Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ц.Төвшинтөгс: "Эхнэрээ магтсан хүн эргүү тэнэг гэдэг чинь манай монгол түмний үг биш байх аа, манжууд л"Уншсан2,903

Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Цэдэндоржийн Төвшинтөгстэй уулзаж хөөрөлдлөө.


Цэдэндоржийн Төвшинтөгс: “Сүүдэр цармын цэцэг” илбийн юм шиг л хүний сэтгэлийн сүлд дуу болж байлаа

 

Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Цэдэндоржийн Төвшинтөгстэй уулзаж хөөрөлдлөө.

-Дуурь бүжгийн эрдмийн театрынхаа захирлаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Та анх энэ театртаа хэдэн онд ирж байсан билээ?

-Эндээ захирлаар ирээд гурван жил гаруй болж байна. Арван хоёр жилийн дараа төрөлх театртаа ирлээ. 2006 онд “Улаанбаатар” чуулгыг байгуулаад хэдэн сайхан залуу дуучнаа солист болгоё гээд явсан юм байгаа юм. Тэр үед Сэргэлэн дарга ирж байлаа. Анх театртаа 1992 оны зургадугаар сарын 15-нд дотоодод төгссөн дуучин залуу л солистоор орж байлаа. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбулган, Зууны манлай дуурийн дуучин Уртнасан эгч нар маань шалгалтын комиссын гишүүд. “Дотоодод төгссөн анхны дуучин залуу ДБЭТ-т солистоор орсонд баяр хүргэе” гэж надад урам хайрласан. Тэр үг надад цуцашгүй даль жигүүр болсон доо. Урам гэдэг хүнийг ингэж эргэлт буцалтгүй зүтгүүлдэг гайхамшиг. Монголчууд “Хүнийг бурмаар тэжээхээр урмаар тэтгэ” гэсэн философитой сүрхий улс шүү дээ.

-СУИС дөнгөж төгсөөд ирсэн залуухан гоцлооч ямар дуурьт анх тоглов?

-Тийм. Дөнгөж оюутны ширээнээс ирж байгаа шүү дээ. Би тэнгэрлиг хувь тавилантай азтай хүн. Үүндээ их итгэж залбирч явдаг. Яагаад вэ гэвэл намайг ирэх үед алтан үеийнхэн энд байлаа. Пүрэвдорж багш, Жаргалсайхан багш нартай зөрөлдөөд орж ирж байсан. Тэр сайхан уран бүтээлчид урилгаар ирж тоглодог. Ардын жүжигчин Хавлааш гэж гайхамшигтай баритон байлаа шүү дээ. Оюутан байхдаа байнга ирж энэ хэдэн багшийнхаа тоглолтыг харна. Багш гэснээс нэг зүйл тодотгоод хэлэхэд надад эрдэм ном заагаагүй ч хүн харж, үлгэр дууриал авч, тэр биеийнх нь хөдөлгөөн, биеийнх нь хэлийг ойлготол үлгэрлэнэ гэдэг үнэхээр том авьяас чадвар юм байна гэдгийг олон жилийн дараа ойлгож байна. Тэдний ямар нэг зүйл нь л намайг татаад байгаа байхгүй юу.

-Зохиолчид номоос суралцаж, номыг багш аа гэдэгтэй л ойролцоо зүйл байх нь ээ дээ?

-Ээ тэрэнтэй чинь л яг адил. Алтан үеийнхэн бол бүгд л бидний багш байсан. Бүгдтэй нь гар барьж, хамт байж сайхан дурсамж, сургаал үгсийг нь сонсож байсан минь том хувь тавилан байлаа. Түрүүний асуултад хариулахад дотоодын сургууль төгссөн товарищ юу боллоо гээд гол дүр аваад дуулаад байхав дээ. Тэгж дуулахад тодорхой хугацаа, туршлага хэрэгтэй. Ахмадуудын маань цөхрөлтгүй хөдөлмөрлөдөг зан чанар бидэнд их үлгэр дууриал болдог байсан. Тийм учраас би ноотоо байнга сугавчлаад харайдаг байлаа. Тиймээс ч ахмадуудынхаа, сайхан хамт олныхоо дэмээр хэдэн сайхан дүрд гарах боломж олдсон.

