Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Бидэнд атаархаж, эртний өвөг дээдсийн нутаг өөдөө сүүгээ өргөж байгаа нь үнэн шүү"Уншсан7,543

Хоёр зуу гаруй дуу байна. Үүний жар гаруй дууг Балхаатайгаа хамтарч хийсэн байдаг. Рок попын дуунууд ч нэлээд бий. Яг нийтийн дууны тоглолт гэдэг утгаараа анх удаа энэ тоглолтоо хийж байна.


Шагдарсүрэнгийн Гүрбазар: Монгол бөхийн
босоо цагаан өргөөнд уйлбал уйлъя, дуулбал дуулъя

 

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны яруу найрагч, нэрт сэтгүүлч, хөтлөгч Шагдарсүрэнгийн Гүрбазартай уулзаж хөөрөлдлөө. Түүний “Сайхан ч юм даа, Монгол хүн болж мэндлэх” нэртэй нийтийн шилдэг гучин дууны цэнгүүн удахгүй болох гэж буй юм.

-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав та хоёр тоглолтоо жил бүр толилуулдаг байх аа?

-Балхаа маань тоглолтоо жил бүр хийдэг. Миний хувьд “Сайхан ч юм даа, Монгол хүн болж мэндлэх” гэсэн тоглолтоо долоон жилийн дараа ард түмэндээ толилуулах гэж байна. Уран бүтээлч хүнд өөрийнхөө нооргийг ч юм уу, бичсэн юмаа эргүүлж харах өдөр гардаг л даа. Ний нуугүй хэлэхэд 1977 оноос хойш би Монголын нийтийн дууны ертөнцөд маш олон дуу зохиосон байх юм.

-Хэд орчим дуу зохиосон байх юм?

-Хоёр зуу гаруй дуу байна. Үүний жар гаруй дууг Балхаатайгаа хамтарч хийсэн байдаг. Рок попын дуунууд ч нэлээд бий. Яг нийтийн дууны тоглолт гэдэг утгаараа анх удаа энэ тоглолтоо хийж байна. Гучин жилийн өмнөхөөс энэ оны шинэ дуу хүртэл шигшээд үзэгчдэдээ сонсговол яасан юм бэ гэж бодсон юм. Зохиолч, сэтгүүлч хүний хувьд уран бүтээл гэдэг Гүрбазарын үг л юм даа. Тиймээс үгээ л хэлье гэж бодлоо. Сэтгүүлчийнхээ нийтлэлээр ч хэлж болдог, яруу найрагчийнхаа үүднээс дуугаар ч хэлж болдог нь үг л юм даа. Уран бүтээлээрээ дамжуулж Монгол бөхийн өргөөнд хоёр цаг дуугаръя.

-Монгол нутгаас буцаж байгаа хятад данжаад “Энэ сайхан нутагт хойд насандаа гүрвэл ч болтугай болж төрөх юм сан” гэж уйлаад явж байсан гэдэг. Таны хувьд Монгол сайхан орондоо хүн болж төрөхийн утга учрыг юу гэж бодож явдаг бол?

-Ер нь зүгээр шулуухан хэлэхэд сайхан юмаар цадчихсан хүмүүс сайхнаа огт мэддэггүй юм. Түүхээр цадчихсан хүн өөрийгөө мэддэггүй. Жишээ болгоод хэлэхэд Өмнөд Монголчуудыг, халимагуудыг, буриадуудыг, Өлзийтөд байгаа Афганистаны хазаар Монголчуудыг харах юм бол бидэнд атаархаж, наашаа эртний өвөг дээдсийн нутаг өөдөө сүүгээ өргөж байгаа нь үнэн шүү. “Ийм оронд хүн болж төрөх юм сан” гэж бэтгэрч байгаа. Тэд дутуу байгаагаа түүхээрээ нөхөж байгаа. Бид бүтэн байгаадаа эрдэж мөнх эжий аавтайгаа хамт байх юм шиг бодоод явдаг шигээ л загнаж байгаа байхгүй юу. Миний эх орны дуунуудыг энд байгаа Монголчуудаас илүү дэлхийн Монголчууд их сонсдог. Би тоглолтод дуулагдах дуу болгоныхоо өмнө учраа хэлье гэж бодож байгаа. Би зохиолч, яруу найрагч хүн. Эмзэглэдэг газраа эмзэглэе. Уйлах үедээ уйлъя. Уурлах газраа уурлая. Өмрөхгүй байхын аргагүй эх орон гэж байхад үнэнээ хэлье. Та нар минь яаж яваа юм бэ гэдгээ хэлмээр байна. Ямар сайндаа л би ийм дуу зохиохов гэж учирлан хэлье.

