Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүн Чойрт гарсан гамингийн сүнсийг лам нар дарсан ньУншсан39,578

Сэрээ дарснаас хойш гурав хоноод өнөөх чөтгөр бас хөдөллөө. Гимпэл гуайнд бас юм үсчих болжээ. Үүнийг ловон ламд айлтгасанд Жамъян зоч гэдэг ламыг явуулав.

Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номын хэсгээс

Жамьяншарав гуайн яриа

1964 оны 4-р сарын 12-ны бүтэн сайн өдөр миний танил Пирэнлайравжаа манайд орж ирлээ. Энэ хүний, бурхны тэг зурах журмыг орчуулахад би тусалсан учир хариуд нь “Би ном судар эрэх зэргээр тусалж болно” гэж Пирэнлайравжаа над хэлсэнд би “Над сонин юм ярих хүнийг олж уулзуул” гэж гуйсан юм. Тэгээд энэ хүн намайг хэдэн өвгөнтэй уулзуулсан билээ. “Боржгинд гарсан гэмин чөтгөрийн тухай биеэрээ үзсэн хүнийг олж ир” гэж би гуйсан юм. Пирэнлайравжаа ирээд над хэллээ: “Өнөөх Жамъяншарав өвгөн чинь Налайхаас ирээд байна. Та уулзахгүй юу?“ гэв. Би Жамъяншаравын тухай урьд сонссон юм. Энэ хүн, морины хөл сайн хатгадаг гэж алдартай бөгөөд энэ хүнд бүтэн, сайн “Хар домын судар” байна гэж 1960 онд сонссон юм. Тэгээд Боржгины чөтгөрийг сайн мэдэх хүн гэж Пирэнлайравжаа над урьд хэлсэн юм. Ийм хоёр шалтгаанаар энэ хүнтэй би уулзах гэж боддог боловч урьд хоёр удаа эрээд дайралдаагүй билээ.

Пирэнлайравжаа бид хоёр өглөөний 11 цагийн хирд Рашааны 12 дугаар гудамжны дугааргүй хашаанд очиж нэг айлд орлоо. Нэг өвгөн суга таягаа дэргэдээ тавиад сууж байна. Нэг хижээл хүн босоо зогсож байгаад “Би явья” гээд гараад явчив. Хойд орон дээр нэг хүн хэвтэж байна. Харвал Их сургуулийн жолооч Зэвгээ байна. Нэг хүүхэн цай халааж байна. Энэ айл бол Зэвгээгийнх байна.

Тэр таягтай өвгөний нэрийг асуувал “Жамъяншарав” гэв. Бидний уулзах гэсэн хүн энэ мөн байна. Пирэнлайравжаа Жамъяншарав хоёр бие биенээ танихгүй байх нь гайхалтай шиг санагдлаа. Тэр хоёр харилцан асуулцаж нэг нутгийн хүмүүс гэдгээ мэдэлцэв. Урьд таньдаг байгаад мартсан байжээ.

Бид эхлээд тэр өвгөний морины хөл ханах мэргэжлийн тухай ярилцав. “Хар домын судрыг” үзвэл ардын эмнэлгийн сонин ном байлаа. Түүнийг “хэд хоног хэрэглэж хуулж аваад өгье” гэж гуйж авав.

Дараа нь Жамъяншарав намтраа товчхон ярив.

Түүний ярьсан нь “Би боржгин Цэцэн ван Гомбосүрэнгийн эцэг Нэрэн гүнгийн дүүгээс төрсөн хүн. Бар жил /1890/ төрсөн. Миний эх, Нэрэндэндэв гэдэг баян хүний эхнэр болж яваад намайг төрснөөс хойш нөхрөө нас барахлаар нутагтаа нүүж ирсэн юм. Би зүүн Чойр дээр лам болон сууж байлаа. Гэвч ном их үзээгүй, наймаа худалдаа хийж олз ашиг олж явлаа. Гүнбум, Бээжин, Жанчхүү зэрэг газраар жин тээж хэд явсан. Бас Нэрэн гүнгийн үрчилсэн хүү болж явлаа. Нэлээд баялаг айл байлаа. 1929 онд юмаа хураагдаад 100 бодтой үлдсэн. Нэг өргөмөл бүсгүйтэй хамт амьдарсаар байв. Тэр маань давтиргүй хүн болжээ. Хэдэн нөхөр солилоо. Банзрагч гэдэг хүн манай хүргэн болж байхдаа өөрийн нэрээр манай малыг Баянзүрхийн нэгдэлд өгч нэгдлийн гишүүн болжээ. Тэр хүргэн салаад явчихлаар манайх нэгдэлд дансгүй үлдлээ. Ганц хүүхэн эр дагаад явчлаа. Би 75 настай, хоёр суга таягаас өөр юмгүй үлддэг байна. Айл хэсэж айлын тогоо өнгийж амьдарч явна” гэв.

