Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Техсас сити дэлбэрэлтУншсан5,500

1947 онд болсон энэ аймшигт үйл явдлын дараа олон улс орон зохих анхаарал хандуулж, хяналтаа чангатгасан бол зарим нэг улс орон энэ тал дээр юу ч хийсэнгүй буюу 2020 оны Бейрутын дэлбэрэлт нь 1947 оны Тексас-Ситигийн дэлбэрэлтээс ямар ч ялгаагүй, яг адилхан зүйл болж өнгөрчээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

2020 оны 8-р сарын 4-ний өдөр Ливаны нийслэл Бейрут хотод 2750 тонн аммонийн нитрат  дэлбэрч аймшигтай эвдрэл сүйрэл авчирсан видео бичлэг нэг хэсэг дэлхий дахиныг шуугиулсан билээ. 6000 гаруй хүн гэмтэж бэртсэн, 210 хүн амиа алдсан, 300 000 гаруй хүн орох оронгүй болсон энэ явдлын шалтгааны тухай, хэн буруутай тухай тэр үед их бичиж байсан боловч манайхны хувьд тэгсгээд л мартагдсан гэхэд болох байх.

Харин зарим улс орнууд ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх арга замыг хайж, урьд өмнө болж байсан үүх түүхийг судлан, аюулгүй байдлын олон том том шинэ шаардлагууд гаргаж хэрэгжүүлж эхэлсэн бол Америк, Европ мэтийн зарим улс оронд энэ талын аймшигтай гэмээр хатуу хууль хэрэгжээд 70 гаруй жил болж байгаа юм байна. Европчууд болон америкчууд ухаантайдаа биш харин болсон явдлаас сургамж авч чаддаг учраас тэрхүү аюулгүй байдлын дүрмийг аль эрт гаргасан байжээ.

Америкчуудад сургамж өгсөн осол нь 1947 онд болсон юм.

1942 онд үйлдвэрлэгдсэн Гранкан хэмээх Либерти төрлийн усан онгоц нь тухайн цаг үедээ ихээхэн томд тооцогдох, 135 метр урт, 17,6 метр өргөн, ачааны зориулалттай байсан ба Францын далбаа дор хөвөн хэсэж, янз бүрийн ачаа тээвэр зөөдөг байжээ. Хөлгийн ахмад Шарль де Гийбон энэ удаа АНУ-ын Тексас-Сити хэмээх боомт хотоос аммонийн нитрат бүхий ачаа ачихаар ирсэн байна.

1947 оны 4-р сарын 12-ноос эхлэн цаасан ууттай 100 фунтын (45 гаран кг) жинтэй дээрх бодисыг хөлөгт ачсаар 16-ны өглөө 8 цагийн үед хөлгийн доод хэсэг, ачаа бараа агуулдаг хэсгээс утаа гарч байгааг олж мэджээ. “Аммонийн нитрат нь бас тэсрэх юм бодис гэнэ лээ” гэсэн хэмжээний мэдлэгтэй багийнхан даруй доод хэсэг рүү ус цацаж, содын хүчил бүхий галын хор хэрэглэсэн боловч ямар ч үр дүн гарсангүй. Харин ч гал унтраах ажлыг удирдаж байсан ахмадын туслах “Элдэв юмаар ачаа бараа гэмтээж болохгүй” гэж загнаад хөлгийн бүх нээлхийг таг битүүлэн хааж галыг унтраахаар шийдсэн байна. Удалгүй 8 цаг 20 минутын үед зарим нэг хаалт бүлт үсрэн ил гал харагдаж эхэллээ.

Гал сөнөөгчид болсон усан цэргүүд тэр даруй хөлгөө орхисон бол хөлгийн ахмад ганцаараа үлдэн, яаралтай дуудлагаар ирж буй 27 мэргэжлийн гал командынхныг хүлээж байлаа. Гал сөнөөгчид ирэхтэй зэрэгцэн хот даяар усан онгоц шатаж байгаа мэдээ тарж, “Галын дөл хэр өөдөө гарахыг” харах гэсэн үйл олон хүмүүс боомтын эрэг дээр шавж эхэлсэн байна.