-“Монголын үнэртэй салхи”-аас өгсүүлээд сайхан дуунууд дуулагдана биз?

-Дуунуудыг хүмүүс тэртэй тэргүй мэднэ. Дуун дээрээ далимдуулж үгээ хэлье. Ийм завшаан надад тохиолдож байгаа. Миний тоглолтоос хоёр хоногийн дараа энэ сарын 27-нд Л.Балхжавын тоглолт болно. Балхаа бол өөрийнхөө хөг аялгууг л сонсгох гэж байгаа шүү дээ, хөгжмийн зохиолч хүн учраас. Би бол үгээ сонсгох гэж байгаа юм. Тасалбар дээрээ би “Дууны яруу найрагч” гэж өөрийгөө тодотгосон. Дууны яруу найраг чинь өөрөө үг. Аянд хавчуулсан сайхан дууг дуучнаар дамжуулан би хэлж байгаа үг юм. Тиймээс энэ 25-ны үдэш бол Гүрбазарыг сонсох мөчлөг байх болов уу. Би УИХ-ын гишүүн С.Жавхлан гуайд урилга илгээсэн. Хууль дүрмээрээ Жавхлан гуай дуулж болох, эсэхийг мэдэхгүй байгаа юм. Урилгын хариуг хэлье гэсэн. Тэгэхдээ “Монголын үнэртэй салхи” гэдэг дуу бол С.Жавхлангийн өмч биш. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сэр-Од, Гүрбазар хоёрын өмч. Уг нь нөгөө Монгол гэдэг дээлээ өмсдөг хүн мөн л юм бол миний тоглолт дээр зогсож л байх ёстой. “Сайхан ч юм даа, Монгол хүн болж мэндлэх” гэдэг тоглолтонд Жавхлан үг хэлэхэд ард түмэн уурлахгүй. Гэхдээ ямар ч байсан “Монголын үнэртэй салхи” гэдэг дуу дуулагдана.

-Дуугаар дөрөөлж түмний танил, төрийн гавьяат болсон хүн ирж оролцох байлгүй дээ?

-Уран бүтээлчийн урлан руу хүн хэр барагтай бол өнгийдөггүй юм л даа. Нийтлэлийг нь уншаад л уурлах юм уу, уйлаад унахаас биш сэтгүүлчийн ч бай, яруу найрагчийн ч бай зовлонг хүн мэддэггүй. Одоо цагт тоглолтын сурталчилгаа явахаар “Тэр дуучин ирнэ, энэ гавьяат орно” гэж зарлах юм. Би бол тэр дуучин ирнэ гэж зарлахгүй, тэр дуу дуулагдана гэж хэлж байгаа. “Мөнхийн дэргэд ээж минь”, “Монголоо санасан сэтгэл”, “Будан суухаас нь өмнө”, “Уйлахгүй шүү би аавыгаа санахаар” гээд бүгд л олны мэдэх дуунууд байгаа. Зарим дуучдын хувьд дэлхийн алдартай дуучин Ариунбаатар маань гадаадаас 25-ны өглөө онгоцноос буух тохиолдол байгаа. Дахин хэлэхэд энэ л дуунуудаараа омогшиж Монгол бөхийн босоо цагаан өргөөг тойрч байгаад уйлбал уйлаад, дуулбал дуулаад үзье. Би чинь жүжгийн зохиолч, бас яруу найрагч хүн. Арга ядахад хөтлөгч хүн шүү дээ. Тийм учраас дууны яруу найрагчийн зүрхний үгийг сонсох үдэш болох юм даа. Өөр газар миний дуунуудыг дуулдаг л даа. “Монгол ээж” гэдэг дуу дуулагдлаа гэхэд алга ташаад л болчихдог.

“Чонын хийморьтой эр хүн байна

Цолмон од шиг торолзъё доо” гэдэг дуугаа яаж зохиосноо яриад дараа нь тэр дууг сонсохоор жирийн цуваа тоглолтоос ондоо байж таарна аа даа.

