө Финланд дахь ЗХУ-ын элчин сайдын яамны ажилтан Иван Климов гэж танилцуулаад зарим нэг хүний нэр хэлэн уулзах сонирхолтой байгааг илэрхийлжээ. Тэдгээр хүмүүс нь АНУ-ын дипломатууд нэртэй ТТГ-ийн ажилтнууд байлаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1961 оны 12-р сарын нэгэн өдөр Хельсинк дэх АНУ-ын Элчин сайдын яамны байранд нэгэн хүн орж ирэн өөрийгөө Финланд дахь ЗХУ-ын Элчин сайдын яамны ажилтан Иван Климов гэж танилцуулаад зарим нэг хүний нэр хэлэн уулзах сонирхолтой байгааг илэрхийлжээ. Тэдгээр хүмүүс нь АНУ-ын дипломатууд нэртэй ТТГ-ийн ажилтнууд байлаа.

Америкчууд энэ хүнийг өөрсдийн шугамаар шалгаж үзтэл КГБ-ийн ажилтан, хошууч Анатолий Голыцин гэдгийг тогтоолоо. Хэдийгээр дөнгөж хошууч цолтой боловч ямар ч байсан КГБ-ийн ажилтан учраас их юм хэлж өгч чадна гэж ТТГ үзээд, дараагийн уулзалтаар чухам ямар хэмжээний хүн болохыг, цаашдаа яаж хамтарч болох талаар тодорхой мэдээлэл, төсөөлөл авахаар бэлдэж эхэлсэн байна.

Гэтэл дараагийн уулзалтаар Голицын нь Финланд дахь ТТГ-ийн жижиг ажилтнуудтай ярих хүн биш, маш өндөр зэрэглэлийн нууц агуулагч учир АНУ-д шууд шилжүүлж, тэнд амьдрах эрх олгосны дараа л тэрхүү нууцаа дэлгэнэ гэжээ.

Анатолий Голицын

Америкчууд энэ эрийг эхнэр хүүхэдтэй нь хамт Шведээр дамжуулан нутагтаа авчирсан ба одоо л нууцаа хэлэх болов уу гэтэл өмнөөс нь “Би КГБ-ийн Стратегийн удирдлага хэмээх нууц салбарын ажилтан, зөвхөн ТТГ-ийн тэргүүн зэрэг хүмүүст өөрийн мэдэх асар том нууцыг хэлнэ” гэж томорчээ.

ТТГ-ынхан даргыгаа биш харин сөрөх тагнуулын албаны дарга Жеймс Энглтоныг явуулж олон юм ярьсан орос нөхрийн юу хэлэх гээд байгааг нь сонсохоор болж. Өнөөх нь ч аймшигтай юм ярилаа.

Түүний ярьснаар бол КГБ нь дотроо хоёр хэсэгтэй ба барууны орнуудын мэддэг тэр КГБ бол ердөө л нэг хэсэг бол нөгөө нэг хэсэг нь маш нууц, хэдхэн хүн мэддэг газар юм байж. Өөрөө тэр нууц хэсгийн ажилтан учир барууны олон улс орны хамгийн том албан тушаалтнууд, нэр хүндтэй хүмүүс КГБ-ийн гар хөл болсон, нэгэн өдөр л бүгд багаа хуулж хаяад ертөнц даяар коммунистууд эзэн суух болно... гэх зэргийг ярьжээ. Сөрөх тагнуулын дарга учраас тэр юм уу угаасаа хүн хардахын дон туссан гэмээр Энглтонд энэ бүх яриа үнэн санагдлаа. Угаасаа олон жил сөрөх тагнуул хийсэн энэ хүнд Оросын тагнуул хаа сайгүй байгаа санагддаг байсан бөгөөд шинэхэн урвагч түүний зөв болохыг баталж өгчээ. Харамсалтай нь ганц ч нэр хэлсэнгүй.

1962 оны 3-р сард эхлэн ТТГ-ын сөрөх тагнуулын албаны дарга өөрийн дарга нартаа байдлыг танилцуулж урвагчдыг олж илрүүлэхийн тулд ямар ч саадгүй ажиллах эрх олж авчээ. Түүний хамгийн эхний ажил бол өөрийн байгууллага доторх урвагчийг илрүүлэх ба үүнд Голицын туслах ёстой.

ТТГ-ийн бүх л ажилтнуудыг нууцаар тагнаж чагнаж, гэр бүл үр хүүхдийг нь хүртэл дахин дахин судалж байсан боловч ямар нэг баталгаатай нотлох баримт олсонгүй (тухайн үед КГБ нь ТТГ-д өөрийн гэсэн хүнгүй үе байсан гэж үздэг).  Гэсэн хэдий ч Энглтон хэд хэдэн сэжигтэй санагдсан нөхдийг шууд л ажлаас нь халж байнгын хяналтад оруулахаар болсон байна. Энэ бүх үйл ажиллагаа ТТГ-ын хэвийн ажилд саад болох нь мэдээж бөгөөд өөр бусад хэлтсүүд ч сүүлдээ нэг нэгнийгээ хардаж сэрдэн хамтын ажиллагаа гэж бараг үгүй болж эхэлжээ.

