Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Куликовын тулалдааны ялалт Дмитрийгийнх биш харин монголчуудынх байсан уу?Уншсан20,947

Энэ тулалдаан болсон түүхэн нөхцөл нь Алтан ордны хаан ширээг эзлэн байсан Мамай нь өөрийн өрсөлдөгч Тогтамыш хааны эсрэг Литовын вангуудтай холбоо тогтоожээ

 

Куликовын тулалдааны тухай түүхийн сурвалж бичгүүдэд янз бүрээр бичсэн. Өнөө цагт ч түүхчид янз бүрээр тайлбарласаар ирсэн байдаг. Татаар Монголын дарлалаас ангижрах Оросын ард түмний тэмцлийн бамбар нь Куликовын тулалдаан болж улмаар Орос улс нэгдэн нягтарсан хэмээх ойлголт соц нийгмийн үед Оросын зүгээс түгээмэл тархаж Монголчууд хүлээн зөвшөөрсөн мэт бичдэг байв. Тэгвэл цаг үе нэгэнт өөр болж энэ тулалдааны тухай мэдэхгүй байсан зүйлс их гарч байна.

Ялангуяа Куликовын тулаан бол Донын Дмитрийгийн ялалтаар төгсөөгүй, бараг ялагдаж байгаад отоонд анаж байсан Алтан ордны улсын өөр нэгэн Монгол хааны цэргүүдийн гэнэтийн довтолгооны ачаар л ялж гарсан, тэгээд ч Дмитрий бол Монгол угсааны хаан болох Тохтамышд үнэнчээр зүтгэж Оросын вангуудын дундаас тодрон гарах гэж, нэр нүүр олох гэж хичээж байсны илрэл хэмээн үзэх болж. Эцэст нь эзнээсээ урвасаны хариуг ч Тохтамыш дор нь барьж Москваг эзэлсэн түүх бий. Тэрнээс биш үндэстэн хоорондын дайн тулаан биш, ердөө л Оросыг дарлаж байсан Алтан ордны улсын тэргүүлэгч, зонхилогчдын хоорондын тэмцлийн нэг талбар байсан гэж харвал илүү зохимжтой бололтой. Ингээд Wikipedia-д бичигдсэн Монгол хэл дээрх энэ тулааны тухай хувилбарыг оруулж байна. Тайлбарыг уншигчид оюун бодолдоо өгнө бизээ.

Дон мөрөн, Непрядва гол хоёрын бэлчир орчим Куликовын тал (Б.Ринченгийн орчуулгаар "Тутгаалжин" шувууны тал) гэдэг уудам газар Алтан Ордын эзэн Мамай, Москвагийн вант улсын Донын Дмитрий нарын хооронд их тулалдаан болжээ. Энэ тулалдаан болсон түүхэн нөхцөл нь Алтан ордны хаан ширээг эзлэн байсан Мамай нь өөрийн өрсөлдөгч Тохтамыш хааны эсрэг зогссонтой холбоотой. Мамай нь Тохтамыш хааны холбоотон, Алтан Ордны улсын татвар төлөгч харьяат хотуудын хамгийн томоохон нь болох Москвагийн ван Дмитрийг цохих зорилгоор Москва руу хөдөлсөн бөгөөд энэ дайнд Литовын вантай хамтран тулалдах бодолтой байжээ. Гэтэл Тохтамышийн холбоотон Дмитрий өрсөн хөдөлж Мамайг тосон тулалдсан байна.

Тулалдаан туйлын ширүүн болж, хоёр талаас их цус урсаж, маш олон хүний амь үрэгдсэн байна. Аль аль тал нь их хохирол үзэж, тулалдааны талбараас хоёулаа ухран зайлцгаасан гэдэг. Ухрахдаа Мамай шууд нутгийн зүг явсан тул Дмитрий ялалт байгуулсан хэмээн зарласан гэдэг.

Энэхүү тулалдаан Алтан Ордын захиргаанаас Орос орныг чөлөөлж чадаагүй юм. Гэхдээ түүхэнд алдаршсан энэ тулалдаан Монголын ноёрхлоос эх орноо чөлөөлж, Оросын вант улсууд нэгдэж, төвлөрсөн улс байгуулах угтвар болж өгсөн хэмээн бичгдсэн байдаг. Мамай нь албан ёсны Алтан Ордын ханы удам байгаагүй бөгөөд Чингисийн удмын Ногай ханы ач гэдгээрээ Чингисийн удамд тооцогддог. Тэрээр Оросын ванлигуудыг Алтан Ордын хан Тохтамышд биш өөрт нь татвар төлж байхыг шаардаж байсан. Иймээс ч Куликовын талд Донын Дмитрийтэй хийсэн тулаанд Алтан Ордын цэрэг Оросын голлох цохилтын хүч болж Мамайн эсрэг тулалдсан байдаг юм.

Тулалдааны өмнө үүссэн нөхцөл

 

Дмитрий ба Алтан ордын олзлогдсон дайчин.