-Ёстой жинхэнэ амьд тоглолт гэдэг чинь л тэр болно доо. Зохиогчийн нэвтрүүлэг гэдэг шиг зохиогчийн тоглолт л болох юм байна?

-Зохиогчийн хөтөлбөр байх юм. Нандиаг би урьж байгаа. Заримдаа Нандиагийн ток шоу ч юм шиг, заримдаа Гүрбазарын драмтай тоглолт ч юм шиг, заримдаа Гүрбазарын яруу найргийн хэсэг ч юм шиг, заримдаа ёслолын хэсэг ч юм шиг хэнийг ч уйдаахгүй тоглолт байх юм. Хоёр гурван хэсэгтэй. Гэхдээ ихэнх хэсгийг би өөрөө хөтөлж явна. Гучин жил бодож явсан бодлоо хэлнэ. Одоо нэг юм сонгууль холдож амарсан болохоор тоглолтон дээрээ улс төр ч ярина. Та бидний дотор өмөөрөхгүй байхгүй бол болохгүй эх орон ч гэдэг юм уу эмзэглэх зүйл их байдаг биз дээ. Уулс санаа алдах энэ тэрийг би хатуухан хэлнэ. Тиймээс би төрийн томчуулыг урьж байгаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд болж буй Ц.Нямдорж гуайг урьсан. “Би очно оо” гэж байна лээ. Би үгээ төрд сонсгох гээд байна. Ноднин жил би энэ тоглолтоо хийсэн бол “Энэ хэний сонгуулийн шоу вэ” гэж хардах байсан. Одоо ядаж байхад яаж ч хардах гээд ойр хавьд ямар ч сонгууль алга л даа. (инээв) Би тасалбараа Монголын газрын зургийн хэлбэртэй хийсэн. Энэ чинь л нэг юм хэлээд байгаа биз дээ.

-Таны юу хэлэх гээд байгаа санааг очин байж, үзэн байж л мэднэ дээ?

-Гүрбазарын сэтгэлийг сонсох гэж үзэгчид маань очно. Би эжийдээ яаж дуу зохиосон юм гэдгээ уйлж байгаад ярина. Эх орондоо яаж баярлаж, яаж омогшдогоо уйлж байгаад ярина. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол гэдэг ойлголт руугаа жаахан ч гэсэн дөхье гэсэн сайхан сайхан санал гаргаад байгаа. Би аль ч намын гишүүн биш. Монгол гэдэг үнэмшилдээ ойртчихвол бидний өнөөгийн хорин хэдэн тэрбум долларын өр, эдийн засгийн ядуурал юу ч биш. Дороо л босоод ирнэ. Дэлхийн нэг том эрдэмтэнтэй ярилцаж байхад “Та нар нийгмийн сэтгэлгээний бэрхшээлээ ялчихвал эдийн засгийн хямрал юу ч биш. Нэг өдөр босоод ирнэ” гэж байсан. Энэ үнэн шүү. Хорин хэдэн тэрбум доллар чинь нэг баян хүний халаасанд л байгаа байхгүй юу. Нэг л зөв голдиролдоо орчих юм бол манайх дороо л босчихно. Хэн нэгнийг муулаад яахын бэ. Жаахан омогшиж урагшаа л харъя. Танд гэж хэлэхэд би эх орны тухай ийм олон дуу яах гэж хийдэг юм бэ?

-Яах гэж хийдэг гэж?

-Дээхнэ социализмын үед намын тухай дуу хийгээд шагнуулдаг байсан шүү дээ. Тэрэн шиг алдар олох гэж би эх орны дуу хийгээгүй. Дандаа эмзэглэсэндээ хийдэг юм. Гай гамшигт бүү уначихаасай миний эх орон, гайхамшигтай сайхан эх оронтой шүү гэж мөнхөд сануулахын тулд, одоо арван настай хүүхэд гучин жилийн дараа миний дууг сонсоод “Гүрбазар гуай тэгж хэлсэн байдаг шүү” гэж яриасай гэсэндээ бичдэг юм. Өнөөдөр бид “Жамцын Бадраа гэж агуу амьтан

“Хүдэн татсан хангай байна аа хө

Хүний нутгийн хангай юу даа хө...” гэж захьж үлдээсэн шүү” гэж ярьдаг биз дээ. Явуухулан, Бадраа шиг түүхэнд үнэлэгдэхгүй ч гэсэн миний туйлын хүслэн маань ийм гэгээн юм.