“Учиртай гурван толгой” дуурийн дүрийн улсын хоёрдугаар уралдааны Юндэнгийн дүрд ерэн дөрвөн онд түрүүлсэн минь азтай явдал болсон. Ерэн гурван онд Ж.Вердийн “Трубадур” дуурийг италиар тавихад гүн Ди Лунагийн дүрд италиар нь дуулсан. Энэ бол алт шиг гайхамшигтай уран бүтээлчдийн минь дэм л дээ. Удирдаач гэдэг бол бүгдийг гартаа зангиддаг, хөлөг онгоцоор бол ахмад нь шүү дээ. Тэр капитан нь манай нэрт удирдаач Жамсранжав байсан. Энэ гайхалтай хүний гар доор хүмүүжиж их юм олж авсан. Ямар сайндаа анх дублёр хийж байхад миний дуулдаг үглэл дууны хэсэг дээр над руу дохиход цочиж байх вэ дээ. Сандарч айсан. Харж байгаа нүд энэ тэр нь үнэхээр сүртэй шүү дээ. “Уучлаарай, би сандраад байна” гэлээ. Тэр хүний харцнаас их юм уншигдаж байгаа юм. Өөрт байгаа юу байна тэр бүхнээ л шавхаж байгаа юм. Миний мэргэжлийн багш Монгол Улсын гавьяат Дашиймаа гэж гайхамшигтай хүн бий л дээ. Орос, итали хэлийн дуудлагуудыг маш сайн хэлж өгч заадаг байсны ач буян ирсэн дээ. Надад урам хайрлаж найман сарын мэргэжил дээшлүүлэх курст Италийн Трест хот руу явуулсан. Зөөлөн уур амьсгалтай далайн хөвөөний эл хотод олон сайхан юм үзэж нүд тайлсан.

-Та хэдэн дуурийн гол дүрд тоглосон байх юм?

-Дуурийн гол болон туслах дүр гучаад юм байгаа шүү. Дуучдад өөрийн гэсэн өнгө будаг байдаг. Олон сайхан дуучин дуулчихсан дүрд тоглоно гэдэг хэцүү. Бидний үед бичлэг гээч юм гарч ирж байлаа. Сайн ч, муу ч саарал дүрс үлдэх боломжтой. Дэлхийн сонгодог урлаг гэдэг маань хүн төрөлхтний хөгжлийн маш том тэсрэлт. Оюун ухаант хүн хөгжмийн гоо зүйг эзэмшихээр юуг бүтээж чадах юм бэ гэдгийг дэлхийд дархалчихсан. Манай дуурийн театр гэхэд хөгжмийн хэлээр л дэлхийтэй ярьдаг. Ингэж бодохоор дүрүүдийн судалгааг хийхээс аргагүй. Энэ талаар би СУИС-иа үнэхээр магтана.

Бурхан болооч Гонгорын Хайдав багш минь биднийг оюутан байхаас “Судал, судал. Юу судалж байна. Унш” гэдэг л байсан. Наян долоон онд би бэлтгэл курсын оюутан байхдаа “Та одоо яаж ийм вакаль (тавимал) хоолой гэж яриад байна. Яаж учрыг нь олох юм бэ” гэхэд “Хүү минь, чи далайд нэг сувд чулуудчихаад тэрийгээ л далайн ёроолоос олж ирэхийг хэлж байгаа юм. Тэр дайны чадал авьяас орно шүү дээ” гэж байлаа. Дэлхийн болоод Монголынхоо гайхамшигтай дуучдыг дуурайх биш тэр бүхнээс суралцаж өөрийнхөө дүрийг гаргахыг маш энгийн ойлгуулж өгсөн шүү.

