Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Агаарын ер бусын тулалдаануудУншсан14,737

Онгоцноос нэг нисгэгч нь гарч юмны цаагуур орон нуугдаж, нөгөөх нь хөлдөө шарх авсан бололтой мөлхөж байхад нь “царцаа” ч газар бууж Мартин хэд хэдэн удаа хий буудаж айлгаснаар Герман нисгэгч гараа өргөн гарч иржээ

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дайсныхаа онгоцыг устгаж, эсвэл хөөж зайлуулах гэж сөнөөгч онгоцыг зохион бүтээдэг. Зөвхөн сөнөөгч онгоц л дайсныг хөөж гүйцэн буудахын тулд хурдтай, элдэв маневр хийх чадвартай, хүчирхэг зэвсэгтэй байдаг бол бөмбөгдөгч онгоц нь дайсныхаа толгой дээр бөмбөгөө хаях, өөрийг нь дайрах сөнөөгч онгоцыг “үргээх” зориулалттай том том буунууд авч явдаг билээ. Өөрөөр хэлбэл бөмбөгдөгч онгоцонд сөнөөгч онгоц шиг элдэв айхтар маневр хийх ямар ч боломж байдаггүй гэж хэлж болно. Гэтэл бөмбөгдөгч онгоц нь сөнөөгч онгоцны үүрэг гүйцэтгэн ялж дийлж байсан цөөнгүй тохиолдол түүх болон үлдсэн байдаг билээ. Тэдгээрийн зарим нэгийг сонирхуулъя.

Сандерленд

Британийн нисдэг завь (усан дээр буух хөөрөх зориулалттай) Сандерленд онгоц нь дайснаа буудаж сөнөөх байтугай өөрийгөө ч хамгаалах техникийн боломж тааруухан эд байв. Гэхдээ ийм онгоцыг зориг зүрхтэй чадвартай баг удирдан нисч байвал аймшигтай хүч болж байсан нэг тохиолдол 1940 онд гарсан билээ.

Норвеги орчмоос хөөрсөн Сандерлендыг нисэж явах үед Германы зургаан Юнкерс-88С сөнөөгч таарч буудаж унагах юм болжээ. Хурд байхгүй, маневрлах чадвар сул ийм амьтныг тэдгээр зургаан сөнөөгч буудлагын талбайд бай буудаж байгаа юм шиг тоглох юм бодсон боловч өнөөх нь өөдөөс нь буудалцаж бүр хоёр Юнкерс унагаж аваад талийсан гэдэг.

1943 оны 6-р сарын 2-нд Британийн Дуглас DC-3 онгоцыг Германы сөнөөгч нар Бискайн хоолой хавьд буудан унагасан мэдээ авч уг онгоцыг олох, амьд үлдсэн нисгэгч, зорчигч байвал аврахаар Сандерланд завийг тухайн бүс рүү илгээжээ. Ганцаараа яваа энэ онгоцтой таарсан найман Юнкерс-88С тэр даруй дайран орсон нь ойлгомжтой байх. Хэд хэдэн удаа дайралцаж буудалцсаны дараа Сандерленд нь хэдийгээр агаарт тогтож чадаж байсан боловч яг л шүүрэн шанага шиг юм болсон байсан гэдэг. Нэг буудагч нь алуулж бусад багийн гишүүд нь бүгд шархадсан ч тэд тулалдаанд ялж буудалдаа эргэн бууж чадсан бол Германы найман онгоцны гурав нь буцаж хариагүй юм гэдэг. 

Юнкерс-88 С

Юнкерс 88-ыг сөнөөгч гэлээ, энэ бол бөмбөгдөгч онгоц... гэж зарим нэг нь загнаж магадгүй юм. Ингэж загнахаас, бичихээс нь өмнө амжиж ”Ю-88 С бол хүнд сөнөөгч” юм шүү гэдгийг зориуд хэлэх хэрэгтэй.

1943 оны 8-р сарын 17-нд Германы алсын тагнуулын зориулалттай хос FW-200 Кондор онгоц Америкийн B-24 Либерейтор онгоцтой таарсан байна. Энэ Боинг нь шумбагч онгоцны эсрэг зориулалттай, ямар нэг хуяг гэхээр юм ер үгүй бараг л зорчигч тээврийн онгоц шиг юм байж. Гэсэн ч Америк нисгэгчид зугтан зайлалгүй тулалдааныг хүлээн авчээ.

Нисгэгч Хью Максвелл эхлээд зугтаж байгаа мэт үүлэнд ороод бүтэн эргэлт хийн гарч ирэхдээ хөтлөгч Кондорын сүүлэнд наалдаж авсан нь яг л сөнөөгч онгоц ан хийж байгаа мэт байсан бололтой. Гэхдээ энэ “сөнөөгч нь” 28 тонн жинтэй, дөрвөн мотортой байсан гэж байгаа.