-Дуу бол хөгжмийн зохиолч, найрагч, дуучин гурвын чандмалсан бүтээл байдаг даа?

-Тоглолтдоо Н.Жанцанноров гуайгаа урьсан. Энэ агуу хүнтэй би есөн дуу хийсэн. Балхаагаа урина. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сэр-Одыгоо, Бямбабаяраа, энэ цагийн Монголын алдартай хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяраа, Цэн.Эрдэнэбатаа, Аранзаа гэдэг Бат-Эрдэнээ урина. Тэнгэрт одсон хөгжмийн зохиолчдодоо хүндэтгэл үзүүлнэ. Дэлхийд захлаад эхэлчихсэн Анхбаяр гэдэг дуучин миний “Алтан ширээгийн дуулал” дууг минь хоортой дуулахаар болж байна.

-Та тоглолтоороо үгээ хэлэх юм байж. Үгээ хэлэхээс гадна бас сайхан үйл дагаж л байгаа даа?

-Дуугаараа би гурав дөрвөн шинэ сайхан дуучин гаргаж ирэх гэж байгаа. Тэд өөрсдөө ярьдаггүй л болохоос миний дуугаар гарч ирсэн олон залуучууд байдаг. Миний “Чонон хийморьтой эр хүн” тоглолтод одоогоос олон жилийн өмнө дуучин Төрмандахыг анх удаа дуулж байхад үзэгчид “Төрмандахын дэргэд Жавхлан юу юм бэ” гэж хашгирч байсан. Тэрэнтэй адил нэг залуу дуучин түрээд, төрөөд гараад ирвэл “Жавхлан, Төрмандах хоёр юу юм бэ” гэвэл яах юм. Битүү морьд шиг залуучуудыг би дэмждэг. Миний гучин жилийн мөрөөдөл байгаа. Тэр мөрөөдлөө би энэ тоглолтон дээрээ биелүүлнэ. Нугардаг юм уу, илбэ үзүүлдэг юм уу, цирк үзүүлэх ч юм уу би тэрийгээ хэлж мэдэхгүй. Энэ шоу байг л дээ. Муу хийж болно. “Гүрээгээс бас ийм юм гардаг аа” гэхээр нэг сюрприз ямар ч байсан үзүүлнэ. Бөхийн өргөөнд тоглолтоо хийж байгаа юм чинь барилдаж ч болно шүү дээ.

-Болрын талст гэдэг шиг та бол яруу найрагч, сэтгүүлч, хөтлөгч, жүжигчин, жүжгийн зохиолч гээд авьяасын маш олон талсттай уран бүтээлч. Энэ цаанаасаа учиртай байна уу, үгүй юу. Ардын уран зохиолч Балжирын Догмид ах л гэхэд таныг Дорноговийн нэг гайхамшигтай хувилгааны хойд дүр гээд шүтээд байдаг юм билээ?

-За яах вэ, Дорноговийнхон нэгнээ магтсан л гэх байх даа. Миний телевизийн нэвтрүүлгээр Догмид гуай намайг орон даяар ингэж зарласан л даа. Догмид гуайн аав Балжир гэж хүн байлаа. Намайг гурван настай жаахан байхад Нүдэнгийн хийдийн хэдэн хөгшчүүл ирж хадаг барьсан юм гэнэ лээ. Намайг гуравтай байхад Догмид гуай 13-тай байж. Хадаг бариад ирэхэд нь манай аав тэднийг хөөгөөд явуулчихсан юм билээ. Манай аавыг Догмид гуай “Улаан хувьсгалч Шагдарсүрэн” гээд байдаг ш дээ. Аав уурлаад гурван жил цагаан дээс татаад хүн оруулаагүй гэдэг юм. Тэр ямар учиртай байсныг би мэдэхгүй. Намайг бага байхад шинийн найманд багтаж Нүдэнгийн хийдийн хөгшчүүл ирж “Багшид ирж мөргөж байна” гэж золгодог байсныг мэдэх юм. Тэдний нэг нь Догмид гуайн аав л даа. Тэр үед 13-тай байснаараа Догмид гуай л мэддэг байсан юм билээ. Тэрнээс би сахил санваар ч үгүй хүн. Гандангийн хуучны лам нар “Та тэр хүний хойд дүр шүү” гэж хожим надад хэлдэг байсан, би ганц тарни ч мэдэхгүй хүн чинь яах билээ. Тэр бол хүмүүсийн хүндлэл бишрэл. Гэхдээ би онгодтой, хийморьтой шүлэг найраг бичиж байгаа минь тэр хувилгааны буян хишиг юм болов уу гэж дотроо залбирч явдаг. Тоглолтдоо арван гуравтай лам Гандангаас гуйсан. Дуулсан дуучдад тэр лам хадаг барих юм. Тэр нь их авшиг болох байх.

