Дагвацэрэнгийн Хадбаатар аварга 1951 оны 7-р сарын 4-ний өдөр Төв аймгийн Угтаал сумын нутагт айлын ганц хүү болон мэндэлсэн. Эцэг Дагвацэрэн нь Морин Заводын даргаар ажиллаж байсан гэдэг. Тэднийд Хадбаатараас өмнө хоёр хүү төрөөд тогтоогүй бөгөөд гурав дахь нь хүүгээ төрөхөд нь Хад чулуу шиг аварга том баатар эр болохыг ерөөн Хадбаатар гэж нэр өгсөн байна.
Д.Хадбаатар 1959 онд 8 настайдаа 1-р ангид орж суралцах үедээ бусад хүүхдүүдээс биеэр том, барилдах ноцолдох дуртай боловч хөл муутай учир амжилт олдоггүй, жаахан бүтэлгүй хүүхэд байж. 1967 оны өвөл 7-р ангийн сурагч байхад нь ээжийнх нь төрсөн дүү Ази тивийн аварга, хөнгөн атлетикийн спортын гавъяат тамирчин Д.Намжилмаа нь сайхан бие бялдартай хүүхэд спортоор хичээллэх хэрэгтэй гээд Улаанбаатарт авчирч 16 настай хүүг Улсын шигшээ багийн тамирчин болгож Ч.Найдан багшид шавь оруулснаар их спортод эргэлт буцалтгүй орж ирэх үүд хаалгыг нээсэн гэлцдэг. Дасгал сургууль хийхийн хажуугаар оройн сургуульд суралцаж 1970 онд 10-р ангиа төгсчээ.
1970 оны 6-р сард цэргийн багш, дарга, эгч нартаа цэрэгт явах хүсэлтэй байгаагаа хэлэхэд шигшээ багийн тамирчин хүнийг цэрэгт авдаггүй чөлөөлдөг юм гээд нэгэн бичиг хийж өгснийг хэнд ч үзүүлэлгүй хав дараад 6 сарын 24-нд цэрэгт татагдсан байдаг. Тэнд бас нэг сонин үйл явдал тохиолдсон нь түүнд таарах гутал байгаагүй тул өмсөж очсон тамирын шаахайтайгаа цэргийн жагсаалд явж байжээ.
Тэгээд шинэ цэргийн хуаран “Хар усан тохой”-д карантинд очоод тэр үеийн шинэ цэргийн дэгийг биеэр амссан удаатай. Сайн тамирчин, бэлтгэл сайтай байсан учир зөвхөн гар дээрээ 200 удаа суниаж байсан нь тийм ч олон аавын хүү хийж чадах ажил биш бизээ. Гэвч тэнд урьд оны цэрэг, ухамсар боловсрол муутай бага дарга нарт үүдэн шүдээ х у г а ц о х и у л с а н байна.
Тэгээд тэр каринтинаас чөлөөлөгдөж “Алдар” нийгэмлэгт хөнгөний тамирчнаар очсон боловч тэнд хожмын дархан аварга Д.Цэрэнтогтох, заан Ишгэн, Гочоосүрэн, Цэнд-Аюуш, начин Цэдэндаш нартай орой бүр барилдаж үндэсний бөхийн цагаан толгойд суралцаж эхэлжээ.
Хорьдугаар зуунд Монгол улсын баяр наадмуудад тодорсон арван долоон аваргын дотроос бяр хүчээрээ гайхагдаж, домог болон алдаршсан алдарт аварга бол Дагвацэрэнгийн Хадбаатар юм. Түүнийг хоёр ч удаа хэлмэгдүүлэн аавынд явуулаагүй бол өлхөн дөрөв, тав түрүүлэх байсныг хүмүүс одоо ч гэсэн дурсан ярьцгаадаг.
Хадбаатар аварга нэг сайн барилдааныхаа дараа албатай юм шиг ямар нэг хэрэгт холбогддог байжээ. Тухайлбал, 1975 онд заан болоод 1 жил 6 сар, 1979 онд үзүүрлээд 3 жил, 1986 онд түрүүлж “Аварга” цол авсны дараа 3 дахь удаагаа х э р э г т холбогдож чанга дэглэмтэй х о р и х лагерт 4 жил, нийт 3 удаагийн х э р э г т холбогдож 8 жил гаруй хугацаагаар х о р и г д с о н ы улмаас барилдах эрхгүй болсон юм.
Түүнийг өргөст торны цаана суулгасан хуулийн зүйл анги нь одоо цагтай харьцуулахад даанч үл ялиг зүйл. Үнэн чанартаа тэр гэнэн цагаан сэтгэлтэйдээ, үнэнч шударга, хүүхэд шиг томоогүй явдалтайдаа социализм гэгч хаалттай нийгмийн з о л и о с болж хувь хүнийхээ хувьд хохирсноор барахгүй Монгол бөхийн түүх нэгэн гайхамшигт хүүгийнхээ гаргаж чадах амжилтын буухиагаар тасарч хоцорсон нь гарцаагүй үнэн.