-Та мэргэжлийн дуулаачаас гадна нийтийн дууны урын сан их баялаг дуучин даа?

-Хүн төрөлхтний түүхэнд оюун сэтгэлгээний өнө эртний гайхамшигт өвийг байгальтайгаа хослуулан үлдээж чадсан тэнгэрлиг үндэстэн бол монголчууд. Дэлхийн таталцлын хуулийг гайхамшигтай мэддэг ард түмэн. Энэ хуулийг мэддэг учраас байгаль дэлхийдээ их хайртай. Ийм тэнгэрлиг ард түмэн чинь байгаль дэлхийгээ баясгаж дуу хуураа зохиох учиртай яа даа. Зарим хүн “Урлагийн гайхамшиг гэж юу байдаг юм. Уртын дуу, дуу гэж ер нь юу юм. Урлагаар ер нь улс орон хөгжинө гэж юу байдаг юм” гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл тэр халуун оронд очоод шалхайтал хэвтээд үз л дээ. Ийм тэнэг юмыг битгий тулгаад бай л даа.

Эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улирал нь биднийг бөхийн ам авч байгаа юм шиг заяачихсан байхад бид байгалийнхаа л араншинг таньж аж төрөхөөс аргагүй. Тийм л тэнгэрлиг хувьтай Монголын ард түмэн түмэн үеийн түүхэндээ дуу хуураар тасарч байгаагүй юм билээ. Тасрах ч ёсгүй байгаа юм. Яагаад гэвэл бид заяасан энэ сайхан баян хангай дэлхийдээ дуу хуураа өргөж байх ёстой. Тэгж байж хайр хишиг, аврал энэрлийг хүртэх ёстой гэж би боддог. Ийм дуучин, хөгжимлөг ард түмний дуучин болж төрнө гэдэг нэр хүндээс гадна асар их хариуцлага. Өөдтэй л явахгүй бол болохгүй.

Үдийн хугас дуулчихаад хоолой нь сөөчихөөд сууж байгаа хүнийг манай ард түмэн “Үдийн дуучин, үд хугасын дуучин” гэж янз янзаар гоё хэлнэ шүү дээ. Долоо хоног уртын дуу дуулчихаад ханхайж байгаа хүн, гурав хоног амарчихаад ирэхэд хоолой нь бүүр сайхан сонсогддог гэдэг домог мэт яриа байдаг. Би олонд түгсэн дуунуудаа өөрийнхөө уран бүтээл гэхээсээ илүү аялгууг нь бичсэн гайхамшигтай хөгжмийн зохиолч, шүлгийг туурвисан тэнгэрлиг яруу найрагчиддаа л талархаж явдаг. Би ард түмэнд тэр дуу хүрэх гүүр болох төдий. Угаасаа дуучин ард түмэн болохоор аливаа дууг гайгүй шиг, үнэн зүрхнээсээ дуулахад цааш нь аваад түрээд явчихдаг.

-Танд ард түмнээрээ түрлэг нэмүүлсэн олон сайхан дуу бий шүү?

-Азтай нь уран бүтээлч бидний зүрх сэтгэлийн дуудлага болсон сайхан дуунууд бий. Уран бүтээл хүртэл нөхөрлөлийг авч ирэхдээ хувь хүмүүсийн зан чанартай холбогддог юм байна. Хэдэн сайхан дуугаараа холбогдсон уран бүтээлч бид хэлхэлдээд байж байдаг. Амьдралд ч гэсэн тэд маань их тус болдог. Миний их ах Шарав маань байна. “Хайрхан уулын бараа” гээд ямар сайхан аялгуутай дуу хийж өгөв. Үгийг нь бичсэн яруу найрагч Довчингийн Отгонсүрэн гэж хэл бичгийн том эрдэмтэн