Оросын ванлигуудын эзэн болох Алтан ордны улс нь тухайн үед хөх ба цагаан гэсэн хоёр ордод хуваагдаад байсан ба Тохтамыш нь хөх ордын хааны суудлыг өвлөж авсны үр дүнд 1376 онд Доголон Төмөрийн туслалцаатайгаар цагаан ордыг өөртөө нэгтгэжээ. Тохтамыш нь Чингис хааны ач Орд ханы удам юм. Тохтамыш хаан ширээнд залрахын өмнөх хорин жилд хорь гаруй хүн хаан ширээнд залагдсан боловч тухай бүр ордны эргэлтээр амь үрэгджээ. Үүний нилээдийг нь Мамай зохион байгуулсан гэж үздэг байна. Сарайд төрийн эргэлт гарах бүр Оросын вангууд очиж тангараг өргөж Ордод үнэнч байхаа андгайлж аливаа зарга маргаанаа шийдүүлдэг байжээ. XIV дүгээр зууны жараад онд Орос дахь Москвагийн ванлиг болон Алтан ордны улс дахь ёс бусаар хаан ширээг булаан авсан Мамайн хүчирхэгжилт бараг нэгэн цаг үед болсон бөгөөд Алтан ордны улсад Мамайг хүчирхэгжин өндийхөд Оросын вангууд авилга шан харамж өгч ихээхэн тус болжээ. Тэд Мамайн өрсөлдөгч Тагайг 1365 онд, харин 1367 онд Болд Төмөрийг ялснаар түүний замыг нь засч өгсөн.

Куликовын талд босгосон дурсгалын хөшөө, зохиогч Александр Брюллов 1848 он

1376 онд Ижил мөрний зүүн эргээс Мамайд хүчин зүтгэхээр ирсэн Хөх ордын хаан Арапша нь Новосилийн ванлигийг хоослон цөлмөөд Ока мөрнийг гатлан ирсэн Москвагийн ванлигийн цэрэгтэй тулгарахаас зайлсхийсний эцэст 1377 онд Москва-Суздалийн ванлигийн хамтарсан цэргийг Пьяна гол дээр бут цохин Нижегород болон Рязанийн ванлигийг хоосруулжээ.

Харин дараа жил нь 1378 онд Мамай Москвагийн ванлигийн ван Дмитрийтэй шууд тулгаран эрэгчин эмэгчнээ үзэхээр шийдсэн авч түүний ноён Бегичийн цэрэг Вожа гол дээр салам ялагджээ. Мамай Рязанийн ванлигийг дараа нь хоослон цөлмөсөн боловч 1378-1380 онд Ижил мөрний доод урсгал хавийн газар нутгийг Тохтамышд алдсан байна. 1380 оны 8 дугаар сарын 15-нд Коломно хотод Тохтамыш хааны оролцоотойгоор Оросын ванлигуудын цэргийн цугларалт зарлагдсан байжээ.

Зүүн хойд Оросын бүх газар нутгаас цэрэг ангиуд энэ газрыг зорин цувж байв. Суздаль, Тверь, Смоленскийн их ванлигуудын цэрэг ч иржээ.

Тулалдааны шалтгаан

Алесандр Пересвет буюу Оросын хар лам ба Мамайн дайчны халз тулаан. Зураач Виктор Васнецов

Орос-Монголын зэвсэгт мөргөлдөөн болсон шалтаг нь Мамайн зүгээс урьд нь Жанибекийн үед төлж байсан хэмжээнд хүргэн татвараа нэмэн төлөхийг шаардахад нь Дмитрий Ордын хууль ёсны хаан Тохтамышд татвар төлж байсан тул түүнд татгалзсан хариу өгсөн явдал байжээ. Үүнд Ордын хаан ширээний төлөөх тэмцэлд хүчтэй эсэргүүцэл нөлөө үзүүлж буй Мамайг зайлуулах гэсэн Тохтамыш хааны нөлөө маш их байсан. Оросуудын Ордод төлж байсан албан татварын нэг хэлбэр нь цэргийн алба байсан ба тэр л үүргээ биелүүлэх гэж Оросууд хуралдсан юм. Нөгөө талаас Мамай цор ганц эзэн хаан байхыг ихэд хүсэж байсан учир түүний замд саад болж байсан ганц хүн нь Тохтамыш байсан ба түүнийг алтан урагт үл тооцон гадуурхаж доромжилж байсны хариуг хатуухан өгөх бодолтой байсан. Тэрээр Оросуудын хүчийг ашиглаж энэ үйл ажиллагаагаа явуулах бодолтой байжээ.

