Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үл үзэгдэх байлдааны онгоц оо гэж...Уншсан8,029

Hypersonic гэдэг нь дууны хурднаас 5-аас илүү олон дахин хурд гаргахыг хэлж байгаа энэ нь 1 Мах хурдтай (Мах-дууны хурд) пуужин хийхээс технологийн хувьд хэдэн шат илүү нарийн, асар төвөгтэй эд зүйл.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

(Уншигчдын хүсэлтээр)

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр хаа нэгтээ үл үзэгдэх онгоц байлдааны даалгавар биелүүлж, “дуунаас хурдан пуужин” амжилттай туршиж байгаа тухай янз бүрийн мэдээлэл харж байсан нь мэдээж. Тэр тусмаа сүүлийн үед.

Гэтэл дуунаас хурдан пуужин туршсан тухай (жишээ нь оросууд Циркон пуужингаа саяхан зэвсэглэлд авах шийдвэр гаргасан) тиймэрхүү мэдээлэл үнэндээ холион бантан байх нь олон тохиолдох бөгөөд дууны хурднаас илүү гарсан хурдтай пуужин байтугай ийм хурдтай иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг (Ту-144, Конкорд) 50-60 жилийн өмнө хийгээд, ашиглаад... одоо больчихоод байж байдаг. Уг нь бол дуунаас хурдан биш харин дуунаас хэт хурдан (hypersonic-англ, гиперзвук-орос) пуужингийн тухай л энэ цаг үед яриад байгаа юм шүү дээ.

Hypersonic гэдэг нь дууны хурднаас таваас илүү олон дахин хурд гаргахыг хэлэх ба энэ нь 1 Мах хурдтай (Мах-дууны хурд) пуужин хийхээс технологийн хувьд хэдэн шат илүү нарийн, асар төвөгтэй эд зүйл. Одоогоор ОХУ болон Хятад улс ийм пуужинтай болсон бол АНУ-д туршилт шинжилгээний ажил ид явж байна. Тэгэхээр hypersonic пуужингийн тухай ярихдаа “дуунаас хурдан” гээд байх нь зүйрлэвэл Ардын жүжигчин хүнийг сайн дурын уран сайханч гэж зарлахтай, Дархан аваргыг улсын начин гэж цоллохтой л адил юм.

Үүнтэй төстэй байдлаар ямар нэг үл үзэгдэх ер бусын онгоцны тухай бас их ярина. Нүдэнд харагдаж, гарт баригддаггүй шахам айхтар эд гэмээр. Үнэндээ бол үл үзэгдэх онгоц гэж байхгүй, байх боломж ч үгүй юм.

Stealth буюу сэтгүүлчдийн “үл үзэгдэх” гэж сүржин нэрлэсэн тэрхүү технологийн тухай одоо сонирхуулъя. Энэ бол янз бүрийн радио болон бусад локаторт харагддаг, харагддаггүй гэсэн хялбаршуулсан ярианаас нэлээд өргөн ойлголт билээ.

Stealth сөнөөгч онгоцнууд

АНУ нь F-117, B-2, F-22, F-35 гээд stealth технологи бүхий олон онгоц бүтээж зэвсэглэлд авсан улс. Тэдгээр онгоцнууд нь дайсандаа харагдалгүй нисэн очиж, зад бөмбөгдөж сүйд хийсэн тухай олон мэдээ баримт байдаг бол харин Орос болон Хятадын зарим шинжээч генералууд тэрхүү үл үзэгдэх онгоцыг нь зоволгүй харж, хянаж байдаг тухайгаа гайхуулах нь олонтаа. Хэн нь үнэн яриад байгаа юм бол?

Хамгийн сонирхолтой нь хэн хэн нь үнэн ярьж байгаа ба чухам энэ эсрэг тэсрэг ярианд л stealth технологийн мөн чанар байгаа юм.

Радио локатор нь радио долгион цацаж, тэрхүү долгион агаарт байгаа биеттэй мөргөлдөн буцан ойж ирснийг хүлээн авснаар “дайсны” хаана байгааг, хэдий хэмжээний том жижиг биет болохыг тооцоолж мэддэг зарчимтай. Агаарт байгаа металл биет тэрхүү долгионыг ямар нэг хэмжээгээр буцаан ойлгох ба үүнээс бүрэн зайлсхийх ямар ч арга байхгүй нь физикийн хууль юм. Тэгэхээр агаарт байгаа F-35-ыг олж хардаг, нислэгийг хянаж байдаг гэх орос, хятад нөхдийн үг үнэн байх нь. Нөгөө үзэгддэггүй харагддаггүй гэдэг нь худлаа болж таарах нь ээ... Тэгвэл америкчуудын олон зуун тэрбум зарж, технологийн асар нарийн шийдэл олох гэж зовсон тэрхүү нөр их ажил нь хий дэмий зүйл байсан хэрэг үү?

