Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Казахстанд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ураны үнэ өсжээУншсан1,862

Казахстанд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн худалдааны талбаруудад ураны үнэ 8 орчим хувиар өссөн байна.

Казахстаны нөхцөл байдал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Казахстанд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн худалдааны талбаруудад ураны үнэ 8 орчим хувиар өссөн талаар “Bloomberg” агентлагаас мэдээллэээд байна. Казахстан улс дэлхийн ураны нийлүүлэлтийн 40 орчим хувийг үйлдвэрлэдэг бөгөөд мягмар гарагт ураны үнэ фунт нь 42 ам.доллар байсан бол нэг өдрийн дотор 8 орчим хувиар өсжээ.

Казахстанд хийн түлшний үнэ 60-120 тенге (393-аас 786 төгрөг) болж нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал хяналтаас гарч, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болж хувирсны улмаас тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 14 хоногийн Онц байдал зарлаж, Казахстаны дотоодын цэрэг олон нийтийн газруудад хяналт тогтоосон юм. 

 Тодруулбал, Нийтийн хэв журам сахих, онцгой чухал объект, иргэдийн амь нас, нийтийн тээврийн үйл ажиллагааг хангах байгууламжийн хамгаалалтыг бэхжүүлэх,

Алматы, Нурсултан хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөг хязгаарлах,

Иргэний үнэмлэхийг баталгаажуулах, биечлэн шалгах, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах,

Алматы, Нурсултан хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах,

Тайван жагсаал, спортын болон бусад төрлийн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох,

Ажил хаялт, хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох зэргийг хориглох,

Зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, тусгай хэрэгсэл, хортой бодис худалдахыг хориглох, эм, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүнчлэн этилийн спирт, согтууруулах ундааны бүтээгдэхүүний эргэлтийн тусгай дэглэм тогтоох,

Хувь хүн, хуулийн этгээдээс зэвсэг, сум, хорт бодисыг түр хураан авах, зэвсэг, сум, хорт бодис, түүнчлэн цэргийн болон сургалтын техник, тэсэрч дэлбэрэх бодис, цацраг идэвхт бодисыг түр хураах зэрэг арга хэмжээг авч буй. 

Улмаар эрх баригчид нөхцөл байдлыг гартаа авахын тулд Казахстаны нийслэл Нур-Султан болон хуучин нийслэл Алматы хотод интернет сүлжээг тасалжээ. Энэ хоёр хотод утасны сүлжээ ч тасалдаж байгаа тухай мэдээлэл гарсан.

Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын (ХАБГБ) орнуудын Хамтын аюулгүй байдлын зөвлөл Казахстаны нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад энхийг сахиулах хүчин илгээхээр шийдвэрлэсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа юм. 

 

Тус улсад үүсээд буй нөхцөл байдлын тухай манай улсын Гадаад харилцааны яамнаас дараах мэдээллийг хүргээд байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт 4,028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байна. Үүнээс

1,383 хүн хууль ёсны дагуу

1,600 хүн хууль бусаар оршин сууж

нийт 1,045 оюутан сурч байгаа.

Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн бий.

Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Консулын газрын шуурхай утсанд холбогдсон тохиолдол одоогоор байхгүй байна.

Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас тус улсад байгаа монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодод хохирол учирсан тохиолдол одоогоор гараагүй.  Гадаад харилцааны яамны зүгээс үйл явдлын явцыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсаал, цуглаан болж буй газруудаар явахгүй байхыг Казахстан Улсад байгаа иргэддээ зөвлөж байна хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]