Харин Мамай Литовын их ван Ягайлотой хүчээ нийлүүлэн Москватай тэмцэхийн тулд Ягайлотой Ока голын зүүн эрэгт 9 дүгээр сарын 14-нд хүчин нийлэхээр тооцоолсон байна. Энэ нь Дмитрий өмнө нь 1373 болон 1379 онуудад Ока голын хойд эрэгт хамгаалалтын байр эзлэн тус голыг гатлахаасаа болгоомжилно хэмээн үзсэнтэй холбоотой аж. Мамай Тохтамышийн эсрэг тэмцэхийн тулд Италийн Генуэгийн худалдаачдын дэмжлэгийг авч тэд хариуд нь Орост чөлөөтэй худалдаа хийх эрх, мөн Крым орчмийн газар нутгийг нэхжээ. Үүнийг биелүүлэхийн тулд Москвагийн Дмитрий ванд Оросын Их вангийн суудлыг амлаж хамтран тэмцэх санал тавьжээ. Цагтаа Дмитрий Ван Мамай хоёр хамтран Рязанийн ван Олегийн эсрэг байлдаж явсан ажээ. Гэвч Дмитрий ван Ордоос ирэх хожмын аюулаас болгоомжлон, нэг ёсондоо Тохтамышээс эмээн Мамайг дэмжихээс татгалзаж, Алтан ордын хууль ёсны эзэн хаан Тохтамышт үнэнч болохоо нотолж энэ саналаас нь татгалзжээ.

Мамайн энэ саналыг Тохтамыш хаанд дуулгасан бөгөөд тэрээр үүнийг сонсмогцоо харин ч эсрэгээр нь Мамайг ялсан тохиолдолд Дмитрийг Оросын их ван болгож болох юм гэсэн тохиролцоо хийсэн. Дмитрийд хоёр л гарц байлаа. Нэгдүгээрт Мамайтай эрэгчин эмэгчнээ үзэж ялан бүх Оросын ван болох, хоёрдугаарт ялагдсан тохиолдолд толгойгоо шонд өлгүүлэх. Тиймээс тэрээр дайтахаас ч өөр аргагүй болсон юм. Оросууд Мамайтай хэрхэн харьцах талаар үнэндээ нэгдсэн үзэл бодол байсангүй, харин Мамай үнэн алдартны шашинтны дайсан болох католикуудтай хамтран ажилладаг тул үнэн алдартны шашинт оросууд түүнд дургүй байжээ. Ингээд мөргөлдөөн гарах нь гарцаагүй болов. Оросуудын эрх чөлөөний билэг дэмдэг болсон энэ тулалдаан нь тэр үеийн хаан ширээний төлөөх мөргөлдөөний нэгэн адил байсан бөгөөд "Доны" Дмитрийд Мамайг цохих үүргийг Тохтамыш хаан өгсөн юм. Түүнээс бус Оросууд өөрсдөө санаачлан боссон зүйл ч байхгүй тэгээд ийм их хүч гаргах тэнхэл Ордод байсан уу гэхээс Оросуудад байгаагүй юм. Ордын албат Оросууд өөрсдийн хууль ёсны эзэн хааныхаа төлөө буюу Чингисийн удмын хаан ширээ залгамжлагч Тохтамышын л төлөө тулалдсан билээ. Ордын албан татварын нэг нь цэргийн биеээр хаах алба байсан гэж дээр дурьдсан тэр л үүргээ биелүүлжээ. Мамайн холбоотон Ягойла ч 1380 оны 12-р сарын 8-нд болсон тулалдааны талбар луу хоцорч байлаа. Тэрээр хүчний харьцаа хаашаа эргэж хэн нь Ордын хаан хэвээр үлдэхийг ажиглаж байлаа.

Тулалдааны талбай ба талуудын цэргийн тоо

Дмитрий тулааны талбарт.