Ээжийгээ мөнх байх юм шиг санаж ганц кадр дүрс ч аваад хоцорчихоогүй л байгаа юм даа

-Таны “Мөнхийн дэргэд ээж” ч сайхан дуу шүү?

-Ерэн есөн онд эжийгээ би алдаад дуу зохиож эхэлсэн. Хүн чинь арга ядахдаа л эжийдээ шүлэг бичдэг юм шүү дээ. Бурхны өмнө дуу зохиож л ээжийнхээ ачийг хариулж байгаа юм бол уу гэж би боддог юм. Эжийдээ, аавдаа хайргүй хэн байхав. “Хурд”-ынхан нэг хэсэг аавын тухай дуу дуулсан чинь “Хурд”-ынхнаас өөр аавдаа хайргүй хүн байдаггүй юм уу” гэж байсан юм гэсэн. Тэр нь шиг би л ганцхан эжийдээ хайртай хүн биш дээ. Би саяхан бас эжийдээ зориулж “Явуу алаг чулууны нь дэргэд

                                     Яргуй хүртэл атаархдаг байх аа

                                     Ямар ч байсан хүний үр

                                     Ээждээ л ганцхан бурхан байх аа” гэж дууны шүлэг бичлээ. Бүүвэйн дууг миний эжий зохиосон. Ертөнцөд бүүвэйн дуу гэж ганцхан л байдаг. Үрдээ тэрийг эжий нь л зохиож дуулдаг. Миний ээж тахиа жилтэй хүн байсан. Би тахиа жил гавьяат авч байлаа. Тахиа жил миний ээж зээ минь болж буцаж ирсэн. Би насаараа Монголын үндэсний телевизэд ажилласан. Тэгэхэд л ээжийн минь ганц дүрс надад байдаггүй юм. Хүн гэдэг ч хожим нь л их бодох юм даа. Ээжийгээ мөнх байх юм шиг хүн тийм арчаагүй байдаг юм байна. Тиймээс энэ алтан унжлагат тахиа жилд зохиолын дууны тоглолтоо толилуулъя гэж бодсон доо. Эх орны тухай дуу зохиоход тэнгэр сонсдог гэж би боддог.

-Охид тань дуулж байгаа юу?

-Миний ууган охин Оюутсэцэн “Уруулын будаг” хамтлагт дуулж байсан. Утга зохиолын чиглэлийн сургууль төгсөөд одоо Герман улсад амьдарч байна. Уран бүтээл хийж байгаа. Тавин ангит киноны зохиол хүртэл бичсэн. Аяндаа өөрийгөө залаад уран далайд сэлэх байлгүй дээ. Би ямар охиноо тийм уран бүтээл хий гэлтэй нь биш. Бага охин Бөртэсэцэн маань олон улсын харилцааны чиглэлээр Италид сургууль төгссөн, хэлний мэргэжилтэй хүн.

-Эх орны тухай бичээгүй найрагч ч ховор байх шүү?