Удалгүй ТТГ дотроо төдийгүй ХМТ-г шалгах хэрэгтэй болж хоёр байгууллагын хооронд бөөн маргаан. ХМТ-ны тэргүүн Гувер өөрийн гол тагнуул болох Кулакын (ЗХУ-ын баатар, урвагч) мэдээлэлд үндэслэн ТТГ болон ХМТ-нд ямар ч тагнуул шургалсан юм байхгүй гэсэн боловч Голицыний ихээхэн учиртай хэлэх битүү хатуу үгэнд бүрэн итгэсэн Энглтон бүр Гуверийг ч сэжиглэж байгаа шинжтэй болсон байна. Үүнээс болж ХМТ, ТТГ муудалцаж, хамтын ажиллагаа гэж юм бүр огт байхгүй боллоо.

Удалгүй Сенат, Конгресс..

Голицын хэлсэн нэг айхтар үг нь КГБ-ийн тагнуулууд барууны бүх л улс орны төр засгийн өндөр албан тушаалд шургалсан гэсэн үгс байсан ба Энглтоны зүтгэлээр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигээс Францын тэргүүн де Голльд гараар бичсэн захиа хүртэл явуулсан байна. Францын нэрийг нь мэдэхгүй том тушаалтан КГБ-ийн гарт орсон байна шүү гэсэн үгнээс эхтэй энэ захиаг де Голль хүлээн авсны дараа өөрийн шилдэг мэргэжилтнүүдээ Америк руу явуулж Голицынтэй уулзуулсан байна. Тухайн үед АНУ-Франц хоёрын харилцаа хамгийн эмзэг үе дээрээ байсан цаг бөгөөд америкчууд өөрийг нь авч хаях оролдлого хийж байгаа гэж итгэсэн ерөнхийлөгч де Голль яваандаа энэ бүх ажиллагааг зогсоохыг тушаажээ. Тэрээр энэ захиаг америкчуудын ээлжит башир арга, суудлаас маань салгах гэсэн бас нэг оролдлого гэж үзсэн байна. Харин америкчуудын хувьд Францын тусгай албад ямарваа нэг мэдээ өгөхгүй, хамтарч ажиллах бодолгүй байгааг ойлгож өөрсдөө ч нарийн мэдээ мэдээлэл өгөхөө больжээ.

 Энэ үед Энглтон болон Голицын нарын нэр нүүр нэлээд муудаж эхэлсэн ба үүнийг анзаарсан Голицын нэгэн том нэрийг КГБ-тэй холбон хэлсэн нь Английн Ерөнхий сайд Харольд Вильсон байлаа. Британичуудад энэ мэдээ хүрсний дараа тэнд юу болсныг төсөөлөхөд ч бэрх. Тэр даруй Голицынийг авчран хамтарч ажиллах хүсэлт тавихад нөгөөх нь зөвшөөрч олон сонин юм хэлж өгсний нэг нь өмнөх Ерөнхий сайд Хью Гейтскеллийг оросууд хордуулсан, Вильсоныг Ерөнхий сайд болгохын тулд ингэсэн гэсэн зүйл байв.

Энэ хүнийг өвчнөөр таалал төгссөнд хэн ч эргэлзэхгүй байсан бол одоо олон юм өөр болж харагдах нь мэдээж. Хью үхэхээсээ хэдэн долоо хоногийн өмнө Хрущевтэй уулзахаар ЗХУ явсан... өвчин нь гэнэт сэдэрч хүндэрч үхсэн гэх мэт.

Дараа нь бас нэг гайхширмаар юм хэлсэн нь МИ-5-ын захирал бол КГБ-ийн тагнуул байж тун ч магадгүй гэсэн сэжиг байлаа. Ийм аймшигтай мэдээ өгсөн нөхөртэй хамтарч ажиллахаар шийдсэн британичууд сарын 10000 фунтын цалин амлаж, өнөөх нь ч зөвшөөрч ажиллаж эхэллээ. Бас л тагнан турших, утас харилцааг замаас нь сонсох, гэр бүлийнхний өмнөх хойдох амьдралыг ухах... Энэ бүхний дүнд Ерөнхий сайд болон тусгай албадын хоорондын харилцаа хурцдаж, үүгээр дамжин улс орны улс төрийн байдал ч хямарч эхэлжээ.

Энглтон зүгээр суусангүй. Британичууд өөрийнх нь хүнийг түр гуйж авчихаад ямар мундаг мэдээлэл олж авч хамтарч ажиллаж байгааг мэдсэн тэрээр Голицынийг буцааж яаралтай авчрахаар шийджээ.