FW Condor

Хөтлөгч Кондорыг Боинг дайраад, тэр Боингийг дагуул Кондор дайраад л. Үр дүнд нь Америкийн онгоцны нэг талын хоёр хөдөлгүүр шатаж, их бие нь элдэв цоорхой, түүнээс улалзах гал дөл нь бадарсан юм болж хувирсан бөгөөд яг л асаасан бамбар шиг байсан тухай дараа нь нисгэгчид ярьсан байдаг. Харин буудуулсан Кондор далай ванд зочлохоор ус руу явсан байна. Араас нь нэг их удалгүй Боинг ч унасан бөгөөд шүхрээр үсэрч амжсан долоон америк, дөрвөн герман нисгэгч нар “эв найртайгаар” усны мандал дээр хөвөн байх үед Английн хөлөг ирж гаргаж авсан байна. Харин ихээхэн гэмтэл авсан дагуул Кондор буудалдаа хүрсэн боловч буухдаа шатан задарч унасан гэдэг.

Boeing Liberator

Эдгээр агаарын тулалдаанд дандаа томчууд буюу дөрвөн хөдөлгүүрт, олон том амтай буу бүхий онгоц (Юнкерс 88С-г тооцохгүйгээр, энэ онгоц нь хоёр хөдөлгүүртэй) оролцсон түүх бол одоо бүр жижигхэн онгоцнуудын хооронд болсон нэгэн тулалдааныг сонирхуулъя.

1945 оны 4-р сарын 11-нд Америкийн 5-р хуягт ангийн дансанд байх Пайпер L-4 хэмээх жижигхэн онгоцны дарга Меррит Франсиз, хоёрдугаар нисгэгч Уильям Мартины хамт агаарт гарчээ. Уг онгоц нь бөөрөндөө "Miss Me?" гэсэн хачин бичигтэй байсан нь дайснаа тохуурхсан утгатай бололтой. Агаарт гарсан царцаа ногоон маань  (Алдарт АН-2-ын нэрийг зээлдчихлээ гэж бодож магадгүй. Гэхдээ энэ онгоцны нэр нь Piper L-4 Grasshopper буюу царцаа юм шүү) тасарч алга болсон хэсэг танкаа олохоор явж байх үед гэнэт өөдөөс нь Германы Шторх гарч ирж таарлаа. (Fieseler Fi-156 "Storch" бол жижигхэн, гуравхан хүний суудалтай, хэрэгтэй бол ёстой нусны алчуур дээрээс хөөрч чадах алдартай онгоц байж билээ)

Piper L-4 Grasshopper

Хоёр жижигхэн амьтад өөд өөдөөсөө тулсан хойно буудалцаж таараа. Харин тэдгээр бяцхан амьтдын буу зэвсэг гэж юу байсан бол?

Америкчуудын хувьд хоёр буутай байсан гэх нь мэдээж мундаг сонсогдож байгаа ч уг буунууд нь нисгэгч нарын бүсэнд байсан буюу ердөө Кольт М1911 гар буу байлаа. Германы нисгэгч нарын хувьд ч мөн ялгаагүй. Агаарын тулалдаанд гар буу хэрэглэнэ гэхээр инээд хүрмээр боловч харин өөдөөсөө тулан байх нисгэгч нарт энэ нь инээдтэй зүйл байсангүй. Өөд өөдөөсөө тулан буудалцаж эргэлдэн тойрч сүйд болсон бөгөөд буудаж буудаж сум дуусах үед буугаа хоёр өвдөгтөө хавчуулж байгаад л сумлаад дахиад буудна. Хоорондоо шүргэлцэх шахан буудалцаж байх үед Германы онгоцноос ямар нэг шингэн гоожиж, утаа гарч байсан гэдэг бөгөөд байдал бишдсэнийг мэдсэн Герман өөрийн маневр, хурдын давуу байдлаа ашиглан өндөр авахын тулд огцом эргэж байгаад гэмтлээс болж хүч дутсан уу яасан модны оройг шүргэн газар унасан байна.

Fieseler Fi-156 Storch

Онгоцноос нэг нисгэгч нь гарч юмны цаагуур орон нуугдаж, нөгөөх нь хөлдөө шарх авсан бололтой мөлхөж байхад нь “царцаа” ч газар бууж Мартин хэд хэдэн удаа хий буудаж айлгаснаар Герман нисгэгч гараа өргөн гарч иржээ. Ойрхон байх Америкийн танкчид тэр даруй ирсэн тул олзлогдсон германчуудыг тэдэнд хүлээлгэж өгчихөөд хоёр нисгэгч эргэн нисжээ.

Энэ хоёр нисгэгчийн агаарын тулалдаанд гаргасан ялалтыг нь үнэлэн одон медальд тодорхойлсон боловч Франсиз болон Мартин нар бүр сүүлд буюу 1967 онд л шагналаа авсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]