Тулалдаан болсон Куликовын тал нь ОХУ-ын Тула хотоос зүүн-өмнө 140 км зайтай Дон, Непрядва, Красивая Меча голуудын хооронд 10 орчим ам.км талбай эзлэх оршдог. Гэсэн хэдий ч өнөөх хэр нь тэнд томоохон тулалдаан болсон шинж тэмдэг олдохгүй байгаа юм. Нийт 200.000 орчим Орос цэрэг оролцсон хэмээн Оросууд үздэг. Маймаа хааны талаас мөн тооны цэрэг бас Генуягийн хөлсний 10.000 орчим явган цэргийг тооцох юм бол 400.000 орчим цэрэг хоёр талаас оролцжээ гэж дүгнэж болохоор байна. Томоохон хэмжээний булш бунхан төмөрлөгийн үлдэгдэл олдохгүй байгаа нь тулалдаан энд болсон гэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Оросын он дарааллын гар бичмэлд зааснаар Монастырщина тосгоны дэргэдээс ч, Куликовын талын өөр нутгаас ч цэргийн булш олдохгүй байгаа юм. Тэр Куликовын талд ийм их тооны цэрэг багтах боломжгүй нөгөө талаас тулалдаанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн отоонд байсан Монгол жанжнаар удирдуулсан Дмитрий Боброкийн хороо хаана байрлаж багтаж байсан нь тодорхойгүй байгаа юм. Оросын цэргийн тооны талаар оросын түүхийн сурвалжуудад бичихдээ Москвагийн ванлигийн 100 мянган цэрэг, түүний холбоотнуудын 50-100 мянган цэрэг цугларсан хэмээжээ. Харин "Мамайгийн тулааны тэмдэглэл"-д 260 мянга эсвэл 303 мянга ч хэмээн дурдсан байдаг бол "Никоновын он дарааллын бичиг"-т 400 мянга ч гэж дурдсан нь бий. Гэтэл нэлээд хожуу үеийн судлаачид Дмитрийн тугийн доор 50-620 мянган цэрэг л цугларсан байх боломжтойгоос шууд Москвагийн цэрэг нь зөвхөн 20-25 мянга байсан ч гэж үздэг аж. Харин Мамай хэдэн цэрэгтэй байсан бэ? Мамайгийн зөвлөх шадрууд нь түүнд ийнхүү зөвлөсөн гэсэн үг байдаг. "Чиний орд улс хоосорч, хүч чадал чинь суларлаа. Гэвч чамд арвин их баялаг байгаа тул Генуй хотынхон /италичууд/, черкес, ясууд болон бусад ард түмнүүдийг хөлслөе" хэмээж гэнэ. Мөн хөлсний цэргийн тоонд лалууд, буртасуудыг ч нэрлэсэн байдаг аж. Өөр нэгэн мэдээгээр бол Куликовын тал дахь Мамайн цэргийн цөмийг Генуй хотын хөлслөгдсөн явган цэрэг бүрдүүлж, харин морин цэрэг нь жигүүрүүдэд жагссан гэжээ. Бас Генуй хотоос хөлслөгдсөн цэргийн тоо 4000 мянга байсан бөгөөд тэд хөлсөндөө Судакаас Балаклава хүртэлх Крымийн эрэг нутгийг авсан гэдэг аж. Тэр цаг үеийн Алтан ордны улсын цэргийн тоо толгойн талаар 3 түмэн цэрэгтэй байсан / 1362 онд Хөх Усанд болсон тулаан болон Куликовын тулааныг Мамай нь толгод дээрээс 3 түмтийн ноёнтойгоо ажиглан харж байсан гэсэн мэдээ/, эсвэл 4 түм / 1340 онд Галиц руу хийсэн Узбекийн довтолгоон/, 5 түмэн / 1328 онд Тверийг эзлэн сөнөөсөн болон 1378 оны Вож гол дахь тулаан/ цэрэгтэй байсан гэсэн 14 дүгээр зууны үеийн мэдээ байдаг. Гэтэл Мамай нь улсынхаа зөвхөн баруун хагаст л ноёрхож байсан бөгөөд Вож гол болон Куликовын тулалдаанд бараг бүх цэргээ алдсан гэдэг. Харин 1385 онд Тохтамыш нь Тавриз руу довтлохын тулд Алтан ордны улсын бүх нутгаас ердөө л 90 мянган цэрэг хуралдуулж чадаж байсан гэх. Гэтэл дээр дурдсан "Мамайн тулааны тэмдэглэл"-д тэрбээр 800 мянган цэрэгтэй байсан гэсэн нь асар хэтрүүлсэн тоо гэдэг нь ойлгомжтой юм. Оросын түүхчид Оросын цэрэг 40-70.000[1] орчим Мамайн цэрэг 90-150[2] мянга орчим байсан хэмээн үздэг. Түүхч С.Карамзин Оросын армийн тоог 130-150 мянга хүрсэн гэж үздэг. Харин В.Татищев 60 мянга гэсэн тоог заадаг бол Оросын он дарааллын зарим бичгүүдэд цэргийн тоог нилээд хэтрүүлэгтэй гэж болохоор дурьджээ. Тухайлбал, Никоновын он дарааллын бичигт оросын цэргийн тоог 400 мянга, "Мамайтай тулалдсан тухай өгүүллэгүүд" хэмээх түүхийн эх сурвалжид 253 мянга гэж тэмдэглэжээ. Гэхдээ оросын цэргийн тооны талаархи хамгийн үнэн магадтай тоог 70-100 мянга гэж судлаачид үздэг байна. Сүүлийн эх сурвалжаас үзвэл оросууд цэргээ толгойн анги, гол хүч, зүүн, баруун жигүүр, нөөц буюу отох гэсэн таван хэсэгт хуваажээ. Хоёр талаас нийтдээ 100.000 орчим цэрэг тулалдсан байх магадлалтай. Үүнээс олон тооны цэрэг гаргах боломж аль алинд нь байгаагүй юм. Тухайн үеийн Ордын цэрэг 60-80 мянгын хооронд хэлбэлзэж байсан гэж бодохоор үнэнд ойр билээ. Мамайн цэрэг 30.000 орчим түүн дээр Генуягийн хөлсний 4000 явган цэрэг, черкес, хасаг, армен зэрэг бусад үндэстний цэргүүд байсан байх боломжтой. Мамай бол Ордын хууль ёсны эзэн биш тэр төр үймүүлсэн этгээд байсан. Тиймдээ ч түүнд тийм ч их цэрэг байгаагүй хамгийн ихдээ түүнд 40.000 орчим л цэрэг байсан байх боломжтой. Оросуудын цэрэг нь түрэг татаар гаралтай цэрэг дээр нь Ордын хууль ёсны эзэн Тохтамыш хааны илгээсэн Монгол цэргийн мянгатууд байсан юм. Тэгээд нийтдээ 45000 орчим байсан байх боломжтой. Тохтамыш хаан тулалдаанд өөрийн бүх цэргийн хүчийг явуулаагүй, учир нь ар хударгаар нь дайран довтолдог нүүдэлчдийн арга залийг мэддэг болохоор өөрийн гар дор лавтай 50-60.000 цэрэг бэлэн байлгаж харин Димтрийд тусламж болгон 15000 орчим цэрэг явуулсан нь тэдгээр нь отолтонд Дмитрий Боброкий болон Тохтамыш хааны жанжны хамтын удирдлага дор байж тулалдаанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нь лавтай. Нүүдэлчид хэзээнээс нааш отолтыг чадварлаг гүйцэтгэж сурсан өөр хэн ч биш.