“Нэгдлийн дансанд орох тухай өргөдөл өг” гэж бид зөвлөв.

“Зүүн Чойр дээр гарсан чөтгөрийн тухай та зөвхөн өөрийн магадтай бодтой үзсэн зүйлээ ярьж өгнө үү“ гэсэнд Жамъяншарав гуай ярьж эхэллээ. “Боржгины хүмүүс энэ тухай их юм ярьдаг” гэж гэрийн эзэн эхнэр хоёул хэлэв. Түрүүнд гараад явчсан Цүлтэм гэдэг хүн бол хүрэн Гимпэлийг өргөж тойлж байсан гэдгийг хэлэв. “Тэр бас л юм үзсэн байх” гэж тэд хэлэв. Түүнтэй ярьж чадсангүйдээ бид харамсав.

Жамъяншарав гуайн ярьсан нь “Тэр жил гэмин цэрэг манай Зүүн Чойр дээр олон байлаа. Дугар мэйрэн ирж тэднээс нэлээдийг алсан. Дараа нь Барон ирж хагасы нь алаад хагасы нь хөөж явуулсан.

Түүнээс хойш хоёр жил болоод гахай жилийн /1923/ зудын өвлийн дунд сар боллоо. Чойр дээр хашаа байхгүй, хийдийн ойр задгай газар лам нар олон гэр бариад суудаг байлаа. Манайх тэр гэрүүдийн баруун хойт захад байлаа. Хүрэн Гимпэл гэдэг, олон шавьтай өвгөн лам манайхаас зүүн урагшхан байлаа. Гимпэлийн баруун талд дэргэд нь Жамъянданзангийнх байлаа. Жамъянданзан, надаас ганц ах, надтай үерхэдэг хүн, нэг үдэш манайд орж ирлээ. Манай хоёр хүүхэд цэцэг өвчин хүрээд байсан юм. Жамъянданзан манайхыг үргэлж эргэж тойрдог байсан. Тэр орж ирээд “Чи хачин юм дуулна уу? “ гэлээ. Би “Дуулъя” гэлээ.

“Гимпэл гуайнх чөтгөртэй болжээ” “За, яаж байна” “Өнөөдөр хачин юм боллоо Гимпэл гуай хонины хөлдүү мах хэсгээх гэж гэртээ оруулаад зүүн авдран дээрээ тавьсан байлаа. Тэр хөлдүү махнаас гуя нь ховхроод газар ойчив. Түүнийг аваад авдран дээр тавьсанд тэр гуя баруун хананд нь үсэрч ойчлоо. Хүн шидэж байгаа юм шиг байлаа. Хүн нь харагдахгүй юм. Дараа нь өвгөн ламын хоол иддэг хутга үсрээд тэр хөлдүү гуянд ишиндээ тултал шаачихлаа. Ийм хачин юм болж байна” гэв.

Би “Худал битгий солиор” гэхэд “Үнэн гэм. Би нүдээрээ харлаа” гэв. Бид хоёр гадаа гараад харвал Гимпэл гуайн гадаа, гэрийг нь тойроод олон хүн зогсож байна. Бид хоёр очлоо. Гэр нь овгод овгод хийж байна. Бүслүүрээс нь хүн татаж ханы нь хавчиж байгаа юм шиг гэр нь дээшээ оцойж байгаад намс хийж буух юм. Бас гэр дотуур нь юм шидэлж байгаа шиг түр тар хийх чимээ гарч байна.

