Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Танихгүй хар юм ирээд цэнхрийг унаад явна гэхээр нь хүлээд хаячихлаа"Уншсан33,688

Олноо өргөгдсөний сүүлч (1917) оны орчмоор Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу (одоогийн Хөвсгөл аймгийн) харьяат Босоо гэж нутаг хошуундаа онцлон нэршсэн энэ Шагдар бол орон нутгийн том жижиг ямар нэгэн наадамд бараг босоогоороо үлддэг болохоор нь чингэж нэрлэжээ.

Олноо өргөгдсөний сүүлч (1917) оны орчмоор Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу (одоогийн Хөвсгөл аймгийн) харьяат Босоо гэж нутаг хошуундаа онцлон нэршсэн Шагдар (орон нутгийн том жижиг ямар нэгэн наадамд өвдөг шороодолгүй үлддэг болохоор нь чингэж нэрлэжээ) ид залуухан явахад нутгийн нэгэн цуутай баян Түвшин гэгч түүнд нэрмэл архи өгч байх зуураа өөрийн зургаан ханатай гоёмсог том сайхан гэрээрээ баярхаж,

- Хэрэв чи ийм гэртэй бол ганц өөрийн биеэр зөөхөөс өөр яах вэ? гэх зэргээр доромжилсонд Шагдар,

- Аа тийм үү хө. Чамд бурхан тэнгэрээс зуд турхан, хулгай худал, чоно, нохой, өвчин тахалд эрсдэх хэдэн мал заяасан байхад, түүнд үл эрсдэх хүчин тэнхээг миний ганц биед хүртээсэн юм хө гэжээ.

- Тэгвэл чи миний энэ гэрийг бүрэн хэрэглэлийн хамтаар энэ чигт нь тэр бурхан тэнгэрийнхээ аугаа хүчээр өөрийн ганц биеэрээ тэр зүүнтэй харагдаж байгаа дэнж дээр аваачин тавьсугай. Хэрэв чингэж чадваас би чамайг үнэхээрийн их бяртай хүн юм гэж бодъё. Түүнээс биш хүн нь хүнээ өргөх, унагаах мэтийг ямар их бяртай гэх вэ! гэх зэргээр ам асууж элдвээр хорыг нь маажсанд босоо Шагдар тэсэлгүй гэнэтхэн ухасхийн босож үүд рүү нь шууд гүйн очоод сэрвээгээрээ тотгыг нь өргөөд урагш зүтгэсэнд шинэхэн сайн хошлон ба оосортой их гэр тэр аяараа шажигнан хөдөлж, хананы нь шийр хатуу газраар зурж, доторх хогшлынхоо хамт босоо Шагдарын цээжинд бүхлээрээ чирэгдэн явжээ. Үүнд сандарч тэвдсэн Түвшин ч бачимдан хашхирч одоо боль боллоо гэж Шагдарт хэлсэнд сая цаадах нь арай гэж зогссон нь харин хориод алхам чирч, хонины нь хашааны нь өмнө нь аваачаад орхисон байв. Энэ явдал тэр хошуу нутгаар түрхрэн хэлэлцэгдэж, хошуу нийтээрээ Шагдарыг ихэд шагшин гайхсаар эл яриа нь одоо хүртэл домог болон үлджээ.

Бас нэгэн удаа өөрийн эзэн ноён Эрдэнэ дүүрэгч ван Цэдэнсодномынд очоод байх үеэр нь ноён,

- Чамайг ер нь горьгүй их тэнхээтэй гэлцэх юм. Би чиний чадлыг нүдээрээ нэг үзэх юм сан. Даанч ойр хавьд үүнийг өргөчих гэмээр том юм алга даа гэж ярьж суужээ. Тэндээс ноён гадаалж, босоо Шагдар ч даган гарч уяатай морины зүг яаралгүй сажлан явтал ноёны зоогийн (гэрийн) гадаа үхрийн нойтон шир хоёр талаас нь бариад мунгинаж байгаа хоёр хүнийг харж, түүн рүү дөхөн очоод Шагдарыг дууджээ. За хө, энэ ширийг голоор нь зүсэх гэж энэ хоёр, хутга нь даахгүй мунгинаж байгаа юм байна. Тэгж ажил болгоод яах вэ, чи шуудхан цуу татчих юм биш үү! гэж тоглоом шоглоомын завсар инээмсэглэн хэлсэнд, Шагдар тэрхүү ширийг шүүрэн авч шанааны нь хоёр годноос барьж үзээд бодлогошрон:

- Дийлдэхгүй биз дээ, үзье дээ. Хэрэв дийлбэл ноёнтон юу хайрлах сан бол? гэжээ. Үүнд ноён,

- Би чамайг энэ ширийг цуу татчих юм бол «өндөр борыгоо» өгнө гэжээ. Ноёны «өндөр бор» гэж хошуу нутагтаа сайхан гэгддэг морины нэг билээ. Тэгээд Шагдар,

- Үнэн байгаа даа? гэж өөрийн эрхгүй асуусанд ноён,

- Үнэн, үнэн! Би хэлсэн амандаа хүрдэг хүн! гэжээ. Энэ сацуу Шагдарт бяр хүч ч нэмэгдэх шиг болж ширний хоёр годноос сайн барьж байгаад гэнэт хүчлэн татсанд, үхрийн нойтон шир, яг голынхоо халзыг дагаад дуу шуугүй цууран, төдхөнөө хоёр сайхан тал шир болох нь тэр! Ингэж босоо Шагдар нэг сайхан өндөр бор морьтой болж, нэр алдраа улам дуурьсгасан ажээ.

Өөр нэгэн сонин баримт өгүүлбэл:

1932 оны баруун хэдэн аймгийн эсэргүү үймээн дэгдсэн жил гэдэг, эсэргүү бослого гарсан хэсэг бүлэг этгээд сарниж эхлэхдээ, нэгэн хэсэг лам, хар нийлсэн эсэргүүчүүл, Эрдэнэ дүүрэгч вангийн хүрээний дэргэд хэзээнээс байдаг хэдэн хятад пүүзний нэгний нь бэхэлсэн том дааман хаалгатай өндөр шавар хэрэм дотор шивээлэн бүгжээ. Тэндээс ийш тийш хамаагүй буудаж, хүмүүсийг ойртуулахгүй байсаар их төлөв сум дариа дууссан бололтой сүүл сүүлдээ чимээ авиагүй хориглон байхад нь хэсэг хүмүүс очиж, хэрмийг даван орж хараахан болохгүй тул их дааман хаалгыг эвдэж орохоор оролдон байжээ. Гэвч захыг нь төмөрлөн бөхөлсөн зузаан банзан далавч бүхий том дааман хаалга тийм ч амар эвдэрч өгөхгүй ядаж цөхөн байтал тэр үеэр тэнд очилцсон босоо Шагдар гэнэт:

- Алив, та нар холхон байж бай! Би нэг дайраад үзье гээд нэлээд зайтай очиж зогсоход зарим хүмүүс дотроо инээд нь хүрч «Бөх хүн тэнэг гэдэг, үнэн юм даа. Арав гаруй хүн элбээд эвдэж чадаагүй дааман хаалгыг хэмх мөргөх гэж. хуц ухна шиг зогсож байх юм!» гэж шивэр авир ярьж байжээ. Гэтэл Шагдар эрчээрээ гүйж очоод, хүчээрээ мөрлөн дайрсанд дааман хаалганы хоёр далавч углуургаараа хуга үсрэн, дуу шуутайгаар цааш унасан гэлцдэг.

Ж.Дамдин «Монгол бөх» УБ., 1971 номоос авав.

 

ГОВИЙН ХАР ДЭЭЛТ

Урьд даншиг долоон хошуунд «Говийн хар дээлт» гэгч нэг бяртай хүн ирж гэдэг сураг гарчээ. Түүнийг сонсоод хангай нутгийн нэг их мэхтэй заан амлаж аваад хаяжээ. Наадмын дараахан нөгөө заан «хазаар сэлгэх» санаатай говь орж гэнэ.