Тулалдааны эхлэл ба явц

Дмитрий Куликовын талд. Зураач Василий Сазонов

Куликовын тулалдааны эхлэл: 9 дүгээр сарын 7-ны орой оросууд цэргээ байлдааны журамд нь оруулж эмхэлсэн байна. Москвагийн вангуудын цэргээс зонхилон бүрдсэн гол хүч нь Москвагийн бояр Тимофей Вельяминовын удирдлага дор төвд нь жагсчээ. Баруун жигүүрийг Литвын ван Ольгерд, зүүн жигүүрийг ван Василий Ярославич болон Феодор Моложский нар удирдсан бол толгойн сэргийлэх ангийг ван Симеон Оболенский, Иоанн Тарусский нар манлайлан тулалдаанд оржээ. Харин зүүн жигүүрийн цэргээс холгүй, Дон мөрний дээхнэ талын царсан ойд өнөөх нөөц цэргийн хүчин байрласан байв. Оросын цэрэг Монголын зүүн жигүүрийг довтлохоор эртнээс зэхсэн бөгөөд тийм ч учраас хэрэгтэй үед гарч ирэх отооны цэргийг үлдээсэн нь тэр ажээ. 9 дүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө Дмитрий ван бүх цэргээ тойрон үзлэг хийсэн бөгөөд дараагийн шөнө нь нөөц цэргийн захирагч Боброк Волынскийтэй цуг туршуулд явж татар-Монголын болон өөрийнхөө армийн байршлыг тодорхойлон тэмдэглэж авсан байна. Ерөнхий удирдлагыг Тохтамыш хааны заавараар ирсэн хааны түшмэл зааварлаж байсан юм. Тулалдаан эхлэхийн өмнө Татарын Мамайн талаас Кочубей гэх татар-Монгол баатар, Оросын талаас Пересвет (Пересвета с Челубеем) гэх хар лам-баатар ирүүлд гарч тулалдааны өмнө байлдаж хоёулаа бие биенээ морины хурдаар бамбайгаа нэвт жадлалцаж үхсэн байна. Уг халз тулааны талаар "Мамайтай тулалдсан тухай өгүүллэгүүд"- ээс өөр ямар ч түүхийн эх сурвалжид дурьдаагүй байдаг бөгөөд хоёр баатар халз тулалдаад хоёулаа үхсэн гэсэн домог байдаг. Тулалдаан явагдсан 9 дүгээр сарьга 8-ны өглөө битүү манантай байсан бөгөөд 11 цагийн үед манан арилж, тэнгэр цэлмэж эхэлмэгц оросын цэрэг хөндийн тэг дунд байрлах толгодоос давшиж эхэлсэн бөгөөд мөн энэ үед дундаа явган цэрэгтэй, хоёр жигүүртээ морин цэрэг бүхий Мамайн цэрэг шуурхайлан давшиж эхэлжээ. Тэдний цэргийн байлдааны журам нь эмх цэгцтэй, нягт бөгөөд хөдөлгөөнтэй, маневрлах чадвараараа оросын армид багагүй төвөг удсан байна. Мамайн цэргийг ойртон ирсний дараа энэ үе хүртэл толгойн сэргийлэхийн эгнээнд явсан Дмитрий ван уг ангиа орхин, их вангийн тугийн дор үлдэж байлдахаар болсон Михаил Андреевич Бренктэй морь, хувцсаа солиод гол хүч рүүгээ буцсан байна. Тэрээр цэргээ гардан зохион байгуулж, жагсаалын цэргийн хувиар тулалдаанд оролцсон бөгөөд нэр нь үл мэдэгдэх нэгэн жанжинд удирдлагаа хэлбэрийн төдий шилжүүлэв. Их ван Дмитрий ийнхүү жагсаалын цэргийн хувиар тулалдаанд оролцсоныг тайлбарлах нэг шалтгаан байдаг нь тулалдааны явцад тушаалгүйгээр ухрагсадыг шууд цаазлаж, дэг журмыг сахиулах явдал байсан гэж үздэг. Түүнчлэн их ван цэргүүдийнхээ өмно жагсаалын цэргийн хувиар тулалдаанд оролцож, тэдний дайснаа дарах итгэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал байжээ. Түүний цаашид амьд явах эсэх нь энэ тулалдаанаас харагдах байсан юм. Дмитрий вангийн цэрэг тулалдааныг эхлүүлжээ. Мамайн хөнгөн морин цэрэг оросын цэрэг рүү уулгалан дайрч хариуд нь оросын явган цэрэг сөрөг дайралтад ороход татар-Монголын нум сумчид суман мөндрөөр угтав. Мамайн цэрэг Куликовын талын дагуу давшилтад орж оросын цэргийн харуулын хороог тэргүүний хороод хүртэл нь ухрааж энэ үед Мамай нөөцийн морин цэргээ тулалдаанд оруулсан нь оросын цэргийн зүүн жигүүрийг сэтэлж, Дон мөрөн болон байлдаж байгаа оросын цэргийн ар талд гарснаар тэдний баруун жигүүрээс бусад хэсэг нь ухарлаа. Ихээхэн хүч гаргасны эцэст оросууд татар-Монголчуудын довтолгоог тогтоож, фронт болон жигүүрээс хориглон байлдаж эхлэв. Мамайн цэрэг тулалдаанаа үргэлжлүүлж, толгойн сэргийлэх ангийг нийтэд нь шахсаар гол хүч рүү цөмрөн оров. Энд нилээн удаан, сунжирсан тулалдаан болжээ. Нүдээр үзсэн гэрчүүд болон он дарааллын бичээчдийн тэмдэглэснээр Мамайн морин цэргүүдтэй орос-ордын манлай ангийнхан давчуухан зайд аймшиггүигээр зууралдан тулалдсан богөөд морьд хүний хүүрэн дээгүүр явж чадахгүй болж, цэвэрхэн, сул газар гэж үгүй болжээ. Оросууд хэд хэдэн удаа байлдааны эмх цэгцээ алдахын даваан дээр Владимирийн болон Суздалийн цэргүүдийн сахилга бат, хатуужлын ачаар дайсныхаа довтолгоог няцааж байв.