Жамъянданзан “Оръё” гэхэд би зэвүүцээд ороогүй. Хүүхэд өвчтэй болохлоор тэр. Маргааш нь боллоо. Би нэг айлаар ороод Гимпэл гуайн зүүн урдаас гэрээ чиглээд явж байлаа. Тэгтэл гэрийн тооно таглах өрхний чинээ эсгий газраас хөндий явж байна. Цаана нь байгаа хүн харагдахгүй байна гэж би бодлоо. Тэгтэл тэр эсгий Гимпэл гуайн гэрийн бүслүүрт очоод хавчуулагдав. Хүн байдаггүй. Би гайхаад тэр гэрээс холуурхан тойроод гэртээ харьсан. Миний нүдээр үзсэн нэг юм энэ байна. Аан, бас нэг юм үзсэн. Гимпэлийнх чөтгөртэй боллоо гээд хамаг амьтан шуугиж байлаа. Гимпэл гуайн эрихний хэлхээг тасдаад эрихий нь бутарган хаяжээ гэж хүн ярьж байна. Би тэднийд ордоггүй байлаа. Миний танил Гэлэгпунцаг гэдэг залуу, барилддаг лам байлаа. Тэр манайд орж ирээд “Хоёул Гимпэл гуайн орж үзье“ гэв. Би орох дургүй боловч бас сонирхоод за ч гэхгүй, үгүй ч гэхгүй байлаа. Гэлэгпунцаг намайг хүчээр шахуу хөтлөөд Гимпэл гуайн үүдний пэнд орлоо. Гэрт нь Гэлэгпунцаг түрүүлээд орлоо. Би дагаж ороод үүдийг хааж амжаагүй байтал, өвгөн лам хойноо ажиггүй сууж байгаа харагдав. Нэг сүх тулганы дэргэдээс өөрөө үсрээд баруун хананд тусаж байна. Би буцаад гартал бас нэг юм түс хийх шиг боллоо. Гэлэгпунцаг гарч ирээд “Арай л ууц хугалчихсангүй” гээд нуруугаа тэмтэрч байна. Тэр сүх Гэлэгпунцагийн нуруун дээр туссан байжээ.

Бас нэг үдэш би Жамъянданзангийнд ороод сууж байв. Гэтэл Гимпэл гуай үүд сөхөөд “Хоёр хүүхдийн хоолыг идүүлээд өгөөч” гэхлээр Жамъянданзан гараад явчив. Жаахан байзнаж байгаад Жамъянданзан гэртээ орж ирээд “Лаа авъя. Өнөөх золиг нь дэн унтраачихаад хүүхэд хоол идүүлэхгүй байна” гээд лаа аваад гарав.

Бас жаахан байзнаж байгаад Жамъянданзан хугархай лаа бариад орж ирэв. “За яаж байна? “ гэж асуусанд “Энийг харахгүй юү?“ гээд голыг сугалчихсан орос лааны хоёр хугархай үзүүлэв. Түүний хэлсэн нь “Би Гончигчоймболынхоос хоёр хүүхдийн хоолы нь аваад Гэмпилийнд орж хоёр хүүхдэд нь хоол өгөх гэж дэнг ноцоолоо. Дэн нь унтраад болохгүй. Тэгэхлээр лаа ноцоов. Лаагий минь хомоолоор шидэж унтраагаад болохгүй. Хомоол шидэхлээр би лаагаа зайлуулж байлаа. Хэдэн хомоол шидэхэд миний лаа оногдсонгүй. Аргалын авдарнаас хомоол авч шидээд байх юм. Лаагаа гараараа зайлуулж шидсэн хомоолд оногдуулахгүй барьж байтал гэнэт лааг миний гараас булааж аваад зүүн хойт авдарны нүүрэнд тас хийтэл хаяв. Очоод лаагаа авсанд хоёр хэсэг хугараад байна. Чүдэнзээр асаах гэтэл лааны голыг сугалаад хаясан байлаа. Тэгээд хоёр хүүхдийн хоолыг бас зүүн хойт авдранд хаяв. Тэгэхлээр хоёр хүүхэд хоолоо /чанасан махаа/ гараараа барьж байж идээд харанхуйгаар унтлаа” гэж ярив.

Гимпэлийнд арван хэдэн настай хоёр банди байсан юм. Нэгий нь Түмбий Молом, нөгөөгий нь Балданжамц гэдэг. Түмбий Молом нас барсан. Балданжамц одоо /1964 онд/ Хэнтий аймгийн Дархан суманд бий. Түүнээс асуувал энэ явдлыг сайн мэднэ. Гимпэл гуай гэртээ хоол хийж идэх аргагүй болоод зүүн гэртээ Гончигчоймболынд хоолоо хийж иддэг байсан юм. Тэгээд хоёр хүүхдээ хооллох гэж Жамъянданзанг гуйсан хэрэг. Жамъянданзан голгүй хугархай орос лаа бариад байхыг би нүдээрээ үзсэн. Лааны голыг суга татах гэдэг хэцүү хэрэг шүү. Бас Жамъянданзангийн над ярьсан нь: “Гимпэл гуайн шар оройтой, өвлийн малгай үсчээд болдоггүй байлаа. Тэгэхлээр тэр малгайг би арын хоолойд аваачиж шатаалаа. Тэгээд буцаад ирж явсанд өнөөх шар малгай бас үсчээд явж байсан” гэв.