Багшийн дээд сургуулийн багш байлаа. Би охинтой нь аравдугаар ангид хамт суралцаж байсан. Юм чинь ингээд цаанаасаа хувь заяаны сүлжээ байдаг байхгүй юу. Зүгээр нэг оноолтоор бий болчихдог юм гэж орчлонд нэгээхэн ч байхгүй. Энэ дуу маань ерэн дөрвөн онд “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагнал авлаа. Би чинь түүнээс хоёр жилийн өмнө “Орхон түшээ мөрөн” дуугаар энэ наадмын тэргүүн байрыг анх авсан юм. Бямбабаяр бид хоёр чинь сайдна, муудна. Залуу насны цог залиар хундаганы ард нөхөрлөнө. Тухайн үедээ үнэн байдал ийм л байсан юм чинь. Бид юунаас болж муудах вэ гэвэл уран бүтээлээс болно. Тэрнээс ахуйн чанартай маргаан бидний дунд хэзээ ч болж байгаагүй.

“Энд нэг такт нэмүүлнэ. Эсвэл хэмжээг нь өөрчилнө” гээд л тулна шүү дээ. Манай Бямбабаяр чинь цаанаасаа “төрчихсөн” өгөгдөлтэй амьтан байхгүй юу. Бүгдийг ярина гэвэл бидний яриа дэндүү сунжирна. Яруу найрагч Дашзэгвийн Банзрагч ах, хөгжмийн зохиолч Сайнцогийн Мөнхбат хоёрын маань “Сүүдэр цармын цэцэг” гээд дуу байна. Энэ дуу илбийн юм шиг эрэгтэй, эмэгтэй гэлгүй олон хүний сэтгэлийн сүлд дуу болж байсан. Бараг гурван жил шахуу бүх уралдаан тэмцээн, бүх дайллага цайллага энэ дуугүйгээр явж байгаагүй. Хайрын дууны уралдаан, “Цагаан лавайн эгшиг” гээд уралдаануудад байнга л түрүүлнэ.

-Танаас өөр дуучин “Сүүдэр цармын цэцэг”-ийг дуул луу?

-Дуулаагүй. Манай Ундрал арай өөр маягаар нэг дуулсан юм байгаа. Аливаа төгс уран бүтээлийн анхны хэмийг эвдэхэд хэцүү байдаг л даа. Цаг хугацааны дараа тэрүүгээр нь авч болох л байх. Яг минийхээр хүмүүст хүрчихсэн болохоор одоохондоо өөрчлөх гэхээр болохгүй байх шиг байгаа юм. Үзэгдээд өнгөрөх энэ ертөнцөд үлдээд хоцрох уран бүтээл гэгч ийм л гайхамшигтай юм. Урлагийн ертөнцийн ай савд орж ирэх үүд хаалгыг минь нээж өгсөн гайхамшигтай уран бүтээлчдэдээ би их баярлаж явдаг. “Хан Хэнтий” чуулгынхаа алтан тайзанд мөнхийн залбираастай. Сая хоёр жил энэ чуулгынхаа даргаар ажиллаад ирсэн.

-СУИС-д элсэхээсээ өмнө аймгийнхаа чуулгад ажиллаж байсан байх нь ээ дээ?