9 цаг 12 минутад гэнэт асар хүчтэй тэсрэлт боллоо.  Гранкан онгоцны зогсож байсан тэр хэсэгт бараг бүх ус агшин зуур ууршин алга болсон шахам юм бичсэн нь энд тэнд таарах ба усан онгоцны зарим металл хэсэг 3 км гаруй хол шидэгдсэн гэдэг. Тэр ч битгий хэл энэ дэлбэрэлтийн долгионд ойрхон агаарт нисэж явсан хоёр жижиг онгоц цохигдон унаж сүйрчээ.

Хот бараг тэр чигээрээ шатаж эхэллээ. Дээр нь гал унтраах хүн гэж бараг байсангүй буюу гал сөнөөгчдийн ихэнх нь Гранкан онгоцны дэлбэрэлтээр амь үрэгджээ.

Шөнийн 1 цаг 10 минутын үед “Хай Флайер”, “Уилсон Кин” гэсэн хоёр хөлөг онгоц дэлбэрсэн ба ачсан ачаа нь өнөөх нь аммонийн хүчил. Угаасаа шатаж байсан хотыг бас нэг том түймэр нэрвэсэн ба ойролцоох хотуудын гал сөнөөгчид, цэргийнхнийг бүгдийг дайчлан авчирч, гурван хоногийн турш ноцолдсоор түймрийг дарж авсан байна. Аймшигт дэлбэрэлтээс 281 хүн амиа алдаж, 113 хүн сураггүй алга болж, 5000 гаруй хүн гэмтэж бэртэн түлэгдсэн бол хот үндсэндээ тэр чигээрээ шатжээ.

Энэ явдлын дараа АНУ-ын Сенат болсон явдлыг мөрдөн шалгах комисс гарган ажиллуулж хэрэг явдлын шалтгааныг тогтооход:

-Аммонийн нитратыг баглаж боох дүрмийг бүдүүлгээр зөрчсөн буюу ийм бодисыг битүү хатуу саванд хадгалж зөөх ёстой байхад цаасан уутанд савлаж боосон

-Ачаа бараа зөөх дүрмийг бүдүүлгээр зөрчсөн буюу ачаа ачиж байгаа хүмүүс ил чөлөөтэй тамхи татаж байсан ба дутуу унтраасан тамхины ишнээс гал авалцсан байх магадлал өндөр

-Боомтын удирдлага болон Гранкан хөлгийн ахмад бордоо болох аммонийн нитратын тэсэрч дэлбэрэх боломжийг үгүй болгох тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй

-Боомтын гал сөнөөгч нар аммонийн нитратыг хэрхэн унтраах талаар ямар ч ойлголтгүй байсан зэрэг зөрчлүүд аймшигт явдлын шалтгаан болжээ.

1947 онд болсон энэ аймшигт үйл явдлын дараа олон улс орон зохих анхаарал хандуулж, хяналтаа чангатгасан бол зарим нэг улс орон энэ тал дээр юу ч хийсэнгүй буюу 2020 оны Бейрутын дэлбэрэлт 1947 оны Тексас-Ситигийн дэлбэрэлтээс ямар ч ялгаагүй, яг адилхан зүйл болж өнгөрчээ.

Бейрутын ослын дараа олон улс орон аммонийн нитратыг хадгалах зөөх (мэдээж өөр бусад аюултай бодис бас хамаарна) тал дээр шинэ шинэ дүрэм шаардлага нэмэн, хатуу хяналт дор хэрэгжүүлж байгаа, аюултай нөхцөл байдал үүссэн олон “голомтыг” олж илрүүлэн арга хэмжээ авч байгаа тухай мэдээлж байсан бөгөөд ийнхүү урьдчилан сэргийлсэн улсын тоонд Монгол Улс багтаж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Эсвэл...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]