Бас нэг өдөр Гимпэл гуайн тооноор лонхтой архи, далан хятад янчааны хамт өвөр дээр нь ойчжээ. Тэхлээр Гимпэл гуай дэрэн дороо янчааныг хийгээд лонхтой архийг авч гараад чулуун дээр хага цохиод хаяжээ. Гэртээ эргээд ороход лонхтой архи дахиад бүтэн болоод байж гэнэ. Дэрээ сөхөөд үзэхэд далан янчаан нь адууны хомоол болоод хэвтэж байжээ. Гараад харахад лонхны хэмхэрхий алга болсон байжээ. Үүнийг үзсэн гэж над Жамъянданзан ярьсан.

“Тэр чөтгөр хүнд харагддаггүй юм уу?” гэж та асууж байна. Ер нь харагддаггүй юм. Би ердөө юу ч олж хараагүй. Зарим нохой, нэг юм хараад байгаа юм уу гэмээр байдаг. Манай зүүнтээ хог дээр нэг хүрэн халтар нохой байдаг байсан. Тэр нохой, Гимпэл гуайнхыг харж хуцсаар байгаад хоолой нь сөөсөн байлаа. Бусад нохой ажиггүй хэвтэж байхад тэр нохой л тэгж хуцаад байдаг байсан. Заримдаа бүр сүүлээ хавчаад гаслаад зугтааж байдаг юм. Хойно нь хөөж яваа юм юу ч бидэнд харагддаггүй.

Гимпэл гуай бүр ядаад хоёр хүүхдээ дагуулаад өртөө шахам газар явган явж Сансар уулын өвөрт нэг айлд очсон юм. Тэхэд өнөөх чөтгөр тэднийг дагаад явсан гэдэг. Тэр гурвыг явж байхад хажуугаар нь хөсрий төмөр лааз өнхөрч, тоос манарч байсан гэдэг. Тэгээд тэр айлд очсон хойно тэр айлын юм бас үсчээд байжээ. Тэхлээр Гимпэл гуай аргагүй буцаж Чойр дээр ирсэн юм.

Гимпэл гуай олон шавь нартай лам юм. Шавь нар нь шөнө ээлжээр манаж хонодог болжээ. Намайг урьд тэднийд хөтөлж орсон Гэлэгпунцаг нэг шөнө манаж хоноод над ярьж байсан. Гэлэгпунцагийг нэг ч юм оролдохгүй, зүгээр унтсан. Харин Гимпэл гуайг нэг үзэгдэхгүй юм оролдоод байх юм. Гимпэл гуайн хучлагыг хуулж хаяад, тогооны модон тагаар цохилоод байсан гэдэг.

Хаймчиг рабжамба гэдэг лам тэр чөтгөрийг нь арилгах гэж лүйжин унших боллоо. Сүмийн горооны дотор буг дарж болдоггүй учраас Хаймчиг сүмээс хойш майхан бариад лүйжин уншиж дамар дуугаргаж байв. Өнөөх чөтгөр, ламыг элэглэж төмөр лааз дуугаргаж байсан. Чөтгөрт дамар олдсонгүй бололтой. Хаймчиг, үлээдэг ганлингаа алдаад номоо уншиж чадаагүй зогссон. Сүүлд нь Гимпэлийнх сүмээс холдож буух гэж гэрээ буулгахад үүдний бүхээгийн завсраас тэр ганлин гарчээ. Чөтгөр ганлинг авчраад нуусан хэрэг шиг байлаа. Гимпэлийнх Чойроос хойш хөдөө гарч буулаа. Тэдний гэр манай гаднаас харагддаг байсан. Хулгана жилийн /1924/ хаврын сүүл сар боллоо. Ногоо дөнгөж цухуйж байгаа цаг билээ. Манай гэрээс хойшхон нэг хавтгай чулуу байдаг байсан. Нэг тунгалаг нартай өдөр, тэр чулууны хавьд олон хүүхэд шуугилдаж байна. Юу болж байгаа юм бол? гэж бодоод би гэрээс гараад тэнд очлоо. Олон хүүхэд бужигналдаж байна. Хүүхэд гэдэг нь арван хэдэн настай банди нар шүү дээ.