М-2 бөмбөгөдөгч

ОХУ-ын зэвсэглэлд Су-27 гэж сөнөөгч онгоц байдгийг бид бүгд мэднэ. Бүр манай нисэх хүчинд ч ийм онгоц 2-3 бий гэж хэвлэл мэдээллээр бичдэг. Тэгвэл тэрхүү Су-27 онгоцны ЭПР буюу радио долгионыг буцаан ойлгодог хэмжээ нь ойролцоогоор 20 нэгжтэй тэнцүү гэнэ. Харин Америкийн сүүлийн үеийн F-22 болон F-35-ын хувьд энэ хэмжээ нь 0,05-0,01!

Stealth технологийн гол зорилго нь ирж байгаа радио долгионыг аль болох буцаахгүйгээр “хажуу тийш” ойлгох явдал ба энэ нь онгоцны геометр буюу гадаад хэлбэр дүрснээс их хамаарна. Мөн онгоцны их биеийг тусгай материалаар буюу радио долгионыг тодорхой хэмжээгээр шингээдэг зүйлээр хийх учир (гадуур бүрхэвч) буцан ойх радио долгионы хэмжээ маш бага байх нь. Өөрөөр хэлбэл F22-ын радио долгионыг “төөрүүлэх” чадвар Су-27-гоос хэдэн зуу дахин их байгаа биз.

Тэртээ тэргүй радио локаторт харагдах л юм бол их багын ямар ялгаа байгаа юм бэ?

Тэнгэрт нисч яваа дээрх хоёр онгоцыг метрийн долгион бүхий радио локатор бараг л адилхан илрүүлнэ. Гэтэл илрүүлнэ гэдэг маань хийх ёстой ажлын зөвхөн нэг л жижиг хэсэг. Дараагийн ажил бол дээрх хоёр онгоцны байрлал болон яг ямар онгоц болохыг тодорхойлох явдал. Метрийн радио долгион үүнийг хийх боломжгүй учир бага долгион буюу дециметрийн радио долгион бүхий радио локатор хэрэгтэй. Одоо л юм эхэлнэ дээ.

Stealth технологи нь чухам ийм жижиг локаторын эсрэг хийгдсэн учир F-22 онгоцны яг таг байрлалыг дециметрийн локатороор тогтооно гэдэг тун хэцүү. Яаж ийж байгаад байрлалыг нь тогтоож, онгоцыг хараалж чадлаа гэж бодъё. Одоо дайснаа устгахын тулд өөрийн гэсэн радио локатор бүхий пуужин харваж таарна. Гэтэл тэр пуужинд см-ийн радио локатор л бий. Физикийн хуулийн дагуу жижиг пуужинд метрийн, дециметрийн радио локатор байрлуулах боломжгүй хойно. Энэ пуужин байгаа олж, дараа нь онож чадах болов уу?

F-117

Stealth гэдэг маань дайсныг илрүүлэх, байрлалыг нь тодорхойлох, хараалах, онож устгах гэсэн нэгэн цогц, цуварсан дэс дараатай үйлдлийг аль нэг хэсэгт нь тасалдуулах л зорилготой билээ.

Өнөө цагт ийм технологигүйгээр хол явахгүй нь ойлгомжтой болсон ба АНУ-аас гадна өөр олон улс орон уг технологийг эзэмших гэж ихээхэн ажил өрнүүлж байна. Үүний жишээ нь ОХУ Су-57, Хятад улс J-20 (J-31 нь зэвсэглэлд аваагүй туршилтад) гэсэн stealth технологи бүхий шинэхэн онгоцнууд бүтээсэн явдал билээ.

 P.S

ЭПР-ийн тухай хэдэн үг нэмж хэлэх хэрэгтэй болов уу. F-35-ийн ЭПР нь 0,05... гэж янз бүрийн тоо ярих ба яг үнэндээ тэрхүү хэмжээ нь ёстой жинхэнэ цэргийн нууц билээ. Хэвлэл мэдээлэл дээр гардаг дээрх тоонууд нь янз бүрийн мэргэжилтэн нарын хийсэн тооцоо төдий зүйл юм.

Мөн онгоцны ЭПР гэдэг нь тогтмол тоо биш бөгөөд онгоцны яг эгц урдаас ЭПР хамгийн бага байх бол дээрээс, дороос хажуугаас, хажуу дороос... бүгд өөр тоо гарч ирэх нь ойлгомжтой болов уу.

Бас нэг зүйл нь stealth гэдэг бол зөвхөн радио долгионтой холбоотой ойлголт биш бөгөөд үүнд дулаан мэдрэх болон оптик системийг төөрүүлэх зүйлүүд ч хамаатай юм. Дулаан мэдрэгч локаторт Су-27 галт бөмбөлөг шиг тодорхой харагдах бол F-22 болон Оросын “Охотник” дрон зэрэг нь цогшсон чүдэнзний толгой шиг л юм харагдах бололтой.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]