-Ирж буй гурван жилд бид эх орны тухай их дуугарах ёстой. Тэгж байж 2020 онд Монгол сэрэх ёстой. Бид бүгд эх орноо бодох ёстой. Тэр, энэ нам хоёрдугаар зэргийн асуудал. Зөв сэрчихвэл мөн ч сайн сан. “Би ямар дэлхийн дайтай бодлоо гээд газрын дайтай наслах биш. Би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш”. Тиймээс үлдсэн хэдэн насандаа л эх орноо хайрлаж сайхан дуу зохиож явъя гэж боддог. Эх орны тухай сайн, муу нь яахав, ямар ч байсан хориод дуу зохиожээ. Агтны мөртэй Монголдоо амгай чимээ шиг ойрхон явъя. Амьдрахын жамтай насандаа амьсгалахын заяатай Монгол хүний л нэг, би. Өмөөрөх эх оронтой шүү, та бид хоёр. Үзгээрээ, шүлгээрээ, нийтлэлээрээ, нэвтрүүлгээрээ өмөөрнө шүү, харин ч нэг эх орноо. Ямар жагсаал цуглаан хийж гудамжинд гаралтай нь биш.

-Таны нутаг Дорноговийн Алтанширээгээс олон сайхан зохиолч төрсөн дөө?

-Ардын уран зохиолч Балжирын Догмид, Нацагдоржийн шагналт зохиолч Авидын Шартолгой, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамьян, Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Санзайгалсангийн Ууганбаяр, яруу найрагч Сэрдамбын Боргил нарын олон сайхан уран бүтээлч манай сумынх.

-Та “Болор цом”-д хорин таван жил шүлгээ уншлаа. Одоо больё гээд зодог тайлахаа мэдэгдсэн. А.Сүхбат аваргаас өгсүүлээд зодог тайлсан бөхчүүд барилдаад л байх юм. Та шүлгээ цомд дахин уншихгүй юм уу?

-Би “Өдрийн сонин”-д яриа өгч байгаа учраас яг үнэнээ хэлчихье. Хүмүүс “Болор цом” авангуутаа л “Болор цом”-оо орхичихдог байхгүй юу. Цомд үлдээд шүлгээ уншдаг хоёрхон хүн л үлдсэн юм.

-Хэн хоёр билээ?

-Урианхай гуай бид хоёр л үлдээд уншина. Бусад нь цом аваад л хойтон жил оролцохоо больдог.

-Сүүлийн үеийн бөхчүүд ч бас арслан цол авуутаа л барилдахаа байчихаад байгаа ш дээ?

-Би “Болор цом”-доо дандаа л орох дуртай байлаа. Эрдэнэтэд болсон “Болор цом”-д хоёрдугаар байрт орсон юм. Тэнд оролцогч найрагчдаас хамгийн хөгшин нь би болоод хувирчихгүй юу. Пунцагийн Бадарч гуай “Хөгшнөөс миний муу Гүрбазар байна” гэж байлаа. Би түүнийг тоолгүй ороо л явж байя гэсэн. Тэгсэн чинь Циркт болсон наадмын үеэр тайзны ард нэг найрагч “Та ингээд үзээ л байвал үхэхээс чинь өмнө ямар ч байсан цомыг чинь өгнө дөө” гэсэн юм. Монголын нэртэй тэр найрагчийн нэрийг хэлээд яахав. Тэгэнгүүт л би гарч ирээд “Би “Болор цом”-д дахин орохгүй ээ” гэсэн. Тэр хүн намайг “Болор цом” авах гэж үхтлээ үзэж байна гэж бодсон байхгүй юу. Би уг нь “цахилгаан” Мөнхөө жил бүрийн наадамд зодоглодог шиг барилдаж байя л гэж бодож байсан. Хоёр удаа дэд байр, хоёр удаа үзэгчдийн шагнал авч байсан. Барилдаж байх надад гоё л байсан. Би цомд орохоо болилоо гээд шүлэг бичихээ болиогүй, шүлэг уншихаа байгаагүй. Бадарч гуай тэр үед намайг загнаж л байсан. Болор цомтнууд наадамдаа шүлгээ уншиж л байвал гоё. Эргэж болор цом авахгүй ч байсан уншаа л, унаа л явж байвал гоё ш дээ. Ингэж явсан бол тэр наадам гоё байх байсан. Найрагчид УИХ-ын гишүүн болсон, сайд болсон ч хамаагүй тойроо л үзэж байвал сайхан байхгүй юу. Нэг өдөр болор цом аваад түрүүлж байсан Дөнгөтийн Цоодол гуай хамгийн сүүлийн байранд ороод зогсож байж ч болно оо доо. Бавуугийн Лхагвасүрэн ах гуравт орсон ч болно ш дээ. Ингэхгүй байгаа нь муухай харагдуулсан. Би бол мөнхийн үзнэ л гэж бодож байсан. Гурав хоног нойргүй хоноод, сэтгэл догдлоод гоё байдаг байхгүй юу. Тэгтэл тэр үг л миний зүрхэнд хутга шаасан юм. Би чинь аль эрт цомын тайзнаа шүлгээ уншиж явсан хүн шүү дээ. Агуу их Д.Пүрэвдорж найрагчтай хамт шүлгээ уншиж байлаа. Аавыгаа наян зургаан онд алдчихаад “Уянгын эгшиглэн”-гээ уншиж явлаа шүү дээ. Тэр аваргуудтай л үзэж явсан юм шүү дээ. 