Тулалдааны төгсгөл

Оросын зүүн жигүүрийн цэрэг нилээд цохигдож, Непрядва гол хүртэл татар-Монголчуудад шахагдаж эхлэхэд боломжтой цагийг хүлээн байсан жанжин Боброк Волынский болон Монгол жанждын отооны цэргээ тулалдаанд оруулах тушаал өгчээ. Нөөц хүчний энэхүү морин цэргүүд Мамайн цэргийн гол хүчинд ар талаас нь гэнэтийн, хүчтэй цохилт өгснөөр оросын армийн баруун жигүүр болон гол хүч давшилтад орж, ширүүн тулалдаан болжээ. Мамайн цэргүүд эмх цэгцээ алдаж, ухарснаар тулалдааны явцад үндсэн эргэлт гарав. Тулалдааны явцыг ажиглаж байсан Мамай багахан хүчээ аван ухарсан бөгөөд хүчээ дахин эмхэлж, тулалдааныг үргэлжлүүлэх гэсэн боловч нэгэнт оройтсон байжээ. Орд-Оросын нөөц хүчний цэрэг татаруудыг Красивая Меча гол хүртэл 50 мод газар нэхэн тулалдаж, оросын түүхчдийн бахархан бичсэнээр тэднээс "тоймгүй олныг" хядан устгажээ. Тулалдаан өндөрлөхөд Мамай бараг бүх цэргээ алдаж, оросын армиас дөнгөж 4 мянга хүрэхтэй үгүйтэй хүн үлдсэн байна. Маш олон хүн шархадсаны дотор, их ван Дмитрий өөрөө хүнд шархдаж, тулалдааны талбараас ухаангүй байдалтай олдсон гэдэг. Литовын ван Ягайло Куликовын талд 30-40 километр ойртож ирсэн ч Мамайн цэрэг ялагдсаныг дуулаад эргэн нутаг буцжээ.

