Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нууцлаг зурагчин хэн байв?Уншсан1,915

Шинээр олдсон зургуудын нэгэнд довтлох сургуулилт хийж байгаа цэргүүдийг хажуу талаас нь дүрсэлжээ. Гүйж буй цэргийн цаана цайвар цамц өмссөн цэрэг харагдана.

Өмнөх нь: Түүхэн гэрэл зургийн мөрөөр мөшгисөн нь: Унаж буй цэрэг

Капагийн зургуудыг судалж байх явцад дахин нэг зураг мэргэжилтнүүдийн анхаарлыг татлаа. Шинээр олдсон зургуудын нэгэнд довтлох сургуулилт хийж байгаа цэргүүдийг хажуу талаас нь дүрсэлжээ. Гүйж буй цэргийн цаана цайвар цамц өмссөн цэрэг харагдана. Цагаан цамцтай хүн ганцхан л (эхний хэсгийг уншина уу) байх ёстой. Наад талын цэрэгтэй харьцуулахад бууных нь оосор хийсч, зураг нь бүрэлзсэн байна. Зургийн зүүн буланд цухуйх бууны үзүүр өөр нэгэн цэрэг ойролцоо гүйж явааг илтгэнэ. Гурван цэргийн дундах цагаан цамцтай цэрэг санамсаргүйгээр тэнцвэрээ алдан, хойш суун тусахын өмнөх мөч зурагт дүрслэгджээ.

Бүсэндээ зүүсэн дашмаг ч "унаж буй цэрэг" гэдгийг давхар нотолно. Ямар нэгэн зүйлд хальтран, тэнцвэрээ алдсан цэргийн унах мөч Капагийн камерт үлдэж мөнөөх алдарт зураг болсон юм биш биз. Эргэлзээг тайлах зорилгоор хоёр зургийг компьютер графикийн дүрслэлд байрлуулж судалсан байна. Зургаас камерын харааны чиглэлийг нарийвчлан тодорхойлжээ. Цэргийн биеийн өндөрийг 160 см гэж тооцвол зураг авсан хүний байрлалыг олох боломжтой. Шинжилгээгээр тэнцвэр алдаж буй болон унаж буй цэргийн зургийг 1.2 м зайтай хоёр өөр газраас авсныг тодорхойлжээ.

Эхний зурган дээр бууных нь үзүүр цухуйж буй цэргийн гүйх хурдыг 4 м/с гэж тооцвол 2 дахь зурагны кадраас гарахын тулд 0.86 секундын хугацаа шаардагдана. Капа секунд ч хүрэхгүй хугацаанд 1.2 м зай туулж, хоёр зураг дарж амжих уу. Энэ нь хальсыг гараар эргүүлдэг тухайн үеийн камерын хувьд ямар ч боломжгүй үйлдэл юм. Хоёр зургийн аль нэгийг Капа бус өөр хүн авсан байж таарна. Тэгэхээр унаж буй зургийг Капа авсан байх магадлал 50 хувь болно. Капатай мөр зэрэгцэн бүлэг цэргийн зураг авч явсан өөр нэгэн зурагчин хэн байв?

Дайн ид үргэлжилж байхад дарагдсан нэгэн зурагт хоёр зурагчны дүрс санамсаргүй үлджээ. Дайнаас зугтах хүмүүсийн эсрэг чиглэн алхах хоёр зурагчны нэг нь Капа, нөгөө нь түүний найз бөгөөд дайны анхны эмэгтэй зурагчин хэмээгдсэн Герда Таро юм. Герда Капатай адил еврей үндэстэн, фашизмын эсрэг үзэлтэй нэгэн байв. Тэд Парист байх үедээ танилцаж, хайр сэтгэлтэй болжээ. Гэвч Капагийн гэрэл зурагчны орлого амьдралд нь хүрэлцэхгүй байсан учир хамтдаа зохиомол нэр бүхий хийсвэр зурагчинг бий болгож илүү сайн ажил олохыг эрмэлзсэн байна.

Роберт Капа нэрийн ард "хос зурагчид" камераар зэвсэглэн Испанийн дайныг зорьжээ. Тэр хоёр бараг нэгэн эгшинд нэгэн цэргийн зургийг авсан нь тэнцвэр алдаж буй, унаж буй цэрэг байв. "Унаж буй цэрэг"-ээс 10 сарын дараа Герда Испанийн дайны хамгийн хүнд цэгт зураг авахаар Капагаас салж ганцаар явсан байна. Гэвч унаж буй цэрэг Лайф сэтгүүлд хэвлэгдэхийн өмнөхөн, 1937 оны 7 сарын 28-нд нэгэн тулааны үеэр Герда 26 настайдаа нас баржээ.