Алс хэт нь дийлдэхгүй хүчтэнтэй болох нь гэж болгоомжилсон хүмүүс барилдаан тасалдуулах гэж архи дарс хүчээр уулгаж хүүхэн шуухантай холбоотой зохиомол арга хэмжээ үүсгэдэг байсныг би хожим мэдсэн гэж Хадаа аварга тэмдэглэлдээ өөрөө бичиж үлдээсэн байдаг. Мөн өдрийн тэмдэглэлдээ “Ухаантайхан явсан бол би өдийд энд байхгүй байх байсан. Сайн явахад борооны дараах мөөг шиг олон байсан найз нөхөд намайг архинд уруу татсан, гэхдээ Адараа бид хоёр архины бурууг ард түмэндээ нялзаахгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг худлаа юм байна. Би уйлсан, уйлах уйлахдаа зүрхэндээ уйлсан. Тэр нэг өдөр би бузартай архи уусан. Аварга боллоо гэж хөөрөөд хот хөдөөгүй архи ууж хөөрч 13 хоносон. Хөөрч нисч яваад буух газраа ололгүй засан хүмүүжүүлэх газрын 0415 дугаар ангийн хашаанд буусан хэрэг. Буух буухдаа бүр чанга дэглэмтэй х о р и х о д шүү. Аварга гэдэг цолыг ялтан гэдэг нэрээр сольсондоо а м и а х о р л о м о о р санагдаж байна хэмээн тэмдэглэсэн байжээ.
Хэрлэн рестораны тогооч эмэгтэй “Намайг амралтаараа Баянгол ресторанд ажиллаж байхад Хадбаатар аварга орж ирж үйлчлүүлдэг байлаа. Зөөгч хүүхнүүд би аваргад үйлчлэнэ гэж булаацалддаг. Гэтэл нэг өдөр аваргыг таньдаг таньдаггүйг мэдэхгүй олон шаагилдсан хүүхнүүд аваргатай хамт ирсэн. Нэг сэгсгэр үстэй хүүхэн бүр аваргаас салахгүй зууралдсаар хамт явсан. Магадгүй гэнэн цайлган сэтгэлтэй гүндүүгүй Монгол эрийг өргөст торны цаана суулгах эхлэл тавигдаж байсан нь тэр байх гэж дурссан байдаг.
Хадбаатар аваргын талаар хянагч, дарга, я л т а н о в г о р у у д бүгд л түүний хүч, гүндүүгүй сайхан зан чанарын талаар ам бардам уралдан ярьдаг билээ. Нэр алдраа дуурсгасан алдартай сайхан аварга шүү дээ.
Хадаа аварга ч өөрөө ажлыг ёстой нэг умалзуулж өгдөг байсан гэдэг. Ямар сайндаа л ажлын хоног ахиухан авч ш о р о н г о о с түргэн гарахын тулд тухайн үеийн "Аавын цээж" гэдэг машины банкыг таллан зүсч хүрз хийгээд галт тэрэгнээс нүүрс буулгаж ачдаг байжээ. Тэр а й м а а р том хүрзийг нь Хадаа аваргаас өөр хүн даахгүй. Чадал муутай х о р и г д ол бол тэр хүрзээр нь нүүрс хутгах нь байтугай дарагдаж ү х ч и х гээд байдаг байжээ. Тэгээд ямар сайндаа хоригдлууд "Энэ Хадаа хэт бяралхаж биднийг ажлаараа чирч а л ч и х гээд байх юм" гэдэг байж.
Нэг шөнө Засангийн эргүүл хяналтын дарга орж ирээд "Гал зуухны хүнсэнд явсан машин энэ хажуухан талд цасанд суучихлаа. Алив Хадаа аваргыг дууд" гэжээ. Тэгээд Хадаа аварга очтол цасанд нилээн гүн суусан "ЗИЛ-130" машин байжээ. Хадаа аварга за алив нэг хоёрын гурав аа гээд л ердөө ганц мөрлөж түлхээд л тэр том машиныг цаснаас гаргаж байсан гэдэг.
Х о р и г д л у у д ууланд мод хийж байх үед Хадаа аварга хоёр дөчийн бидон бариад л ганцаараа усанд явдаг байж. Яг л хоёр арвын бидон барьж яваа юм шиг огт түүртэхгүй ирдэг байж. Нэг удаа түүнийг 2 дөчийн бидонтой ус бариад ирж явахад нь нэг хянагч тосч очоод түүнээс юм асууж, ойр зуурын юм ярилцлаа. Хүмүүс холоос хараад л байж. Тэгтэл Хадаа аварга хоёр дөчтэй усаа түр газар тавиад ярилцах ёстой байтал бариастай чигээрээ 10 минут хэртэй зогсч байсан гэдэг.