Тулалдааны үр дүн ба хойш болсон үйл явдал

Энэхүү тулалдааны дараа дахин хүчээ зузаатгаж эргэн тулалдахаар шийдсэн Мамайг нутаг буцаж очсон хойно нь хаан Тохтамыш түүн рүү цэрэглэн довтолжээ. Тулалдаан эхлэхийн өмнө Мамайн цэргүүд Тохтамышд бууж өгсөн ба гэхдээ өөрсдийн удирдагч Мамайгаас урван дайсанд нь барьж өгөлгүй (Монголын нууц товчоонд ч ийм түүх гардаг. Монгол цэргүүд удирдагчаа дайсанд нь барьж өгдөггүй уламжлалтай) түүнийг зугтаалгасан байна. Крым руу зугтсан Мамай тэнд өөрийн холбоотон Генуэчүүдэд алагджээ. Мамайн хүү Мансур Литов руу зугтсан ба түүний удмынхан нэртэй язгууртнууд болсон бөгөөд ван хэргэмээр шагнагдсан Глинский вангийн гүнж Елена Москвагийн Их ван Василий III-тай гэрлэж нэгэн хүү төрүүлсэн нь оросын анхны хаан бөгөөд түүхэнд догшин Иван гэж нэрлэгдсэн хаан билээ. Москвагийн ван Киевийн үнэн алдартны шашны тэргүүнийг урьсаныг Суздалийнхан Москва Литовчуудын хуйвалдаан болж буй мэтээр мэдээлжээ. Үнэндээ бол оросын вангуудын зөрчилдөөн гүнзгийрч Алтан ордын хаанд ая тал засан нэр хүнд олж авах гэж нэгийгээ матсан хэрэг байжээ. Тэр үеийн Алтан ордын хааны зөвшөөрсөн ван л Оросын их вангаар томилогддог байжээ. Үүнд дургүйцсэн Тохтамыш Москваг сургаж өгөхөөр хөдөллөө. 1382 оны 8-р сарын 12-нд татаарын цэргүүд Москвад ойртон ирэхэд Тохтамышын сургаар Москвагийн ван яаралтай хотоо орхин явав. Уг нь Москвагийн ван Оросын бусад вангуудаас тусламж хүссэн боловч түүний төлөө Монголчуудтай байлдах зоригтон олдсонгүй. Энэ нь ч үнэндээ Дмитрий Тохтамыш хоёрын зэрэг чансааг харуулж буй баримт бөгөөд эзэн хаандаа тэрслэгчийг дэмжих Орос ван байсангүй. Тохтамыш нэгэнт эзэн нь орхин явсан хотыг бүслэн хаагаад харин гадагшаа гарч явагсдад саад хийсэнгүй. Москвагийн вангаас ял асуухаар ирсэн болохоос ард иргэд нь бол гэмгүй, угаасаа өөрсдийн нь харьяаны албат иргэд болохоор алж хядаад байх шаардлагагүй гэж нийгүүлсэнгүйгээр үздэг байсан юм. Хотод архидан зугаалж байсан Москвачууд татаартай найрамдахаар шийдэж хотын хэрэмний хаалгаа онгойлгохдоо найдвартай хамгаалалт тавихаа мартжээ. Ингээд тэд хотод нэвтрэн орж Москваг эзлэн авч тоножээ. Дмитрийгийн орыг залгамжлахаар Тверийн ван Михайл Александрович санаархсан боловч Тохтамыш хүлээн зөвшөөрсөнгүй. Ингээд Дмитрий ичгүүртэйгээр өөрийн хүү Василийг Тохтамышт явуулснаар түүний Их вангийн эрхийг сэргээн, Василий нь Тохтамышийн дэргэд барьцаанд байх болжээ. Үнэндээ бол Москвагийн ван Дмитрий Ивановичийн суу алдар, түүний Донский гэдэг цол нь энэхүү тулалдаанаас бүр хожим 16-17-р зуунд л гарч иржээ. Тухайн үеийн түүхэн бичигт энэ тулааны тухай нэг их бичдэггүй байжээ. Бүх оросын анхны хаан Иван III-т улсыг нэгтгэн зангидах нэр хүнд хэрэгтэй болжээ. Үүнийгээ ч оллоо. 1480 онд Их ван татаруудтай эцсийн тооцоо бодохоор хөдлөхийн өмнө Ростовын Их ламтан Вассиан „өвөг эцэг Дмитрийгийн алдрын замаар ... гайтай „чонон Мамайн" эсрэг хэмээн бичжээ. Чухам энэ үеэс Мамайн тулалдааны тухай домог үүсчээ. Тэр үеийн оросын оршин суугчдын тоо, тулалдаан болсон газар нутгийг харьцуулж үзэхэд хэдэн зуун мянган цэрэг гаргах ч боломжгүй, гаргалаа гэхэд тэнд байлдах талбай ч байхгүй ажээ. Ер нь тэнд гучаад мянган цэрэг л хоёр талаас байлдсан гэж таамагладаг. Яг үнэндээ нөгөө алдарт отоонд байсан хороо хаана байрлаж байсныг одоо ч тогтоож чадаагүй л байгаа гэнэ.