 Капа, Герда хоёрын хэн нь тэр өдөр унаж буй цэргийн зураг дарсан бол. 43 зургаас 7 нь Гердагийн дарсан зураг гэдэг нь тодорхой. 1:1 буюу урт өргөн нь тэнцүү хэмжээтэй зургууд нь түүний хэрэглэж байсан Ролефлекс камераар авагджээ. Харин 21 зураг нь Капагийн барьж байсан Лайка-3 камераар авагдсан, 2:3 харьцаатай зургууд юм. Хальс нь хадгалагдаж үлдээгүй учир "унаж буй цэрэг" ямар камераар авагдсныг шууд хэлэх боломжгүй.

 Уг зургийн эх хальснаас шууд угаасан, эхэд хамгийн ойр гэгддэг цорын ганц хувилбар Нью-Йоркийн нэгэн музейд хадгалагдаж үлджээ. Түүнийг компьютер графикийн дүрслэлд байрлуулан уул, орчны онцлог байдлыг тааруулж, зургийн хэмжээг харьцуулж үзсэн байна. Зураг авагдсан цэгт Лайка-3-ыг тааруулж үзэхэд дарагдах зургийн хэмжээнээс "унаж буй цэрэг"-ийн дээд хэсэг 5%-иар илүү гарав. Харин Ролефлексийн кадрт зураг бүрэн багтсан байна. Ийнхүү тэнцвэрээ алдаж буй цэргийн зургийг Капа авч, "унаж буй цэрэг"-ийг Герда дарсан нь тодорхой болов.

 Дайнд эрсдээгүй цэргийг дүрсэлж, дээр нь өөрийн аваагүй зургаар дэлхийд алдаршсан 22 настай залуу үлдсэн амьдралдаа ямархуу хүнд ачааг үүрч өнгөрүүлсэн бол. Түүний сэтгэгдэл Гердаг өнгөрсний дараахан нийтлүүлсэн зургийн товхимолд шингэсэн байж магадгүй юм. "Чи Испанийн дайны тэргүүн шугамд байсан, одоо ч тэндээ бий" хэмээн товхимлын эхлэлд Гердад зориулан дурсгалын үгээ бичжээ. Мөн товхимолд "унаж буй цэрэг"-ийг оруулаагүй байв. Магадгүй тэр "унаж буй цэрэг"-ээс илүү сайн зураг авахыг хүссэн байх.

 Таван дайнд оролцсон Капагийн хувьд хамгийн хүнд үе Нормандад тохиожээ. Тэр өөрийн хүслээр газардах цэргийн тэргүүн эгнээнд орсон байна. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан. 12 мянган нисэх онгоц, 6000 гаруй усан онгоц, 200 мянган цэргийг хамарсан асар том ажиллагаа үүрээр эхлэх үед тэднийг Германы 40 мянган цэрэг бүхий хориглолт хүлээж байв. Айдас, дээр нь далайн өвчнөө арай ядан дарж, хүйтэн усанд үсрэн орох цэргүүд дайсны суманд оногдон унаж байв. Капагийн камер дайчин нөхөд рүүгээ чиглэж, хэдийгээр бүрэлзсэн ч жинхэнэ үхэл, амьдралын заагийг илчилсэн алдарт зургаа даржээ. "Унаж буй цэрэг" авагдах үед Капа 22 настай байсан бол 8 жилийн дараа л түүнтэй эн зэрэгцэх түүхэн зураг авч чадсан юм.

Хоёр сарын дараа Германы дарлалаас чөлөөлөгдсөн хотод Капа нэгэн зураг авчээ. Германчуудад үйлчилж байсан франц эмэгтэйд ирэх олон хүний хорсол, занал чихэнд сонсогдож, зүрхэнд шивэх мэт мэдрэгдэнэ. Зурагт шударга ёс, худал хуурмаг зэрэгцэн оршсон етөнцийг илэрхийлжээ. Дэлхийн 2-р дайны дараа дайны зурагчны амьдрал тийм ч сайн байгаагүй гэдэг. Капа 1954 онд 5 сарын 25-нд мотоциклтой цэргүүдийн зураг авч байх үедээ минад өртөж, Вьетнамын дайны талбарт амь насаа алджээ.

Эх сурвалж: Robomec.blogspot.com-ын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв. Хуулбарлахыг хориглоно.
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]