Явж байтал олон унага зэллэсэн ганц гэр дайралджээ. Уяан дээр сайхан цэнхэр морь толгой хаялан зогсоно гэнэ. Мориноос буугаад харвал нэлээд биерхүү бүсгүй хүн ганцаараа гүү сааж байв. Тэр эмэгтэй гүүг хонь мэт эдлэх аж. Зааны морь сульдаж явсан учир цэнхэр борыг эмээллэе гэж шийдээд, нууж авснаас хэлээд авсан нь дээр гэж бодоод мориныхоо эмээлийг авч цэнхэр борыг хазаарлаж байтал нөгөө эмэгтэй хоёр том хувинтай саам барьсаар ирэв.

- За бүсгүй минь танай энэ цэнхэр морийг унаад явлаа. Оронд нь миний морийг аваарай! Наадах чинь ус муутай байгаа юм шүү гэж хэлтэл хүүхэн юу ч хэлэлгүй зааны мөрөн дээрээс шүүрэн авч гэнэ. Зааны уур бадарч эргэн бүсгүйг барьж авбал цаад хүүхэн нь яах ийхийн завдгүй хөл толгой хоёрыг нь тунтарч аваад өргөн гэртээ орж аргамжаар хоньчлон хүлээд, «Тийчгэнэвэл дээ чамайг хө!» гэж хэлээд хаяандаа хаячихаж гэнэ.

Оройхон болж байтал морин төвөргөөн сонстож, удсан ч үгүй нэг том эр орж ирэв.

- Хээр морьтой хэн ирээ вэ?

- Хэн мэдэх вэ! Танихгүй хар юм ирээд цэнхрийг унаад явна гэж байхгүй юү!

- Тэгээд тэр чинь хаана байна?

- Хүлээд хаячихсан. Тэнд л хэвтэж байна гэж заав.

- Задарсан эм бэ чи! Эр хүнийг хүлж хаядаг гэж хэлээд босон харайж зааны хүлгийг тайлахаар ирэхийг харваас «Говийн хар дээлт» байв...

Дараа нь адуу усалж яваад «Чи эхнэрийнхээ гарыг дийлэх үү?» гэж хар дээлтээс асуувал: «Дийлэх нь ч дийлэлгүй яах вэ? Ер нь аюулын гар хатуутай шүү!» гэж хариулжээ.

 

ЗОДОГ ӨӨРЧИЛСӨН НЬ

Бух арслан гэж лут бөх байжээ. Түүний дүү, эмэгтэй хүн байсан гэдэг. Ахаасаа бяраар огт дутахгүй юм санж. Нэг жил ахын нь хавирга гэмтээд наадамд очих аргагүй болжээ.

- Энэ жил наадамд очвол аварга болох юм сандаа гэж арслан дүүдээ гунигтайяа өгүүлэхэд: Та бид хоёрыг их адилхан гэж ярилцдаг. Би эр хүн болж очоод таны өмнөөс барилдъя гэв.

Тэр ёсоор Бух арслан болж очсон хүүхэн барилдаж давсаар байтал нэг хашир өвгөн «Яасан амьсгаа давчтай юм бэ дээ!? Бүсгүй хүн биш байгаа?» гэжээ. Гэтэл бас нэг чавганц: «Дэвэхдээ дандаа өсгий дээрээ гишгээд байх юм. Бөх хүн чинь өлмий дээрээ гишгэж дэвдэг бололтой билээ. Аа жигтэй юм даа!» гэжээ. Ингээд, «Бух арсланг» дуудан ирүүлж шалгаваас эмэгтэй хүн байжээ. Түүнээс хойш Монгол бөхийн зодог урдуураа битүү байсныг задалж, элэг бүс хэмээх зүйл бий болсон гэж ярилцдаг билээ.

З.Сандагаа «Тэр бөхийн нэр хэн бэ» УБ., 1979 номоос

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]