-Тэгвэл энэ жилээс ороод үзээч!

-Би уг нь ноднин оръё гэж бодсон юм. Д.Нямсүрэнгийн минь далан насны ойгоор Дорнодод болсон юм. Тэр үеэр Германд яваад орж чадаагүй. Энэ жил би бас л орж чадахгүй. Германд хүүхдүүд дээрээ хоёр сар гаруй байх юм. Гэхдээ би нэг өдөр оролцоно оо. Оролцохоор минь “Энэ муу Гүрбазар түрүүлэх нь” гэж битгий хардаж сэрдээрэй. Миний гайгүй гэсэн бүх шүлэг “Болор цом”-д уншигдсан байдаг юм. “Хоршоо Дэрэм”, “Монголоороо гоёдог”, “Би ямар дэлхий чинээ бодлоо гээд”, “Говийн ганц айл”, “Өөрөөдөө эргэсэн нүүдэл” гээд бүх шүлгээ цомд уншсан. Нэг даваад ч унасан шүлэг бий. “Монголоороо гоёдог” гэхэд нэгийн даваанд унаж байсан шүү дээ. Би Монголын яруу найрагт гомдоогүй. Ер нь нэг л юм байдаг юм. Миний Монголын яруу найрагчдыг, миний Монголын хөгжмийн зохиолчдыг үг л алсан ш дээ. Би мэднэ ш дээ. Миний үеийн хэсэг сайхан уран бүтээлч алга байна. Цэдэн-Ишийн Чинзориг, Ёндонгийн Сүхбаатар нар амьд байвал надтай чацуу. Дашбалбар минь байсан бол надаас дүү. Нямсүрэн бид хоёр ямар найзууд байлаа. Үг бол уран бүтээлчдэд мөнгөнөөс, шагналаас ч илүү үнэтэй. Тийм учраас найрагчид ч гэсэн нэгэндээ хэлэх үгээ бодох ёстой.

-Танай “Гал” нэгдлийн хамгийн бага гишүүн болох яруу найрагч О.Дашбалбар андын чинь жаран насны ой энэ онд тохиож байна. Андынхаа тухай ямархан дурсамж хуваалцах бол?

-Би Дашбалбараа, Нямсүрэнгээ маш сайн мэднэ. Манайхан бүгдээрээ ярьдаг юм. Би тэдний тухай харин ярьдаггүй. “Сайн хүний нэрийг барьж сайн хүнтэй найз болсон” гэж хүмүүс бодох гээд байх шиг байдаг юм. Дашбалбар, Нямсүрэн хоёр чинь манай “Гал” нэгдэлд сүүлд элссэн. Бат-Очирын Сундуй дагуулж ирсэн. Дашбалбар Сүхбаатар аймгийн Эвлэлийн хороонд ажилладаг, Павел Корчагинд тоглосон гэсэн хачин нөхөр байлаа. Нямсүрэн бид гурав Энхтайвны гүүрэн дээр шөнө зодолдож байлаа. Тэр үед чинь бид архи дарс уудаггүй байсан. Тийм л найзууд л даа. Хүмүүс уралдаад би найз нь гээд байхаар би дуугай байдаг юм. Би Мэнд-Ооёогоо ч, Хүрэлбаатараа ч, шар Мяагаагаа ч мэднэ. Манай үеийнхэн дотроос одоо хамгийн мундаг том яруу найрагч нь  Ламжавын Мягмарсүрэн гэж би боддог юм. Шүлгэндээ яг л үнэнч хэвээрээ байгаа ганц найрагч. Мяагаагаа зуу татаагүй шүлгийг нь сонсоход мөн ч гайхамшигтай шүү дээ.