Мөн нэг удаа Хадаа аварга байшингийн дээвэр дээр асгадаг, зам тавихад ашигладаг "Замын хар" гэдэг лагалдсан хар тосноос үхэр татаж гаргаж байжээ. Зам ангийнхан илүү гарсан замын хараа жалганд аваачаад хаячихаж л дээ. Тэгтэл нөгөөх нь зуны халуунд хайлаад, тэр хайлмаг руу нь нэг үхэр яваад орчихсон байна. Үхрийн эзэн 2 хүний хамт үхрээ татаж гаргах гэсэн боловч дийлсэнгүй. Тэгээд тусламж хүссэнээр Хадаа аварга нэг хянагчийн хамт очсон байна. Аварга маань цээжин биеийнхээ хамаг хувцсыг тайлж нүцгэлээд л дайрчихсан байна. Мяндсан утсыг 2 давхарлаж үхрийн борвиор оруулаад, том сондуул руу жийж байгаад "Нэг хоёрын гурав аа" гэж хашгираад л үхрийг замын хараас суга татаад гаргаж байжээ. Жийсэн сондуул нь орвонгоороо булга үсэрсэнийг бодоход ямархан хүч гаргасан нь ойлгомжтой. Үхрийн эзэн Хадаа аваргад баярласнаа илэрхийлээд шимийн архи, 10 литр тараг өгч байсан гэдэг.
Ер нь Хадбаатар аварга Халхын хаана ч хүч бяраараа гайхагдаж явсан хүн юм. Хадаа аварга баавгай шиг том биетэй тул тэр биеийнхээ хэрээр хоол сайн иддэг байсан гэдэг. Ууланд мод хийж байх үедээ бууз хийж идэх их дуртай байжээ. Дунд гарын шаазан аяга шиг том бууз хийнэ. Хүмүүс тэр буузнаас нь 2, 3-ыг идээл цадчихна. Харин Хадаа аварга 20 30-ыг өлхөн идчихдэг байжээ. Нэг удаа улсын начин Өвгөнхүү тэргүүтэй бөхчүүд Хадаа аваргыг эргэж иржээ. Тэгсэн Хадаа аварга бараг бүтэн хонины мах идчихээд "Ёстой нэг сайхан цадлаа" гэсэн гэдэг.
Хадаа аваргыг 1976 онд Зүүнхараагийн ш о р о н д байхад аав нь ө ө д болжээ. Хадаа аварга чөлөөгөөр гараад сэтгэлээр ихэд унаж Улаанбаатар ресторанд Түвдэндоржийн Дагвачимэдтэй уулзаад ширээ дүүрэн архи захиалаад уусан гэдэг. Энэ үеээс хойш Хадаа аварга хоолондоо жаахан тааруу болж, мөн үүдэн шүд нь унаж, үснийх нь буурал нэлээд нэмэгдсэн юм. Ямар сайндаа л "Миний нас явж өглөө. Насаа дагаад бяр хүч хүртэл барагдах тийшээ хандаж байна. Ш о р о н г о о с гараад хотоос захдуу газар аж ахуй эрхэлж амьдарна. Одоо амьдралаа бодох цаг болсон. Гэхдээ хэдэн жил зодоглох юмсан. Ид сайхан үеэ энэ айхтар саванд өнгөрөөчихөөгүй бол ч 2, 3 жил түрүүлэх боломжтой л байсан юм" гэж ярьдаг байжээ.
Сумын нэг албан хаагч машинтай явж байтал нэг лүглэгэр эр төмөр зам голлоод алхаж байжээ. Ойртож очоод машиныхаа цонхоор хартал Хадаа аварга байж. Мань эр машины дугуй олгой хаймар ар нуруугаараа нидрээд 2 гараараа сунгаж татаад явж байжээ. Нөгөө албан хаагч залуу түүнээс "Та наад хаймараа сунгаж татаад дасгал хийж байгаа юмуу. Арай өөр юм олдохгүй байна уу" гэж асуухад "Миний цусны даралт ихэсдэг болчихоод байгаа юм. Бас жаахан хавагнах янзтай болчихлоо. Ш о р о н г о о с гарвал наадамдаа зодоглож хийморио сэргээнэ дээ. Бэлтгэл жаахан хийх хэрэгтэй байна. Даанч надтай ноцолдох хүн олдохгүй юм. Дэмий л ургаа мод тэвэрч аваад хий дэмий бяраа гаргах юм даа" гэсэн гэдэг.
Ийнхүү алдаж эндэж орон ш о р о н д орж байсан ч Улсын наадамдаа үнэнхүү хүч бяраа гайхуулж түрүүлж байсан Монгол ард түмэндээ гүндүүгүй сайхан эр хүн гэж хүндлэгддэг халхын сайн эрсийн нэг Дагвацэрэнгийн Хадбаатар аварга маань 1993 оны наадмын дараа төрсөн нутаг Төв аймаг байгуулагдсан 70-н жилийн ойн наадамд урилгаар очоод 15-ны өдөр 42-хон насандаа ертөнцийн м ө н х б у с ы г үзжээ.
Эр нэг алдаж болно гэтэл 3 н удаа. бүгд бусдын буруу
Дор.хаяж. 7. 8. н. удаа. түрүүлж. хоёр. Мөнхийн.түрүүг. хуваалцах. байсан. байж. харамсалтай. юм.!