-Өө, “Хан Хэнтий” чуулгадаа гавьяат жүжигчин “солгой” хэмээх Намдагийн Төмөрхуягтайгаа, отгон гавьяат “Дунгаамаа” Баасанжав бид чинь яг нэг үеийнхэн. Зүүн бүсийн Сэцэн ханы их чуулгыг авч явсан, “Жонон хонгор” дуугаараа алдаршсан урлагийн гавьяат зүтгэлтэн Дашням, урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбо багш, бүсгүй хүний үсийг ч гэсэн бүжиглүүлдэг урлагийн гавьяат зүтгэлтэн Санжаасүрэн, найруулагч Энхболд нарын гар дээр эрхэлж хүмүүн боллоо. Ардын жүжигчин Шархүүхэн эгч байлаа. “Морины” Нансалмаа гавьяат байна. Гавьяат Ичинхорлоо эгч гээд маш олон сайхан уран бүтээлчидтэй авьяасын халуун тогоонд буцалж дэвэрч явлаа. Дууны ертөнц бол миний амьсгалж амьдарч байгаагийн гол утга учир болсон нь эндээс эхтэй. Одоо би Зундуйн Дорж гуайн шүлэг, Дашням гавьяат, ардын жүжигчин Жаргалсайхан гуай нарын дуулсан “Нас тогтох сайхан” хэмээх дууг цагаан сараас өмнө дуулж дүрсжүүлэх юм сан гээд арай л амжсангүй. Одоо нас ч тавь гараад явчихлаа шүү дээ. 

Дуулаачид дэлхийн тайзнаа шууруулж байгаа нь монгол дэг сургуулийн гайхамшиг

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан нь мөн ч сайхан санагдаж байна...

-2018 оны арванхоёрдугаар сарын 30-нд манай хамт олон 68 жилийн ойн баярын хурлаа хийж байтал төр засгийн албаныхан ирж манай театрыг Алтан гадас одонгоор шагнасан тухай тушаал уншиж гардуулсан. Үүнд үе үеийн уран бүтээлчид үнэхээр их баярласан. Магнайгаа хагартал баярлана гэдэг л болсон. 1950 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр манай ягаан театрын барилга ашиглалтад орж, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, их зохиолч Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дуурийн мянга дахь тоглолтоор анхны хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй.

УДБЭТ-ын симфони найрал хөгжим маань 1924 онд байгуулагдсан “Сүхбаатарын нэрэмжит клуб”-ын дуу хөгжмийн ангийн үндэсний найрал хөгжмийн бүрэлдэхүүнээс үүсэлтэй юм. Тэгээд бага багаар хөгжлийн замаар яваад байсан. Дуулалт жүжиг, хөгжимт драмыг тайзнаа тавьж ирсэн. Тэгж байтал Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирж зүгээр хуур, хуучир тоглодог байсан ардын авьяастнуудыг авчран хийл, төгөлдөр хуур зэрэг европын хөгжмүүдийг заахад гайхамшигтай хурдан сурсан байгаа юм. Энэ бүхний түүхийг судлаад, уншаад байхад нүднээс үе үе нулимс гараад байдаг юм. Алтан үеийн ахмад уран бүтээлчид маань 1963 онд ЗХУ-д төгсөж ирснээр балетын жүжигчдээр хангагдаж, улмаар Драмын театраасаа өрх тусгаарласан.

-Дуурийн театр яагаад энэ бууриндаа үлдсэн юм бол?

-Анх баригдахдаа хөгжмийн театрын зориулалттай баригдсан барилгатай, хөгжмийн ямбтай, бөөрөнхий, акустик сайтай учраас манайд их тохиромжтой л доо. Жаран гурван оноос манай театр Дуурь бүжгийн эрдмийн театр нэртэйгээр явж байгаад 1981 онд академик театр болсон. Нэр авсан нь жаран гурван он болохоос үүсэн байгуулагдсан нь тэгэхээр хамаагүй урагшаа он тоололд хамаарна л даа. Ер нь Европын мэргэжлийн хөгжмийн театртай улс орнууд анх театр баригдсан он цагаараа хөгжмийн урлагийнхаа түүхийг нэрлээд явдаг. Тэр жишгийг цаашид хадгалсан нь дээр л дээ. Хүнд мөрөөдөл байх ёстой.

-Дэлхийн алтан тайзны эздийн мэргэжлийн удирдлага байх гэдэг бас л сайхан үйл хэрэг мөн биз?