-Танайхан хоорондоо гал маналзтал л үздэг байв уу, мэдээж уран бүтээлээрээ?

-Манай “Гал”-ынхан биендээ атаархах нь бага, нэгнээ татаж яваагүй ч бусадтайгаа өрсөлдөж бичиж л гарч ирцгээсэн уран бүтээлчид. Монгол бөхийн нэгэн үеийн луу жилтнүүд шиг, эсвэл үзэгчдийг өндөлзүүлдэг залуу зургаан заан шиг л шүлгээрээ, уран бүтээлээрээ яралзтал өрсөлддөг байлаа, бид. Балбар шүлгээ уншиж байхад л би бичдэг, Нямсүрэн “Дөрвөн цаг”-аа уншихад л би гэртээ нойргүй хонож бичдэг шартай байсан. “Эрээнцавд бороо орох сайхан”-ыг бид тухайн үедээ их сайхан шүлэг гэж огт бодоогүй ш дээ. Сүүлд нь тэгээд үлддэг л юм байна. “Балжийн зулзаган монос”-ыг бичсэн Б.Сундуй маань гайхамшигтай том яруу байсан юм. Манай өндөр Цогт байна. Тухайн үедээ хамгийн их ном уншсан, биднийг соён гийгүүлэгч маань Дагвадоржийн Цогт найрагч байсан. Бидний бүгдийнх нь ар гэр, өвчин зовлонтой үед тусалж байсан ганц хүн чинь манай хүн. Монголын номер нэг мэс засалч болоод Энэтхэгт уригдан, Москвад ажиллаж байсан гээд бод доо. Өдийд өөрөө эрүүл саруул байсан бол гавьяат байтугай ардын эмч болчихсон сууж байх байлаа. 

-Энэхэн сэнсрэлт намар Долгорын Нямаа хэмээх Монголын утга зохиолын нэгэн сүмбэр оргилоо бид үдлээ. Та хоёр говийн улс, бие биеэ алсаас ч гэсэн харж л явсан байх даа?

-Би нэг сонин юм ярих уу. “Сүүмийн сүүмийн харагдах

                                                                  Билгэхийн гурван өндөр

                                                                  Сүүгээ өргөдөг ээжийн минь

                                                                  Бишрэн шүтдэг хайрхан

                                                                  Сүүдэр татсан хөндийн

                                                                  Заг бударганд идээшилж

                                                                  Сүрэг сүргээрээ налайх

                                                                  Зандан хүрэн тэмээнүүд

                                                                  Эрж хайгаад олдошгүй

                                                                  Сувдан тансаг шороо

                                                                  Эргэж хараад олдошгүй

                                                                  Суварга ноён цохио” хэмээх шүлгээр  нь 1969 онд би Монгол пионер сурагчдын их наадмын алтан медалийг авч байсан хүн шүү дээ, би. 1971 онд Монголын радиогийн сурвалжлагч Нямаа гэдэг хүн очихдоо миний уншсан тэр шүлгээр Дорноговь  аймгийн өдөрлөгийг нээлгэж байлаа шүү дээ. Их зохиолч Д.Нацагдоржийн тухай “Жаргаагүй нар” жүжгээ бичиж байхдаа Нямаа гуайтай бүтэн өдөржин хөөрөлдсөн.Пагмадуламын тухай маш сайхан зүйлийг надад ярьж байсан.  Нээлтдээ урин тайзнаа гаргаж цэцэг өгсөн. Энэ цагийн маш том соён гийгүүлэгч хүн шүү. “Сийрсэн малгайг минь

                                   Салхи авчихлаа.

                                   Манай гудамжны салхи

                                   Малгайгүй байсан юм байлгүй” гэж тэртээ далаад онд бичиж байлаа. Явуугийн хажууд Нямаагийн урсгал гарч ирнэ гэдэг сонин шүү. Нямаа гуай Дундговийн домог болсон том хүн. Миний хайртай найрагч.

-Таны яруу найргийн багш хэн гэж хүн байна?

-Говьсүмбэр аймагт насаараа багшилсан, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Рагчаагийн Батжаргал гэж гайхамшигтай хүн байна даа. Чойрын Батжаргал гэхээр манай уншигчид андахгүй дээ.   

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]