Нэг шинэ банз газраас хөндий дээш доош тонгочин явж байна. Заримдаа хоёр үзүүрээр ээлжлэн газарт тулж тоос манаргаж байх юм. Тэр банз бол уртаараа унтдаг орны хиртэй, дан цунгийн хир зузаан цоо шинэ банз байна. Түүнийг барьж яваа амьтан бидэнд харагдахгүй юм. Банди нар тэр банзыг барьж авах гээд хөөцөлдөж байна. Тэр банз тэдэнд арай баригдахгүй тонгочиж үсчиж явна. Би тэр хүүхдийн хамт банзыг хөөж явлаа. Гэтэл тэр банз нэг овгор үнс рүү нэг үзүүрээрээ шаачихлаа. Банди нар түүнийг татаад сугалж авч чадахгүй байхлаар, би очоод чангаасан чинь бас сугалж дийлсэнгүй. Их хүчтэй шаагдсан байна. Тэхлээр сүх авчраад банди нартай элбэж тэр банзыг хэмх цохиод түлчихлээ. Түүний ёзоор газарт үлдлээ. Хурал хурах цаг болж дохио ирсэн тул банди нар тараад явчив. Би ч буцаад явлаа. Тэгээд нэг эргээд харсан чинь нэг шинэ бүтэн банз бас тонгочоод явж байсан. Өнөөх түлсэн банз бүтэн болоод явж байгаа юм уу, өөр банз ирээд тонгочиж яваа юм уу, бүү мэд.

Тэгээд манай хийд, хошууны эрх баригчид буг дарж чадна байгаа гэсэн шаггүй лам нарын нэрийг бичээд богдод айлтгалаа. Тэр нэрд зүүн Чойрын дэмч лам Данзандорж, Тарган лам Гончигцүлтэм, Хүүхэн хутагт /их үстэй лам байсан/ Их Дулаанд нутагтай Наваан рабжамба, Баруун Чойрын Лобон лам Агваанданзан нар орсон байх. Богд тэдний нэрийг авч үзээд Чойрын ловон лам Агваанданзангийн нэр дээр тийзээ даржээ. Тэгээд ловон лам, зүүн Чойр дээр ирээд сэрээ дарж ном уншлаа. Ловон ламын зүүдэлсэн нь “Олон хятад цэрэг сэнжтэй саваа бариад урагшаа явчлаа” гэжээ.

Сэрээ дарснаас хойш гурав хоноод өнөөх чөтгөр бас хөдөллөө. Гимпэл гуайнд бас юм үсчих болжээ. Үүнийг ловон ламд айлтгасанд Жамъян зоч гэдэг ламыг явуулав. Жамъян ирээд лүйжин ном уншсан гэдэг. Би энэ үед гадагш ажилд яваад зүүн Чойр дээр байгаагүй. Чойрыг тойрон хэдэн газар лүйжин тавьсан гэж сонссон. Жамъян зочийн үг “Гурван чөтгөр үлджээ. Би нэгийг барьж авлаа. Хоёры нь барьж чадсангүй” гэж байсан. Өнөөх чөтгөр бас болохгүй болсонд ловон ламд айлтгав. Ловон лам “Дагвий шиддэл гэдэг номыг унш” гэж Балданчойдог гэдэг ламыг явуулав. Балданчойдог бол Баруун зуу, Гүмбум зэрэг газар явсан хэцүү лам байсан. Энэ лам ирээд хийдийн захад хэдэн майхан бариад шиддэл уншив. Энэ үед би зүүн Чойр дээр байсан. Ловон лам номоо уншиж байтал номынх нь нэг хуудас цаас алга болжээ. Туслах лам Түвдэнравжаа, Чойр дээр ирж нэг бүтэн судар олж аваад буцаж очиж гэнэ. Тэхэд Балданчойдогийн майхны үүдэнд хоёр хятад зогсож байжээ. Түвдэнравжаа тэр хоёрыг мужаан хятад гэж бодоод түлхэж зайлуулаад майхандаа оржээ. Чойрыг гэмин шатаасан учир олон хятад мужаан сүм байшин сэлбэх ажлыг хийж байсан юм. Түвдэнравжаа майхнаасаа гарсанд өнөөх хоёр хятад алга байсан гэдэг. Энэ лам хоёр хятадыг үзсэн нь Жамъян зочийн хоёр чөтгөр үлдсэн гэдэгтэй таарч байгаа юм.

Бас нэг удаа майхны нуруунаас уясан хэнгэрэг тасран унаж Балданчойдогийн халзан толгойг цохиод цусыг гоожуулсан гэдэг. Балданчойдогийг ном уншиж шиддэл дарснаас хойш юу ч үзэгдэхгүй, юм үсчихгүй зүгээр болсон. Тэр чөтгөр буг алга болсон. Энэ бол Дарь-Эхийн хурлын үед болсон хэрэг. Тэхлээр зуны сүүл сарын хорьдоор чөтгөр дарагдсан хэрэг байна. Энэ ярьсан чухам үнэн болохыг би батална” гэв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]