-Намайг энэ театрт анх орж ирж байхад манай алтан үеийнхэн бүгд байсан. Мөнгөн үеийнхэнтэй нь хамт байлаа. Мөнгөн үеийн сүүл рүү нь би өөрөө орж ч байх шиг. Цаг хугацааны гинжин холбоо ийм байна. Өнөөдөр манай Ариунбаатар, Амартүвшин, Бадрал нарын олон сайхан дуучин дэлхийд нэрээ дуудуулж байна. Би эднийг оюутан байхад СУИС-д уран чадварын бөгөөд дуурийн тавилын багшаар ажиллаж байлаа. Бүгд л намайг багш аа гэдэг. Тэгэхээр би их азтай хүн. Эд нартаа үлгэртэй зөв сайхан явах юм сан гэж бодож явдгийн минь биелэл гэж би талархаж явдаг. Дэлхийн дуурийн урлагийн хөгжлийг эд маань өнөөдөр тодорхойлж байна.

Ялангуяа баритонууд маань үнэхээр ялгарч байгааг та мэдэж байгаа. Энэ театртаа захирлаар ирүүтээ Амартүвшингээ би дуучнаар авсан. Тухайн үедээ ажлаас нь гаргачихсан л байсан. Хэдийгээр гадаадад том гэрээтэй ч жилийн хугацаанд хоёр ч удаа ирээд дуулсан. Би үүнд маш их баярлаж байгаа. Энэ чинь мастер класс болж байгаа байхгүй юу. Дэлхийн том том тайзнаас ямар гоё энергитэй ирдэг гэж сананаа. Амартүвшин маань 2019 онд маш олон том тоглолттой. Та нэг юм анзаарч үзсэн үү.

-Юуг тэр билээ?

-Монгол Улс дуурийн дуулаачийн хувьд дэлхийд өөрийн гэсэн дуулах урлагийн дэг сургууль үүсээд бий болчихсны бат нотолгоо энэ хэдэн сайхан дуучдын амжилт юм шүү. Манай багш нар үнэхээр гайхамшигтай байна. Одоо зөвхөн болгар, итали, орос школ гэлтгүй монгол школ гэдгийг дэлхийн тайзнаа нотолчихлоо шүү дээ. Араас нь хэдэн сайхан залуучууд явж л байна. Х.Баянмөнх аварга “Эрдэмтэн бөх хүний хувьд” гэдэг шиг сонгодог урлагт насаараа зүтгэсэн хүний хувьд нэг л зүйлийг баталгаатай хэлье. Гоцлол дуучид, дуурийн гоцлоочид гэдэг бол заавал хамт олон дотор байж л өсөж хөгждөг юм шүү. Ганцаараа яваад, ари, романс дуулаад цойлоод мундаг болчихно гэж ерөөсөө байхгүй. Би үүнийг л хэдэн залуу дуучинд хэлье.

-Ганцаарчилсан тоглолт хийгээд амжилт олохгүй гэх гээд байна аа даа?

-Өө, яг наадахыг чинь хэлээд байна. Хэдэн уралдаан, тэмцээний медаль түүчихвэл мундаг дуучин болчихно гэж гүйгээд байхгүй юу. Үүнийг ойлгоосой гэж би хатуу хэлнэ. Дуурь гэдэг олон хүний хамтын бүтээл. Яагаад гэвэл та нарын дуулж буй бүхэн Монгол Улсын өмч шүү. Тийм учраас тэрийг дэлхийд гаргах гэж байгаа бол хамт олон дотор суралцах ёстой. Баахан шоунд орсноор гайхамшигтай уран бүтээлч болчихгүй. Дуурийн театрын алтан босго өндөр. Сайн дуучин хүн зөв хандлагатай л байх учиртай.