Доктор Т.Сүхбаатар

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 4 сар 5. 14:31
Зочин

odool mongolchuud bid jmar gedgeenl uzuuleh tsag ulger dursaad hereggui bna

2018, 4 сар 5. 14:26
Зочин

Мамайн талаас 90 мянга, Оросуудын 80 мянган цэрэгтэй арми тулалдсан гэдэгш дээ. Оросын армийн тал нь Тогтамышийн цэрэг байсан гэдэг. Энэ тулаанаар Алтан ордны нэгдмэл байдал суларч энэ нь Оросын талд ашигтайгаар тусах эхлэл нь болсон гэж үздэг.

2016, 12 сар 17. 23:54
Зочин

Үхэр мрнголчууд мамай хааныхаа эсрэг солиорцгоож баигаад бүх эзэмшдэг газар нутгаа оросуудад алдаад дууссан байна! Тэнэгүүд ,

2016, 9 сар 23. 9:59
Зочин

2 baitugai mongoliin haad hoorondoo baildsan tuuh zunduu baidag Ilhan Hulegu Altan ordnii haan Berh 2 olon jil daitsan baidag buur suuldee ach guch nar n hoorondoo baildsan baidag ter n azerbaijanaas bolj baildsan yavdal yum azerbaijaniig huvaaj chadalgui deerees n bas shashinaas bolj baildaj baisan Ilhan Hulegugiin udam Gazan haan shiitiin ursgaliig shutdeg baisan bol Altan ordnii uls sunnit shashintai baisnaas bolood egypetiin mamlukuud mongolchuudiin dund bas yas hayaj baisan tegeed hoorondoo baildsaar baigaad alga bolson suuld n halh oirad bolj baildsaar baigaad bas l gazar nutagaa oros hyatduudad ugchihsun odoo neg iimerhuu l baina da

2016, 7 сар 24. 22:24
Зочин

Улс гүрний хувь заяаг шийдсэн агуу тулаан болсон гэх баримт бараг байхгүй. Эх сурвалж нь баталгаа муутай бичкэн сүмийн офлгомж муутай тэмдэглэл.

2016, 7 сар 22. 11:23
Зочин

Оросыг маажвал гэж ууу ха ха ха

2016, 7 сар 20. 16:39
Дипломат-түүхч

Оросын түүхийг Романовынхан буюу герман гаралтай оросын хаадын үеээс мушгин гуйвуулж ирсэн гэдэг. Тэднээс өмнө оросын хаад дан татар-монгол гаралтай хүмүүс байв. Догшин Иван гэхэд л өөрийгөө Чингисийн удмынх гэж бахархадаг байжээ. Өнөө үеийн Оросын Ерөнхийлөгч В.Путин гарч ирээд монгол-татарын иго- дарлал гэж нэрлэж ирсэн түүхээс татарын гэдэг үгийг хассан. Куликовын талд болсон тулалдааныг иргэний дайны тулаан байсан. "Хоёр монгол хааны цэргүүд тулалдахад аль аль талд нь монгол, орос дайчид байсан байна лээ"- гэж ярьж байв. Харин "Золотая Орда - Алтан орд" гэж оросууд нэрлэсэн гэдэг. Тэр үед монголчууд нь улсаа "Ихэ Могул улус" гэж нэрлэдэг байсан гэдэг. Хожим Энэтхэгт доголон Төмрийн үр, ач нарын байгуулсан улс бас "Ихэ Могул улус" гэсэн нэрээр түүхэнд хадгалагдаж ирснийг хүн бүр мэднэ. 1 зүйлийг сонирхуулахад, АНУ-ын ТНБД Ж.Кэрриг Догшин Иваны удмын хүн гэсэн яриа бас байдаг.

2016, 6 сар 16. 22:12
Зочин

orosiig shvvrdvel tataar garnaa gej

2016, 7 сар 20. 16:45
Д-т

"орос хүн бүрийн арьсыг нь шалбалаад үзвэл татар хүн гарч ирнэ"- гэж Карамзин хэлсэн байдаг юм

2016, 6 сар 16. 20:04
Зочин

ugaasa orosiig bulaatsaldaj 2 mongol hoorondoo baildsan bdg shd. orosuud ugasa tvvh guibuulhda sn. odoo tsagiin orosuud archaagui blsn 10 jiliin daraa oros zadrah ni oilgmjtoi. munhiin zvil gj bdggui gdgiig mddggui maluud bga yum.

2016, 6 сар 16. 17:34
harhun

tegvel 2 mongol khanuud hoorondoo l baildsan yum shivdee.. yahav ooriin tseregtei orosuudiig niiluulsen n ozv shuudee..haa ch yavsan ter nutagiin tserguudiiig daichildag jam hoino..

2016, 6 сар 16. 15:33
Зочин

Хөөрхий дөө. Оросын түүх гэж найруулга, зохиомол зүйл ихтэй байдаг шиг ээ. Бидний өвгөд л энэ улсыг өдий зэрэгтэй болоход нөлөөлсөн юм байна.

2016, 6 сар 16. 15:14
Зочин

Түүхэн үнэнд гүйцэгдэнэ гэж үүнийг хэлдэг юм Оросуудаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]