Нэг л өглөө Британийн нэгэн сонинд “КГБ-ээс зугтсан Зөвлөлтийн тагнуулч Анатолий Голицын Лондонд байгаа бололтой” гэсэн мэдээ гарлаа. Голицын эндээс бушуухан явах хэрэгтэй болсон бол британичууд энэ мэдээг КГБ-ийн тагнуулууд сонинд тавьсан гэж тооцон бухимдаж байсан боловч үнэндээ энэ нь Энглтоны хийсэн ажил байв. Голицынийг АНУ-д ирэх болсонд ТТГ дургүйцэж, МИ-5 харамсаж, Голицын өндөр цалинтай ажлаа алдсандаа урамгүй байсан бол Энглтон л харин баярлаж байжээ.

Дараагийн будилах ёстой улс нь Канад. Мөн л томоохон албан тушаалтай нэг нөхрийг сэрдэн шалгаад юу ч олоогүй ба энэ бүхнийг бүр ч том албан тушаалтан хаацайлж байгаа учраас илрэхгүй байна гэж Энглтон Голицын нар тооцож байв. Харин тэр хаацайлж байгаа буй том тушаалтан нар нь яах аргагүй КГБ-ийн гар хөл байж таараа... Тэдгээр хүмүүс бол өмнөх Ерөнхий сайд Лестер Пирсон юм уу өнөөгийн Ерөнхий сайд Пьер Трюдо нарын нэг байж болох нь... (Трюдо! Таньдаг нэр байгаа биз)

Энэ будлианы дараа Трюдо АНУ-аас зай барьж эхэлсэн ба нутаг дээрээ буй АНУ-ын пуужингийн баазыг хааж, НАТО-д оролцох үйл ажиллагаагаа ч эрс багасгасан гэдэг.

Энэ бүх хардлага, сэрдлэг бүтэн 10 жил үргэлжилсний дараа ТТГ дотор Энглтоныг зайлуулахыг шаардсан хүчтэй бүлгүүд бий болж эхэлжээ. Харин Энглтоны хардаж сэрдэх хүрээ улам томрон  тэлж яваандаа бүр Хенри Киссинжерийг  (АНУ-ын өнөөгийн гадаад бодлогын суурийг тавьсан хүн гэж болох биз) хүртэл шалгах санаатай байсан гэдэг.

Жеймс Энглтон

Энэ бүхний эцэст ТТГ-ын дарга Хелмсийн тэвчээр алдагдаж, Энглтон Голицын нарыг хоёр биеэр уулзахыг хориглосон ба орос урвагчаас ямар нэг мэдээ мэдээлэл авах бол тусгай комиссын хэдэн хүн цугтаа байж л сонсох дүрэм хүртэл гаргасан байна. Удалгүй Уотергейтын хэрэг явдал болж Энглтоныг бүр мөсөн огцруулснаар энэ хэрэг явдал дуусжээ.

Худлаа хэлж, том ярьж явсан Голицынийг анх ТТГ-ынхан шалгаж байхдаа “Энэ хүн нь ихээхэн хөөрүү, өөрийгөө сул дорой харагдуулахгүйн тулд том үйл явдалд хамаатай, чухал үүрэг гүйцэтгэсэн хүн болгож ярих дуртай...” гэх мэтээр тодорхойлж байсан гэдэг. Гэсэн ч угаас хартай Энглтоны загатнасан газрыг маажсан учраас сөрөх тагнуулын дарга нь Голицынийг өмөөрч “Улс орноосоо урвасан хүний сэтгэл санаа тогтворгүй, хямарсан байгаа үед хийсэн дүгнэлт чинь буруу...” гэх зэргээр хамгаалсаар ийм байдалд хүрчээ.

ЗХУ-аас урвасан Голицын нь өөрийгөө үнэд хүргэхийн тулд үнэн худал ярьснаар ТТГ, ХМТ, МИ-5 зэрэг томоохон тусгай албадын үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж, Канад болон Их Британид улс төрийн хямрал болох эх суурийг тавьж, Францыг НАТО-гоос гарахад ихээхэн түлхэц болсон билээ.

Ганц худалч эрийн учруулсан хохирол нь КГБ-ийн мөрөөдөөд ч хүрэхгүй гэмээр хэмжээнд хүрсэн гэдэг бөгөөд энэ хүн үхэн үхтлээ янз бүрийн тагнуул туршуулын тухай ярьж, олон ном бичсээр 2008 онд нас баржээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 15. 16:00
Зочин

ХАХАХАХА.

6 сар 6. 7:52
Зочин

Бужигнуулсан нөхөр байна хэхэ. ТТГ ыхан ч бас му юмаа хаха. КГБ агуу байжээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]