Амартүвшин маань зөв хандлагатай учраас дэлхийд тэртээ тэргүй гарчихлаа. Үнэхээр одоо хэн юу хэлэх юм бэ. Манай Чингис хаан одонт Ариунбаатар дуучин гэхэд Марийнский театрт очиж байна. Эднийхээ анхны шанг татсан гавьяат жүжигчин Ганбат асан гэхэд ямар гайхамшигтай халуун дулаан сэтгэлтэй хүн байлаа. Хамт олноороо амралтанд очихдоо Ганбаттайгаа сумо барилдаж байсан зургаа хараад би өнөөдөр өөрийн эрхгүй самсаа шархирч байна.

-Таны нүүр номыг харахад нийгмийн сүлжээний их идэвхтэй гишүүн юм билээ. Нийгэмд ч бухимдал их л байх юм даа?

-Одоо хүнд гомдоод байх биш өөрийнхөө дотоод хандлагад өөрчлөлт хийх ёстой үе. Сайхан орон сууцанд аж төрж, сайхан унаа унаад амар тайван амьдаръя гэж бодож байгаа бол тийм улс орны иргэд ямар хандлагатай байдгийг өөрсөндөө суулгамаар байна. Даяарын болоод үнэн худал хов жив хөөцөлдөөд, хамаг цагаа утастайгаа ноцолдож өнгөрөөж байгаа нь дэндүү гунигтай. Хүн хоорондын харьцаа байхгүй болчихсон. Бид чинь дугуйны хаймар түрээд л гүйж явсан минь ямар гоё амар амгалан байсан юм бэ. Хөдөө намар нь хадлан тариаланд, хавар мал төллөлтөнд явна. Хөдөлмөрлөж, хүн болцгоож байсан маань үнэхээр сайхан байсныг чи мэднэ дээ. Одоо тийм юм алга. Муухай зожиг болцгоож.

Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын найман хүүхэдтэй айлын нэг хүү нь. Эгэл боргил л өсөж том болсон. Энэ гайхамшигтай хувь тавилан байж. Аав минь бурхны оронд очсон. Сайхан монгол шүлэгтэй хүн байсан даа. Ганц нэг шүлэгт нь аялгуу зохиож л байна. Хүний уул ус, нутаг гэдэг сэтгэл зүрхэнд мөнхийн аргамжаатай. Тэр л хайрласан сэтгэлээ би уран бүтээлдээ шингээж яваа минь орчлонгийн нэг жаргал  гэж боддог.

-Уран бүтээлч хүний амжилт гэр бүлээс их шалтгаалдаг гэдэг дээ?

-Миний ар талын нугаршгүй фронт маань Дундговийн Цагаандэлгэрийн уугуул Бишчулууны Нарантуяа гэж сайхан бүсгүй байна. Миний эргэн тойрны хүмүүс ханийг минь “аниа” гэж дууддаг. Надад гурван сайхан хүү төрүүлж өсгөж өгсөн дархан бэр дээ. Гурван хүү маань гурвуулаа хөгжмийн боловсролтой. Ууган хүү маань намайг “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаанд тэргүүлэх жил төрсөн болохоор бэлгэшээж Юндэн хэмээн нэрлэж байлаа. Хэнтий аймгийн Баян-Адарга суманд соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Удаахь хүү маань Аригбөх.

Монгол Улсын консерватори төгсөөд сургуульдаа акустик инженерээр ажиллаж байна. Отгон хүү цохивор хөгжмийн гавьяат багш Зоригоогийн шавь. Зургаан жил төгөлдөр хуураар яваад цохиворт урвасан нөхөр бий. (инээв. Л.Б) Ийм сайхан үрсийг минь төрүүлсэн эхнэртээ баярладаг юм. “Эхнэрээ магтсан хүн эргүү тэнэг” гэдэг чинь манай монгол түмний үг биш байх аа. Манжууд л гэр бүлийг хүртэл эвдрэл хагаралтай байлгах гэж ийм муухай бэлгэгүй үгийг тахал тархаасан гэдэг биз дээ. Би ер нь ханиа юу гэж ч магтсан миний өөрийн сэтгэлийн чиг хандлага аа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]